Анх 1968 онд ашиглалтад орсон Зайсангийн хуучин гүүр сүүлийн хагас зуун жилийн хугацаанд засвар хийгдээгүйгээс 2012 онд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүний дараа шат дараатайгаар баруун, зүүн гүүрийг шинэчлэх ажил эхэлсэн бөгөөд баруун гүүрийг 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан бол зүүн гүүрийг 2025 оны зургаадугаар сард бүрэн дуусгахаар ажиллаж байна.
Шинэ гүүр нь 225 метр урт, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүр хэлбэрээр хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Доод бүтээцийн ажил бүрэн дуусч, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулжээ. Мөн дээд бүтээцийн 10 алгаслаас долоог нь угсарсан байна.
Зайсангийн гүүрийг шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагч “ЗМЗ” компани гүйцэтгэж байгаа бөгөөд зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж, шинээр барьж эхэлсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар