Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монгол шуудан” ХК хамтран дурсгалын шинэ шуудангийн марк худалдаанд гаргалаа. Уг марк нь манай улсад агаарын тээврийн суурь тавигдсан түүхт 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг тэмдэглэн гаргаж буй чухал бэлгэдэл юм.
Шинэ марк болон анхны өдрийн дугтуйг Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Ц.Нямхүү бүтээсэн бөгөөд тухайн марканд Монголд анх газардсан Юнкерс-13 онгоц, агаарын тээвэр, цэрэг, тээврийн үйл ажиллагааны түүх, техник, дэд бүтцийн хөгжлийг тольдсон дүрслэлүүд багтжээ. Тухайлбал, МиГ-21, Ми-24, Ан-2, Ан-24/26, Ил-14, Ту-154 онгоцнууд, “Буянт-Ухаа” нисэх буудал, нислэгийн удирдлагын төв, навигацийн систем зэрэг олон элементийг харуулжээ.
Маркийг 35х35 мм хэмжээтэйгээр 8000 ширхэг хэвлэж, нэг бүр нь 6000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол 580 ширхэг анхны өдрийн дугтуй тус бүр 15,000 төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ нь зөвхөн филателийн цуглуулгын үнэ цэнэтэй зүйл биш, харин Монгол Улсын нисэх салбарын түүхэн замналыг баримтжуулсан соёлын өв болж үлдэх юм.
Маркийн нээлтийн үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Энэ марк нь зөвхөн түүхийн гэрч төдийгүй Монголын нисэх хүчний хөгжил, сорилт, бахархлыг илтгэсэн бэлгэ тэмдэг” хэмээн онцолсон юм.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол шуудан ХК.