"Монгол туургатан төв холбоо", "Урбан иргэдийн форум", "NoDoubleStandard" иргэний хөдөлгөөнөөс "Монгол туургатанд туслах үндэсний хөдөлгөөн" өрнүүлэх талаар мэдээлэл хийлээ.
"Урбан Иргэдийн Форум"-ын төлөөлөл Б.Цацрал "Элэгт нэгтнүүд маань Монгол Улсыг зорин ирж байна. Аль улсаас яах гэж ирсэн гэдгээс нь үл хамаарч хүн гэдэг утгаар нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй. Хилээр орж ирсэн элэг нэгтнүүддээ ямар тусламж үзүүлэх, хэрхэн ажиллах талаарх зохион байгуулалтын төлөвлөгөө гаргах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна.
Манай улс олон улсын байгууллагуудаас жил бүр тусламж дэмжлэг авдаг. Бидэнд шийдэх олон асуудал бий. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр элэг нэгтнээ гэсэн халуун сэтгэлтэй, нэг үндэстэй, хүний амь бүхнээс чухал гэдэгт нэгдэж, хүмүүнлэгийн үйлсэд оролцоосой гэж уриалж байна.
Хүний эрхийн тухай ямар ойлголттой улс гэдгээ батлан харуулж, нэг зүгт харах хэрэгтэй байна. Хилээр орж ирж байгаа залуучууд болгоны ард гэр бүл үр хүүхэд, аав, ээж нь байгаа. Ийм гэнэтийн хагацал гэдэг маш хүнд. Эдгээр хүний оронд өөрсдийгөө тавиад үзэхэд харамсалтай байна.
Хүний амь нас хамгаас чухал гэдгийг ойлгож гар гараасаа бариасай гэж хүсч байна. Олон чухал шаардлага үүсч байгаагын нэг нь ихэнх хүмүүс 30 хоногийн визээр орж ирсэн. Тэгэхээр энэ хугацаа дуусахад хэрхэх талаар Монгол улсын Засгийн газар маш тодорхой болгож, олон улсад мэдээлэл өгөх хэрэгтэй. Элэг нэгтнээ албадан гаргахгүй байх хэрэгтэй байна.
Аравдугаар сарын 1-нээс хоёр утас гаргаж, операторын ажил хийнэ. ОХУ-аас ирж буй элэг нэгтнүүдэд тусламж дэмжлэг хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл (1)