x

АТГ ажлаа тайлагналаа

Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор 2018 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ны хугацаанд хийсэн ажлын талаар өнөөдөр мэдээллээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцов.  

Нэг. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр

АТГ-ын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар 11 гомдлыг хүлээн авч, 22 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд авлигын эсрэг сургалтыг зохион байгуулж байгаа талаар өмнө мэдээлсэн. Өнгөрсөн сарын хугацаанд 1055 нийтийн албан тушаалтан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтад хамрагдаад байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон Авлигатай тэмцэх газраас оны өмнө хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй танилцах ажлын хэсгүүд яам, агентлаг, тэдгээрийн харьяа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байна. Ажлын хэсгийг ажиллах явцад илэрсэн авлигын эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл байдлуудыг арилгах, таслах зогсоох арга хэмжээг авч, холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлээд байна.

  • Эрх зүйн зохицуулалт дутмаг, тодорхой бус байгаагаас БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан иргэд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг барагдуулах ажил удаашралтай явагдаж байгааг анхаарч ажиллах шаардлагатай байна.

  • Ижил төрлийн зах зээл дээр бие биетэйгээ харилцан уялдаатай ажилладаг “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн ТУЗ-д Сангийн яамнаас төлөөллийг 1 хүн хэрэгжүүлж байгаа, мөн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн зөвлөх нь /хараат бус/ “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй байна.

  • Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тухай журам”-ыг давхардуулан баталсан. Уг журмын дагуу байгууллага, иргэдэд шагнал олгох, Засаг даргын зөвлөлийн гишүүдэд болон дүүргийн ажил амьдралтай холбоотой асуудал боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр томилогдон ажилласан хүмүүст ажлын үр дүнгээр урамшуулал олгох, урлаг, спортын тэмцээн, наадам зохион байгуулах, тэмдэглэлт ойн арга хэмжээ, дүүргийг гадаад, дотоодод сурталчлах, соёлын өдрүүд зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхээр зааж орон нутгийн төсвийн хөрөнгийн үр дүнгүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

  • "Арилжааны төлбөр тооцоо ҮЦК" ХХК болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолуудаар баталсан “Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журам”-д "ТУЗ-ийн дарга нь холбогдох хуулиар тогтоосон эрх хэмжээний дотор компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах болон компанийн эрх ашгийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна." гэсэн нь Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцэхгүй байна.

Хоёр. Хяналт шалгалт, дүн шинжилгээний чиглэлээр

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулах ёстой. Цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг АТГ батлах хуулийн зохицуулалттай. Дээрх хууль, журмыг үндэслэн төрийн өндөр болон бусад 236 албан тушаалтан, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа нийт 17 байгууллагын 10150 мэдүүлэг гаргагчийн 2017 оны ХОМ-ийн хураангуйг тус газрын мэдээллийн http://www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Цаашид бусад нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нийтэд мэдээлнэ. Ингэснээр

  • олон нийтийн зүгээс төрийн албан тушаалтнуудын ХОМ-ийн мэдээлэлтэй танилцах, төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогод хяналт тавих нөхцөл байдал сайжрах,

  • албан тушаалтны хөрөнгө, орлогын өсөлт, бууралтад олон нийтийн зүгээс дүн шинжилгээ хийж, бодитой дүгнэлт өгөх боломж бүрднэ,

  • хяналт шалгалтын үйл ажиллагаа эрчимжиж хууль бус нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх нөхцөл байдал сайжирна.

  • авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах,

  • ХОМ-тэй холбоотой хууль тогтоомжоор хүлээсэн нийтийн албан тушаалтны үүргийн хэрэгжилт дээшлэх давуу талтай.

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дуусгавар болсон. Дээрх хугацаанд үүргээ биелүүлж, өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн, өөрийн албан үүргийн хүрээнд эзэмшиж байсан дансыг хаалгасан нийт 20 албан тушаалтны талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн.

Оффшор бүстэй холбоотой хуулийн хориглолт, хязгаарлалтын талаар дараах ойлголтууд байгааг анхааран үзнэ үү.

  • Нэгдүгээрт, нийтийн албан тушаалтан нь хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд өөрөө болон түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд суралцах, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тухайн улсын банкинд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх үл хөдлөх өмчлөх асуудлыг  зөрчил гэж үзэхгүй бөгөөд ажил хөдөлмөр эрхлэхээс бусад тохиолдолд энэ тухайгаа АТГ-т бичгээр мэдэгдэх үүрэгтэй юм. Энэ хүрээнд өөрийн албан үүргийн хүрээнд ажиллаж байхдаа  эзэмшиж байсан дансыг хаалгасан болон  одоо ажиллаж байгаа  нэр бүхий дипломат ажилтнуудаас ажлын шугамаар эзэмшиж байгаа цалин болон картын дансны талаар тус газарт мэдэгдэж бүртгүүлсэн юм. Иймд хуульд заасан үүргээ биелүүлсэн дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байгаа гэж дүгнэн буруутгах үндэслэлгүй бөгөөд оффшор бүс дэх хөрөнгийн талаар мэдэгдэж бүртгүүлэх нь шинээр батлагдсан хуулийн хүрээнд үүргээ биелүүлж байгаа явдал юм.

  • Хоёрдугаарт, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар хуульд заасан хугацаанд АТГ-т мэдэгдэж, бүртгүүлээгүй албан тушаалтныг нийтийн албанаас халах, эгүүлэн татах хүртэл хариуцлага хүлээлгэх заалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой зохицуулж өгсөн. Энэ дагуу дараа дараагийн шатны ажлууд хийгдэх болно.

  • Гуравдугаарт, Оффшор бүс нутагт данс эзэмшиж байсан, хөрөнгө байршуулж байсан үйлдэл нь өөрөө хууль ёсны юу, хууль бус уу гэдгийг тогтоох нь тусдаа асуудал. Гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогоо оффшор бүсэд байршуулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн иргэн, хуулийн этгээдийг илрүүлэх чиглэлээр холбогдох ажиллагааг Цагдаагийн байгууллага болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хянан шалгана. Оффшор бүсэд хууль бус мөнгөн хөрөнгө байршуулсан, хууль бусаар олсон хөрөнгөөр хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан бол Эрүүгийн хуулийн зохих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах зохицуулалттай.

АТГ хяналт шалгалтын хүрээнд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа орон нутгийн салбар нэгж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяа Шүүх эмнэлгийн шинжилгээний газар, Сүхбаатар дүүргийн нийт 22 албан тушаалтанд сануулах сахилгын шийтгэл тооцуулсан.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 968 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн. 4 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.

Хяналт шалгалтаар тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй 6 нэр дэвшигч тогтоогдсон байна. Зарим жишээг дурдвал: 

  • Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Нямбаярын ажил эрхлэлтийн байдал нь "төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан" гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар Завхан аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн.

  • Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Р.Эрдэнэцогтын  хамаарал бүхий садан төрлийн холбоотой хүн аймгийн ИТХ-ын дарга болох нь тогтоогдсон тул хуульд заасныг хэрэгжүүлж  ажиллах талаар ЗГХЭГ-т хариу мэдэгдсэн.

  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Л.Уранбилэгийн  хамаарал бүхий этгээд нь мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байх тул хуульд заасныг хэрэгжүүлж ажиллах талаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын даргад хариу мэдэгдсэн.

Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллүүдээс харвал албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын дагуу ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгт хариуцлага тооцуулсан байна.

Гурав. Мөрдөн шалгах чиглэлээр

АТГ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харъяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллалаа.

2018 оны 4 дүгээр сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 100 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 28 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан.

Энэ сард Эрүүгийн хуулийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 344 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 24 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, 7 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • УИХ-ын гишүүн Л.Энхболдоос олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор дамжуулан “Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй "Таван толгой" ХК нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж "Эрдэнэс таван толгой" ХК-ийн ашиглалтын MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 тонн нүүрс олборлон 20.0 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаархи мэдээлэл,

  • Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтан нар нь "Тэгш хан", "Өег гурил" ХХК-иудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож зээлдэгчээс хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авч ашигласан байж болзошгүй мэдээлэл,

  • МУИС-ийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч нь эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удирдах алба хаагчийг гадаад улс руу сургалтад явахад нь журам зөрчиж мөнгөн урамшуулал үндэслэлгүй олгосон, сургуулийн ойн арга хэмжээнд сэтгүүлд 55 сая төгрөг өгч хэвлүүлж бусдад давуу байдал олгосон тухай багш нарын төлөөллөөс гаргасан мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна.

Нийт 9 холбогдогчтой 513,000,000 төгрөгийн хохиролтой 8 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тухайлбал,

  • МУБИС-ийн дэд захирлаар ажиллаж байсан Д.Ганцэцэг нь тендерийн үйл ажиллагаа  хууль бусаар зохион байгуулж бусдад давуу байдал олгож  зах зээлийн дунджаас дээгүүр үнээр буюу худалдан авалт хийж онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,  

  • БСШУСЯ-ны Санхүү-эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай нь тус албаа хашиж байхдаа тусгай дансанд хуримтлагдсан 142.840.287 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан завшсан гэх

  • Нийслэлийн бүртгэлийн газрын албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдын нэр дээр шилжилт хөдөлгөөн хийж эд хөрөнгө эзэмших эрхэнд халдсан гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэрэг шалгаж байна. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулахад мөрдөн шалгах ажлын ачаалал 4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Өчигдөр 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Өчигдөр 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Өчигдөр 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Өчигдөр 12 цаг 03 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Өчигдөр 08 цаг 18 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ Уржигдар 16 цаг 02 мин НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв Уржигдар 16 цаг 01 мин ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 15 цаг 59 мин Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина Уржигдар 15 цаг 37 мин Ихэнх нутгаар дулаарна Уржигдар 15 цаг 27 мин Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна Уржигдар 14 цаг 21 мин Хэрвээ хуучнаараа байсан бол...? Уржигдар 12 цаг 11 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ Уржигдар 11 цаг 53 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ Уржигдар 11 цаг 47 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна Уржигдар 11 цаг 43 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Уржигдар 10 цаг 46 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ Уржигдар 10 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ Уржигдар 09 цаг 56 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ Уржигдар 09 цаг 37 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top