Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.
Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 77 насандаа өвчний улмаас таалал төгссөн юм.
Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга Ж.Мөнхбат Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирчээ. Тэрээр үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн билээ.
Дархан аварга, УИХ-ын гишүүн, Бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ “Таны тооцоотой нягт барилдаан, хөдөлмөрч тууштай зан чанар, аатай омголон дүр төрх бидний зүрх сэтгэлд хоногшин үлдлээ. Та эх орныхоо алтан хөрс шороонд амгалан нойрс доо” хэмээн хэлсэн юм.
Монгол бөхийн сүр, хийморь болсон их аваргаа бид үеийн үед дурсан санаж, түүний үлдээсэн гавьяа, бичилцсэн түүх бүр мөнхлөн үлдэх болно. Ум сайн амгалан болтугай.