Улсын Их хурлын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Таны хувьд мягмар гарагийн байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газрын үйл ажиллагааг нэлээд хүчтэй шүүмжилсэн. Тэр дундаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлнэ лээ. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Ер нь бол хоёр зүйл дээр шүүмжлэлтэй хандсан юм. Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь буруу. Энэ хууль бол эрдэс баялгийн эдийн засагтай, үнэ өссөн үед эдийн засаг нь тэлдэг. Харин үнэ нь буурахаар агшдаг цикль дунд бид амьдарч байгаа. Ард түмний амьдралыг ч тогтворгүй болгож байгаа зүйл энэ байгаа юм. Үүнийгээ мэдэж байгаа учраас төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан. Ингэснээр төсөв ямар ч үед савлагаагүйгээр явах, зардлын хэмжээ, алдагдал гээд энэ бүхнийг төлөвлөх аргачлалуудыг хийчихсэн хууль байхгүй юу. Үүгээрээ оролдохгүй яваад байя гэдэг соёлыг Засгийн газар өөртөө бий болгох нь их чухал байгаа юм. Гэтэл энэ удаа төсвийн төсөл оруулж ирэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөөд, Төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсаны маргааш ч хамаагүй тэр мэдэгдлээ өөр-чилж болохуйц хуулийн төсөл оруулж ирсэн нь маш буруу.
-Яагаад ингэж өөрчилж оруулж ирсэн юм бэ?
-Харин яг ингэж асуухаар дэлхийн эдийн засаг тогтворгүй байгаа учраас бид ирж байгаа төсвийн өсөлт болоод орлогоо төлөвлөхөд хүнд байна гэдэг зүйл хэлж байгаа юм. Харамсалтай нь миний харж байгаагаар энэ бол ажил хийхгүй байгаа хүмүүсийн л шалтаг. Жишээлбэл, төмс өсөх үү, өсвөл хэдэн хувь, юунаас болоод өсөх юм. Махны үнэ өсөөд байгаа шалтгаан юу юм, яагаад гээд ийм тооцоолол хийх бол ерөөсөө хүнд зүйл биш. Манайх бол тэртэй тэргүй Тяньжиний боомтоос хамаардаг.
Тэр боомтоос наашаа явж байгаа тээврийн үнэ, Тяньжин руу ирж байгаа ихэнх импорт Япон, Солонгос гээд ерөнхийдөө тогтвортой байдаг. Нөгөө талдаа Евразийн улсууд бараа бүтээгдэхүүнээ худалдаж авдаг. Тэгээд Хятадын зах зээл дээр бараагаа зардаг. Ерөөсөө ийм л айл шүү дээ. Тэгэхээр тооцоолол хийхэд хүнд зүйл ерөөсөө байхгүй. Шатахуун, түлшээ зөвхөн ОХУ-аас авдаг учраас олон улсын зах зээл дээрх савлагаа хараад байхаас илүүтэй нийлүүлэлтийнхээ хэмжээ дамжаагаа мэдэж байхад тогтвортой явчих бололцоотой. Нэг талдаа ийм зүйл байгаа юм. Нөгөө талдаа ер нь нефтийн үнэ 90-110 ам.доллар байх нь тодорхой болчихлоо. Үүнийг дагаад эрдэс баялаг буюу манай нүүрс, зэс, алтны үнэ ямар байх вэ гэдэг прогноз их тодорхой гарчихаж байгаа юм. Тийм болохоор төлөвлөлт хийхэд хүнд зүйл алга.
Би Н.Учралыг Засгийн газраа байгуулж байхад нь хэлж байсан. Төсвийн тодотгол хийхээр бол одоо хийчих ээ. Иран, Америкийн дайнтай холбоотой эфектүүдийг одоо гарга. Их тодорхой байна. Бусад улс орнууд газрын тосныхоо нийлүүлэлтийн эх үүсвэрийг сольчихлоо. Ийм тохиолдолд үнэ ямар байх нь уншигдаж байна шүү гэдэг зүйлсийг хэлж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ бүхнийг хийхгүй байна. Тэгсэн мөртлөө тогтвортой байдлын хуулиараа оролдох гэж байгаа нь буруу. Хоёрдугаарт, төсвийн орлого тасарч байгаа учраас НӨАТ-ын буцаан олголтыг болино гэж байгаа юм. Тэгсэн мөртлөө үнэндээ төсвийн орлого тасарч байгаа үндсэн шалтгаанаа гаргаж ирэхгүй байна. Үндсэн шалтгаанаа гаргаж ирэхгүйгээр нийт массаас авдаг мөнгөө бүгдийг нь авмаар байна гэж байгаа нь буруу.
-Төсвийн орлого тасарч байгаа үндсэн шалтгаан нь юу байна вэ. Та НӨАТ-ын буцаалтыг өгөх их чухал гэж хэлж байсан шүү дээ, яагаад?
-Төсвийн орлогыг бүрдүүлж байгаа чинь ер нь бол нүүрс, зэс л байгаа. Дээр нь аялал жуулчлал, хөдөө аж ахуй байна. Татварын орлогын бууралтын гол зангилаа бол нүүрснийхээ нийлүүлэлтийг л зөв байлгах юм. Үүн дээрээ төвлөрөөд явчих юм бол болохоор байгаа. Хоёрдугаарт, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хуримтлагдсан татварын өр маш өндөр болчихсон. Тэгэхээр энэ өрийг нь 5-10 жилээр хойшлуулах дорвитой арга хэмжээ аваад, өнөөдрийн татвар төлөлтийг нь сайжруулах боломж байгаа. Тэр авлагын араас төр явахаар аж ахуйн нэгжүүд чинь дампуурчих гээд, шинэ татвар төлж чадахаа больчихоод байна.
Нөгөө талдаа урсгал зардал дээрээ төрийн албан хаагчдаа чанаржуулъя, төрийн үйлчилгээг шуурхай болгоё гэдэг санал санаачилгыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Одоо үүнийгээ яг газар дээр нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Яг үнэндээ манай төрийн албаны давхардал ямар их байна. Саяхан ажлын дөрвөн өдөртэй болъё гэдэг шийдвэр хүртэл гарлаа. Энэ чинь 20 хувийн илүүдэлтэй байна гэдэг нь шууд уншигдаж байгаа байхгүй юу. Ингэж илүүдээд байгаа албан хаагчдаа хувийн хэвшил рүүгээ өгөх бодлогыг хийх хэрэгтэй. Төрийн албанд мэргэшсэн тэр хүмүүс чинь хувьд очихоор хувийн бизнесийн өгөөж нэмэгдэж, эргээд татварын орлого сайжрах, түүгээрээ бүтээн байгуулалтаа хийх гээд эдийн засгийн циклиэ ерөөсөө ажиллуулахгүй, урсгал зардал дээрээ хөдлөхгүй гүрийгээд байна.
Дээр нь инфляци 10 хувь давчихсан. УИХ-ын тавьсан зорилтыг Засгийн газар хэрэгжүүлээгүй. Гэтэл инфляцитай Засгийн газар биш, Монголбанк “байлд” гэдэг чиглэл өгөөд хаясан. Инфляци бага байхаар Засгийн газар нь бидний хийсэн ажил гэдэг. Өндөр байхаар Монголбанк руугаа чихээд гарчихдаг яг энэ уламжлалаа давтаж байна. Гол аюул юу гэхээр инфляци ингэж өндөр болохоор Улаанбаатар хотын захын хорооллын амьдралд шууд цохилт өгч байна. Энэ нь архидалд, гэмт хэргийг нэмэгдүүлэх асар аюултай үр дагавартай учраас НӨАТ-ын буцаан олголт бол тэр хүмүүсийн гар дээр мөнгө өгөх боломж. Мөн татварын төлөлт муу байгаа аж ахуйн нэгжүүдээ ч мөнгөжүүлэх боломж юм. Зах дээр байгаа мөнгийг огт нэмэхгүйгээр эргэлдүүлээд буцаагаад хувь хүмүүст өгнө гэдэг чинь үнийн дарамтад өртөж байгаа ард түмнээ аврах хамгийн шударга, нүдээ олсон арга байгаа юм.
Ер нь шударгаар хэлэхэд, НӨАТ-ыг бууруулчих хэрэгтэй. Төлөхгүй учраас аваад буцааж өгч байна гэсэн ийм марзан зүйл ашиглаад байгаа юм. Харамсалтай энэ бүхнээ бид эдийн засгаа тэлмээр байна. Төсвийн орлогоо бүрдүүлмээр байна гэсэн хоёр тайлбар хэлээд байгаа юм. Гэтэл гадны болон дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих тодорхой томоохон төслүүдийг зогсоочихсон. Мега төслүүдийг зогсоогоод нэг жил болж байна. Хоёрдугаарт, гадны зээлийн ашиглалтыг бид нэммээр байна гээд байгаа юм.
-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар орж унасан хуулийн төслийг хэлж байх шиг байна, тийм үү?
-Энэ төслүүдэд чинь гадны компаниуд шалгарчихсан. Жишээлбэл, Сэлбэ төв дээр Хятадын хөрөнгө, чансаатай компани ороод ирчихсэн. Тэд мөнгөө гаргаад барилгаа барих бололцоотой. Төлөлт нь найдвартай. Тэгэхээр одоо хэлэлцээрийн л асуудал. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр ч гэсэн ялгаагүй. Тэр улсууд мөнгөө гаргаад хийг. Бид хувиар гаргаад төлчихье. Энэ чинь баталгаатай төлбөр байхгүй юу. Хятадын Засгийн газраас авчихсан, тусгай дансанд байж байдаг. Монголын Засгийн газар иддэггүй ийм мөнгө шүү дээ. Газрын тосны үйлдвэр ч гэсэн адилхан. Харин Засгийн газраас энд аудит хийгээд энэ их үнийн өсөлт хэн рүү явчихав. Хэн дундаас нь өртөг нэмээд хулгайлчихав гэдгийг тогтоогоод тэр хүнд энэ төслийг үүрүүлэх ёстой. Ингээд гэрээ хэлэлцээрээ сайжруулаад явахын оронд одоо л мөнгө гаргаад түлхчихмээр байна гэсэн бизнесийн ухаан оруулахгүйгээр явж буй төрийн бодлого чинь харалган байна гэдгийг би хэлж байгаа юм.
Хоёрдугаарт, тодорхой төслүүд хэрэгжүүлэхгүй бол аюулын харанга хаяанд байгаа шүү. Ялангуяа хөх нүүрс буюу кокс химийн үйлдвэр. Хөх нүүрс гаднаас худалдаж аваад бид энэ өвөл хэрэглээд үзлээ, болж байна. Хамтарсан Засгийн газрын үед байсан шийдэл бол яг өдийд энэ хөх нүүрс Монголд дотооддоо үйлдвэрлэгдээд дуусч байх ёстой байсан. Гэтэл одоо байхгүй. Ирэх өвөл яах юм, дахиад худалдаж авах юм уу. Эсвэл дахиад утаандаа умбах юм уу. Эд нар хийхгүй байгаа шалтгаан бол хувийн компанид өгч, тэд нь бизнес болгох гээд байна. Гэр хорооллын ядарсан ард иргэд дээрээ бизнес хийгээд явах нь зөв гээд шийдээд явах нь буруу байхгүй юу. Хүн худалдаж авч чадахгүй бол яах юм. Тухайн үеийн төслөөр 300 мянган төгрөг байсан хөх нүүрс, хувийн компани хийвэл 650 мянга болно гэсэн саналууд сонсогдож байна. Ингээд ажлаа хийхгүй байна гэдгийг нь л би хэлээд байгаа юм. Юу хийгээд байна аа.
-Харин юу хийгээд байна аа?
-Юу ч хийхгүй, дороо эргээд суугаад, найр наадам хийгээд байдаг юм уу. Би яагаад Ж.Энхбаярт хандаж хэлж байгаа вэ гэвэл ажлаа хийхгүй байгаа сайдууд буюу төрийн байгууллагын толгой нартай хариуцлага тооцох эрх нь Ж.Энхбаярт байгаа юм. Тэрийгээ л хий, ажлыг нь хийлгэ л дээ. Хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалт татаад ажил хийж болж байна. Одоо Зэс боловсруулах үйлдвэр гэхэд миний сонсож байгаагаар дахиад өртгийг нь нэмчихсэн сурагтай байна. Нийт 400 хэдэн сая ам.долларын өртөгтэй төсөв байсан одоо 700 руу дөхлөө гэж байна. Энэ зөрүүг хэн идэх гээд байна.
Энэ мэт дээрээ аудит оруулаад, ил тод болгоод, гадны хөрөнгө оруулалтыг нь татаад, хамтраад юм хийхгүйгээр бүр нэг 20 жилийн өмнөх аргаараа ажлыг хийдэг. Төсвийн мөнгөөр ажил хийдэг, тендер зарладаг, тэгээд дундаас нь хулгай хийдэг. Ингээд эдийн засгаа алдаг, ам.долларыг алга болгодог. Ийм хуучин аргаасаа ерөөсөө салж өгөхгүй юм. Төр-хувийн хэвшлийн түншлэл, санхүүгийн схем, санхүүгийн хэлэлцээр гэдэг зүйлийг ерөөсөө хийхгүй байна. Одоо Рио тинто компанитай хэлэлцээр хийгээд хөрөнгийн зардлыг нь бууруулах хэрэгтэй шүү дээ. Юу хийв ээ, захиа бичихээс өөр ажил хийгээгүй.
-Таны авсан мэдээллээр Рио тинтотой хийх хэлэлцээр ер нь урагшилсан байна уу?
-Явуулахын тулд юу хийв гэдэг асуудал. Ороод ирчихсэн компанитай тулж уулзаад, барьж аваад, удаа дараагийн уулзалтаар шахалт үзүүлээд асуудлаа шийдэхийн оронд захиа бичээд хүлээгээд суугаад байдаг байж болохгүй. Одоо яг жил болоход юу ч хийсэнгүй. Тэгээд дараагийн стратегийн ордууд маань хаачив. Нөгөө ард түмний өгөөж хаана байна гэхээр маш сонин, ерөөсөө ойлгохгүй юм. Ажил хийдэг сэтгэл нь үнэхээр дутдаг юм байна л гэж дүгнэлт хийж байгаа юм.
-Сүүлийн үед Н.Учрал гэж хүн Ерөнхий сайд хийхэд бяр нь дутаж байна гэсэн яриа гараад эхэлсэн байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр бяр дутах юм ерөөсөө байхгүй. Зүгээр ажлаа хий л дээ. Өмнөхүүдээ алж иддэг, улс төрийн оноо цуглуулдаг, улс орноо хохироодог энэ балиар зуршил нь эрх баригчдад бүр суучихлаа. Үймээн самуун үүсгэдэг, янз бүрийн хэвлэл мэдээллээр тархи угаалт хийдэг. Тэгээд үр дүнд нь улсын эдийн засаг суларч, эрх баригчид хожиж байдаг.
-Тэгвэл эрх баригчдыг ажлыг нь хийлгэхийн тулд сөрөг хүчин, АН-ын зүгээс ямар нэгэн зүйл хийх үү. Та нарын зүгээс яаж шахаж шаардвал ажлаа хийхээр байна вэ?
-Ардчилсан нам байр суурин дээрээ хатуу байгаад НӨАТ-ын буцаан олголтыг авч өгөх хэрэгтэй. Тэгвэл эд нар шахагдаад ажил хийнэ. Эд нар чинь ерөөсөө татвар цуглуулаад л, хүмүүсийн халааснаас булааж, хулгайлж, хуулийн дагуу байна уу ямар нэгэн байдлаар аваад тэр мөнгөө хувааж зарцуулаад найрлаад сууж байдаг хүмүүс байгаад байна. Тэгэхээр бидний хувьд аль болохоор ард түмний гар дээр мөнгийг нь үлдээгээд, эдийн засгийн эргэлтэд оруулж, томруулах учиртай.
Нөгөө талдаа мөнгөний хомсдолд орохоороо эрх баригчид ажил хийдэг гэдэг нь харагдаж байгаа юм. Тэр хил гаалийн асуудлыг 2021, 2022 онд шийдсэн байдлыг харахаар валютын нөөц буурч, татварын орлого буурангуут үнэхээр ажилласан байгаа юм. Тэгэхээр байнга ард түмэн мөнгөтэй, төр мөнгөгүй байвал эд нар ажил хийнэ. Харин ард түмэн мөнгөгүй байх нь эд нарт хамаагүй юм шиг байна. Төр л мөнгөтэй байгаад, түүнийг нь эргүүлээд, тууз хайчлаад, би мундаг шүү гээд байж байх нь ажил юм шиг болчихоод байгаа байхгүй юу.
Өдрийн сонин



