x

УИХ-ын гишүүд Дэлхийн банкны зөвлөхүүдтэй эрүүл хооллолт, чихэрлэг ундааны татварын асуудлаар уулзлаа

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун нар энэ сарын 13-нд Дэлхийн банкны зөвлөх, ноён Эван Харолд Блечер, хатагтай Либби Хаттерсли, Кейт Мандевилл нарыг хүлээн авч уулзан, тэдний хийсэн Монгол Улсад эрүүл хоол тэжээлийн талаар хэрэгжиж байгаа хууль, эрх зүйн зохицуулалтыг олон улсын сайн туршлагатай харьцуулан судалсан судалгааны тайланг хүлээн авлаа.

Судалгааны тайланг Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн Бүсийн эрүүл мэнд, хүнс тэжээл, хүн амын газрын зөвлөх Либби Хаттерсли танилцуулав. Манай улсын иргэдийн өвчний ачаалалд эрүүл бус хооллолт голчлон нөлөөлж байгааг тэрбээр 1990 ба 2023 оны үзүүлэлтээр харьцуулан дурдаж, хүн амын таргалалтын түвшин дэлхийн дунджаас илүү хурдтайгаар нэмэгдэж байгааг онцолсон юм. Хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг бууруулах Монгол Улсын зорилт тодорхой хэмжээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа боловч нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн цус багадалтын тархалтыг бууруулах, хүүхдийг эхийн сүүгээр хооллох түвшинг ахиулах, хүүхдийн илүүдэл жин, таргалалтын тархалтыг багасгах, насанд хүрэгчдийн чихрийн шижингийн тархалтыг зогсоох, хүн амын давсны хэрэглээг бууруулах зэрэг зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг тэрбээр анхааруулав.

Эрүүл хооллолтод зайлшгүй чухал шим тэжээл хангалттай байх, илчлэг авах эх үүсвэр тэнцвэртэй байх, хүнс, хүнсний бүлгүүд олон янз байх, эрүүл мэндэд нөлөөлөх хүнс зохистой хэмжээнд байх гэсэн үндсэн зарчмыг баримтлах ёстойг зөвлөх Либби Хаттерсли онцолж, нийгэм болон хүнсний орчныг өөрчлөх, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөллийг шийдвэрлэхийн тулд стратегид тулгуурлан боловсруулсан бодлогын багц арга хэрэгслийг батлан хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөв. Үүний хүрээнд Монгол Улс хүнсний бүтээгдэхүүний орц, найрлагыг шинэчлэх, хоол тэжээлийн шошгололтыг иж бүрэн болгох, хүнсний маркетингийн халгаатай нөлөөллөөс хүүхдийг хамгаалах бодлогыг боловсруулж батлах, зан үйлийн талаарх мэдээлэл харилцаа ба олон нийтийн мэдээллийн хэрэгслийн кампанит ажил, аяныг зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгааг тайланд дурдсан байна. Мөн эрүүл хооллолтыг дэмжих төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, хүн амын хоол тэжээлийн тогтолцоонд тогтмол хяналт тавьж, үнэлгээ, дүгнэлт хийж ажиллах нь зүйтэй гэлээ.

Зөвлөх Эван Харолд Блечер манай улсын татварын тогтолцоон дахь чихэрлэг ундааны албан татвар, түүний хэрэгжилтэд хийсэн үнэлгээг танилцуулсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас эрүүл хооллолтыг дэмжих төсвийн бодлогын хүрээнд чихэрлэг ундаанд ногдуулах албан татварыг санал болгодог бөгөөд жимс, ногоо зэрэг эрүүл хүнсэнд татаас олгохыг зөвлөдөг байна.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг УИХ 2024 онд баталж, 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр тогтоосон. Үүнд 100 мл-т агуулагдах чихэр, чихэр орлуулагч 5 гр-аас дээш ус, ундаанд литр тутамд 2027 онд 500 төгрөг, 2028 онд 525 төгрөг, 2029 онд 550 төгрөг байхаар тусгасан. Энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хэрхэн хангаж, үр дүнд хүрэх талаар зөвлөх Эван Харолд Блечер Их Британи болон Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ)-ын жишээгээр танилцууллаа.

Хуулийн нөлөөллийг илтгэн харуулах хяналт-шинжилгээ, үнэлгээг урьдчилан сайтар хийхгүй бол чихэрлэг ундаанд ногдуулах татвар эсэргүүцэлтэй тулгарч, цуцлагдах эрсдэлтэй байдгийг тэрбээр дээрх улсуудын жишээнд тулгуурлан дүгнэсэн юм. Татварын бодлогыг хэрэгжүүлснээр Их Британийн 10-11 насны охидын таргалалт 8.0-аас дээш хувиар буурч, 18 хүртэл насны хүүхдүүдийн шүд цоорох өвчлөл 12.0 хувиар, хүүхдийн астма өвчний тохиолдол 21.0 хувиар багассан бол ӨАБНУ-д чихэрлэг ундааны худалдан авалт 29.0 хувь, татвар ногдуулсан ундаанаас авдаг илчлэгийн хэмжээ 52.0 хувь, сахар 51.0 хувь, хүн амын ядуу, орлого багатай бүлгийн хэрэглээ 57.0 хувиар тус тус буурчээ.

УИХ-ын гишүүд Дэлхийн банкны зөвлөхүүдтэй дээрх судалгаа, дүгнэлтийн талаар болон Монгол Улсын эрүүл хоол тэжээлийн талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тухай ярилцаж, олон улсын туршлага, түүний алдаа, оноо, болзошгүй эрсдлийг бууруулсан арга, хэрэгслийн талаар санал солилцлоо гэж УИХ-ыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top