x

Цаазаар авах ялыг сэргээх тухайд

Манай нийгэм тогтворжоогүй, хувь хүн нь төлөвшөөгүй байгаа учраас цаазын ялыг халсан нь буруу алхам байсан хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017.10.16-нд мэдэгдэв. Төдөлгүй Ерөнхийлөгч Хууль зүй, дотоод хэргийн яаманд цаазын ялыг сэргээх саналаа албан бичгээр хүргүүлэв. Энэ мэдэгдлээс хойш цаазаар авах ялыг сэргээх, үгүй талаар нийгэм талцан, өнөөг хүртэл хүчтэй маргалдаж байна.

Цаазаар авах ялын тухай аль болох бодитой, судалгаа, үндэслэлтэй хэлэлцүүлэхээр ДеФакто Мэтгэлцээнийг бид 2017.12.28-нд VTV телевизээр зохион байгууллаа. Цаазаар авах ялыг сэргээхийг дэмжин МУ-ын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, эсэргүүцэн Эмнести Интернэшнл Монгол байгууллагын удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан нар энэ мэтгэлцээнд оролцлоо.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн “цаазаар авах ялыг төгсгөл болгох тухай” тогтоолыг 2007 онд 104 орон дэмжиж, 54 орон эсэргүүцэж, 29 орон түдгэлзсэн юм. МУ дэмжиж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2009 оны 1-р сард Их Хуралд хэнийг ч цаазаар авах зарлиг гаргахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүнээс хойш энэ ялыг хэрэгжүүлээгүй явж ирлээ.

Цаазаар авах ялыг сэргээх нь зөв:

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга энэ ялыг халахдаа урьдчилан, иж бүрэн судалгаа, дүгнэлт хийгээгүй учир олон улсад тухайн үеийн Ерөнхийлөгчийн нэр хүндийг өргөсөн болохоос биш бодит амьдралд зохицоогүйг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн албан бичигтээ тодорхой дурдсаныг тэмдэглэв. Энэ ялыг яагаад сэргээх шаардлагатай тухай түүний үндэслэлийг тоймлон хэлбэл:

Нэг. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, бэлгийн дарамтанд оруулсан, амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийн гаралт нэмэгдэх болсон нь нийгмийг цочроож байна. Хүний эрхийн үндэсний комисс 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлсэн. Төр хүчирхийлүүлсэн бага насны хүүхдийн эрхийг хүчирхийлсэн этгээдийн эрхтэй зэрэгцүүлж үзэж болохгүй. Ер нь ямар эрэмбэтэй байх ёстой юм бэ? Цаашид ийм төрлийн гэмт хэрэг гарахгүй байхын тулд монголын төр шаардлагатай бүх арга хэмжээг авах хэрэгтэй. Юуны өмнө бага насны хүүхдийг бэлгийн замаар хүчирхийлсэн хэрэг нэг бүрийг олон нийтийн өмнө дэлгэж тавих ёстой.

Бид хүчирхийлсэн этгээдийн амьд явах эрхийн тухай ярьж байна. Гэтэл хүчирхийлүүлж амь насаа алдсан хүний эрх хаана нь байх юм бэ?

Хоёр. Хууль гэдэг бол тухайн гэмт хэрэгтний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон шийтгэл оногдуулахыг хэлдэг. Тэгж байж л нийгэмд шударга ёс тогтоно. Ямар ч шийтгэл, арга хэмжээ авлаа гэсэн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулах боломжгүй. Тэгсэн ч гэсэн ямар ч төрлийн гэмт хэрэгтэнд аль болох тохирсон ял, шийтгэл хүлээлгэх ёстой. Үүнд л аливаа хуулийн өөрийнх нь нийгмийн ач холбогдол оршино.

Гурав. Эдгээр ноцтой гэмт хэргийн гаралт яагаад нэмэгдэх болсон, тэдгээрийг яаж таслан зогсоох талаар Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох байгууллагуудтай уулзаж, байгаа мэдээлэл судалгааг нь авсан. Ингээд олон талын, зөрөөтэй байр суурийг харьцуулан дүгнээд цаазаар авах ялыг сэргээх шийдвэрийг гаргасан. Тэгээд ч МУ-ын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 1-т “Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” хэмээн заасан. Бас Үндсэн хуулийн 10-р зүйлийн 4-т “МУ Үндсэн хуульдаа харшилсан ОУ-ын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт ч байгаа.

Цаазаар авах ялыг сэргээх нь буруу:

Нэг. Судлаач Б.Болорсайхан гэмт хэрэг гарч буйн суурь шалтгаан нь иргэдийн эдийн засгийн баталгаа хангагдаагүй, ядуурал өсч байгаа явдал гэлээ. Үндсэн хуульд заасны дагуу төр нь иргэнийхээ өмнө хууль зүйн, эдийн засгийн болон бусад баталгааг нь хангах үүрэгтэй. Энэ үүргээ төр биелүүлэхгүй байна.

Хоёр. Монгол улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээх зорилготой гэж үндсэн хуулийн оршил хэсэгт заасан. Тэгэхийн тулд хүний эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах талаар хүн төрөлхтний бүтээсэн ололт амжилтыг дээдэлж, улс орондоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэх ёстой. Дэлхий дахинаа цаазаар авах ялыг халах хандлага сүүлийн дөчөөд жилд хүчтэй тогтлоо. Цаазаар авснаар тухайн улс оронд хүний амь насанд халдах эсвэл хүчингийн гэмт хэрэг буурч байгаа, эсэх талаар тодорхой судалгаа эдүгээ хаана ч хийгдээгүй байна.

Гурав. Гэмт хэрэг үйлдсэн л бол хийсэн үйлдлийнхээ төлөө хэн ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Хууль хүн бүрт адил тэгш үйлчилдэг байх ёстой. Гэтэл манай шүүхийн тогтолцоо өнөөдөр тэгж чадахгүй, алдаа, мадагтай шийдвэр их гаргаж байгаа учир цаазаар авах ял оновчтой биш. Цаазаар авах ялыг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө төр өөрийн чиг үүргээ дорвитой биелүүлэх шаардлагатай байна.

Дөрөв. Хүний эрхийн үндэсний комисс цаазаар авах ялыг халах шаардлагатай байгааг удаа дараа мэдэгдэж байсан. Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Манай улс ямарваа нэгэн ОУ-ын гэрээнд нэгдэн орох, түүнийг соёрхон батлахаас өмнө тэдгээр баримт бичгүүдийн агуулгын биелэлтийг хангаж чадах уу, үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаа эсэхийг төрийн холбогдох мэргэжлийн байгууллага нь хариуцаж судалдаг. Цаазын ялыг цуцлах тухай ОУ-ын гэрээг хүлээн зөвшөөрөхийн өмнө ч энэ ажил хийгдсэн. Тэгээд ч энэ бол МУ-д үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөгдөж буй бас нэг эрх зүйн зохицуулалт гэлээ.

Төгсгөлд нь

Ерөнхийлөгчийн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн дээрх санал нь ямар нэг эцсийн шийдвэр биш. Цаазын ялыг сэргээхийн тулд Улсын Их Хурлаар баталж, хууль гаргах ёстой. Зөвхөн түүний дараа шинэ хууль хүчин төгөлдөр болно. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар юуны өмнө Засгийн Газар хэлэлцээд, Их Хуралд саналаа оруулах ёстой.

Гэхдээ энэ ялыг сэргээх эсэх тухайд иргэд бид ч сайн мэдээлэл, судалгаатай болж, хэлэлцэн ярилцаж чадваас төр засаг бодитой, ухаалаг шийдвэр гаргахад нь нөлөөлөх юм.

Энэ бол ардчиллын хамгийн энгийн, хамгийн хүчирхэг арга зам.

2018.01.03

Нийтлэлч Д. Жаргалсайхан 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө Өчигдөр 11 цаг 58 мин Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Уржигдар 22 цаг 14 мин ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Уржигдар 20 цаг 23 мин Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав Уржигдар 19 цаг 47 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв Уржигдар 19 цаг 18 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно Уржигдар 18 цаг 23 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ Уржигдар 18 цаг 22 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна Уржигдар 18 цаг 21 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй Уржигдар 18 цаг 19 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ Уржигдар 18 цаг 15 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна Уржигдар 18 цаг 15 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана Уржигдар 18 цаг 13 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ Уржигдар 18 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ Уржигдар 16 цаг 58 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ Уржигдар 15 цаг 42 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив Уржигдар 15 цаг 19 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо Уржигдар 15 цаг 18 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав Уржигдар 15 цаг 17 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно Уржигдар 15 цаг 15 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри...
Top