x

Эрх чөлөөгөө самарч буй эрх чөлөөний “эрэлчид”

Манай салбарынхан утаа, түгжрэл гэх нийгмийн тулгамдсан асуудлууд, эдийн засгаа аврах гэсэн эрх баригчдын “мэргэн” бодлого дунд живж, хөвж явах зуурт салбарыг нь бүхлээр нь хөмөрч мэдэх хуулийн төсөл УИХ дээр орж ирээд урагш давшиж байна. Хуулийн төслийг боловсруулсан Хууль зүй, дотоод хэргийн сайд өнгөрөгч даваа гаригт УИХ дахь намын бүлгүүдэд хуулийн төслөө танилцуулснаас үзвэл “галт тэрэг нэгэнт хөдөлжээ” гэсэн үг.

Энэ бол 1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр УИХ, Засгийн газраас гаргаж буй гурав дахь оролдлого. Өмнө нь талийгаач М.Батчимэг гишүүн нэг удаа хууль оруулж ирсэн ч “хэвлэл мэдээллийн салбарт монополийг задлах, хэвлэл мэдээллийг байгууллагын эздийг ил тод болгох” тухай зохицуулалтаас болоод УИХ дээр унасан. Манай хэвлэлийн магнатууд ч лобби сайн хийсэн байх, тухайн үеийн парламент дотор ч нууц эзэд нь байсан байх.

Хоёр дахь нь өмнөх парламентын үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар санаачлаад, одоо УИХ-ын гишүүн болсон /тухайн үед яамны газрын даргаар ажиллаж байсан/ П.Сайнзориг ажлын хэсгийг ахлаад бас нэг хуулийн төсөл оруулж ирсэн. Хэвлэлийн салбарынхан өөрсдөө эсэргүүцэж байж буцаасан. Энэ удаагийнх гурав дахь нь болж байна. Өмнөх хоёр удаагийнхтай харьцуулахад хамгийн харамсалтай нь манай салбарынхан өөрсдөө дэмжиж санал өгчээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр манай салбарын “МАНГАА” болчихоод байгаа СНЭ маань уг хуулийг дэмжиж, хуулийн зүйл заалтад санал өгсөн байдаг юм. Ерөнхийлөгч нь телевизээр ярьж байна лээ.

Хууль, зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл намын бүлгүүд дээр хийсэн мэдээлэлдээ “Салбарын сэтгүүлчид, судлаачид, ТББ-уудаар дөрвөн удаа хэлэлцүүлж санал авсан” гэсэн байна. Хэлэлцүүлэг болсон нь үнэн байх. Гэхдээ хэлэлцүүлэгт оролцсон нөхөд нийтээрээ дэмжээд санал өгсөн гэдэг юу л бол.

Бусад гурван удаагийн хэлэлцүүлгийн талаар мэдэхгүй ч гурав дахь удаагийн хэлэлцүүлэгт нь үүнийг бичигч өөрийн биеэр оролцсон байдаг юм. МУИС-ийн багш, докторууд, Хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэшнл, Хэвлэлийн зөвлөл, хэвлэлийн салбарт 20-иос дээш жил ажилласан туршлагатай сэтгүүлчид ХЗДХЯ дээр болсон энэ хэлэлцүүлэгт орж үгээ хэлсэн. Тэдний олонхи “1998 онд УИХ-аар баталсан Хэвлэлийн эрх чөлөөний хууль бол хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг маш сайн хамгаалсан хууль юмаа. Энэ хуулийг өөрчлөх шаардлага байхгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Хууль маань ердөө дөрөвхөн зүйлтэй.

Нэгдүгээрт, энэ хууль нь өөрөө хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөг давхар хамгаалж байгаа юм шүү гэдгийг заагаад өгчихсөн.

Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан буюу хязгаарласан, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан хууль баталж болохгүй гээд хориглочихсон.

Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн байгууллага нь нийтэлж нэвтрүүлж байгаа мэдээллийнхээ төлөө хариуцлага хүлээнэ, төрөөс хяналт тавихгүй гэдэг нь хэвлэн нийтлэх эрх чөлөө болоод түүний үүдэх хариуцлагыг ч гэсэн хамтад нь өгсөн хэрэг. Хэрвээ та хэн нэгнийг гүтгэсэн бол, худал мэдээлсэн, нэр төрд нь халдсан, хохироосон бол хариуцлагаа өөрөө хүлээнэ шүү. Тэр болтол та эрх чөлөөтэй л гэсэн үг.

Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлж, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавихгүй, ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй гэдэг бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дээд зэргээр хамгаалсан заалт. Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй гэдэг нь хэвлэл мэдээллийн зах зээлийг хамгаалсан, төр энэ салбарт орж өрсөлдөх, монополь үүсгэхээс хамгаалсан заалт.

Ийм хуультай байхад бид “хэвлэл мэдээлэл хараат байна, эрх чөлөөгүй байна” гэж хэлэх эрх байхгүй. Харин энэ хууль хэрэгжиж байна уу, үгүй юу? Хэрэгжихгүй байгаа байгаа бол хэн хэрэгжүүлэхгүй байна вэ? гэдэг өөр асуулт.

Хоёрдугаарт, ХЗДХ-ийн яамнаас боловсруулсан “шинэчилсэн найруулга” гэгч нь анхнаасаа хэвлэл нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй ямар ч хамаагүй, зүгээр хэвлэл мэдээллийн байгууллага буюу салбарын тухай хууль болчихсон. Хэвлэл мэдээллийн байгууллага гэж юуг хэлэх, ямар үйл ажиллагаа явуулах, яаж хариуцлага хүлээх гэх мэт. Гэхдээ үүн дотроо Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн зарим заалтыг хальт мултхан, арай дордуулсан, сулруулсан байдлаар оруулж ирээд түүнийгээ “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” гээд нэрлэчихсэн. Сэтгүүлчийн мэргэжлийн хичээлд ордог сэтгүүл зүйн үйл ажиллагааны зарчим хүртэл дотор нь явж байх ч шиг. Юм юмны үлдэгдэл “хярамцаг” гээч нь болсон. Тэгээд үүнийгээ “шинэчилсэн найруулга” гэж нэрлээд өмнөх хуулийг нь хүчингүй болгох гэж байна.

Үнэхээр салбарыг үйл ажиллагааг зохицуулсан, хэвлэл мэдээллийн байгууллагын ажиллагааны тухай хууль хийх гэж байгаа бол түүгээрээ л нэрлэх ёстой. Тэгээд тэр нь анхдагч хуулийнхаа зарчим, зүйл заалтыг зөрчихгүй байх ёстой.

Товчхондоо энэ удаа Засгийн газраас өргөн барьсан төсөл нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай биш, харин ч өмнөх хуулийг үзэл санааг бүхэлд нь үгүйсгэсэн, дордуулсан төсөл болсон. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн зах зээлийг төрөөс хамгаалах, хараат бус байлгах тухай хууль. Дөрөв дэх засаглал гэж ярих дуртай хэвлэл мэдээллийн салбарыг засаглал чигээр нь байлгах тухай хууль. Тэр нь хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд мэргэжлийн, салбарын хүн биш учраас мэдэхгүй байж болно. Нөгөө талаас Засгийн газарт хамтарсан намын бодлого, шаардлага ард нь явж байж бас болно. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг яавал дордуулах вэ, яаж хараандаа байлгах вэ гэдэг бодлого. Тиймээс манай салбарынхан өөрсдөө илүү гярхай, илүү хэрсүү байх ёстой.

Тухайлбал, 2023 онд УИХ-аар баталсан “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилтод “Хэвлэл мэдээллийг байгууллага, сэтгүүлчийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлж, хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг өөрчилж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгоно” гэсэн юм байна. Тэгээд энэ дагуугаа хуулийн төслийг дахин оруулж ирсэн хэрэг. Ингэхэд авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт яахаараа сэтгүүлч, хэвлэл мэдээллийг байгууллага хамаатай болчихов? Сэтгүүлч авилгатай тэмцэх, авилгыг илчлэх үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээнэ гэсэн үг үү? Сэтгүүлч бол зүгээр баримтыг эрэн сурвалжлах, илрүүлэх, олон нийтэд мэдээлэх л үүрэгтэй. Түүнээс биш гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээхгүй. Харин сэтгүүлчийн эрэн сурвалжлагын үр дүнд гэмт хэргийг илрүүлж болно. Энэ бол хоёр өөр зүйл.

Түүчнлэн шинэчилсэн найруулгын төслийг дагуулаад баахан хуулийн нэр оруулж ирсэн байдаг юм. Эрүүгийн хуульд ийм өөрчлөлт оруулна, Нууцын тухай хуулийг ингэж өөрчилнө… гэх мэт. Гэтэл хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаад байгаа уг сурвалж нь нөгөө хуулиудад нь байж байдаг. Энэ хуулиуддаа л засвар хийчихвэл тэр яриад байгаа “эрх зүйн орчин” нь сайжирчих гээд байдаг. Н.Өнөрцэцэг гэдэг сэтгүүлч жишээ нь “нууц”-ын тамгатай Засгийн газрын тогтоол өөртөө авсныхаа төлөө “Улсын нууцад хамаарах мэдээллийг хадгалсан” /нийтэлж нэвтрүүлсэн, нууц задруулсан гээгүй/ гэдэг зүйл ангиар ялаа нэмүүлсэн. Тэр материал нь үнэхээр нууц материал мөн эсэхийг бид мэдэхгүй.

 Хоёрдугаарт, нууц мэдээллийг сэтгүүлчид өгсөн сайд нь ял хүлээгээгүй, уг нь бол нууцыг хадгалах үүрэг нь тухайн албан тушаалтанд байдаг болохоос сэтгүүлчид байхгүй. Энэ тохиолдолд хэрвээ Н.Өнөрцэцэг мэдээлэл өгсөн эх сурвалжаа хэлээгүйн улмаас ял хүлээж байгаа бол “эх сурвалжаа хамгаалсан баатар” болж байна. Яагаад гэвэл эх сурвалжаа хамгаалах тухай хууль манайд байхгүй. /сэтгүүлчийн үйл ажиллагааны зарчимд бол бий/ Харин мэдээлэл өгсөн эх сурвалжийг мэдсэн атлаа Н.Өнөрцэцэгт ял хүлээлгэсэн бол хуулийн байгууллага хуулиа завхруулсан болж байна.

МСНЭ-ийн ерөнхийлөгч телевизэд яриа өгөхдөө бас л “Эрүүгийн хуулийн 14-р зүйл “худал мэдээлэл тараах” заалтыг өөрчлөх хэрэгтэй” гээд ярьж байна лээ. Эрүүгийн хуулийг өөрчилмөөр байгаа бол тэрийгээ л өөрчил, эрх чөлөөний хуулиар битгий оролд, болох уу? Манай салбарынхан ч гэсэн ийм үгэнд нь автаад, эсвэл автсан дүр эсгээд /бүгдээрээ л надаас тэнэг байв гэж/ нөгөө хуульд нь санал өгөөд явчихаар чинь дэмжсэн болж харагдаад, хууль санаачлагчид туслаад байна. Нөгөөдүүл нь ч зальдаад байна.

Гурав дахь хэлэлцүүлгийн үеэр яг ийм зүйл болсон. Оруулж ирсэн төслийг нь “Хуулиа өөрчлөхгүй. Энэ төслийг дэмжихгүй” гэж шүлсээ хаттал ярьчихаад “Яг юу нь болохгүй байна?” гээд асуухаар “Төслийн энэ заалт буруу байна, тэгж засбал зүгээр” гээд төөрөөд явчихдаг. Тэгээд нөгөөх нь дэмжиж саналаа өгсөн болчихдог. Битгий ийм гэнэ байгаач ээ манайхаан. Буруу, муухай бүхэнд нүдээ хурцалж, иргэдийн нүд, чих болж явдаг сэтгүүлч хүмүүс энэ хууль л дээр нүдээ нээж, үг үзлээ нэгтгэж чадахгүй бол “загасчны морь усгүйн” үлгэр боллоо шүү.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 13 цаг 41 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 14 цаг 37 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 14 цаг 41 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 14 цаг 49 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 17 цаг 6 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 20 цаг 14 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 20 цаг 47 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 20 цаг 53 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 20 цаг 58 мин Шатахууны хямрал ба бодит байдал 21 цаг 8 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 21 цаг 21 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 21 цаг 29 мин Байгаль эхийн хилэн 21 цаг 38 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 21 цаг 50 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 21 цаг 54 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 22 цаг 1 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 22 цаг 10 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top