x

БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ ба ОРОС ГАЦАА

(Өчнөөн хөрөнгө үрж эхлүүлсэн атлаа замын дунд замхарсан энэ станцад Ван И сайд анхаархлаа хандуулна гэдэгт итгэнэм)

Нийслэлд идэр ес тачигнаж 40 хэм хүйтрэх ердийн үзэгдэл. Сүх далайтал үхэр амар гэгч эрсдэлд амьдардгаа бид хайхардаггүй. Насжилт хэтэрсэн станцууд унтрах, Орос экспортоо хаах хоёрын аль нь ч дайрсан 1,6 сая оршин суугчтай нийслэл тэс хөлдөнө. 90-ээд онд Япон тусалсны ачаар хөлдүүс болоогүйгээсээ сургамж авсангүй. Барьж барагласан Багануурынхаа ЦС-ыг “сүйрүүлэх хужаа төсөл” гэх суртал-юу ч биш болгов. Өвгөн станцууд оргил ачааллын үед бүх тэнхээгээ шавхаж, дээр нь Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаар сэлбэвч, нөхөх үүсвэр-зуух трубингүй учир нүүрсээ нүдээ аньж өрдсөөр осол гарах аюул хутагны ирэн дээр өвөлждөг. Эрчим хүчний доголдлыг арилгах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл бол Багануурын станц! Идэр ес эхлэхгүй юм шиг, эрчим хүч тасрахгүй юм шиг, заяа мэд гэсэн шигээ занхалзаад байх уу.

Ц.Даваасүрэн сайд, “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр хоёр Багануурт ЦС баривал Хятад арми хяналтаа тогтоож, тэнд 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хятад тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацсан. Энэ тэнэг пиар хужааг үзэн ядагч-оросын троллуудын цөсийг хөөргөв. Харанхуй тархи тоглоом болдгийн жишээ. Багануур цахилгаан станцыг “олны шаардлагаар” царцааж буй нь тэр. Ингэснээр орос олигархиудын цахилгаан манай руу хэдий хүртэл урсахыг бид биш тэд шийднэ. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квот дагуу хятад ажилчдын тоо хязгаартай агаад ажиллагсдын 90 хувь монголчууд байна гээд гэрээгээр тохирчээ. Юун 5000 хужаа, юун Хятадын арми вэ? Хүчдэлээ маневрлан тохируулах боломжтой тул юун шатах аюул бэ? Энэ тухай гайхширлаа хожуу үглье.

Цар тахал дэгдэж цахилгааны үнэ тэглэснээр “миний юм биш улсын юм” гэх гамгүй хэрэглээнд эрчим хүч доголдсон. Ковид зэргийг үл тоогч-халдвар тээсэн хэнэггүй мангар маниас урд хөрш сэрэмжилж, нүүрсний 20-30 мянган машины 100 км түгжрэлтэй супер экспорт маань хумигдлаа. Үхэл олширч ходоод хонхолзоход монголчууд олон жил гацсан мега төслүүддээ (унтаж байгаад сэрсэн мэт) гэнэт харамсаж, “төмөр замаа тавьдаг байж”, “эрчим хүчний үүсвэрээ амжуулдаг байж” гээд өндөлзөхөд “төөрөгдлийн түгжээ мултрав уу” гэж горьдоод би эмгэг болсон тархины эргээг гаргах санаатай эрээчсэн бичвэрүүдээ хураангуйлаад гацсан төслүүдээ хөдөлгөх тэмцэлд даган баясав. (Тэнхээрхсэн өвгөнд нэмэрлэх өөр тамир үлдсэнгүй).

Тэтгэврээ хүртээд, үхлээ хүлээгээд, эрих имэрч, нүдээ аньж хэвтэхэд үр хүүхдээс хааяа халиад толгойд хоёрхон бодол эргэлдэх болж. 50-60 жил тархинд чуулсан сэдвүүд үргэн нисээд ердөө хоёр үлдэж. Нэг нь угаасан нүүрсээ төмөр замаар зөөх. Нөгөө нь эрчим хүчний эх үүсвэр. Уудам цэлгэр эл хуль нутгаа туучиж-амьдралаа залгуулахад бидэнд асар их шатахуун, алс холын өнцөг буланд эрчим хүч дамжуулахад маш урт сүлжээ хэрэгтэй. Шатахуун цахилгааныхаа хугасыг ч атугай өөрөө үйлдвэрлэхгүй бол хэт үнэтэй импорт босгохгүй нь. 

Хөл хорионд орлогогүй гуриатсан иргэд коксжих тонн нүүрс 500-600 доллар хүрснийг сонсоод төмөр зам гацаагчдыг олж сэгсэрье гэж хуйлрахад тэвдсэн зарим золтой “орос гацаасан” гэж ам алдсангүй. Ер нь дөхсөн. Дружба-найрамдал вирустээгүй ч ковид-19 утсан чинээ улаан гол гогдчихов. Ковидтой үед ч нүүрсээ төмөр замаар саадгүй зөөх боломжийг хэн хаав гээд давалгаалах янзтай. Гэвч 40-50 мянгаа буудуулсан удмын хугархай-сэхээ авч амиа хоохойлдог гаршсан сийлээгээрээ мега төслүүд гацаасан нүглийг муу нэрт эрх баригчдаа зөөлчилж тэдэнд тохоод орос ахаа цэвэрлэв. 3-хан сая хүндээ харьцуулбал ковидоор нас барагчдын тоо айдас төрүүлж, ядуурал нүүрэллээ. 

60 жил гацсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг-тендерт шалгарсан хятад компани 288 сая төсөвт өртгийг 17 саяар хямдруулж, 271 сая доллароор барих тохироонд 2021 оны 9-р сарын 17-нд хүрч, талууд гарын үсэг зурснаар зуун дамнасан төсөл ковидын цочролоор 2022 оны 4-р сард хөдлөх болжээ. Овоо доо гээд баярлатал “даврах болоогүй” гэсэн шиг ОХУ шатахууныхаа гэрээт нийлүүлэлтийг гэнэт хааж цочоов. Мал өсөөд маханд очерлохоо больсон ч машиныхаа хоолонд очерлолоо. Социализмд сайдууд машин унадаг байсан бол хоосрол дагуулсан ардчилалд машинтай ядуус үржжээ. Явгарсан ядуус хоёр зээрдээрээ таваргахаас залхуурч ах нарынхаа өөдөөс аймшиггүйгээр-бензиний чинь үнийг валютаар төлчихөөд байхад гэрээгээ зөрчиж крантаа урьдчилсан анхаарууллагагүй хаалаа гэж цоролзов. Харин эрх баригчид орос ахдаа үг цухуйлгах бүү хэл сурцаараа өмнөд хөршөө өөлөх байр суурь баримталсан нь залууст халдварлаж, сэтгүүлч бүсгүй БНХАУ-ын элчин сайд Цай Вэньруйтай ярилцахдаа өдөж хатгасан асуулт тавив:

-БНХАУ-аас нийлүүлэх шатахуун хугацаандаа ирэх боломжгүй болсноос ийм байдалд хүрлээ гэж салбарын яам мэдээлж байгаа... Элчин сайдын яам энэ асуудалд хэрхэн анхаарал тавьж байна вэ?

-Монгол Улсад одоо үүсээд байгаа шатахууны хомсдолын шалтгаан Хятадын талд байгаа юм биш... Монголын тал есдүгээр сарын 22-ны өдөр Хятадын талд яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлтийг албан ёсоор гаргасан. Хятадын тал 22-ны өдөртөө багтаж зохицуулалт хийж, Эрээн хотын боомт руу шатахуун илгээсэн... Монголын талын төмөр замын цариг өргөн, Хятадын тал олон улсын стандартын царигтай... хамгийн ихдээ өдөрт 480 тонныг шилжүүлэн тээвэрлэх боломжтой. Ийм хүчин чадлаар тооцоход Монголын талын хүсэлтэд яагаад ч хүрэх боломжгүй байна... Энэ бүхэн шатахууны тээвэрлэлт хойшилсоор байгаагийн шалтгаан гэдгийг онцолмоор байна. 

-Хятадын тал гэрээгээ биелүүлэхгүй байгаа энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Монголын тал Хятадын Чайна ойл компанитай бэлэн шатахуун худалдан авах гэрээ байгуулсан даруй Хятадын талын компаниас шатахуун илгээж, гэрээгээ биелүүлсэн. Төмөр замын тээвэрлэлт дээр асуудал гарснаас биш “Чайна ойл” компанийн тээвэрлэлтэд асуудал гараагүй гэж ойлгож байна.

-Шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсан явдал нь үнэхээр хоёр улсын харилцаатай холбоотой юу. Зарим талаар хоёр орны харилцаанд сэв суусан, улс төрийн агуулгатай гэх мэдээллүүд яваад байна л даа.

-Ийм мэдээлэл байгааг сонсоод би их гайхаж байна. Яг одоо Хятад улс Монгол руу тусламжийн гар сунгаж байхад ийм эргэлзээ яаж байх билээ... Хоёр улс сүүлийн жилүүдэд, нэн ялангуяа цар тахал дэгдсэн үеэс эхлэн харилцан туслан дэмжиж, хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж байна... Бид шатахууныг аль болох хурдан тээвэрлэн Монголд хүргэж, шатахууны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна. (ярилцлагын хэсэг “Өдрийн сонин” 2021-09-27). Хойд хөрш цахилгаанаа хаахад уураа урд хөршдөө гаргасан нь бидний ХХ зууны сэтгэцийн эмгэг гэм биш зан болсныг харуулав. 

Шатахуун хэсэг зуур тасарсан нүглийг Монгол өөрийн хөөрхий нэг орлогчид үүрүүлээд, дохуурхсан орос шоглоомыг өнгөлөн далдаллаа. Ковидын халдвараас улс болгон тэр дундаа БНХАУ олимпын өмнө бүр ч хатуурхав. Гэхдээ шинжилгээний хариу сөрөг гарвал боомтоо нээж, эерэг гарвал хааж байсныг “хужаа хорон санаа” гэж сэвэх нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалж буй эх оронч үзэл мөн үү монголчуудаа. Жаахан ул суурьтай ухаалаг хандаж сураач.

Багануур ЦС-ын тухай үглэлдээ оръё. Хүний насжилт дунджаар 65-70 гэвэл ЦС-ийн насжилт 25 гэж багцаалжээ. Манай станцууд 40-өөс 50 жил ажилласан. Хүнээр бол манай станцууд 130-140 нас зооглосон хөгшид юмсанж. Оросууд биднийг цахилгаан станц шинээр барихын оронд 130-140 настай буурай нарынхаа тархи, зүрх, уушиг, ходоод, элэг, бөөрийг соль гэж өндөр хүүтэй зээл амладаг. Нас сүүдэр хоёр нугарсан буурай нарын үхсэн цогцсуудыг авч хаяад орлуулах донор “эрхтэн”-үүдийг зөвхөн Оросоос авна. Энэ нь цахилгаанаа шахахын дээр-араас нь сэлбэгээ бас байнга шахах тулгалт гэж ойлго. Тэр нь дүүрч гэхэд хоцрогдсон орос технологиор үйлдсэн эд анги дорхноо эвдэрч дахин дахин авч ядуу бидний валют хойшоо урсана. Ийм аргаар шулахын тулд мануусыг юмны учир олдоггүй арчаагүй дүнхүү, эрх ашгаа хамгаалах оюунгүй байдалд уяад, чадамж өндөр шинэ технологиор эрчим хүчний сүпер эх үүсвэр барихыг гацаадаг-угтаа орос геополитик юм. Ахын заль ужиг агаад хорон хажир. Манай инженерүүд амбасын үеийн станцуудын болохгүйг болгон монголчилж, эрсдэл бүрийг хэтэлж яваа нь юутай их буян бэ. Хөлдөж үхэхээс аврагч та нарыг минь бурхан өршөөг. 

130-140 настай үжирсэн станцуудад эрхтэн шилжүүлэх хагалгаа хэдэн он хүртэл үргэлжилж, хэдэн удаа хийх-таавар. Орос геополитик мэдэх асуудал. Хөгшид хагалгаагаа даагаасай гэж залбиръя. Дундаж насжилтаасаа хоёр дахин урт сүүдэр зооглосон буурай станцуудыг гадаад дотоодын докторууд шинжлээд үхэх цаг нь хэтэрчихэж. Хасах 40 хэмийн оргил ачааллынхаа үед дэлбэрэх осол тун ойртжээ гэж анхааруулсан ч манай эрх баригчид эрдэмтдийн үгэнд ордог жижиг гарууд биш билээ. Өтөл станцууд эцэстээ тулаад амьсгал хурааж хот хөлдвөл зовлонг далимдуулж буяны үйлсээр оросууд өндөр үнэтэй цахилгаанаа бүр өндөр өртгөөр шахаж нэр алдраа мандуулах хэдий ч манууст заавал тэгж өрөнд унаж амиа дэнслэх хожоо гэж үү? (Энэ эрсдэлийг давах Багануурын станц боссоор атал).

Багануур төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам. доллар. Барих-ашиглах-шилжүүлэх гэрээг 2015 онд хөрөнгө оруулагч талтай үзэглэсэн бөгөөд 25 жилийн дараа Монголд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Технологийн хувьд хүчин чадлаа 140 МВт хүртэл бууруулж маневрлан цохицуулах боломжтой. Гэрээт хугацаа дуусмагц нэг ч төгрөг төлөлгүйгээр өөрийн мэдэлдээ авахаас гадна концессын 1,2 тэрбум ам. долларын гэрээнд Монгол улсын Засгийн газраас ямар ч баталгаа шаардахгүй гэх заалт тусгачихаж. Мөн худалдах, худалдан авах гэрээнд зааснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ. Тав дахь жилээс хоёр блокыг тус бүр 220 МВт-аар, зургаа дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уян нөхцөл гэрээнд заагаад өгчээ. Гол нь тохируулан маневрлах боломж нээлттэй. Үүнд монгол ухаан хүрнэ. Багануурын ЦС-ын ажлыг зогсоох шаардалга байж уу. Зөнөг миний мунхарсан ухаанаар бол тус станцыг ашиглалтад оруулах зориггүй атлаа бүтээн байгуулалт өрнүүлэн хөрөнгө хий үрж эх орноо хорлосон болж таарав.

Арван жилийн дараа 2028 онд блок тус бүр нь 315 МВт-аар ажиллаж эхэлнэ. Энэ нь технологийн том дэвшил, бас цахилгааны найдвартай аюулгүй ажиллагааг хангах эх үүсвэр гэнэ. Тус станц нэг кВт цахилгааныг өдгөө ОХУ-аас импортолж буй цахилгааны тарифаас хямд үнээр төвийн бүсэд нийлүүлэх нөхцөл тавьсан. 21 жилийн хугацаанд үсрээд 70 сая тонн нүүрс хэрэглэнэ. 812 саяын нөөцтэй уурхайнхаа аман дээрх станц тээврийн зардлаа хэмнэнэ. Хүчирхэг боловсронгуй, маневрлах өргөн боломжтой төсөл гээд бодчих. 

В.Путин эрчим хүч, шатахууны экспортоо зэвсэг болгон айлгадаг халгаатай бодлогоо дэлхийд шууруулсны хуйлраанд Монгол хийсэх янзтай. Нас хэтэрч үжирсэн станцуудаа хальхуулж, дээр нь хулхи сэлбэгээр шулаач оросуудтай хавсайдах-эх орноо хөлдүүс болгодоггүй юм гэхэд ямар нүхэнд унагах бол? Ц.Даваасүрэн оролцсон төслөөсөө 10 хувийг заавал саадаг гэж ХЗДХ-гийн сайд Ц.Нямдорж уг нь анхааруулдаг ч хөвсгөлчүүд түүнийг дахиад л сонгосон. Мега төслүүд саатуулж эх орноо хорлон сүйтгэсэн этгээдүүдэд ял сонсгох гэж буй гэл үү? Зөв! Увсын Өмнөговь сумын нэг багийн даргаас Ц.Даваасүрэн ч том золиг доо.

10 хувийн Даваасүрэн хэний төлөөлөл бэ? Тулган дорх нүүрсний ордоо түшиглэж хэдэн залуу Хөвсгөл Завханы хязгаарт станц барьж, (бэл нь хүрээгүйгээс хятадуудтай хамтарч) эрчим хүчний эх үүсвэртэй болж, сумынхаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг тогтой болгосноор орос цахилгаанд урсдаг валютаа улсдаа шингээх гэжээ. Өнөөхийг нь Ц.Даваасүрэн унтрааж, Хятадад эзлэгдэх эрсдэл зайлуулснаар рейтенгээ суга өсгөлөө.

Хорин жилийн дараа хөл дорх хүрэн нүүрсээ цахилгаан болгох хүсэлдээ хөтлөгдөн дахиад л тууз хайчлав. 20 насаар хөгширсөн ахимаг эрс цөхрөөгүй ч Даваасүрэн анасаар. Гишүүн сонгогчдоо гоё жижигрүүлж байгаа биз. Эрхэм гишүүний “эх оронч” үйлдлээс ямар дэвшил ургав? Оросууд эрчим хүчээ шахсаар. Гишүүний сонгогчид ижилгүй үнэтэй импортын тогонд шулуулсаар. Хөвсгөлийн төлөөлөл-яс махны тасархай Ц.Даваасүрэнг УИХ-д оросууд сонгоогүй байлтай. 65 суудлаар ялсан МАН Ц.Даваасүрэн гишүүнийг Эрчим хүчний сайдаар томилсон нь түүнийг Тэлмэний одой станц зогсоож, хужаа аюул холдуулсан гэж шагнав уу яав? Мэдэх аргагүй нууц. Юутай ч тэр дараа нь Багануур станцыг үнэгүйдүүлэв. 

Их Хятадын сонирхол дэлхий. Тэд маниусыг тоож хуйсагнахгүй. Гацаа бол эрчим хүчээ хэт өндөр үнээр олон жил шахах гэсэн орос бүлэглэл-мулгуу монголчуудыг элэг барьж буй авир. Увайгүй хэдэн оросыг бид “оросын ард түмэн” гэж мөргөөд байх уу. Төслийг гацаая гэвэл сэвэх өө олдог. Рио Тинто цахилгаан станц барих үүргээ биелүүлээгүй гэж Ц.Даваасүрэн туйлж, рейтенгээ өсгөөд байв даа. Тэгтэл гэрээнд тийм заалт тусгаагүй болж шувтарсан. 

Нас хэтэрсэн станцуудаа байнга сэлбэж, хөрөнгөө дэмий үрдгийг больж, орчин үеийн станц барих санаа ийнхүү унтарчээ. Манай хуучин станцуудыг Орос бариад төлбөрөө биднээс бүрэн гүйцэд авчихсан ч аварга савар атгаастай. III ДЦС-д оросууд 655 сая долларын сэлбэг шахсан мэдээ цацагдав. Багануур станцын нийт өртгийн талаас илүү үнэтэй сэлбэг?! Гайхалтай. Тэгтэл III ДЦС-ын элэгдсэн эд ангийг сэлбэх төслийг Оросын “Интер РАО-экспорт” компани гүйцэтгэхээр ТЭЗҮ-гээ ирүүлж, ОХУ-аас олгох өндөр хүүтэй зээлийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах болов гэж манай засаг мэдээллээ. Үүгээр юу эцэслэгдэв. Багануурын ЦС алсарч, Монгол улс үжирсэн станцуудаа өндөр үнээр сэлбэн хальхуулж, дараа дараагийн хагалбарын төлбөр, хэт үнэтэй эрчим хүчний өртөгтэй нийлээд хойшоо урсана.

V-ДЦС. Энэ станцыг барих дов-сая таван зуун мянган кв. км нутгаасаа ололгүй 15 жил будиллаа. Мэдээж нууц тулгалтаар өрнөж буй жүжиг. Тууз хайчилж хуврагуудаар тарина дүнгэнүүлж хадаг цай өдий төдий нүхэнд булсны зардал юу шалиа. Харин шав тавьсан дош болгонд ТЭЗҮ зохиодог бол хэсэг хүн цадаа. Гэхдээ барууны ба инээсэн данжаад нарын дээрмээс аварч байна гээд үүнд мөргөх ёстой юм гэдэг шүү-Ц.Даваасүрэн гишүүнийхээр бол. Эдийн засгийн алуурчдаас ингэж хамгаалдаг баатруудаа бид Төр засагтаа бөөнддөг.

Хэдэн жилийн тэртээ Ангела Меркель-Монголд хөрөнгө оруулахад хоёр бэрхшээл байдаг. Нэгд баялгийн ордууд нь олон зуун, бүр мянган км-ийн чанад дэд бүтэцгүй цөлд оршдог, хоёрт хөршөөс нь зөвшөөрөл авахгүй бол төсөл нь явдаггүй гэж телевизээр мэдэгдэж харагдсан.

В.Путин: “Монгол улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгодог. Энэ хомсдолыг нөхөхөд Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчийг нэмэгдүүлэх боломжтой”. (Гурван улсын төрийн тэргүүний уулзалт. Ташкент). В.Путины олигархиуд хувийн УЦС-ынхаа эрчим хүчийг өөрийндөө борлуулдгаас буриадад 3, манайд 9 дахин өсгөдөг гэж өдөр тутмын сониноос уншив. Хэдээр панзлах-тэдний эрх. Харин баялгаа түшиглэн станц байгуулах-манай төр засгийн үүрэг.

V ДЦС-д хөрөнгө оруулахаар солонгос франц япончууд хэдэн жил тэвчээртэй хүлээсний эцэст энэ төслийг Орос хэзээ ч зөвшөөрөхгүйг мэдээд буцсан. Цөхөрсөн биз. V цахилгаан станцыг хэн гацаасан тухай нэхэл ковидоор сөхөгдмөгц манай эрх баригчид “монголчуудаас болоод гадны хөрөнгө оруулагч нар V цахилгаан станц төслийг орхисон” гэж орос ахаа хаацайлж байх юм. Том албан тушаалтанд орос ахаасаа айж үнэнийг зон олноосоо нуух мөч тулгардаг байлгүй. Гэвч үнэнийг сөхөх боломж зохиолчдод ардчилал олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Зохиолчийн үг төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд ярьж төрөө сэлбэж явцгаая. Энэ нь ардчиллын үнэт зүйлсийн нэг авай.

Төгсгөлд нь төмөр замын гацааны талаар хэлэх хэдэн үг: Энүүхэндээ зовлонгоо ханцуй дотроо сэм шивэгнэхэд нүүрсээ төмөр замаар бүү экспортол гэх битүү хатуу даалгавар яалт ч үгүй. Төр засаг төмөр замын хэвтээ босоо тэнхлэг гэж орос дарамтыг олон жил ард түмнээсээ дүйвээлэв. Үл бүтэх сүржин төслүүд хуучнаа хүсэгчдэд коммунизм шиг л сонсогддог байлгүй. Эгдүүцэм нь: манай төр засаг нүүрсээ төмөр замаар экспортолж эхлэх жил, өдрөө огт товлодоггүй юм. Би чих тавиад суугаа өвгөн. Үр өгөөжийг ная гарсан зөнөг хүртэхгүй ч хойч үеэ мөд хүртээсэй гэж яарна. 

Эрдэс баялгийн үнэ цойлсон мөчлөгийг ашиглахсан. Гашуун сухайтын 267 км төмөр замаа барьж дуусаад Хятадын төмөр зам руу сэлгүүлэн ачих мөч ирмэгц манай төр засаг нүүрсээ галт тэргээр хил давуулах-олон жил мөрөөдсөн ажлаа орхичихоод Тувагийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэнгийн баруун босоо гэх 1500 шахам км төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт гэх 1000 гаруй км зүүн босоо гээд хадуурч цаг хугацаа хожих хууралтаа үргэлжлүүлэв. 3000 орчим км баруун зүүн босоогоо ашиглалтад оруулсны дараа Ганц мод-Гашуун сухайтаар золгосон төмөр замаараа нүүрсээ хил давуулах болтой. 

Яагаад чулуу шороогоо заавал машинаар зөөх гэж мунгинаад байдаг улс вэ гэж сонирхтол манай жолоодогчид В.Путины тойрон хүрээлэгч-нүүрс эрчим хүчний магнатуудад төмсөгдүүлчихсэн юм гэнэ. Төмсөгдсөн орос олигархиуд яадгийг үзээгүй, харин хонины сүүлнээс үмхсэн чоно тас хазаж байж л зайлдгийг бишгүй харсан. Төмсөг-сүүлнээс дутуугүй чухал, нандин, эмзэг эрхтэн болохыг эрчүүд андахгүй. За тэр яахав нүүрсээ төмөр замаар экспортлох өдрийг үзээд үхэх юмсан. Унан байж морио, ханилан байж нөхрөө тань гэх ардын минь сургаалыг ямар ч ган бат найрамдал орлохгүйг мэдээд авбал ХХI зууны олз. 

Цар тахлын хорио цээрт орлогогүй гуриатав. Хил дээр жолооч нар ковидын шинжилгээнд олноороо бүдэрнэ. Төмөр замын гацаа ял нэхэв. Гэвч гацаагчид бууж өгсөнгүй. 280 сая доллароор далангийн шороо овоолсон Гашуун сухайт руу бус, тэр ч бүү хэл нүүрс худалдан авагч Хятад руу ч бус, хэвтээ тэнхлэгийн 416 км өргөн төмөр замыг ТЭЗҮ-гүй, гео судалгаагүй Зүүнбаян руу зүтгүүлэв. Санхүүжилт нь төрийн нууц гэж байгаа. Сийрэгхэн жаалж буй биз. “Бид бие дааж төмөр зам тавив” гэж харанхуй массаа малласнаар рейтенгээ өсгөв.

Гашуун сухайтаар гармагц валютад хувирдаг нүүрсээ Зүүнбаянд галт тэргээр зөөж овоолох-ерөнхийлөгч Баттулгын эх орондоо сүндэрлүүлсэн хав хар нүүрсэн Уул үлдэх үү. Овор их-нурмаг экспортоо хямд агаад ихээр тээвэрлэхгүй гэсэн тангарагтай мэт заавал хойшлуулж, эдийн засгаа хорлодогт гайхаш барагдаж гүйцлээ. Мега төслүүд 10 жил, 20 жил, бүр 60 жил гацав. “Цаг хугацаа асар их өгөгдөл болох”-ыг ойлголгүй Шри Ланкын араас орох вий дээ. Нам уриалаад, масс уухайлсаар барианы зураа бүдгэрэв. Нүүрлээд ирсэн хөгжлөө үргээчих юутай харамсалтай вэ.

Өргөн цариг тавихыг ямар түвшинд хэншийдэв? Мэдээж УИХ. Зүүнбаян Гашуунсухайт хоёр чиглэлд өргөн цариг тавиад дуусаж буй нь Монгол Төр танк их бууны аюул бодиттой гэж гадаад дотоодод нотлов. Заавал өргөнийг тавих шалтгаан-танк их буунаас өөр байгаагүй юм чинь дэлхий дахин тэгж ойлгоно. Тусгаар тогтнолоо алдахгүйн тулд сэлгүүлэн ачихад-цуваа бүрээс алдах хохирлоо төр засаг нулимав.

Дэлхийн стандарт-нарийн цариг тавивал хятадууд танк их буугаа ачиж ирээд эзэлчихнэ гэж чухал хүмүүс сүржигнэдэг. Тэдний энэ хийрхэлд хэн хэнийхээ сонгосон замналыг хүндэтгэж, адилхан хожихоор дээд түвшиндээ тохирсон хөрш БНХАУ эмзэглэдэг л биз. Гэвч орос ухуулгад зуун жил тархи нь гэмтчихсэн монголчуудыг хятадууд сайн ойлгодог тул хөгжлийн урсгалд яваандаа сэтгэхүйн олдмол гэмгэг нь илааршинэ гэж хүлээдэг биз. Одоохондоо.

Өнөөдөр өргөн ч гэлээ төмөр зам 10 гаруй жил баарсаар яаж ийгээд Гашуун сухайт хүрчээ. Айлын замтай холбосноор санасандаа хүрнэ. Холбоход бүх хүчээ хуу төвлөрүүлээд хэдхэн хоногт хийчих. Нүүрсээ галт тэрэгний урт урт цуваагаар сая сая тонн экспортолж валют хүүдийл. Маниусын ингэж баяжихыг л оросууд тэвчихгүй гацаадаг. Өргөн царигаас нарийн руу сэлгүүлэх гэж бид хэдэн зуун саяа үрнэ. Гоё дөнгөсөн байгаа биз. Манайхан одоо холбох цэгээ тохиролцоно гэж аргацаахдаа гацаа БНХАУ-аас үүсээд буй мэт ойлголт ард түмэндээ төрүүлэхийг хичээх бөгөөд ард түмэн нь ч дуун дээр тэгж ухаарна. Ингэснээр нүүрсний орос магнатуудад экспортоо өсгөх хугацаа бэлэглэнэ. Монгол орос олигархиуд гацаахдаа мануустаа л эр бар. Зовхи нь өөдөө үндэстнийг бол тэд яаж ч чадахгүй. Унхиагүй монголчуудаа зовхио сөхөөд эргэн тойрноо тольдооч. (2022)

ОРОС ГАЦААГ-ХОЁР ХӨРШИЙН ГАЦАА ГЭСЭЭР БАЙХ УУ?

“Зөвлөлт тусламж Хятад аюул” гэх амны уншлагаар өнгөрөгч зууныг бид үдсэн. Тэгвэл энэ зуунаас “хоёр хөршийн гацаа” гэх хэллэгт шилжсэн нь бас ч гэж дэвшил шүү. (Бурхны, бишээ би хадуурч байна) орос ахынхаа ачаар амьд явнаа хөөрхий. Зөвлөлтийн тусламж Хятадын аюул аль аль нь арилжээ гэвэл улстөрийн хэрэгт ороох уу? Зөвлөлт тусламжийг арилсан гэв, Хятад аюулыг арилсан гэв гээд урьд бол ална. “Орос монгол цусаар гагнагдсан найрамдалд цав суулгав. Хятадын талыг баримтлалаа” гээд шилдэг сэхээтнүүд насаараа цөлөгдөж, цөөнгүй нь амиа алдсан-хөдлөшгүй баримт хуучраагүй. Тиймээс “улстөрийн хэргээр ороох уу” гэж лавласныг минь өршөөнө буй зээ. 

Өдгөө Зөвлөлтийн тусламж байтугай нөгөө агуу Зөвлөлт минь алга. Харин Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг болжээ. Энэ өөрчлөлтөд далдуур хорсдог Цэдэнбалтан Монголоор дүүрэн. Тэдний уураа гаргаж, өшөөгөө авч дөнгөдөг-гарын дорх дайсан нь ардчилал гэж ангалзсан анхны хэд. 

Өөрчлөгдөхгүй юм гэж хорвоод байх биш. Нүүдэлчид хүртэл ардчилагдаж, “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх таринаа “Хоёр хөршийн гацаа” гэж шинэчилжээ. Гэвч энэ шинэчлэл косметик төдий учраас гацаасныг гацаасан, гацаагаагүйг гацаагаагүй хэмээж сур гэх гээд байна би. “Оросууд гацаав” гэж бид шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” гэж хамсруулан зөөлөлдөг ч айх тусам оросууд чангардаг нь гомдмоор. БНХАУ, АНУ-ын дээрэнгүй хавчлагын эсрэг ОХУ-ыг хань татах-том ашиг сонирхлоо чухалчлаад, өчүүхэн бидний оросуудын бурууг ч бялдуучлан өмөөрч, хятадуудыг ор үндэсгүй доромжлохыг ч тоодоггүй. 

Нөхөрлөл нялуурлаар бөхжихгүй үнэнээр гагнагдах учиртайг монголчууд эрхэмлэж “нялуунаас шулуун дээр” гэдэг. Зөвлөлт импер манж Чин гүрэн шиг нурж, социалист лагерь бутарснаар бяцхан Монгол хаягдсан. Коммунизм байтугай СССР ч үгүй хоцорсон Монгол мөнгөгүй хувхай. Социализмын намагт зоогдоод үлдэхэд хөтөлж явсан Орос гараас татсангүй гэж бид гомдоогүй. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гээд хүн төрөлхтөний хөгжлөөсзүүгдэхээр сарвалзав. 

Хоёр их гүрний завсар хашигдсан буурай бөглүү Монгол ардчилал, чөлөөт зах зээлд хөлөө зоригмог тавив гээд барууны хөрөнгө оруулагчид Орос Хятадыг даваад үүд сөхлөө. Ашигт малтмалын үнэ өсөх мөчлөг азаар таарч, урд хөршийн хэрэглээ эрс ихэссэнээр ядуу бидний эдийн засаг сэргэж эхэлмэгц харамсалтай нь зөвлөлт тусламж гэх сүржин молги маань-орос гацаанд хувираад дээрэлхэв. Эрчим хүчний орос магнатууд БНХАУ-ын нэг тэрбум долларын урт хугацааны нэн хөнгөлөлттэй зээлээр барьж эхэлсэн Эгийн УЦС-ын санхүүжилтыг хаалгаснаа, залгуулаад Хятад хөрөнгө оруулалтай Багануурын ЦС-ыг зогсоов. Аварга гангийн үйлдвэр бүхий Бугат манай коксжих нүүрсний ордоос өндөр уулан дээрээс бараг харагдах газар. Тийш нь уурхайн төмөр зам тавих гээд үзэж тарсан чинь ахын далд хатгаасаар 280 сая долларын овоолго шороотой хоцорч олон тэрбум долларын ашиг хаагдав. 

Тэглээ ч Орос гацааг бид ярих дургүй. Ярихдаа тулбал “хоёр хөрш гацаав” гэж Хятадыг заавал хамсруулж Орост бялдуучилдгаа боль гэх гээд би хулмагнаад байна. Энүүхэндээ шивэгнэхэд нэг нь хөгжүүлэхгүй гээд, нөгөө нь сэм хөгжүүлье гээд байгаа юм биш үү. Ийм эгзэгтэй үед “Хоёр хөрш хоёул манай хөгжилд дургүй” гэх суртал дэврээж нэг гацаагчаа хоёр болгох-амиа хорлохтой дүйх бус уу. Цаашид орос гацааг “хоёр хөршийн гацаа” гэсээр сажлах уу.

Манай өдөр тутмын сонин ингэж бичив: “хэсэг бүлэг нөхдүүд Байгал нуурын ус ширгэнэ гэсэн таамаг төдий зүйл ярьж, түүнийгээ улаан цээжээрээ хамгаалчихаад бариулахгүй байгаа. Тэд оросууд биш. Иргэний хөдөлгөөнийхөн гэж өөрийгөө нэрлэсэн манай улсын иргэд. Ингэж сунжирсаар 2015 онд Эгийн цахилгаан станцыг урд хөршийн хөнгөлттэй зээлээр барих болсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үед Хятадын тал “ОХУ зөвшөөрвөл бид санхүүжүүлж болно” гэж байв. Бид Оросын, эсвэл Хятадын харъяат уу. Ингэж хэлснээс нь дүгнэхэд ямар ч байсан тусгаар улс биш, өөрийн мэдэлгүй улс юм шиг байгаа юм” гэж гацааг иргэний хөдөлгөөн ба Эгийн УЦС-ыг санхүүжүүлж эхэлсэн БНХАУ-д тохож, буруутныг “Тэд оросууд биш” гэж зусардсаныг хар. Ийм жишээг тоолшгүй. 

Хятадын тал монголчуудыг “Та нар оросуудтайгаа тохир. ОХУ зөвшөөрвөл бид санхүүжилтээ сэргээе” гэсэндээ гол буруутан болжээ. Оросын гацаасныг “Орос гацаасан” гэж үнэнийг шууд хэлэхийн оронд “хоёр хөрш гацаав” гэж өмнөд хөршөө харлуулах бодлого-ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөнд даамжирсан. Тусалсныг тусалсан, гацаасныг гацаасан гэх тодорхой байр суурь хоёр хөршид ч таалагдах учиртай. Би энэ зарчмаар явъя гэж уриалж буй нэгэн.

Зориглон хэлэхэд хоёр хөршийн нэг нь манай мега төслүүдийг гацаадаг бол нөгөө нь хамтдаа хожьё гээд зээл олгодог. Нэгний нь хорон санааг хөнгөлөхөөр хоёр хувааж, талыг нөгөөд нааж ижилсүүлэх муухай. Нөгөө хөрш гацаанд огт оролцоогүй бол яах вэ? Бусдын балгаар гэмгүй нэрээ хөөдөх гүрэн байтугай хувь хүн ч олдохгүй. Урд хөрш ашгүй төдийлөн тоодоггүй. Хэрэв тоож хатуурхвал түүхий эдээ мөнгө болгодог гол урсгал тасарч ядуу Монгол яг сууна. Яг суувал “хоёр хөрш гацаав” гэж бидний долигонодгийг ОХУ харгалзан үнэлэх бүү хэл санах ч үгүй. Америк, Европын холбоо, Нато, Сири, Украйн гээд В.Путины тархи зайгүй. Дотооддоо А.Навальныйгаас өгсүүлээд олон улсын хатуу хоригт орсон Москвад юун муу Монголыг бодох манатай.

“Хоёр хөршийн гацаа” гэх хортой хоргүйг хольж хутгасан бохир бантан бол зөвлөлтөөс үлдсэн шавхруу. Муудсан шавхруугаар хооллогч бид ХХI зуунд “гацах” гүн хордлогод оржээ. Хоёр нүүрт хулчгар арчаагүй авираа хаявал дэлхийд тоогдоно. Умард өмнөд хөршийнхөө нэгийг зориуд дөвийлгөж, нөгөөг зориуд гутаадаг муу зангаа орхиж бодит хэмжээнд нь цэгнэж сур. Олон төсөл донгосдог популизмээ цэглэж, тарамдсан бодлогоо хоёр цэгт хумь. Нэгд ямар ч гацаанд бүү маллуул. (Харанхуй омог мэхлүүдгээс гэгээрсэн нь дөнгүүлдэггүйг буурал түүх хэлээд өгнө). Хоёрт гадны гар хөлийг Төрийнхөө жолоонд бүү ойртуул. (Тийм эрхийг сонгогч бүрт ардчилал олгосон). Энэ хоёр санаа бүтвэл тээглүүлэгч аварга оньс мултарч, ядмаг эх орон чинь аяндаа хөдөлнө. Гэхдээ “Оросын гацаасныг хоёр хөрш гацаав” гэдэг тархины эргээ чинь гарвал шүү дээ. (2021)

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 10 цаг 40 мин Б.Батдаваа: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна 12 цаг 16 мин Хүүхэддээ ямар хоол бэлтгэж өгөх вэ: Эрүүл хүүхдийн гэрэлт ирээдүй 12 цаг 21 мин Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 12 цаг 30 мин Хэрэйдийн Ван ханы ордон буюу Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг гүнзгийрүүлэн судалж байна 12 цаг 35 мин ТАНИЛЦ: Үйл ажиллагааг нь хүчингүй болгож байгаа дээд сургуулийн НЭРС 13 цаг 37 мин Өндөр сэнтийд донтогчийг өөдгүй цөөврүүд бараадна 14 цаг 6 мин Улаанбаатарт АИ-92 шатахууны 23, дизель түлшний 30 хоногийн нөөц байна 14 цаг 27 мин Л.Энх-Амгалан: 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна 14 цаг 45 мин Сураггүй алга болсон, төөрсөн дуудлагаар 25 иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цаг 4 мин Г.Дашдулам: Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үндэслэл болдог 16 цаг 39 мин Тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна 17 цаг 39 мин УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзултай шатар нүүлээ Уржигдар 18 цаг 13 мин Голомт банк “ӨВ СОЁЛЫН ГОЛОМТ” төслийг санаачилж Археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ Уржигдар 14 цаг 53 мин Улсын аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрсэн гэв үү?! Уржигдар 12 цаг 22 мин Мэдээллийг үнэлэх буюу бужигнаан дундаас боломж шүүрэх нь Уржигдар 11 цаг 58 мин Ч.Өнөрбаяр: Цэцийн гишүүд бүгд хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй Уржигдар 11 цаг 23 мин "Мэдрэмж хүний дотор оршдог, харин хүн хайрандаа оршдог" Уржигдар 11 цаг 11 мин "Тусдаа засал хийнэ" гэж 15 настай охиныг хүчирхийлсэн ламд 10 жилийн хорих ял оноолоо Уржигдар 11 цаг 02 мин БНСУ-ын хилээр орж ирэх зорчигчдын АНХААРАЛД! Уржигдар 10 цаг 45 мин
iИх уншсан
Х.Нямбаатар: Алдагдсан боломжийн 80 их наядыг экс Ерөнхийлөг... Монголчууд бие биенээ барьж идэж дуусах нь ээ Хүүхэддээ ямар хоол бэлтгэж өгөх вэ: Эрүүл хүүхдийн гэрэлт и... ҮХНӨ-ийг Н.Энхбаярын гарт атгуулахын цаад учир юу вэ?! Л.Оюун-Эрдэнэ: Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн ... Өндөр сэнтийд донтогчийг өөдгүй цөөврүүд бараадна Б.Батдаваа: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал түүхий э... Ч.Өнөрбаяр: Цэцийн гишүүд бүгд хууль дээдлэх ёсны талаар яри... Мэдээллийг үнэлэх буюу бужигнаан дундаас боломж шүүрэх нь "Мэдрэмж хүний дотор оршдог, харин хүн хайрандаа оршдог" Улсын аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрсэн гэв үү?! Брейк бүжгийн олимпын эрх олгох форматыг баталжээ Б.Баасанцогт “ам нээж” шүүгч нар бужигнаж байна Картын харилцагчдад зориулсан намрын анхны урамшуулал эхэллэ... 200 тэрбумтай ч ажиллах компанигүйгээр Дарханы замын маапаан... Орос Украины хариу дайралтыг "хорлон сүйтгэх ажиллагаа" гэж ... Д.Сумъяабазар: Усан паркийн асуудал хууль зөрчөөгүй, хүмүүс ... Л.Оюун-Эрдэнэ: Хөдөөд шилжин очиж байгаа төрийн албан хаагчи... "Боловсролын Томьёо 2022" арга хэмжээ дээр Хууль зүйн үйлчил... "Тусдаа засал хийнэ" гэж 15 настай охиныг хүчирхийлсэн ламд ...
Top