x

NFT

NFT, блокчэйн, метаверс амьдрал, хийсвэр ба бодит ертөнцийн тухай судлаач, мэргэжилтнүүдтэй ярилцсан шинэ дугаар мульти форматаар танд хүрч байна. Технологийн шийдлийг түүчээлэн хэрэглэж буй эрхмүүдийг урин 62 дахь дугаараа бэлтгэлээ.

Зочдоор “Mongol NFT”-г үүсгэн байгуулагч Ө.Үнэнбүрэн, блокчэйн мэргэжилтэн М.Хасчулуу, трэйдэр Б.Эрхэмбаяр, NFT шинжээч О.Алтангэрэл нарыг урьлаа.

В.Ганзориг: Сүүлийн үед шуугиулаад байгаа NFT буюу Non-Fungible Tokenгэж яг юу юм бэ?

М.Хасчулуу: Бид цаасан болон цахим мөнгийг ашигладаг. Энэ хоёрын ялгагдах гол зүйл нь цаасан мөнгө сериал дугаартай байдаг. Банкны буюу цахим мөнгө баланс дээр бичигдэж явдаг болохоос биш нэгж бүр нь цаасан мөнгө шиг сериал дугааргүй байдаг. Өөрөөр хэлбэл, хэнээс хэдэн төгрөг ирээд хаашаа явсан гэдэг бүртгэл үлддэггүй. Харин хэтэвчин дэх мөнгийг тэрнээс ирсэн тийм сериал дугаартай төгрөг тийшээ явсан гэж бид бүртгэж болдог. 

Одоогийн токенууд банкин дотор байгаа цахим мөнгөтэй адилхан гэсэн үг. Харин NFT бол өөрийн гэсэн “сериал дугаартай” илүү үнэт цаас тал руу ойлголт гэж тайлбарлаж болно. Цаасан мөнгө болгон сериал дугаартай, дурын хүн хувилан хэвлэх боломжгүй өндөр нууцлалтай байдаг учраас дан ганц төлбөр тооцооны хэрэгсэл гэхээс илүү үнэт цаас болж чаддаг. Үүнтэй адилхан NFT-ийг тоглолтын тасалбар, барааны жинхэнэ буюу бодит байдлыг баталсан гэрчилгээ байдлаар ашиглах боломжтой. Жишээ нь, алмаз чулуу нь байгаль түгээмэл байхаас гадна лабораторийн нөхцөлд гаргаж авдаг болоод удаж байна. Гэтэл яагаад одоог хүртэл үнэ цэнтэй байна вэ гэвэл уг чулууны гэрчилгээтэй холбоотой байдаг. Энэ гэрчилгээ зах зээлд хомсдол үүсгэж, эрэлтийг бий болгодог. NFT үүнтэй төстэй. Гэхдээ цаана нь заавал үнэтэй эд зүйл байх албагүй. Цаасан гэрчилгээ элэгдэж, үрэгдэж, устаж алга болдог. Харин NFT-д ийм эрсдэл байхгүй. Блокчэйн дээр бичигдсэн бүртгэл нь үүрд тэндээ хадгалагдан үлдэнэ. NFT-ийг одоогийн байдлаар дижитал арт дээр түлхүү ашиглаж байна. Цаашид юунд ч ашиглаж болно. Цаашид бодит цаасан мөнгө шиг хэрэглээтэй болох боломжтой. 

О.Алтангэрэл: Би Монголын анхны NFT-г гаргасан. Өнгөрсөн 5 сараас дэлхий даяар алдартай мийм зураг, загварууд зах зээл дээр идэвхтэй зарагдаж эхэлсэн. Миний энэ цамцан дээр байгаа зураг тэр үед од болж чадсан. Тэгэхээр нь энэ зургаа NFT болгосон. Тэр үед хүмүүс нэг их тоогоогүй ч саяхнаас NFT-ийг хүмүүс сонирхож эхлэхээр нь үнээ өсгөх гэтэл аль хэдийнэ зарагдаад дууссан байсан. Харамсалтай нь жаахан хямдхан зараад дууссан. 

Би NFT-г хөрөнгө гэж хардаг. Хүмүүс алт, мөнгө, хөөрөг гээд биет хөрөнгө цуглуулдагтай адилхан NFT орчин цагийн биет бус хөрөнгө юм. Мөнгө хадгалахад инфляцид өртдөг. Иймээс он цаг өнгөрөх тусам үнэ цэн нь өсдөг зүйлс эртний, ховор эдлэл байсан. Одоо эдгээрийг дижитал эд зүйлс орлоод эхэлсэн. Сүүлийн үеийн хүүхдүүд үүнийг маш амархан ойлгоно. Яагаад гэвэл тэд цахим тоглоом дотор эд хөрөнгө худалдаж авдаг. Мэдэхгүй хүмүүс үүнийг нь хараад гайхаад байдаг. Цахим тоглоом дотроо авсан эд зүйлсээ дараа нь би хэн нэгэнд зарахад эрэлт нь байж л байдаг. Энэ блокчэйн биш ч гэсэн цахим тоглоом дотор виртуал хөрөнгийн ийм систем байдаг юм. Бүр цаашилбал цахим тоглоом дотор эд хөрөнгийн ховордмол байдлыг албаар үүсгэж, үнэ цэнийг нь өсгөдөг. NFT-ийн ард нэг, тэг, нэг, тэг гэсэн бинари хэл байгаа. Энэ хэлийг энэ хүн эзэмшиж буй гэдэг гэрчилгээг NFT гэж хэлж болно. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!

Б.Эрхэмбаяр: Би “Дэлхийн нэг өдөр” зургийн Английн хэсгийн NFT-г 25 мянган ам.доллараар худалдаж авсан. Зураг бүтсэн түүх, 10 гаруй жилийн хөдөлмөр нь миний хувьд ийм үнэ цэнийг үүсгэсэн. Энэ үнэ цаашид дэлхийн зах зээл дээр улам өснө. Тэр үед арилжаад ашиг хийж, өгөөж олно гэж тооцоод ийм наймаа хийсэн. Мөн монгол зураачийн бүтээл анхны дуудлага худалдаа дээрээ өндөр үнэ хүрээсэй гэж хүссэн. Учир нь гарааны үнэ маш чухал байдаг. Тэр утгаараа миний авсан үнэ бодож байснаас бага байгаа. 

Би сүүлийн 13 жил хувьцаа, бонд, криптовалютын арилжаа хийж байна. Сургалт, уулзаж зөвлөгөө авах хүсэлт их ирдэг ч зав гардаггүй. Иймээс өөрийнхөө Е гээд логог NFT болгохоор шийдсэн. Жилд нэг удаа уулзаж зургаа хүртэлх цаг зарцуулан трэйдерийн мэдлэг, туршлага, алдаа, оноогоо хуваалцах зорилгоор би хязгаарлагдмал тоотойгоор өөрийнхөө 10 ширхэг NFT-г гаргаад нэгжийг нь 1000 төгрөгөөр зарсан. 40 мянган хүн анхдагч арилжаан дээр авах гэж оролдсон бөгөөд одоо миний нэг NFT 25-30 сая төгрөгөөр Mongol NFT платформ дээр арилжаалагдаж байна. Хэрвээ би танхимын сургалт хийдэг байсан бол ийм үнэ цэнтэй болохгүй байсан болов уу. NFT гэж байгаагүй байсан бол ийм сургалт хийхийн тулд бүртгэлийн бичиг цаас болж, хүн ажиллуулж зардал гаргах, танил талаараа яриулж сургалтын эрх авах гээд олон заваан юм болох байсан. Харин сургалтын энэ эрхийг сертификат болгоод кодоор гаргасан нь блокчэйн системийн давуу тал юм. Би ажлаа сайн хийж, сургалтаа чанартай явуулах тусам миний NFT-ийн үнэ зах зээл дээр өснө. Яг одоо надтай 6 цаг уулзахад 30 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа. Би муу ажиллавал үнэлгээ буурна. Маш энгийн логик. 

О.Алтангэрэл: NFT-г ашиглан Lil Thug E (Г.Төгөлдөр)-д хандив цуглуулан цусны цочмог хорт хавдрын эсрэг тэмцсэн. Энэ аяны хүрээнд гаргасан NFT-г Хасаа 20 мянган төгрөгөөр худалдан авч үүгээрээ дамжуулан хандив өргөсөн. Гэтэл тэр авсан NFT-ийн ханш зах зээл дээр 200 мянган төгрөгт хүрсэн. Хүнд 20 мянган төгрөгийг хандив өгтөл зөрөөд 180 мянган төгрөг орж ирсэн гэсэн үг. Уламжлалт хандивын системд хандив өгсөн хүнд үлдэх юм байдаггүй. NFT ашиглавал хоёрдогч зах зээл дээр эрэлт үүсч үнэ цэнтэй болох боломжтой. Үүгээрээ NFT онцлог. 

Б.Эрхэмбаяр: Дижитал арт дээр гоё зүйл бий. Хэн нэг уран бүтээлч бүтээлээ гаргаад NFT болгохоод тэр нь цаашаа дэлхийн зах зээл дээр зарагдаад явна. Энэ тоолонд тухайн уран бүтээлчид арилжааны хувь гээд орлого орж ирдэг. Жишээ нь, миний NFT 30 сая төгрөгөөр нэгнээс нөгөөд зарагдахад 3 сая төгрөг миний дансанд орж ирнэ. Цаашид насан туршид арилжаа бүрээс ийм орлого орж ирнэ гэж бодохоор энэ багагүй үнэ цэнтэй зүйл болж хувирч байгаа юм. Ухаалаг гэрээгээ хийхдээ энэ бүх дүрмээ бичиж өгдөг. 

Ө.Үнэнбүрэн: Блокчэйн бол цахим бүртгэлийн систем. Энэ технологийг хэдэн арван жилдээ дахиж тохиохгүй агуу зүйл гэж дэлхий харж байна.Энэ технологи дээр суурилсан дижитал гэрчилгээг NFT гэнэ. Нийлүүлэлт нь хязгаарлагдмал бол ямар ч зүйл дээр NFT гаргаж болно. Энэ утгаараа маш олон түвшинд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой болсон. Хуучин Эрхэмээтэй уулзаж зөвлөгөө авахын тулд таньдаг хүнийг нь хайх, тэрүүгээр нь гуйлгуулах гээд явдаг байсан бол одоо тэгэх ямар ч шаардлагагүй болсон. NFT аливаа тоглоомын дүрмийг маш тодорхой болгосон. 

NFT-ийг би 9911-тэй дугаартай жишин тайлбарладаг. CryptoPunks гээд 10 мянган ширхэг дижитал зургийн цуглуулга буюу NFT байгаа. Эдгээрээс нэг ширхэг нь саяхан 11.7 сая ам.доллараар зарагдсан. Энэ нийгэмлэг өдөр ирэх тусам улам хүчтэй болж байна. Яагаад гэвэл эд нар анхдагчид. 9911 үүнтэй яг адил дахин давтагдашгүй, хязгаарлагдмал нийлүүлэлттэй тоо. 9911-тэй дугаар авсан хүн бараг зардаггүй. Үүнийг хөрөнгө оруулалт гэж хараад ченжүүд дундуур нь орж ирэн үнэ цэнийг нь өсгөж байдаг. Энэ дугаарыг барьцаалаад санхүүгийн байгууллагууд зээл өгдөг болоод удаж байна. Үүний араас ХХ11 гээд өөр операторуудын ижил төстэй олон дугаар гарч ирсэн ч анхдагчийнх шиг үнэ цэнтэй болж чадахгүй байгаа. Үүнтэй адил маш олон NFT гарч байгаагийн дотор дампуурч буй маш олон төсөл бий. 

Монголын уран бүтээл, баялгийг дэлхийд гаргах гарц интернет, блокчэйн, NFT гэж бид тодорхойлсон. Mongol NFT хоёр сарын өмнө байгуулагдсан хэдий ч маш их эрэлттэй, гарсан уран бүтээл болгон хэдхэн секүүндын дотор зарагдаж байна. Эрхэмээгийн гаргасан NFT Амазонийн серверийг унагааж, 1 сек хүрэхгүй хугацаанд зарагдаж дууссан. 

В.Ганзориг: Ардаа сургалт, зөвлөх үйлчилгээтэй уягдсан NFT, түүний үнэ цэнийг ойлгоод байна. Харин уран бүтээлийн хувьд ориг зургийг нь биш цахим хувилбарыг нь эзэмшихийн тулд их мөнгө төлөөд буйг ойлгож чадахгүй байна.

Ө.Үнэнбүрэн: Төслийн зорилго, зарчмаасаа хамаарна. “Дэлхийн нэг өдөр” гээд том уран бүтээлийг биетээр нь гадагшаа зарвал үсрээд л хоёроос гурван сая ам.долларын үнэ хүрэх юм байна. Маркетинг хийгээд зарвал 10 сая ам.доллар хүрнэ. Маркетингийн зардлыг нь уг зургийн 200 NFT-г гаргаж жижиглэн борлуулах зарчим баримталсан. Худалдаж авсан хүмүүст энэ хөрөнгө оруулалтын боломж болно. Эрхэмээ жишээ нь Англи улсын хэсгийн NFT-г худалдаж авсан. Ингэснээр тэр зураг 10 сая ам.доллараар зарагдах бүрт энэ мөнгөний 10 хувийг 200 хуваасны нэг буюу 5 мянган ам.доллар Эрхэмээгийн данс руу тогтмол орно. Ухаалаг гэрээ, тоглоомын дүрэм, энэ уран бүтээлийн зарчмаа тэгж блокчэйн дээр бичсэн гэсэн үг. Энэ нь тэр том зургийг бүтнээр нь авах санхүүгийн боломжгүй хүмүүст боломж юм. Эдгээр 200 NFT-ийн борлуулалт болгоноос уран бүтээлч, Соёл, урлагийг дэмжих сан, технологи, маркетингийн баг хувь хүртэнэ. 

Public facing wallet буюу таны крипто хэтэвч дэлхий нийтэд ил харагддаг жишиг рүү дэлхий бага багаар явж байна. Жишээ нь, Илон Маск, Парис Хилтон юу худалдаж авсныг бүгд харах боломжтой. Дэлхийн аль нэг од манай зургийг худалдан авахад энэ цаашаа вайрал эффектээр явна гэсэн үг. Тоглоомын дүрэм ингэж тодорхой болохын хэрээр ухаалаг гэрээн дээрээ хүссэн хувиа зоож, орлого, ашгийн хуваарилалтаа хийдэг болсон. Том буюу ориг зураг нь зарагдахад тусдаа бизнесийн загвар яригдана гэсэн үг. 

В.Ганзориг: Яг үүнтэй холбоотой хийсвэр буюу метаверс ертөнцийн тухай та бүхнээс асуумаар байна. Дэлхийн том компаниуд ийшээ аль хэдийнэ том хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн байна. Яагаад?

О.Алтангэрэл: Метаверс ертөнц дээр бид аль дээрээс амьдарч байсан. Dota, World of Warcraft, Counter strike, Minecraft гээд тоглоомууд нэг жишээ нь. Тэр серверт холбогдсон л бол та бусад “амьд” хүмүүстэй цуг жинхэнэ мета ертөнцөд орж байна гэсэн үг. Тэнд хүмүүс өөр өөрийн төрлийг олоод хоорондоо тоглодог. Тэнд хиймэл оюун ухаан, ботнууд бас бий. Энэ ертөнцөд хүмүүс хувцас, эд хөрөнгө, эдлэл хэрэглэл худалдаж авдаг. Эдгээрийг нь NFT болговол хамаагүй үнэ цэнтэй болдог. Хөгшин хүмүүс саяхнаас л мета гэж сонсоод анзаарч эхэлж байгаа бол хүүхдүүд аль дээрээс энэ ертөнцтэй холбогдсон байгаа. Хүүхдүүд Roblox дээр аль хэдийнэ гадаад найзуудтай болж, бусаддаа гангардаг эд хөрөнгөтэй төдийгүй тэндээ наймаа хийдэг. Бүр ам.доллараар худалдаа хийдэг шүү. Одооны хүүхдүүд бодит ертөнцөөс тоглоом, биет бараа бэлгэнд авахыг хүсэхгүй болсон. Үүний оронд метаверс ертөнц дотроо хэрэглэх зүйлсийг бэлгэнд авах нь илүү үнэ цэнтэй, түүнээсээ илүү сэтгэх ханамж авдаг болсон. Танай хүүхдүүд аль хэдийнэ мета ертөнцөд амьдраад эхэлсэн.

Б.Эрхэмбаяр: Манай хүүхэд 13 настай. Roblox тоглодог. Төрсөн өдрөөрөө өөрийнхөө аваторт надаар хувцас авахуулаад маш их баярласан. Би бараг 40 ам.доллараар хийсвэр ертөнц дэх тэр хувцсыг нь авч өгсөн. Тэр тоглоомыг ангийнх нь бүх хүүхдүүд тоглодог. Тэд дундаа шинэ хувцсаараа гайхуулаад бахархаж байв. Нөгөө хэд нь бид бас аав, ээжээрээ авахуулмаар байна гээд ярьж байсныг сонсож байсан.

Манай найз хэдэн жилийн өмнө Counter Strike дээр Ака бууны арьсыг 6 мянган ам.доллар төлж авч байв. Би тэр үед огт ойлгоогүй. Харин одоо хүүхдүүд хийсвэр ертөнц дэх хувцас, өмч хөрөнгө, эд хэрэглэлээ бие биедээ гайхуулан, түүгээрээ уралддаг болсон. Одоо энэ бүхнийг NFT-тэй уявал бүр том бизнес, бүр том боломж үүснэ. 

М.Хасчулуу: NFT амжилттай хөгжиж буйн шалтгаан нь блокчэйн ашиглан хэн нэгнээр дамжилгүй, аль нэг компаниас хамаарахгүй дэлхийн зах зээлтэй эгшин зуур холбогдож буйтай холбоотой. Энэ хэрээр энэ зах зээл өдөр цагаар томорч байна. Энэ хэрээр метаверс ертөнц хөгжиж байгаа. Фэйсбүүк метагаа сая NFT-тэй холбоно гэдгээ зарлачихлаа. Ингэхээр тухайн хүний метаверс ертөнцөд барьсан байшин, бүтээсэн хөрөнгө бүгд өөрийнх нь өмчлөлд шилжинэ гэсэн үг. 

О.Алтангэрэл: Одоо метаверс ертөнцөд хаус барих нь бодит ертөнц дээр байшин барихаас бараг илүү өртөгтэй болсон. “Тэнд” бараа материалын үнэ огцом өсч байна. Бараа материалын зардал метаверс дээр идеал ертөнцөөс илүү өсөөд эхэлсэн. 

Б.Эрхэмбаяр: Бодит ертөнцийн сайн дизайнер залуу хаусны дизайн зураг гаргаад тэрийгээ метаверс дээр NFT болговол үнэхээр том үнэ цэн бий болгож чадна. Виртуал ертөнц дээр хэдийнэ газар зарагдаад эхэлсэн. Үүнийг нь худалдаж авах гээд булаацалдаад метаверс дээр бөөн юм болж байна. 

Ө.Үнэнбүрэн: Энэ бүхэн биднийг эргээд тоглоомын дүрэм рүү аваачна. Хүүхдүүд Fortnite, Minecraft, Roblox дээр тоглоод, их цаг, бас мөнгө зарцуулж байгаа нь блокчэйн технологи дээр суурилсан, санхүүгийн суурийг нь бэлдсэн метаверс эргээд маш том ертөнц болж байгааг баталж байна. Блокчэйн дээр суурилсан төлбөр тооцоо, виртуал хөрөнгө оруулалт, цахим тоглоом, и-спорт, криптовалют, NFT хөгжихийн хэрээр дижитал эдийн засагч гэдэг “күүл” мэргэжил шинээр гарч ирж, “энгийн” эдийн засагч мэргэжил моданаас гарч байна. Хүмүүс виртуал ертөнцөд мөнгө хийгээд гарч ирдэг болсон. Тэнд олсон мөнгөө крипто бирж рүүгээ шилжүүлээд, түүнийгээ дахиад үндэсний мөнгө тэмдэгт рүүгээ хөрвүүлдэг болсон. Ингэж гэр бүлээ тэжээж байгаа кэйсүүд гадаадад бишгүй бий. 

Ирэх хоёроос гурван жилийн дотор блокчэйн дээр суурилсан видео тоглоомуудын 90-ээс дээш хувь нь криптовалюттай холбогдоно гэдэг судалгаа байсан бол одоо энэ хугацаа хагас жил болж богиноссон. Магадгүй энд ковидын нөлөө орсон байх. Энэ бүхний эцэст хүн зөвхөн фитнесст яваад биеэ хөгжүүлж, эрүүл мэндээ хамгаалах төдийгүй давхар мөнгө хийх боломж бүрдэж байна гэсэн үг. 

В.Ганзориг: NFT гаргах шалгуур, процедур нь ямар байдаг юм бол?

Ө.Үнэнбүрэн: Ухаалаг гэрээний нөхцлөөс хамаарна. Уран бүтээлийн хувьд чанар чухал. Тэрнээс биш урьдчилж гарах зардал гэж бараг байхгүй. 

О.Алтангэрэл: Дээрх үед юм мэдэхгүй хүмүүс “Ахдаа фэйсбүүк дээр аккаунт нээгээд өгөөч” гэдэг байсан. NFT гаргах нь үүнтэй адилхан буюу фэйсбүүк дээр зураг оруулахтай ижил процесс. Манай зарим уран бүтээлчид мөнгө өгье, миний уран бүтээлийг NFT болгоод өг гээд явдаг. Ингэх ямар ч шаардлагагүй. 

Б.Эрхэмбаяр: Хүмүүс чиний NFT-ийн цэнхэр логог хуулж аваад хэрэглэнэ шүү дээ гэж ярьдаг. Тэгж хуулж авсан ч гэсэн би тэр хүнтэй уулзахгүй. Учир нь тэр хүнд миний NFT-ийн код байхгүй. Цаад суурийг нь хүмүүс дутуу ойлгоод байдаг. 

О.Алтангэрэл: Яг үнэн. Хамтлагийн цомог дээр үүнийг тайлбарлавал илүү ойлгогдоно. Би Linkin Park хамтлагийн фэн. Нэг газраас цомгийг нь худалдаж авахад яг ориг гэдгийг нь мэдэж баталгаажуулах боломжгүй байдаг. Хэрэв тэр нь NFT цомог байсан бол ямар ч асуудал үүсэхгүй. Энэ нөхцөлд цомог хулгайгаар хуулбарлан зардаг нөхдүүд байхгүй болно. Улмаар би цомгийг нь аваад яг жинхэнэ хамтлаг нь хөрөнгө оруулах боломж бүрдэх юм. 

М.Хасчулуу: Сургуулийн диплом, байрны гэрчилгээг яг ингэж хэрэглэж NFT болгож болно. Оюуны өмчийг одоо ингэж баталгаажуулдаг юм билээ. Жишээ нь, өдөр тутмын сонин дээр уран бүтээл нь хэвлэгдэн тараагдсан бол тэр хүний нэр дээр оюуны өмчийг нь баталгаажуулах боломжтой. Яагаад гэвэл өдөр бүр хэвлэгдэн Монгол орон даяар тараагддаг сонин өөрөө блокчэйн систем болдог гэсэн үг. Тэр сонин дээр гарсан зүйлийг өөрчлөх, устгахын тулд орон даяар тараагдсан бүх сонинг олж устгах ёстой болно. Иймээс тэр сонин дээр нийтэлсэн уран бүтээл, нийтлэл миний оюуны өмч болж баталгаажиж чаддаг. Энэ зарчмыг дагавал хэн нэгэн блокчэйн дээр адилхан зүйл бүртгүүлсэн ч гэсэн огнооны дарааллаар урд нь бичигдэх ямар ч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, ямар ч NFT-г хуулбарлаад, скрийн шот хийж оруулаад нэмэргүй гэсэн үг. Ингэж оюуны өмчийг баталгаажуулж, хамгаалдаг нь блокчэйны гайхамшиг юм. 

В.Ганзориг: Квант компьютер гарвал блокчэйны энэ бүх давуу тал алга болох юм биш үү? Энэ нь бодитой эрсдэл бол юун крипто, юун NFT болно биз дээ?

М.Хасчулуу: Сүпер компьютер гарах нь тодорхой. Энэ цаг хугацааны асуудал. Үүнтэй зэрэгцээд квант блокчэйн хөгжөөд явж байна. Зөвшилцөлд хүрэхийн тулд одоо дэлхийг хэрхсэн компьютерийн сүлжээ ашигладаг бол квант блокчэйн оффлайн ажилладаг болно. Үүний дараа хакерийн аюул, үүнтэй холбоотой эрсдэл алга болох боломжтой. Энэ бүхэн хөгжлийн туулах ёстой л шат. 

Ө.Үнэнбүрэн: Энд байгаа мөнгийг хакердахын тулд гаргах зардал нь өөрөө утгагүй зүйл болж хувирна гэсэн үг. Квант компьютерийг засгийн газар гаргах эсэх дээр ийм яриа явдаг. Засгийн газар ба технологи хоёр нэгдэхээрээ уруудана уу гэхээс дээш явдаггүй. Иймээс айгаад байх зүйл байхгүй. Иймээс блокчэйн дээр супер компьтер гарсан ч нөгөө талдаа бүр үнэтэй шийдлүүд үүссээр байна.

NFT-ийн хууль эрх зүйн орчинг дурдах ёстой. Mongol NFT-ийн давуу тал бол оюуны өмчийг хамгаалах зорилгоор артистуудтай гэрээ хийдэг. Гадны нээлттэй захууд дээр хүний уран бүтээлийн зургийг аваад NFT болгоод тавих явдал байдаг. Бид үүнээс зайлсхийж, өөрийн гэсэн оюуны өмчийн гэрчилгээтэй уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Асуудал үүссэн ч буцаалт хийх механизмыг бид тодорхой хийж өгсөн байгаа. Нөгөө талаас бид төвлөрсөн бус агуулах маягаар ажиллана гэсэн үг. NFT аваад давхар эх зургийг нь биетээр авах нөхцөлтэй бол ийм хүргэлт хийгдэнэ гэсэн үг. NFT дээр зураг оруулахад өндөр нягтаршилтай, хэмжээ нь хэт том байж болдоггүй. Энэ нөхцөлд тэр зургийн эх хувь төвлөрсөн бус баталгаатай агуулахад байж л байдаг, харин NFT нь миний хэтэвчинд байнга явж байх боломжтой. Би тухайн NFT-гээ зарахад уг уран бүтээлийн өмчлөл авсан хүн рүү шилжээд явна гэсэн үг. 

О.Алтангэрэл: Байрны ордероо хадгалаад явж буйтай адилхан гэсэн үг. Орон сууцаа халааслаад аваад явж чадахгүй ч ордероо халааслаад явж болдог. 

Б.Эрхэмбаяр: Би Rokit Bay-гийн “Бороо” гэдэг дууны NFT-г нь зохиогчийн эрхтэй нь хамт эзэмшдэг. Үүнийг авахад нүсэр бичиг цаасны ажил огт болоогүй. Энэ NFT-г 40 сая төгрөгөөр худалдан авч байсан. Дуу, зураг гээд бүх юм ийм хялбар болсон. Хүсвэл би үүнийгээ зарж болно. 

М.Хасчулуу: Байрны ордерийг NFT болгох нь гоё санаа. Хүн луйвар хийгээд нэг байрыг олон хүнд зэрэг зараад мөнгийг нь аваад алга болох эрсдэл байдаг. Байр худалдан авч байгаа хүн өөрөө амьдрахгүй ч гэсэн үнэ нь өснө гэдгийг мэдээд хөрөнгө оруулалтын зорилгоор аваад зарж болдог. Энэ тоолонд байрны гэрчилгээний эзэмшил солигдож, баахан бичиг цаасны ажил, нэмэлт зардал гардаг. Үүнийг байрны ордер гаргадаг газар NFT гаргаад, блокчэйн зах руу оруулаад хялбархан шийдэх боломжтой. 

В.Ганзориг: Бүх зүйл ингээд шилжвэл улс үндэсний мөнгөн тэмдэгтээрээ татвараа цуглуулж чадах юм уу?

М.Хасчулуу: Үүнийг ямар ч асуудалгүй ухаалаг гэрээгээр зохицуулна. Харин ч татвар цуглуулах ажил улсад улам бүр хялбар болно. Байрны үнэ цэн, хөрвөх чадвар улам өсч, дэлхийн аль ч өнцгөөс хэн ч тухайн байр, орон сууцны NFT-г хялбархан худалдан авах боломжтой болох юм. Мөн алтан гулдмай дээр цохигдсон байдаг сериал дугаарыг эх сурвалжийг нь баталгаажуулсан NFT болгож болно. Алтаар баталгаажсан токен дээр ийм боломж байдаггүй. 

В.Ганзориг: Ямар, аль блокчэйн дээр гарснаас шалтгаалж NFT дээр ялгаа үүсэх үү? Жишээ нь саяхан Корекс үндэсний блокчэйн сүлжээ байгуулна гээд зарлалаа.

Ө.Үнэнбүрэн: Нээлттэй эсвэл хаалттай блокчэйнээс хамаарна. Блокчэйн платформуудаас хамгийн том нь одоогоор этериум байгаа. Үүнийг энгийнээр тайлбарлавал тухайн улсын бүх баячууд нь амьдардаг хот гэж хэлж болно. Хамгийн том блокчэйн хэтэвч, том төслүүд этериум дээр л байдаг. Хот нь түгжрэлтэй байдаг ч гэсэн дийлэнх нь тэнд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Энэ том хотыг дагасан хотууд шинээр бий болж байна. Энэ нь бусад блокчэйн дэд бүтцүүд юм. Эдгээр нь анх гарч ирэхдээ түгжрэлгүй, эко хот байгуулна гэж байсан бол анхны хотын төвлөрөлийг сааруулж чадахгүй л байна. 

В.Ганзориг: NFT-г ойлгуулж, хэрэглээнд оруулахад насны зөрүүнээс үүдэлтэй ялгаа бодитой гарч байна уу?

Ө.Үнэнбүрэн: Яах аргагүй байгаа. 35-аас дээш насныхан юмыг бодитоор бариад, ханандаа зураг өлгөөд сурсан байдаг. Манай эмээ, өвөөгийн үед ханандаа бүр хивс өлгөдөг байсан шүү дээ. Одооны залуус биет зургийг тоохгүй болсон. Бид өөрсдөө тэрэнд нь шоконд ороод байгаа. NFT авсан хүмүүстээ тухайн зургийн хуулбарыг эсвэл гарын бэлэг шуудангаар явуулъя гэхээр гайхаад дургүйцээд байдаг. Блокчэйн тухайн хүмүүсийн хувийн нууцыг хамгаалдаг. Тэнд тухайн хүний нэр, хаяг харагдахгүй. Гэтэл бид шуудангийн хаяг, нэрийг нь асуугаад байхаар гайхах нь аргагүй. 

Анзаарч байгаа бол 25-аас доош насныхан фэйсбүүк нэг их хэрэглэдэггүй. Тэдний хувьд энэ платформ хоцрогдсон. Тэд инстаграм хэрэглэдэг. Тэдний доод үе нь бүгд шахуу тикток дээр байдаг. Тэрийг нь би ойлгоё гэж хичээсэн ч чадахгүй байгаа. Би ойлгохгүй байгаа юм чинь энэ буруу, эсвэл тэрийг нь ойлгох шаардлагагүй гэвэл бид өөрсдөө ирээдүйгээс хоцрох гээд байна. Одоогийн өсвөр насны хүүхдүүдийн дунд яригдаж буй зүйлс ирээдүйн хамгийн зөв хөрөнгө оруулалт, том бизнес болно. NFT-ийг ойлгож чадахгүй байгаа бол зүгээр л хүүхдүүдийнхээ үгийг сонс, зөвлөгөөг нь дага.

В.Ганзориг: Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг цахим хэрэглээнд хэт автуулахгүй байх, бодит ертөнцтэй тэнцвэртэй харилцаанд байлгахын тулд энэ цаг үед яах ёстой юм бэ?

Б.Эрхэмбаяр: Би хүүхэддээ цагийн хуваарь гаргаж өгдөг. Тэдэн цагт гар утсаа ашиглана, тэдэн цагт нохойгоо салхинд гаргана гэх мэт. Ингэхгүй бол хүүхэд өрөөндөө орж хаалгаа хаагаад виртуал ертөнцөд юу хийж байгаа нь мэдэгдэхгүй алга болох эрсдэл байгаа. Гэхдээ ийм гээд эцэг, эхчүүд хүүхдүүд шууд хориглох нь буруу. Тэрнээс илүү эрсдэл үүснэ, нэмээд үеийн хүүхдүүдээсээ хоцроно. Хүүхэд цахим тоглоомоор тоглохыг би дэмждэг нэг шалтгаан нь тэр ертөнцөд хүүхдүүд дэлхий даяар аялдаг. Олон орны хүүхдүүдтэй найзлан нөхөрлөж, өөр өөр сэтгэхүй, соёлтой танилцан, англи, орос хэлээр хоорондоо ярилцан хөгждөг. Гэхдээ үүнийг нь хэтрүүлж болохгүй. 

О.Алтангэрэл: Хааж хориглох тусам хэрэглээ далд хэлбэр рүү шилждэг. Би шивээс анх хийлгэхэд гэрийнхэн эсэргүүцдэг байсан. Эсэргүүцэх тусам хийлгэмээр болдог. Эсэргүүцэхээ болихоор шивээс хийлгэх хүсэл төрөхгүй болдог. Учир нь би хүссэн үедээ шивээс хийлгэж болох юм байна гээд тайвширсан. Бас нэг жишээ гэвэл манай найз фэйсбүүкийн хоёр аккаунттай. Нэг нь ээж аав, хамаатан садандаа харагддаг. Нөгөө нь хаалттай, өөр нэрээр ордог. Эцэг, эхээсээ нууцаар өөр аккаунт нээж байгаа нь том эрсдэл бий болгодог. Учир нь энэ нөхцөлд чат болон бусад байдлаар шал өөр хүмүүс хүүхдийг нь хүмүүжүүлж эхэлдэг.

М.Хасчулуу: Блокчэйн гээд нийгмээрээ хэт шуураад байж болохгүй гэдэгтэй санал нэг. Уламжлалт орчинтойгоо холбож хэрэглэж байгаад нийгмийн бүх салбар бэлэн болсон цагт бүрэн шилжилт хийсэн нь зөв. 

Б.Эрхэмбаяр: NFT-г дандаа гоё өнцгөөс нь ярьлаа. Сануулж анхааруулах зүйл бий. Ийм хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол заавал ар талыг нь судлах ёстой. Би NFT цуглуулдаг. Миний цуглуулганд байгаа 100 NFT-ийн 20-иос нь л би амжилттай ашиг хийж чаддаг. Энэ ашгаараа бусад NFT-ийн алдагдлыг нөхөөд гардаг. Авсан NFT болгон чинь үр өгөөжтэй, ашигтай байхгүй шүү. Цаад үнэ цэн, хэрэглээ нь юу болох, сонирхдог бүлгүүд нь хэр том гэдгийг нь сайтар судлах ёстой. Харагдсан, хямдхан NFT болгоныг авах нь буруу шүү. 

О.Алтангэрэл: Би говьд мод тарьдаг “Шамбала 2056” төсөлд оролцдог. Анх модны гэрчилгээгээ зарж байхад нь би NFT болгоод гаргах санал тавьсан. Гадны иргэн тэр NFT аваад ард нь бодит юм нь юу вэ гээд сонирхоод Google Earth-с модоо хайгаад харж болно. Энэ төслөөр дамжуулан бид сансраас харж болдог Land Art хийж байгаа юм. Хүн бай буюу Be Human аяны дор моднуудаа зарсан. Дараагийн моднуудаа NFT болгоно. 

В.Ганзориг: Хүн бодит амьдрал дээр хийж чаддаггүй үйлдлээ хийсвэр ертөнцөд аватор болж хийх боломжтой нь метаверс ертөнцийн хөгжлийг түргэтгэж байна гэж дүгнэж болох уу?

Б.Эрхэмбаяр: Болно. Гэртээ сууж байгаа нүдний шилээ зүүгээд мета ертөнцөд ороод ажилдаа яваад байвал том өөрчлөлт явагдана. Гэхдээ хүний эрүүл мэнд талаас асуудал үүснэ. Учир нь бараг хөдлөхгүйгээр оюун ухаанаараа амьдрах болно. Гэхдээ энэ асуудлыг шийдэх хангалттай шинэ бизнесүүд аяндаа дагаад үүснэ. Тиймээс би энэ асуудалд санаа зовохгүй байгаа. 

О.Алтангэрэл: VR-аар тоглоом тоглоход бодит тоглоом тоглохоос илүү хөдөлгөөн хийлгэж, тэр хэрээр хөлс гарч ядардаг. Инчоны онгоцны буудал дээр дижитал фитнес хүртэл нээгдсэн байгаа. 

М.Хасчулуу: Блокчэйн хүний аюулгүй байдлыг хувийн мэдээллийг нууцлах байдлаар хангаж өгдөг. Гэхдээ энэ нь сул тал болж болно. Учир нь хүн нэр, нүүрээ нууцлаад метаверс ороод дуртай зүйлээ хийх боломжтой. 

О.Алтангэрэл: УИХ дээр крипто, биткойн муу зүйл гэж яриад байдаг. Dark Web дээр хууль бус зүйл явагддаг, тийм эрсдэл бий. Гэхдээ бэлэн мөнгөн дээр ч гэсэн хууль бус гүйлгээ, мөнгө угаалт хийгддэг шүү дээ. Хутганы жишээ байдаг. Хутгаар хүн хөнөөж болох хэдий ч маш сайхан хоол ч хийж болдог. Үүнтэй адилхан ямар зорилгоор, яаж хэрэглэх үү гэдгээс бүх зүйл хамаарна. 

Ө.Үнэнбүрэн: УИХ дотор энэ сэдвийг ойлгохгүй, буруу зөрүү ярьж буй хэсэг ч бий, зөв яриад алсын хараатай байж чадаж буй бүлэг ч бас байгаа. NFT соёлын салбар дээр маш том өөрчлөлт авч ирэх гэж байна. 1996 оноос хойш шинэчлэгдээгүй Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 7 сард Ч.Номин сайд батлуулж чадсан. Шинэ оноос хэрэгжих энэ хууль соёлын эдийн засгийн зохицуулалтыг баталгаажуулж, бүтээлч үйлдвэрлэлийг зээл, хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжинэ. Үүнийг дагаад гаднаас долларын урсгал орж ирнэ. Жишээ нь, манай бүх музейд байгаа хосгүй үнэт үзмэрүүдийг хязгаарлагдмал тоотой NFT болж олон улсад зарагдах боломжтой. Гэхдээ эх хувь нь хэзээ ч зарагдахгүй, эх орондоо үргэлж байх болно. Ориг бүтээл нь хэзээ ч зарагдахгүй байх тусам NFT-ийн үнэ цэн өснө. Ногоон Дарь Эхийн NFT буддын шашинтай Азийн улсуудад өндөр үнэ цэн хүрч чадна. Энэ хэрээр асар том валютын урсгал Монгол руу орж ирэх боломжтой. 

В.Ганзориг: Бодит ертөнцийн зах зээл ханаж, нөөц нь шавхагдаж буй болохоор хүн төрөлхтөн метаверс хэмээх хийсвэр ертөнцийг шинээр бүтээж тэнд эдийн засаг, нийгмийн орчлоо дахин нэг эргэлдүүлэх зорилготой гэж ойлголоо. Зөв үү?

М.Хасчулуу: Одон орон, сансар огторгуй судалдаг нөхдүүд хэзээ нэгэн цагт манай дэлхийн энерги дуусна гэж үздэг. Нэг шийдэл нь дараагийн гараг руу нүүх. Нөгөө нь хүн төрөлхтөн метаверс ертөнцөд оюун ухаанаа холбон амьдарч, биеэ “унтраах” төсөөлөл байдаг. Яагаад гэвэл хүний бие их хэмжээний “хэрэггүй” энерги зарцуулдаг. Ирээдүйд хүн булчингаа биш оюун ухаанаа л ашигладаг болно. Одоогийн хийсвэр ертөнц ирээдүйн бодит ертөнц болно.

О.Алтангэрэл: Би удаан тайлбарлаж байгаа болохоор манай аав, ээж үүнийг ойлгож байгаа. Төрж, өсч, хүмүүжсэн үе нь шал өөр байсан хүмүүс энэ ойлголтыг шууд хүлээн авахад хэцүү. Яах аргагүй насны зөрүүнээс шалтгаалж өөр өөр ойлголтууд нийгэмд үүссэн байгаа. Би Generative Art гээд NFT коллекц гаргаж байгаа. Тэр нь крипто гахай юм. Гахайг бүтээхийн тулд арын хэсэг нь хэдэн мянган өнгөнөөс бүрдэж болно. Бие нь бас олон өнгө, хэлбэртэй байхаас гадна нүд, аксесуарын хэдэн мянган сонголттой байх юм. Энэ олон хувьсагчуудыг нийлүүлээд компьютер санаандгүй байдлаар 10 мянган дахин давтагдашгүй гахай бүтээнэ гэсэн үг. Үүнийг Generative Art гэдэг. 

Ө.Үнэнбүрэн: 10 мянган өөр гахайг бүгдийг нь нэр бүрчлэн гараар зурах шаардлагагүй гэсэн үг. 

В.Ганзориг: NFT гаргаж байгаа талыг ойлголоо. Тэгвэл ямар хүмүүс тэр NFT-г мөнгөө зарцуулж худалдаж аваад байна вэ? Хэн, яагаад энэ гахайг худалдаж авах ёстой гэж?

М.Хасчулуу: Үүнийг ховор чанар, дахин давтагдашгүй байдалтай холбож тайлбарлана. Нөөц, боломжууд нь хязгаарлагдмал учраас үнэ цэнтэй болдог гэсэн үг. 

О.Алтангэрэл: CryptoPunks-ийг дэлхийн том одууд хэрэглээд эхэлмэгц тэдгээрийн фэнүүд худалдан авдаг. CryptoPunks-ийг авсан хүн Ролекс цаг авч зүүсэнтэй адилхан мэдрэмж авдаг болсон гэсэн үг. Одоо хамгийн хямдхан CryptoPunks 400 мянган ам.долларын үнэтэй байна. 

Ө.Үнэнбүрэн: Тэд дэлхийн аль нэг газар цуглардаг. Тэр цуглаанд дандаа саятангууд ирдэг. CryptoPunks авсан хүн тэр хаалттай клубын гишүүн болж байна гэсэн үг. Коммунити нь хэр сайн байхаас хамаарч тухайн төслийн амжилт шалтгаалдаг. Маш олон 10 мянган ширхэгтэй NFT коллекц гарч ирээд дампуураад алга болж байгаа. Хулхи цүнх авсан хүн тэрүүгээрээ онгироод байж чаддаггүй. Гэхдээ хулхи бараанд мөнгөө зарцуулан худалдан авч байна гэдэг нь оригийг нь тэр хэмжээнд өндөр үнэлж буйгаа шууд тодорхойлж байгаа хэрэг юм. Энэ утгаар CryptoPunks ийм хүчтэй явж байгаа. 

Б.Эрхэмбаяр: Үнэнбүрэн бас өөрийнхөө NFT-г гаргасан. 9 дойлын дотор бүгд зарагдаж дуусссан байдаг. Би сайн найз нь ч гэсэн NFT-г авч чадаагүй. Энэ бо танил тал шаардахгүй, шударга арилжаа явагддаг систем. 

Ө.Үнэнбүрэн: Mongol NFT дээр одоогоор дуудлага худалдааны функц хараахан ороогүй байгаа. Би өөрийн NFT-гээ нэгжийг нь 1000 төгрөгөөр үнэлэн зарсан. Гаргасан 10 NFT-ээсээ гурвыг нь тусгай хэрэглээнд гээд аваад үлдсэн. Би 2017 оноос хойш блокчэйн, биткойн гээд сайн, муугаараа дуудуулаад ярьж явна. Их сургуулиар ярьвал 2021 он нэг их сургууль төгсөж байгаа юм байна гээд өнгөрсөн хугацаанд сурсан мэдсэн зүйлс, туршлагаа бусадтай хуваалцахыг зорьсон. Сургалт байгаа юу, хийж өгөөч гэсэн хүсэлт тогтмол ирдэг байсан. Гэсэн ч нөгөө талаас ковидын үед хүн болгонтой уулзах, танхимын сургалт хийх боломжгүй байв. NFT гаргахдаа ард нь би өөрийн мэдлэг, туршлага, зөвлөгөөгөө уяж өгсөн гэсэн үг. Тусгай хэрэгцээнд үлдээсэн NFT-ээсээ нэгийг нь ойрын хугацаанд Эрхэмээтэй хамтраад дуудлага худалдаанд оруулна. Боссон мөнгөөр нь боломжгүй айлын хүүхдүүдийн нэг жилийн эрүүл мэндийн даатгалыг хийж өгөх сайн үйлсийн аян хийхээр зорьж байгаа. Тоглоомын дүрмээ ингээд тодорхойлсон байхад маш олон сайхан ажлуудыг хийх боломжтой. 

М.Хасчулуу: Тоглоомын дүрэм гэснээс NFT-г улам хөгжүүлэн тоглоом болгох боломжтой. Жишээ нь, мууруудыг дижиталаар эвцэлдүүлээд, генетикийн тоглоом тоглосоор байгаад хамгийн хөөрхөн, царайлаг NFT муур гаргаж авдаг. Энэ муур хамгийн их үнэ цэнтэй, өндөр үнэлгээтэй байх болно гэх жишээний. 

В.Ганзориг: За одоо би яг ойлгохоо больж эхэлж байна шүү:)

Б.Эрхэмбаяр: Бид нарын ярьсан эдгээр зүйлс, NFT-тэй холбоотой мэдээ, мэдээллийг фэйсбүүкээс олохгүй шүү. Тэндээс зөв, эерэг мэдээлэл олж авах асар хэцүү болсон. Оллоо ч тэр мэдээлэл хоцрогдсон байна. Дискорд, телеграм ашиглаж сураарай.

Ө.Үнэнбүрэн: Төрийн байгууллагын түвшинд Инновацийн яам байгуулна гэж ярьж байна. Сайдаар нь жишээ нь блокчэйн дээр арилжаа хийгээд үзсэн, биткойны гүйлгээ хийж байсан, шинэ технологийн буруу, зөвийг мэддэг хүн очиж байж зоригтой бас зөв шийдвэр гаргана. Төр буруу шийдвэр гаргаж, ард иргэддээ санхүүгийн хохирол учруулахаас айдаг. Майяами, Нью Йорк хотын удирдлага цалингаа биткойноор авна, хотын сангийн тодорхой хувийг криптовалютаар бүрдүүлнэ гэдгээ сая зарлачихлаа. Яаж ийм зоригтой алхам хийв гэвэл өөрсдөө энэ бүх процессоор нь яваад үзсэн, ирээдүйн мөн гэдгийг нь мэдэрсэн гэсэн үг. Үүнтэй адил манай төрийн албан хаагчид энэ процессийг туулах ёстой. Тэгж байж салбараа зохицуулах зөв шийдвэр гаргана.

В.Ганзориг: NFT авахын тулд ямар нэгдсэн сайт, платформ руу орох нь зөв бэ? Нөгөө талаас өөрөө NFT гаргая гэвэл хаана, ямар дэд бүтэцтэй холбогдох ёстой вэ?

О.Алтангэрэл: Монголд бол Mongol NFT эсвэл NFT Mongolia, CoinSea байж болно. Олон платформ шинээр гарч ирж байгаа. Дэлхийн том зах нь OpenSea, Foundation зэрэг газрууд байдаг. NFT гаргая гэвэл эдгээр дэлхийн захуудад бүртгүүлээд Metamask эсвэл TransWallet зэрэг дээр крипто хэтэвч нээх ёстой. Энэ хэтэвчээ ашиглаад, захтайгаа шууд холбоод тэндээ NFT-гээ хадгалаад эзэмшиж болдог. 

Ө.Үнэнбүрэн: Metamask дээр хэлэх зүйл байна. Төвлөрсөн бус орчин хөгжихийн хэрээр хакерууд тэнд ажилладаг. Хакерууд туршлагагүй хүний шинэхэн нээсэн хэтэвчинд урамшуулал, мөнгө хийдэг. Үүнийг нь сонирхоод тухайн линк дээр дарснаар бүх мэдээллээ алдах эрсдэл байдаг. Том боломж нээгдэж буй хэдий ч нөгөө талдаа бас энэ мэт эрсдлийг үүсгэдэг шүү. Мөн буруу сүлжээ, буруу хаяг оруулснаас үүдэлтэй мөнгөө алдах эрсдлүүд байдаг гэдгийг энд сануулж хэлмээр байна. Бид суралцах хэрэгтэй. 

Б.Эрхэмбаяр: 1980 оноос өмнө төрсөн хүмүүс энэ үйлдлийг хийх, энэ зүйлийг ойлгоход төвөгтэй байх. Гэтэл залуучууд, хүүхдүүд энэ үйлдэл, ийм гүйлгээг ямар ч төвөггүй, алдаа гаргахгүй хийдэг болсон. 

М.Хасчулуу: NFT бол боломж. Эрсдэлтэй гээд авахгүй тойроод яваад байвал энэ нь өөрөө хамгийн том эрсдэл юм. Гэхдээ сайн судлах ёстой. Баталгаатай, ардаа үйлчилгээ, хэрэглээтэйг нь аваарай. Гэхдээ бүх мөнгөөрөө биш, эрсдлээ даах хэмжээнд бага хэмжээгээр заавал орж үзэх ёстой гэж хэлмээр байна. 

В.Ганзориг: Маш сонирхолтой ярилцлага хийсэн та бүхэнд баярлалаа!

 

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тэмээнд биш, төмөр замчиддаа хөшөө босгох цаг 15 цаг 55 мин Өмнөговь аймагт “Говийн байгаль” түүхийн музей үүдээ нээлээ 16 цаг 36 мин Финланд, Шведийн төлөөлөгчид Анкарад хэлэлцээ хийв 17 цаг 58 мин Минжийн хангайд гарсан түймрийн голомт руу онцгойгийн алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ 18 цаг 45 мин Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн алдрыг сурталчлах өдөрлөг маргааш болно 19 цаг 53 мин УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох саналыг шүүхэд ирүүлжээ 19 цаг 57 мин Гашуунсухайт боомт БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэх терминалын бүтээн байгуулалт эхэлж байна 20 цаг 58 мин Б.Пүрэвдорж: Ирэх сард Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж магадгүй, тэгэхээр бусад бүх хуулийн төслийг хойшлуулна 21 цаг 3 мин Б.Энхбаяр: Хотын стандартыг баталсан бол түүнийгээ хэрэгжүүлж, мөрдүүлэх ёстой 21 цаг 8 мин Ч.Өнөрбаяр: Сайд Х.Нямбаатар Ц.Нямдоржийн шинэ дүр болж хувирах гэж байна 21 цаг 55 мин Сенегал зэрэг Африкийн орнууд Оросын түрэмгийллийг буруушаажээ 22 цаг 9 мин Украины хяналтад байгаа зүүн хэсгийн Сиеверодонецк хот Оросын гол бай болов 22 цаг 16 мин "ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөөгүй" 23 цаг 8 мин Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурь энэ амралтын өдрүүдэд тоглогдоно 23 цаг 11 мин Б.Лхагвасүрэн: Монголбанк банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрөөсөө ухраагүй 23 цаг 42 мин БАЙРШИЛ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 23 цаг 46 мин ТАНИЛЦ: “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн МАРШРУТ болон ХӨТӨЛБӨР 23 цаг 50 мин А.Намуун: Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ Өчигдөр 10 цаг 06 мин Ч.Эрдэнэбат: Хил хаах асуудлыг зохион байгуулалттай хийсэн гэж бид хардаж байгаа Өчигдөр 09 цаг 51 мин Хямралд дасах аюул Өчигдөр 09 цаг 44 мин
iИх уншсан
Хууль зүйн сайд Х.Нямбаатар байран дээрээ гурав бүдрэв Хямралд дасах аюул Орос, Украины дайны улмаас дэлхий дахин өлсгөлөнд нэрвэгдэж ... Эрүүгийн хуулийн өөрчлөлт: Үг хэлэх байтугай үзэг барих ч эр... А.Цэгмид: Туслах дүрд татгалзахгүйгээр тоглох нь мэргэжлийн ... Украин дахь дайн Африкт өлсгөлөн үүсгэж байна Я.Содбаатар "Цар тахал тархаж буй БНАСАУ-д Монголын Улс тусл... Цагдаагийнхан Э.Бат-Үүлийг "Босоо Хөх"-ийнхнөөс хамгаалж чад... ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ХУВИЛБАР САНАЛ Борис Бондарев: Би эх орноосоо хэзээ ч ийм их ичиж байгаагүй... Эрүүгийн хуулийн өөрчлөлт: "Доромжлох" нь гэмт хэрэг мөн үү?... Иргэн Х.Баттулгад хууль үйлчлэх ёстой учраас саатуулж шалгах... О.Балжинням: Баяр наадмын тухай хуульд жар орчим бөхийн цолы... НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XIIV бага хурлыг... Д.Сосорбарам: Хүний амь шиг үнэ цэнтэй зүйл хорвоод үгүй. Зу... Бага сургууль руу зэвсэгт этгээд халдаж, 19 сурагч, хоёр том... ДАВХАР ӨР: Гайти яагаад ийм аймшигтай ядуу байна вэ?! Байден Тайванийг дэмжихээ амлав Иргэн Д.Монголхүүгийн зорчих эрхийг хязгаарлаж, Сүхбаатарын ... Э.Бат-Үүл: Путины ташуурыг хугартал тэмцэнэ
Top