Шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгээр Өвөрхангай аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
ХӨСҮТ-ээс ирүүлсэн хариугаар уг иргэн томуугийн H3N2 вирусаар өвчилсөн болох нь тогтоогджээ. Одоогоор биеийн байдал тогтворжиж, халуун нь буурсан байгаа гэнэ.
Аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээний хариуг олон нийтэд мэдээлсэн бөгөөд цаашид уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, заавар, сэрэмжлүүлэг, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг сайтар сахиж байхыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдварын 2656 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас нэг хоногийн дотор 89 хүн нас баржээ.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээллээр бямба гаригийн оройны байдлаар коронавирусаар халдварласан хүмүүсийн тоо 37198 хүрч, нийт 811 хүн нас барсан байна. Мөн халдвар авсан байх магадлалтай тохиолдлын тоо 28942 хүрч, биеийн байдал хүнд хүний тоо 6188 хүрчээ.
Мөн эдгэж, эмнэлгээс гарсан хүний тоо 2649 хүрсэн байна.
Шинэ төрлийн коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 811 хүрснээр 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог хам шинжийн SARS-ын халдварт өвчний улмаас нас барсан хүний тоог давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас барсан юм.