Эрүүл Мэндийн Яамнаас шинэ коронавирусийн асуудлаар өдөр бүр шуурхай мэдээлэл хийж байгаа билээ. Мэдээллийн тоймыг хүргэе.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусийн голомтод бүсээс 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр эх орондоо ирсэн оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Оюутнуудын биеийн байдал сайн байна. Бид цаашид биеийн байдлыг нь хянаж ажиллана. Түүнчлэн оюутнуудыг онцгоцоор авч ирсэн 15 хүнийг ч ажиглалтад байлгаж байна.
Амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор нэвтэрсэн Эрээн амьдардаг гэх гурван иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзсэн тул тусгаарласан бөгөөд хавьтал таван хүнийг ажиглалтад авсан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар аваагүй гэж гарсан.
Нэгдүгээр сарын 9-ний өдрөө хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд хариу сөрөг гарсан байна. Одоогоор манай улсад тус өвчин бүртгэгдээгүй.
Ухань хотоос ирсэн оюутнуудыг дүрэм ёсоор 14 хоног тусгаарлана" гэлээ.
Мөн тэрээр иргэдийг гараа сайн угаахаас гадна гар утсаа байнга ариутгаж байхыг зөвлөлөө. Учир нь, хүн өдөрт дунджаар 150 удаа гар утсандаа хүрдэг бөгөөд гар утасны дэлгэц нь нийтийн бие засах газраас ч илүү бохир байдаг гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа гарсан байна. Иймээс иргэдийг гар утсаа давхар сайтар ариутгахыг зөвлөв. Гар утсыг нүдний шилний нэг удаагийн салфеткаар арчих болон гар ариутгах бодисийг хөвөнд шингээж ариутгах боломжтой гэсэн юм.