Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр коронавирусийн асуудлаар мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдөр тус яамнаас мэдээллэхдээ Япон улсаас ДЭМБ-тай хамтран дахин коронавирусийн оношлуурыг авахаар болсон тухай хэлсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица: “Дэлхийн хэмжээнд дэгдэлтийн тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Батлагдсан тохиолдол 6,065 болж, 132 хүн нас барсан байна. Тохиолдлын тоонд нэг орон нэмэгдсэн нь Арабын нэгдсэн Эмират улс. Тус улсад дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэн. Тархалт идэвхтэй явагдаж буй улс болох Хятадын хилийн гарах цэг дээр болон шууд нислэгээр ирж байгаа зорчигчдод хяналт шалгалт хийхийг ДЭМБ-аас зөвлөж байгаа. Өмнөх дэгдэлтийн туршлагаас харахад хил дээр нэвтрүүлж байгаа аргын үр дүн судалгаа тодорхой биш байгаа тул иргэд эмнэлэгт хандаж байгаа нь чухал мэдээлэл, судалгаа болж байна.
Тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж, хүнээс хүнд халдсан тохиолдол өөр улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор ДЭМБ-ын шуурхай хороо дахин хуралдаж халдварын улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийдэхээр болсон.
Японоос саяхан нэг оношлуур авсан. Бид ЭМЯ, ДЭМБ-тай хамтран дахин коронавирусийн оношлуурыг авахаар ажиллаж, тооцоо судалгаагаа гаргаж худалдан авалтаа эхлүүлсэн" гэв.