x

М.Батболд: “Фауст”-д би шунан дурласан

Германы алдарт зохиолч Гётегийн “Фауст” жүжгийг технологийн дэвшлийг ашиглан Монголд анх удаа тавих гэж байна. Жүжгийн найруулагч М.Батболдыг дугаарын зочноор урилаа.

4-27-7

-“Фауст” гэж бодохоор гайхалтай сонсогдож байна. Монголын үзэгчид энэ бүтээлийг хэзээ тавигдах бол гэж их хүлээсэн дээ?

-Энэ бүтээл миний дипломны ажил. Анхны уран бүтээл болж байгаа юм. Олон жил хүсч, мөрөөдөж, төлөвлөсний эцэст жүжиг маань бүтэж байна. Би ОХУ-д сурч байхдаа Булгаковын “Мастер Маргарита” зохиол дээр ажиллаж байсан минь “Фауст”-ыг тавих шалтгаан болсон.

-Зохиолыг уншихад танд юу мэдрэгдсэн бэ?              

-Би “Фауст”-ыг унших бүртээ шинэ мэдрэмж авч, шунан дурласан. Зохиолыг уншаад мэдэрсэн мэдрэмжээ үгээр хэлэхэд хэцүү. Харин уран бүтээлээрээ илэрхийлмээр байна.

-Гёте жүжгээ нас барахынхаа өмнө дуусгасан гэдэг. Гётегийн “Фауст” хэмээх ертөнцийг та хэрхэн харж байна?

-Гётед жүжиг бичих санаа нь бүр 1770-аад оны үед төрсөн байдаг. Харин эцсийн хувилбараа нас барахынхаа жилийн өмнө буюу 1831 онд бичиж дуусгасан. Тэрээр энэ бүтээлээ Германы алдарт доктор Фаустын тухай домгоос сэдэвлэсэн юм билээ. Зохиол бодит реалист дүр зураглалыг ардын аман зохиолоос уламжлалтай дам яриа, хийсвэрлэл, ёгтлол, уран сэтгэмж, бэлгэдлийн арга маягтай хослуулан дүрсэлсэнээрээ онцлог. Жүжигт хүн төрөлхтнийг саруул сайхан ирээдүй, зөв замд нь оруулахын тулд эрдэмтэн Фаустын хийсэн цөхрөлтгүй эрэлхийллийг өгүүлдэг. Замд нь тохиолдож буй цөхрөл, төөрөгдөл, мятрашгүй тэмцлийг ч  харуулна.

-Харин та үүнийг Мон­голд анх удаа Холограм технологийг ашиглаж харуулна гээд байгаа?

-Холограм гэдгийг гэрлийн фокус гэж ойлгож болно. Хоосон тайзан дээр гэрлийн ойлтын нөлөөгөөр бодит мэт дүрслэл харуулна гэсэн үг. Үүнийг гадны өндөр хөгжилтэй орнууд ихэвчлэн шоу тоглолтын үед ашигладаг. Харин бид энэ аргыг Монголд анх удаа “Фауст” жүжгээр турших гэж байна. Ингэснээр театрын урлагт бас нэгэн шинэчлэл, өөрчлөлтийг авчирна гэж итгэж байгаа.

Хөгшин Фаустад миний аав Ардын жүжигчин Г.Мягмарнаран тоглоно.

-Жүжгийг пост драм гэж онцолсон байсан. Ямар учиртай вэ?

-Орчин үеийн драмын жүжиг гэж ойлгож болно. Драмын урлаг үүссэнээс хойш түүнийг дагаад олон урсгал бий болсон. Театрын хөгжлийг дагаад үзэгчид ч үргэлж өөрчлөгддөг. Театр үзэгчдээс нэг алхам түрүүлэхийн тулд илүү хөгжиж үргэлж шинэ содон зүйлийг эрэлхийлж байна. 60, 70, 80 онд илэрхийлж байсан илэрхийлэмж одоо өөрчлөгдсөн. Пост драм бол театрын өөрчлөлтийн нэг хэлбэр юм.

-“Фауст” зохиолыг мэдэхгүй хүн ховор байх. Дэлхийн олон театрт тоглосон байдаг. Энэ жүжгийн гайхамшиг нь юунд оршиж байна вэ?

-Гёте өөрөө эрдэмтэн, физикч хүн. Жүжиг нь тэр чигээрээ философи. Жүжгийн үйл явдал нь өнөөдрийн бидний амьдарч буй нийгмийг урьдчилаад харчихсан юм шиг өрнөдөг. Ялангуяа Монголынхыг. Хувьцаа тараах замаар ард түмнийг залилан мэхлэх, иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлж, газрын наймаа, хийж завших гээд л. Гэвч эцэст  нь хүн болж төрсний хамгийн гол шалгуур бол хүн хүнээ хайрлах юм байна. Хүн юуны төлөө зүтгэх ёстой вэ гэдгийг Фауст ухаараад жүжиг төгсдөг.

-Жүжигт там, диваа­жинг хүртэл дүрсэлнэ гэж байсан. Тайзны шийдлийн хувьд их содон байх нь ээ?

-Там, диваажин, сүнсний ертөнц, хүний амьдрал гээд бүгд нэг тайзнаа цогцолно. Үүнээс илүүг дэлгэмээргүй байна. Хүмүүс ирээд үзвэл илүү амттай байх болов уу.

-“Фауст”-ыг өмнө нь дуурь хэлбэрээр тавьж байсан. Жүжиг хэлбэрт шилжүүлэхэд бэрхшээлтэй зүйл байсан уу?

-Жүжиг эхлээд найруулагчийн тархинд бүтдэг. Үүний дараагийн том ажил нь бичгийн хэлбэрт шилжүүлэх юм. Бэрхшээлтэй зүйл мэдээж олон байсан. Гэхдээ үүнийг даваад гарсандаа баяртай байна.

-Дүр сонголтоо хэрхэн хийв?

-Нэг дүрд олон хүн тоглох гээд найруулгын хувьд өвөрмөц шийдлүүд бий. Хөгшин Фаустад миний аав Ардын жүжигчин Г.Мягмарнаран тоглох бол залуу дүрийг Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ бүтээж байна.

-Гол дүрээс гадна Мефистофил их чухал дүр шиг санагддаг. Гол дүрийг тодотгодог?

-Мефистофил ч ялгаагүй гол дүр. Тэр байгаа учир л жүжиг илүү сонирхолтой өрнөж байгаа юм. Хайр дурлал бол мөнхийн сэдэв. Манай жүжигт ч үүнийг хөндөнө. Фаустын хайртай бүсгүй Маргарита ч ялаагүй их гоё дүр шүү. Дүр бүхэн өөрийн үзэл бодол, хэлэх гэсэн санаатай.

-Магадгүй таны уран бүтээлч, найруулагч болох хүсэл тэмүүлэл ааваас тань эхтэй байх даа?

-Багадаа аавыгаа дагаж театрт их ирдэг байсан. Тэр үеэс л урлагт дуртай болж эхэлсэн. Тоглолтоор хөдөө явахад нь дагаад л явна. Аавынхаа болон тухайн үеийн мундаг уран бүтээлчдийг тайзан дээр тоглоход нь хажуунаас нь харж зогсдог байсан үеэ мартдаггүй.

-Хүүхэд байхдаа театрт үзэж байсан одоог хүртэл таны сэтгэлээс гардаггүй жүжиг бий юу?

-Тухайн үед театрт тоглож байсан бүх жүжгийг үзэж өссөн. Түүнээс “Тамгагүй төр” жүжгийг бараг 20 гаруй давтаж үзсэн санагддаг. Жүжигчдийн тоглолт, найруулагчийн шийдэл гээд бүх зүйл нь одоо ч надад өчигдөр үзсэн мэт тод харагдаж байна.

-Гэхдээ та Анагаахын мэргэжилтэй гэсэн. Яагаад өөр мэргэжил сонгосон юм бэ?

-Хүний хувь тавилан гэдэг хүссэн хүсээгүй хийх ёстой зүйл, байх ёстой газар луу нь хөтлөөд ирдэг юм билээ. Нэгэнт театр, кино урлагт зүрх сэтгэлээ өгчихсөн бол эргээд гарч, холдож чаддаггүй юм байна гэдгийг би өөрийнхөө биеэр мэдэрч байна. Би зам руу тэмүүлэх л учиртай байж.

-Эзэмшсэн мэргэжлээ орхиод найруулагч болно гэхэд аав тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Аавд мэдэгдэлгүйгээр СУИС-д шалгалт өгөөд тэнцчихсэн. Таатай хүлээж аваагүй. Мэргэжлээрээ ажиллаж байсан хүү нь гэнэт найруулагч болъё гэхэд гайхсан байх. Гэхдээ эцэст нь аав минь миний хүсэл зорилгыг ойлгож, дэмжсэнд нь баяр­ладаг. СУИС-д Н.Ганхуяг багшийн ангид хоёр жил сураад Москва руу явсан.

-Залуу найруулагчийн хувьд эдгээр туршлагатай уран бүтээлчдээс сурах зүйл их байгаа байх?

-Залуу уран бүтээлч миний хувьд тэнгэрээс од шүүрэхтэй адил. Би найруулагч гээд энэ хүмүүсийг удирдаж зохион байгуулахаас илүү тэднийг ойлгож тэд ч намайг ойлгодог байхыг чухалчилдаг. Удирдахын гол үндэс нь ойлголцол юм билээ. Ойлгож чадах юм бол үнэхээр хүчтэй баг болж чаддаг.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Эхлээд “Фауст”-ынхаа ард амжилттай га­рахыг зорьж байна. Үүний дараа У.Шекспирийн “Лир ван” бүтээлийг тавихсан гэсэн мөрөөдөл бий. Биелүүлэхийн төлөө зүтгэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна 20 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө 20 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо 21 мин Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 24 мин Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов 2 цаг 36 мин “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн эхэллээ 2 цаг 37 мин ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд ЭХЭМҮТ-д зочилж, хамтын ажиллагааг хэлэлцлээ 2 цаг 38 мин Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ 2 цаг 39 мин Г.Занданшатар: Монгол Улс хоёр Солонгосын итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой 4 цаг 39 мин Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа 4 цаг 40 мин "Сэлбэ хот"-ын 8575 айлын орон сууцны барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна 4 цаг 40 мин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 4 цаг 41 мин БНСУ-ын 2.7 тэрбум воны тусламжаар Улаанбаатарын зам, тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулна 4 цаг 42 мин С.Амарсайхан сайд ХБНГУ-ын эрдэмтэдтэй Налайхын нөхөн сэргээлтийн асуудлаар уулзлаа 4 цаг 43 мин Туул голд усанд боогдсон 17 иргэнийг аварчээ 4 цаг 44 мин Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 6 цаг 14 мин Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Ерөнхийлөгчтэй уулзлаа 6 цаг 20 мин Монгол Улсын анхны геопарк 2026 онд Өмнөговь аймагт нээгдэнэ 6 цаг 21 мин Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 6 цаг 22 мин ОУОХ-ны чуулган эхэлж, олимпод оролцсон тамирчдад 10 мянган ам.доллар олгохоор боллоо 6 цаг 22 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Top