Хятад улс газрын ховор элементийн зах зээлд давамгайлж, Ойрх Дорнодод мөргөлдөөнтэй байгаа энэ эгзэгтэй үед Япон болон Австралийн удирдагчид чухал ашигт малтмал, эрчим хүчний эх үүсвэрүүд болон бусад нэн шаардлагатай түүхий эдийг тогтвортой нийлүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцжээ.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи болон Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз нар даваа гарагт уулзах үеэрээ эдийн засгийн аюулгүй байдлын тухай хамтарсан тунхаглал зэрэг нийт таван баримт бичигт гарын үсэг зурсан байна. Хоёр улсын удирдагчид мөн батлан хамгаалах болон кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэхээ дахин мэдэгджээ.
Газрын ховор элемент, эрчим хүчний эх үүсвэрүүд, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгоход чиглэсэн уг хамтарсан тунхаглалд талууд чухал ашигт малтмалын экспортын хязгаарлалтад "ихээхэн санаа зовниж" буйгаа илэрхийлжээ. Энэ нь БНХАУ сүүлийн үед экспортын хяналтаа чангатгаж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Газрын ховор элемент нь цахилгаан автомашин, хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үндсэн түүхий эд болдог.
Дэлхийн ховор элементийн нөөцийн олборлолтын 70 орчим хувийг, боловсруулалтын 90 орчим хувийг Хятад улс дангаараа гүйцэтгэдэг бол Австрали улс мөн уг түүхий эдийн томоохон үйлдвэрлэгчдийн нэгд тооцогддог.
Түүнчлэн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь БНХАУ-ын цэргийн үйл ажиллагаа идэвхжиж байгаад талууд түгшиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байна. Тодруулбал, 2023 онд цэргийн хүчийг түргэн шуурхай байрлуулах, хамтарсан сургуулилалт хийх боломжийг олгодог "Харилцан нэвтрэх хэлэлцээр" хүчин төгөлдөр болсон юм.
АНУ-ын холбоотнууд болох тус хоёр улсын удирдагчид дараагийн уулзалтаас өмнө эдийн засгийн аюулгүй байдал зэрэг иж бүрэн хамтын ажиллагааг институтчлэх, шинэ шатанд гаргаж ахиулах тодорхой арга хэмжээг судлахаар тохиролцсон тухай С.Такаичи мэдэгджээ.


