Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд Монгол Улсын өнцөг булан бүрээс Элсэлтийн шалгалтын дүнгээрээ тэргүүлсэн шилдэг сурагчид журмын дагуу нэг жилийн хугацаанд бэлтгэл хөтөлбөрт хамрагдан ШУТИС болон МУИС-д суралцаж байна.
Хөтөлбөрт шалгарсан сурагчидтай Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга М.Төртогтох, Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга С.Анхбаяр нар уулзаж, холбогдох журам, гадаадын их, дээд сургуулиудын онцлог, суралцах сэтгэл зүй, гэрээний нөхцөлийн талаар ерөнхий мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Эдгээр сурагч нь зөвхөн сурлагын амжилтаараа ялгарсан төдийгүй Монгол Улсын ирээдүйн хөгжилд манлайлах шинэ үеийн төлөөлөл юм. Тэд мэдлэг боловсрол эзэмшихдээ зөвхөн өөрсдийнхөө төлөө бус, эх орныхоо ирээдүйн төлөө суралцаж буйгаа үргэлж ухамсарлах нь чухал болохыг онцлов. Гадаад улсад суралцах нь шинэ орчин, соёл, сорилтуудтай нүүр тулах шаардлагатай амаргүй зам хэдий ч хувь хүний хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх томоохон боломжийг бий болгодог. Иймд аливаа бэрхшээл, сорилтын үед зорилгоо санаж, эх орныхоо итгэлийг эрхэмлэн, тууштай урагшлахыг зөвлөлөө.



