Нэрт эдийн засагч, эрсдэлийн менежер, "Хар хун" бүтээлээрээ алдаршсан Нассим Талеб хөрөнгийн зах зээл гүнзгий уналтад орж болзошгүйг Bloomberg-т өгсөн ярилцлагадаа анхааруулжээ. Түүний үзэж буйгаар, хиймэл оюун ухааны (AI) хэт хурдацтай хөгжил болон үүнийг дагасан хөөсрөл нь мэдээллийн технологийн компаниудыг дампууралд хүргэж мэдэх гэнэ.
Талеб программ хангамжийн салбарын зарим хэсэгт аль хэдийн "ангал" үүссэн байж болзошгүйг дурдаад, AI-ийн үүсгэсэн хурд нь зах зээлийн хамгийн эмзэг хэсэг рүү шилжиж байгааг онцолсон байна. Хөрөнгө оруулагчид өнөөгийн технологийн лидерүүдийг хэт тогтвортой гэж үнэлж, бүтцийн эрсдэлийг үл тоомсорлож байгааг тэрээр шүүмжлэв. Түүхээс үзвэл, салбарын "анхдагч нар" дараагийн үедээ шахагдан алга болох тохиолдол их байдгийг тэрээр санууллаа.
Зах зээлийн эмзэг байдал ба "Хар хун"-ы эрсдэл
Сүүлийн хоёр жилд хөрөнгийн зах зээлийн өсөлт ердөө цөөн хэдэн AI-ийн компаниудын хувьцаан дээр тогтож ирсэн. Хэрэв эдгээр лидерүүдийн байр суурь ганхвал энэ нь зүгээр нэг "техникийн засалт" биш, харин системийн хэмжээний гүнзгий уналт болох аюултай.
Хэдийгээр Талеб одоогоор зах зээл өсөх хүлээлттэй байгаа ч хөрөнгө оруулагчдад "хежлүүлэх" буюу эрсдэлээс хамгаалах хэрэгсэл зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Учир нь огцом уналтыг урьдчилан таамаглах бараг боломжгүй юм. Сонирхолтой нь, 2025 оны аравдугаар сараас хойш алтны ханш 30 орчим хувиар өссөн нь хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны ирээдүйд эргэлзэж, илүү найдвартай актив руу тэмүүлж байгааг илтгэж байна. Энэхүү тодорхойгүй байдлын дэвсгэр дээр ам.долларын нөөцийн валютын статус ч суларч байгааг шинжээчид тэмдэглэжээ.

Нассим Николас Талебын тухай
Нассим Николас Талеб (Nassim Nicholas Taleb) бол Ливан гаралтай Америкийн эдийн засагч, эрсдэлийн менежер бөгөөд урьдчилан таамаглах боломжгүй, асар их үр дагавартай үйл явдлуудыг тайлбарладаг «Хар хун» онолыг үндэслэгч юм.
Түүний гол бүтээлүүд ба үзэл баримтлал:
«Хар хун» (2007): Санхүүгийн ертөнц болон амьдралыг харах өнцгийг өөрчилсөн дэлхийн хэмжээний бестселлер.
Incerto цуврал: «Хар хун»-аас гадна «Санамсаргүйгээр маанагдагсад», «Эсрэг эмзэг» (Antifragile), «Өөрийн арьс, махаараа дэнчин тавих» зэрэг бүтээлүүд нь түүний гүн ухааны цогц үзэл баримтлалыг бүрдүүлдэг.
Үндсэн санаа: Талеб математикийн сонгодог загварчлалууд (Гауссын тархалт гэх мэт) бодит ертөнцийн ховор бөгөөд экстрим үзэгдлүүдийг тайлбарлаж чаддаггүй гэж үздэг. Түүнийхээр бол ертөнцийг дундаж үзүүлэлт бус, харин ховор тохиох "Хар хун" үйл явдлууд удирддаг байна.





