Samsung Electronics компани хиймэл оюуны дэвшилтэт технологи бүхий Galaxy S26 цувралын ухаалаг гар утаснуудаа танилцууллаа.
Өмнөд Солонгосын технологийн салбарт тэргүүлэгч тус компани лхагва гарагт Сан-Франциско хотноо зохион байгуулсан "Galaxy Unpacked 2026" арга хэмжээний үеэр Galaxy S26, Galaxy S26+ болон Galaxy S26 Ultra гэсэн гурван загварыг олон нийтэд танилцуулсан байна. Эдгээр утас нь загвараасаа хамааран 6.3, 6.7 болон 6.9 инчийн дэлгэцтэй ажээ.
"Galaxy S26 цуврал нь хүчирхэг техник хангамжид суурилсан бөгөөд хүн бүр хиймэл оюуныг хялбар, ойлгомжтой ашиглах боломжийг олгох бүтээгдэхүүн юм" гэж Samsung Electronics компанийн гүйцэтгэх захирал Ну Тэ Мүн онцолсон байна.
Galaxy S26 Ultra загварт "Snapdragon 8 Elite Gen 5" NPU чип суурилуулсан бөгөөд гүйцэтгэл нь өмнөх загвараасаа 39 хувиар сайжирчээ. Төв процессор (CPU) болон график процессорын (GPU) гүйцэтгэл тус тус 19 хувь, 24 хувиар сайжирснаар хиймэл оюуны нарийн үйлдлүүдийг гүйцэтгэх, тоглоом тоглох боломжийг шинэ түвшинд гаргасан байна.
Уг цувралын бусад загварууд "Exynos 2600" процессороор тоноглогдох юм.
Samsung-ийн Mobile Digital Natural Image Engine (mDNIe) технологийн ачаар өнгийг илүү бодит, тод харуулдаг болсон бол Ultra болон Plus загваруудад дүрсний тод байдлыг сайжруулах "ProScaler" функцийг нэмж суулгажээ.
Galaxy S26 цувралын гол сайжруулалтын нэг нь хэрэглэгчийн асуултын утга, зорилгыг урьдчилан ойлгодог, тохируулж өгдөг хиймэл оюуны функцууд юм. Тухайлбал, "Now Nudge" функц нь уулзалтын цаг товлох тухай зурвас ирэх үед хэрэглэгчийн цагийн хуваарийг шууд дэлгэцнээ харуулдаг. Мөн "Circle to Search" функц нь дэлгэцэн дээрх сонирхсон бараа бүтээгдэхүүнээ дугуйлахад л тухайн зүйлийн талаарх мэдээллийг автоматаар хайж өгдөг байна.
Хиймэл оюуны эрин үед хэрэглэгчдийн аюулгүй байдлын талаарх ойлголт нэмэгдэж байгаатай холбогдуулан Samsung нууцлалын хамгаалалтаа чангатгажээ. Galaxy S26 Ultra загвар нь салбартаа анхдагч "Нууцлалын дэлгэц" (Privacy Display)-тэй гарч байгаа бөгөөд энэ нь нэмэлт наалт ашиглахгүйгээр дэлгэцэн дээрх мэдээллээ хажуугийн хүнээс нуух боломжийг олгодог. "Техник, программ хангамжийг дизайны шатнаас нь нарийн уялдуулсан тул энэхүү функц нь дүрсийг энгийн үед үзэхэд саад болохгүй" гэж тус компани мэдэгджээ. Хэрэглэгчид уг горимыг нууц үг оруулах үед эсвэл зөвхөн тодорхой аппликейшн дээр ажиллахаар тохируулж болох аж.
Мөн "Call Screening" функц нь нууцалсан дугаараас ирсэн дуудлагад хариулж, ярианы агуулгыг товчлон харуулснаар спам болон залилангаас сэргийлэхэд тусална. Камерын хувьд Ultra загвар нь 200 мегапикселийн өргөн өнцгийн камертай бөгөөд мэргэжлийн түвшний монтаж хийхэд зориулсан APV кодекийг дэмждэг болсон байна.
Samsung Electronics компани Galaxy S26 цувралын урьдчилсан захиалгыг Өмнөд Солонгост энэ баасан гаргаас эхлүүлэх бол гуравдугаар сарын 11-нээс дэлхий даяар борлуулж эхлэх ажээ. Уг загварууд нь нил ягаан, цагаан, хар, цэнхэр гэсэн дөрвөн өнгөний сонголттой гарах бөгөөд Samsung-ийн албан ёсны цахим хуудсаар ягаан алтлаг болон мөнгөлөг өнгийг захиалах боломжтой.
Хиймэл оюуны тэсрэлтээс шалтгаалан санах ойн чипний үнэ өссөнтэй холбогдуулан 256 ГБ багтаамжтай Galaxy S26 загварын үнэ 1.25 сая вон (867 ам.доллар) болж нэмэгджээ. Харин Galaxy S26 Ultra загварын хувьд багтаамжаасаа хамаарч 1.79 саяас 2.54 сая воны үнэтэй байна.
Шинэ цувралын батерейны хувьд Galaxy S26 загвар нь 4.300 мАч (өмнөх загвараас 300 мАч-аар нэмэгдсэн), Plus нь 4,900 мАч, Ultra нь 5,000 мАч хүчин чадалтай байна.
Түүнчлэн "Galaxy Unpacked 2026" арга хэмжээний үеэр Samsung компани Galaxy Buds4 болон Galaxy Buds4 Pro утасгүй чихэвчүүдээ танилцууллаа.
Эх сурвалж: Yonhap



