x

Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэргээр шалгуулж байна

Сар шинийн өмнөхөн манай нэртэй хуульч эмэгтэй нийгмийн сүлжээнд “Санхүүгийн луйврын хэргийн талаар ярилцлага авах боломжтой сэтгүүлч байвал хандаарай” гэсний дагуу түүнтэй холбогдож доорх ярилцлагыг хийлээ.

Хуульч, өмгөөлөгч Д.Энхзул өдгөө Герман улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа тул түүнтэй онлайнаар холбогдсон юм. Харамсалтай нь санхүүгийн луйврыг зохион байгуулсан хүн нь ч бас Монголын нэртэй эдийн засагч, олны танил эрхэм байж таарав. Монголын хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байсан, “хөрөнгийн зах зээл судлаач” гэж өөрийгөө тодорхойлсон Д.Ангарын иргэдэд учруулсан хохирол хэдэн тэрбумаар хэмжигдэж байгааг хуульч, өмгөөлөгч Д.Энхзул ярьж байна.

-Ярилцлагын эхэнд тодруулж асуухад хэвлэлд хандахад хүрсэн ноцтой шалтгаан байсан байх. Маргааныг хууль, шүүхийн замаар шийдэх боломж байсан уу?

нэ асуудлаар уг нь хэвлэлд хандах сонирхол надад анхнаасаа байгаагүй юм. Харин сүүлийн үед иргэн Д.Ангар гэгч этгээд миний эсрэг тасралтгүй, зохион байгуулалттайгаар гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж, үүгээр зогсохгүй цагдаа, прокурорын үйл ажиллагаанд нөлөөлөх оролдлого хийж байгааг хараад чимээгүй хүлцэх боломжгүй, нөгөө талаас дахин ийм хэлбэрээр хүмүүс хохирохоос сэргийлэх үүднээс хэвлэлд хандлаа. Нэгэнт нийтэд тодорхой болоод байгаа асуудлаар үнэн зөв тайлбар хийхгүй бол хохирогч би өөрөө гэмт хэрэгтэн болоод зогсохгүй энэ хэрэг маргаан үнэн зөв, шударга шийдэгдэнэ гэсэн итгэл найдваргүй болж байна.

Би одоогоор ХБНГУ-д докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа бөгөөд хүүхдүүдийнхээ хамтаар энд амьдарч байна. Мэдээж бусдын адил хөдөлмөрлөж олсон болоод эцэг эхээсээ өвлөж үлдсэн хөрөнгөө бусдад түрээслүүлж олсон орлогоороо эндэхийн амьдралаа зохицуулж байгаа хүн л дээ. Амьжиргааны өртөг энд өндөр учраас боломжийн хүү амалсан, мөн монголын даатгалын томоохон компаниас “Төлбөр тасалдлын даатгал”-ын гэрээгээр баталгаажуулж даатгалын сертификат олгоно гэж нийтэд хандаж сошиалд зар байрлуулсан нэг компанитай холбогдсон.

Энэ компани нь Монголын Хөрөнгийн Биржийн захирал асан Д.Ангарын эцсийн өмчлөлд байдаг компани байсан. Ингээд санхүүгийн салбарт олон жил ажилласан энэ хүнд болоод монголын томоохон даатгалын компанид итгэж хуульч хүний хувьд хирэндээ нилээн шалгаж гэрээ байгуулан мөнгөө шилжүүлсэн. Гэрээний хугацаа дуусаж Д.Ангарт хандахад “Чамд төлөх мөнгө алга. Улс орон даяараа хямраад байна. Даатгалаараа мөнгөө олж ав” гэж хэлсэн. Даатгалын компанид очиход тэд мөн төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл үүний цаана санхүүгийн залилангийн  гэмт хэрэг үйлдэгдсэн байж болох сэжиг байгааг мэдээд 2025 оны 9-р сард цагдаагийн байгууллагад хандаад одоог хүртэл шалгуулж байна.

-Төлбөр тасалдлын даатгалын талаар тайлбарлаж болох уу? Даатгалын компани яагаад төлөхөөс татгалзсан юм бол?

-Д.Ангарын компанитай байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч үндсэн зээл, түүний хүү, алдангийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд даатгалын компани үл маргах журмаар төлнө гэсэн агуулгатай заалт бий.  Энэ нь энгийн иргэний ойлголтоор бол эрсдэлгүй, даатгалын компаниас төлбөр тасалдлыг даатгасан баталгаатай зээл гэсэн утгатай. Зээлийн гэрээ байгуулагдахад даатгалын компаниас даатгалын сертификат олгосны зэрэгцээ гэрээнд хавсаргасан бүхий л баримт бичигт даатгалын компанийн эрх бүхий этгээд нь гарын үсэг зурж, тамгаа даран баталгаажуулсан байсан. Гэтэл бодит байдал дээр зээл авсан компани болон даатгалын компанийн хооронд байгуулагдсан “Төлбөр тасалдлын даатгал”-ын  гэрээнд зөвхөн зээлдэгч компани төлбөрийн чадваргүй болох буюу дампуурсан тохиолдолд нөхөн олговор төлөхөөр тусгасан байсан.

Үүнийг би даатгалын брокер гэж өөрийгөө танилцуулсан иргэн О болон Д.Ангарын амнаас анх удаа олж сонссон. Ингээд даатгалын компаниас лавлахад үнэхээр гэрээг тийм нөхцөлтэйгээр байгуулсан байсан. Даатгалын компани “бид Д.Ангарын компани төлбөрийн чадваргүй болж дампуурсан эсэхийг мэдэхгүй байна. Энэ нөхцөл байдлыг шүүхээс тогтоосны дараа та манайд хандана уу” гэж хэлсэн. 

Ингэж зээлийн гэрээ, даатгалын гэрээний нөхцөл нь өөр хоорондоо эрс зөрүүтэй болохыг мэдсэн. Өөрөөр хэлбэл надтай байгуулсан зээлийн гэрээнд даатгалын компани үл маргах журмаар зээлийг хариуцан төлнө гэж тусгачихаад цаанаа өөр хоорондоо үгсэн, зээлийн гэрээнд ямар нөхцөл байгааг мэдсээр байж өөр нөхцлөөр буюу дампуурсан нь шүүхээр тогтоогдсон үед төлбөрийг төлөх агуулгатай “Төлбөр тасалдлын” гэх нэртэй даатгалын гэрээ байгуулсан байсан.

Энэ үед Д.Ангар гэдэг хүний талаар судалж үзэхэд цахим орчинд түүний талаар бусдыг залилж хөрөнгө татан төвлөрүүлсэн тухай нийтлэл байсныг олж уншаад өөрийгөө залилуулсан байж болзошгүй гэж ойлгосон. Зээлийн төлбөрийг буцаан төлөхийг удаа дараа шаардсан боловч Д.Ангар ямар ч арга хэмжээ аваагүй. Даатгалын компанид хандахаар "Төлбөр тасалдсан даруйд төлөх боломжгүй, дампуурах шаардлагатай" гэсэн хариу өгөөд 2025 оноос хойш одоог хүртэл миний зээл, хүүгийн төлбөрийг барагдуулаагүй хохироож байна. 

Зүй нь бол нийтэд амласан амлалт болзол, мөн надтай байгуулсан гэрээний дагуу зээлийг төлбөрийг төлөх боломжгүй болмогц даатгалын компани нөхөн төлөх үүрэгтэй байсан. Гэтэл зээлийн тасалдлыг даатгалд хамруулаагүй талаар Д.Ангар болон даатгалын компани зээлдүүлэгч нараас нуусан, төөрөлдүүлсэн байна. Бодит байдлыг нууж, иргэдийг төөрөгдөлд оруулах их хэмжээний барьцаагүй хөрөнгийг татан төвлөрүүлж, хувьдаа ашиглаж, түүнд даатгалын компаний дэмжлэг үзүүлж иргэдийг хохироосон гэж үзэж байна. 

-Үүнийг даатгалаар халхавчилсан залилангийн гэмт хэрэг гэж ойлгож болох уу?

-Анх даатгалын гэрээний нөхцлийн талаар сонсоод шууд олон нийтэд хандаж энэ компанийн төлбөрийн чадваргүй байдлыг тогтоолгох зорилгоор нэхэмжлэгчдийг цуглуулж эхэлсэн. Маш олон тооны хүмүүс надад хандсан. Нэгэнт гэрээнд нь төлбөрийн чадваргүй байдал үүссэн байхаар заасан юм бол түүнийг нь хуульд заасны дагуу тогтоолгох нэхэмжлэл гаргая гэж бодож байсан. Гэвч хохирогч нарын тоо олон, хохирлын хэмжээ их болох нь Д.Ангарт мөнгөө зээлүүлсэн гэх хүмүүсийн мэдээллээс тодорхой болж ирсэн. Зээл татаад буцаан төлөөгүй дээрх үйлдэл нь иргэд хоорондын маргаан бус цаанаа санхүүгийн шинжтэй залилангийн гэмт хэрэг үйлдэгдсэн байх өндөр магадлалтай болж эхэлсэн. 

Тухайн даатгалын компанийн цахим хуудас дахь Төлбөр тасалдлын даатгалын  гэрээний стандарт нөхцөлд “төлбөрийн чадваргүй болох буюу дампуурвал” гэсэн нөхцөл огт байгаагүй. Мөн даатгалын компаниуд өөрийн бүтээгдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлдэг. Бүртгүүлсэн нөхцөл нь мөн л "дампуурвал" гэсэн нөхцөл агуулаагүй байсан. Өөрөөр хэлбэл даатгалын компани даатгалын багц дүрмийг ноцтой зөрчиж, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй нөхцөл бүхий даатгалын гэрээг Д.Ангарын компанитай байгуулсан нь хожим баримтаар тогтоогдсон л доо.

-Үүнийг хаанаас тогтоосон юм бэ?

-Санхүүгийн зохицуулах хороо тогтоосон. Даатгалын компанийг хууль зөрчсөн үйлдлээрээ иргэнийг төөрөгдүүлж хохирол учруулсан байна гэдгийг тогтоогоод хуулийн зөрчлийг арилгаж хохирлыг барагдуулах хугацаатай үүрэг өгсөн боловч даатгалын компани ямар ч арга хэмжээ аваагүй байгаа. Надаас гадна ийм даатгал бүхий нэг иргэн адилхан хохироод цагдаагийн байгууллагад хандан Д.Ангар болон түүний өмчлөлийн компаниуд, даатгалын компани түүний эрх бүхий албан тушаалтнуудыг залилах гэмт хэргийн улмаас шалгуулж байна.

-Одоо хэрэг маргаан яг хаана шалгагдаж байгаа вэ?

-Анх Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар 2025 оны 9-р сард хандсан. Бараг сар гаруй хугацаа өнгөрсний эцэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. Хэргийг шалгаж эхэлмэгц Д.Ангар намайг гүтгэж цагдаа, прокурорын үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор хэвлэлийн хурал зохион байгуулалттайгаар хийсэн. Удаа ч үгүй энэ хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шилжсэн. Мөн удалгүй хяналт тавьж байсан прокурорын байгууллага нь хүртэл солигдсон. Цаг хугацааны хувьд энэ үйл явдлууд Д.Ангарын хэвлэлийн хурал хийсний дараах үетэй давхцсан л даа. Хэрэгт шалгагдаж байгаа этгээд өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бол мөрдөн шалгаж байгаа байгууллага болоод шүүхийн өмнө үүнийгээ нотлохын оронд хэвлэлээр дамжуулан өөрөө бус харин хохирогч намайг буруутан мэт харагдуулахаар миний эсрэг илтэд худал мэдээллийг нийтэд цацсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагат би хандсан байгаа.

Ер нь энэ бол манай нийгэмд хэдийн гүн гүнзгий тогтсон хохирогчийг дахин хохирогч болгох улмаар гэмтэн болгож харагдуулах хэлбэрээр, мэдлэг, мэдээлэлгүй олон нийтийг хуулийн эсрэг турхирдаг болсон арга л даа. Энэ увайгүй аргыг хэн бүхэн ашигладаг болж дээ. Хуулийг биш мэдлэг, мэдээлэлгүй массыг ашиглаж зохион байгуулалттайгаар “хэвлэлээр ялладаг” практик энгийн үзэгдэл болсон байна.

-Сошиалд хуваалцсан Д.Ангарын постноос харахад энэ хэрэг хаагдсан гэж ойлгосон. Зөв үү?

-Тийм. Цагдаагийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлж, прокурор нь солигдож явсаар олон сар өнгөрсөн. Хяналтын прокурор энэ хэргийг иргэд хоорондын зээлийн гэрээний маргаан, мөн Д.Ангарын өмчлөлд байдаг компанид санхүүгийн түр хугацааны доголдол гарсан байна гэж үзээд хэрэг хаах тухай тогтоол саяхан гаргасан. Үүнийг бид үндэслэлгүй гэж үзээд гомдлоо гаргаад байна.

Үүнтэй холбогдуулан иргэн Д.Ангар мөн л сошиал орчинд хэргийн үйл явцын талаар мэдээлэл хийж миний нэр хүндэд халдахын зэрэгцээ шууд бусаар прокуророос гарах шийдвэрт нөлөөлөх бусармаг аргаа дахин ашиглаж байна гэж би хардаж байгаа. Миний адил хохирсон иргэн Т болон миний гомдлын талаар ямар ч шийдвэр гарсан Д.Ангар дахин хэвлэл мэдээлэл ашигласан бусармаг аргаа ашиглах байх гэж бодож байна.

-Та прокурорын шийдвэрийн эсрэг ямар үндэслэлээр гомдол гаргасан бэ?

-Даатгалаар эргэн төлөлт нь баталгаажсан гэж итгэл төрүүлсэн, үл маргах журмаар даатгалын компани төлнө гэдэг нөхцлийг зээлийн гэрээндээ тусгасан боловч анхнаасаа хууль зөрчсөн, хэрэгжих боломжгүй нөхцөл бүхий даатгалыг бусадтай нийлж ашигласан, үүний улмаас иргэд хэдэн тэрбум төгрөгөөр хохирсон болохыг санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг хянадаг төрийн эрх бүхий байгууллага тогтоочихоод байхад би энд нэмж тайлбар хэлэх нь илүүц шүү дээ.

Яаж энгийн иргэний хэрэг байх билээ. Даатгалын компани мэргэжлийн этгээдийн хувьд хорооноос зөвшөөрсөн гэрээний стандарт нөхцлөө мэдэхгүйгээр өөр нөхцөлөөр санамсаргүй гэрээ байгуулах боломжгүй л дээ. Мөн зээлийн гэрээг судлахгүйгээр даатгалын гэрээ байгуулахгүй. Тодруулж хэлбэл даатгаж буй эрсдлээ судлахдаа зээлийн гэрээнд үл маргах журмаар нөхөн олговор төлөх үүргийг хүлээснээ мэдэж байсан ч хууль зөрчсөн нөхцлийг санаатайгаар гэрээнд тусгасан гэж үзэхэд хүргэж байна. Бид маш олон өөр үндэслэлийг гомдолдоо дэлгэрэнгүй дурдсан байгаа. Энэ бүхнийг энд дэлгэрэнгүй ярих нь зохисгүй гэж бодож байна.

-Таны эсрэг хэвлэлээр удаа дараа цацсан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хууль хяналтын байгууллагын шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна уу?

-Би хэн нэгнийг Д.Ангараас айсан, эсвэл авлига авсан гэж шууд дүгнэж хэлээгүй. Харин гарсан шийдвэрүүдийг бодит баримттай харьцуулахад хууль зүйн болоод логикын хувьд тайлбарлахад маш хэцүү зөрчлүүд илэрч байгаа учраас үнэхээр гайхаж байна. Хэрэг хаагдаад хавтаст хэрэгтэй танилцах боломж манай өмгөөлөгчид үүссэн. Хохирлыг барагдуулах зорилгоор бусдаас авах авлага болох мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хохирогчдод огт мэдэгдэлгүйгээр 2025 оны 12-р сарын 18-ны өдөр дүүргийн ерөнхий прокурор цуцалсан шийдвэр гаргасан байна. Гэтэл энэ тухай бид энэ оны хоёрдугаар сард, өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах үеэр олж мэдсэн. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь оролцогчийн эрхийг хязгаарласан маш аюултай, хууль бус, бүдүүлэг алдаа.

-Хохирогчдод мэдэгдэх ёстой гэсэн үг үү?

-Мэдээж тийм. Хохирлыг барагдуулахтай шууд холбоотой, хохирогчийн эрх ашигт нөлөөлж байгаа шийдвэрийг хохирогчид мэдэгдэж гомдол гаргах эрхээр хангах ёстой. Гэтэл энэ бүхэн огт хийгдээгүй.

-Хууль хяналтын байгууллага нэг талд үйлчилсэн байж болох уу?

-Би “Яагаад ийм шийдвэр гарсан бэ? Яагаад ийм процессийн алдааг гаргасан бэ?” гэдэг асуултыг өөртөө тавиад сууж байна л даа. Д.Ангарын дарамтаас айсан уу, нэг талын нөлөөлөлд орсон уу? Хариултыг нь би биш, хуулийн байгууллага өгөх ёстой.

-Прокурорын шийдвэрийн талаар та асуудлаар ямар нэг байгууллагад хандсан уу?

-Hохирогчийн хувьд миний эрх ашигт шууд нөлөөлсөн, хууль зүйн хувьд илэрхий зөрчилтэй шийдвэрүүд ар араасаа гарсан тул түүнийг гаргасан прокуроруудын ёс зүй, хараат бус байдал алдагдсан эсэхийг шалгуулахаар УЕП-ын дэргэдэх ёс зүйн хороонд хандсан. Шаардлагатай тохиолдолд бусад байгууллагад хандана. Би хэн нэгнийг шууд буруутгаагүй, шалгуулах хүсэлт л гаргасан. Эрх зүйт нийгэмд прокурор ч, мөрдөгч ч ёс зүйн хяналтад байх ёстой. Хэрэв зөрчил байхгүй бол ёс зүйн хороо түүнийг тогтооно. Хэрэв зөрчил байвал иргэн миний гомдол үндэслэлтэй гэдэг нь тогтоогдоно.

-Ёс зүйн хороонд хандах нь мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх үү?

-Нөлөөлөх ёсгүй, нөлөөлөх ч боломжгүй. Харин ч эсрэгээрээ мөрдөн шалгах ажиллагаа хараат бус, шударга явагдаж байна уу гэдгийг баталгаажуулах хамгаалалт юм. Ёс зүйн хяналт байхгүй бол хохирогч иргэн бүр хамгаалалтгүй үлдэнэ. Энэ бол зөвхөн миний асуудал биш. Маргааш хэн нэгний ээж, аав, ах дүү, бизнес эрхлэгчийн асуудал болж хувирах эрх зүйн тогтолцооны асуудал. Хохирогчид мэдэгдэхгүйгээр гүтгэлэгт автсан орчинд нэг талд ашигтай шийдвэр гарч  байгаа бол үүнийг олон нийт үүнийг мэдэх эрхтэй. Ёс зүйн хороо үнэн зөвөөр шалгаж, бодитой дүгнэлт гаргаж, цаашид ийм байдал давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байна. Үнэхээр хууль хяналтын байгууллага хэн нэгний хэвлэлийн дайралтад автаж шийдвэр гаргадаг бол
энэ нь зөвхөн миний асуудал биш, нийт иргэдийн эрх зүйн аюулгүй байдалд заналхийлсэн асуудал шүү дээ. Хохирогчийг хамгаалах биш,
гүтгэгчийн дуу хоолойг дагадаг тогтолцоо байж болохгүй.

-Та түрүүнд “гүтгэлэг явуулан мэдээлэлгүй массыг ашиглаж хууль хяналтын байгууллагын шийдвэрт нөлөөлөх явдал түгээмэл болсон байна” гэж хэлсэн. Юунд үндэслэж ийм дүгнэлт хийсэн бэ?

-Сүүлийн жилүүдэд нэг ижил ийм дүр зураг нилээдгүй ажиглагдаж байна.  Хэрэг эцэслэн шийдэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байхад нэг тал нь хэвлэл, сошиалаар өөрийгөө зөвтгөсөн, нөгөө талыг гутаасан мэдээллийг зохион байгуулалттайгаар тараадаг. Олон нийтийн дунд буруу ташаа ойлголт бий болсноор хохирогч өөрөө “гэмт хэрэгтэн” мэт харагдаж, хууль хяналтын байгууллагад ил, далд дарамт үүсдэг. Энэ бол системийн хэмжээнд аюултай үзэгдэл. Хүн бүр нийгмийн орчноос ангид биш. Прокурор, мөрдөгч ч гэсэн олон нийтийн хандлагыг хардаг, хэвлэлийн дарамтыг мэдэрдэг, “энэ хэргийн эргэн тойронд дуулиан байна” гэдгийг ойлгодог. Гүтгэлэг удаа дараа, нэг талыг барьсан хэлбэрээр цацагдвал хууль зүйн дүгнэлт бус, олон нийтийн сэтгэл зүйд нийцүүлэх эрсдэл бий болдог. Энэ нь хууль ёсны шийдвэр гаргах орчныг хаадаг.

Хамгийн ноцтой нь хохирогчийг хоёр дахиа хохироодог явдал. Нэгдүгээрт, хүн эд хөрөнгө, эрх ашгаараа хохирно. Хоёрдугаарт, гүтгэлгийн улмаас нэр төр нь унаж, олон нийтийн өмнө буруутан мэт харагдаж, хууль ёсны хамгаалалтаас шахагддаг. Энэ бол шударга ёсны эсрэг хамгийн аюултай нөхцөл. Хэрэв гүтгэлэг ялдаг, харин үнэн хожигддог тогтолцоо хэвшчихвэл иргэд хуульд итгэхээ болино. Хохирсон ч чимээгүй өнгөрөхийг илүүд үзнэ. Нөлөөтэй, мөнгөтэй хүн үргэлж давуу байдалтай болно. Харин энгийн иргэн хамгаалалтгүй үлдэнэ. Эрх зүйт төр биш, айдас дээр тогтсон тогтолцоо болно гэсэн үг.

-Өөрөөр бол мэдээллийг ямар нэг шүүлтүүргүйгээр шууд хүлээж авдаг, итгэж үнэмшдэг явдал нь ийм нөхцөл байдал руу түлхэж байна гэж ойлгож болох уу?

-Баримтыг нягтлахгүйгээр худал мэдээлэлд итгэдэг, “олон хүн ингэж бичсэн” гэдгээр үнэн мэт хүлээж авдаг, хэн чанга дуугарна, тэрний зөв мэтээр ойлгодог. Гэтэл хууль бол чанга дуугаар, олон лайкаар, сошиал давалгаагаар хэрэгждэг зүйл биш шүү дээ. Тиймээс нэгдүгээрт, хууль хяналтын байгууллага гүтгэлэг, хэвлэл болон нийгмийн сүлжээн дэх дайралт, өдөөн хатгалгаас илтэд ангид ажиллах ёстой. Хоёрдугаарт, гүтгэлэг тараасан этгээдэд бодит хариуцлага тооцдог практик хэрэгтэй байна. Миний зорилго бол нэг хүнийг буруутгах биш, нэг хэргийг улс төржүүлэх биш. Маргааш өөр хэн нэгэн гүтгэлгийн золиос болохоос сэргийлэх явдал. Хэрэв өнөөдөр бид энэ практикийг зогсоохгүй бол маргааш үнэний талд дуугарах хүн үлдэхгүй шүү дээ.

-Нөгөө талаас нь харвал монголчууд цөөхүүлээ, бүгд бие биенээ таньдаг, эсвэл хамаатан садан, ураг төрөл болчихдог. Тийм болохоор хэрэгт шалгагдаж байгаа компани болон түүний удирдлагын ойр тойронд хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан, эсвэл одоо ажиллаж буй хүмүүсийн холбоо сүлжээ байдаг байж болох уу. Энэ талаар судалж үзсэн үү?

-Би үүнд маш болгоомжтой хандаж байна. Хэн нэгнийг шууд нөлөөлсөн, хууль бус зүйл хийсэн гэж хэлэх үндэслэл надад байхгүй ч эргэлзээ бол байгаа. Миний сонссоноор тухайн компанийн гүйцэтгэх удирдлагатай ойрын хамаарал бүхий хүн нь цагдаагийн байгууллагад өндөр албан тушаал хашиж байсан, одоо ч цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. Мөн өмгөөлөгчөөр нь ажиллаж буй хүн нь өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, өмгөөлөгчийн гэр бүлийн хүн нь дүүргийн цагдаагийн хэлтсийг удирдаж байсан тухай хүмүүсээс дам сонссон. Гэхдээ энэ нь тэр хүмүүсийг шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Гэсэн ч ашиг сонирхлын зөрчил байсан болоод илэрхий хууль зөрчсөн шийдвэр гарсан юм  биш байгаа гэж эргэлзэж байна, үнэндээ. Хууль хяналтын байгууллагын аливаа шийдвэр хуулийн хүрээнд, үндэслэлтэй гарсан бол би ингэж эргэлзэх шаардлага байхгүй шүү дээ. 

-Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компанид хохирлыг арилгах талаар хугацаатай албан шаардлага өгсөн ч биелүүлээгүй гэсэн. Тэгэхээр СЗХ гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд цаашид авах арга хэмжээ, хүлээх үүрэг бий юу?

-Энэ бол зөвхөн нэг даатгалын компанийн асуудал биш. Монголын даатгалын салбарын хяналт, хариуцлагын тогтолцоо ямар сул байгааг харуулсан жишээ гэж харж байна. Нөгөө талаас төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хугацаатай, албан шаардлага өгчихөөд байхад түүнийг биелүүлэхгүй байж болдог тогтолцоо байгааг энэ тохиолдол харуулж байна.

-Даатгалын компани албан шаардлага биелүүлэхгүй байвал ямар эрсдэл үүсэх вэ?

-Энэ бол маш ноцтой эрсдэл. Иргэд даатгалд итгэх итгэлээ бүрэн алдана. “Даатгалтай” гэсэн ойлголт цаасан дээрх хоосон амлалт болж хувирна. Мөн хууль зөрчсөн компани ямар ч бодит хариуцлага хүлээдэггүй, даатгалаар эрх ашиг нь хамгаалагдах ёстой иргэн хохирлыг өөрөө үүрдэг тогтолцоо л үлдэнэ. Шүүх бол эцсийн шат шүү дээ. Түүнээс өмнө зохицуулагч байгууллагын хяналт, шаардлага бодитоор хэрэгждэг байх ёстой. Хэрэв Санхүүгийн зохицуулах хороо хуулийн зөрчил тогтоогоод, хохирол арилгах албан шаардлага өгчихөөд байхад түүнийг нь биелүүлдэггүй бол иргэн шүүхэд очихоос өмнө хамгаалагдах боломж энэ системд огт байхгүй байна л гэсэн үг.

-Тэгвэл энэ хэрэг манай даатгалын салбарт болон олон нийтэд маш том дохио өгч байгаа юм байна?

-Маш буруу дохио л доо. Даатгалын компани хууль зөрчсөн ч хариуцлага хүлээхгүй байж болдог юм биш үү гэдэг дохио. Миний санаж байгаагаар хороо энэ асуудлаар холбогдох шийдвэрүүдийг гаргаж тухайн даатгалын компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлэх, цуцлах хүртэлх арга хэмжээг авах боломжтой. Одоогоор ямар ч арга хэмжээ аваагүй буюу хууль зөрчиж иргэдийг хохироосон байгууллага хэвийн ажиллаж байна. Зохицуулагч байгууллагын албан шаардлага заавал биелдэг байх, биелүүлээгүй тохиолдолд бодит хариуцлага тооцдог механизм бодитоор, үр нөлөөтэй, шуурхай ажилладаг, иргэд “даатгалтай шүү” гэдэгтээ  итгэлтэй байх ёстой. Энэ бол Монголын санхүүгийн зах зээлийн итгэлцлийн асуудал. Даатгал гэдэг бол эрсдэлээс хамгаалах систем болохоос эрсдэлийг иргэнд үүрүүлдэг заль мэх биш.

Эцэст нь хэлэхэд шүүх, хууль хяналтын байгууллага хараат бусаар гагцхүү баримт нотолгоонд үндэслэн хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж итгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Ираны цөмийн хөтөлбөрийн гурав дахь шатны хэлэлцээ Женевт болно 26 мин Увс аймгийн Өмнөговь суманд 3.6 магнитудын газар хөдөллөө 27 мин Сар шинийн баяраар онцгой байдлын алба хаагчид 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ 30 мин "Бүргэдийн баяр"-ыг анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгон зохион байгуулна 32 мин Японы Эзэн хаан Нарүхито 66 нас хүрлээ 32 мин "Pizza Hut"-ын нэрийг барьж иргэдийг 32 сая төгрөгөөр залилжээ 35 мин Хүүхдийн тусламжийн 108 төвд долоо хоногт 1123 дуудлага ирлээ 38 мин Д.Ганхуяг: Баярын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам тээврийн осол олон гарсан 1 цаг 8 мин Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэргээр шалгуулж байна 1 цаг 47 мин Монголд анх удаа өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг амжилттай ургууллаа 2 цаг 22 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 7 нэмэгджээ 2 цаг 23 мин Язгууртны торгон дээлийг эх загвараар нь сэргээн урлаж, музейд дэлгэлээ 2 цаг 25 мин Мексикийн хар тамхины бүлэглэлийн толгойлогч "Эл Менчо"-г устгажээ 2 цаг 26 мин Монголын уулчид мөсөнд авиралтын дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ 2 цаг 28 мин Монголчууд 1964 оноос хойш 16 дахь өвлийн олимпдоо оролцлоо 2 цаг 30 мин "Милан-Кортина 2026" өвлийн олимп амжилттай өндөрлөлөө 2 цаг 32 мин Украины хохирлын тоог Оросын ЗХ-ний Жанжин штаб мэдэгдэв 3 цаг 25 мин Еврогийн мөнгөн дэвсгэртийн загвар түүхэндээ анх удаа шинэчлэгдэнэ 4 цаг 10 мин Нефтийн үнэ 6,5 хувиар өсчээ 5 цаг 9 мин Ираны оюутнууд дахин жагсаж эхэлжээ 5 цаг 27 мин
iИх уншсан
Л.Гантөмөр: Миний амнаас Сэлэнгэчүүд, Сэлэнгийнхэн гэдэг үг ... Москвад лавссан цас буюу цаг хугацааны цаана, наанаас атгалц... Тэмүүжин нэр Ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог шиг АН даргаа сонгодог дүрм... Бодох цаг Эпштейнийн хавтаст хэрэгт нэр нь дурдагдсан алдартнуудын жаг... Илон Маск “X Money” үйлчилгээний нээлтийн хугацааг зарлав Баярын өдрүүдэд Алтанбулаг хилийн боомт амрахгүй Шинэ эхлэл, өсөлт, зориг, урам зориг, боломжуудаар дүүрэн га... Ши Жиньпин: Африкийн бараанд ногдуулсан гаалийн татварыг тэг... Г.Буянбаатарыг АН-ын даргын Хөгжлийн бодлого хариуцсан зөвлө... Энэ өдрийн "битүүн" хэмээх нэрийн учир... Дипломат албаны дээд цол хүртээлээ Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн “Seedance”-ийн хэрэглээг хязгаарлана Монгол Улсын 60 мянга гаруй иргэн БНСУ-д байнга оршин сууж б... Соёлын элч Б.Нарандэлгэрт Алтан гадас одон хүртээв Германы хил дээрх хяналтыг хагас жилээр сунгажээ Үндэсний их баяр наадмыг найруулагч Д.Баярбаатар найруулна Мэндлэн золгох ёсон
Top