Япон улсын хамгийн өндөр телевизийн цамхаг бөгөөд аялал жуулчлалын гол газруудын нэг болох "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд өчигдөр орой 20 хүн таван цаг гаруй гацжээ. Үүнтэй холбогдуулан аюулгүй байдлын шалгалт хийхээр тус цамхгийг өнөөдөр бүхэл өдрийн турш хаахаар болсныг оператор компаниас мэдэгджээ.
Цагдаагийн газраас мэдээлснээр, цахилгаан шат 30 орчим метрийн өндөрт явж байх үед гэнэт зогссон байна. Аврагчид дотор нь байсан хүмүүсийг эсэн мэнд, бэртэл гэмтэлгүй гаргажээ.
Токио хотын Сумида дүүрэгт байрлах тус цамхагт гарсан ослын талаарх дуудлага өчигдөр 20:20 цагийн орчимд онцгой байдлын албанд иржээ.
"Тобу Тауэр Скайтри" компанийн мэдээлснээр 4 дүгээр давхрын орох хэсэг болон 350 метрийн өндөрт байрлах ажиглалтын тавцангийн хооронд явж байсан хоёр цахилгаан шат 20:15 цагт зогссон байна. Цахилгаан шатнуудын нэг нь 20 зорчигчтойгоор доошилж байсан бол нөгөөд нь хүн байгаагүй аж.
Аврах ажиллагааг явуулахдаа гацсан цахилгаан шатны хажуугийн шатыг ижил өндөрт аваачжээ. Улмаар тэдгээрийн хооронд 120 см урт, 20 см өргөн төмөр тавцан байрлуулж, зорчигчдыг хажуугийн ослын хаалгаар аюулгүй гаргасан байна. Аврах ажиллагаа шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилжээ.
Ослын дараа цамхгийн өөр хоёр цахилгаан шатыг аюулгүй байдлыг шалгах зорилгоор нэг цаг орчим зогсоосон байна. Үүний улмаас ажиглалтын тавцан болон бусад давхарт байсан 1200 гаруй хүн түр хугацаанд доош буух боломжгүй болжээ.
"Тобу Тауэр Скайтри" компани энэхүү явдалд уучлалт хүсэж, дахин ийм осол гаргахгүй байхад анхаарч ажиллахаа амласан байна. "Цахилгаан шатны гэмтлийн шалтгааныг одоогоор шалгаж байна. Бид бүх цахилгаан шатанд нарийвчилсан шалгалт хийж, засвар үйлчилгээ, аюулгүй байдлын системээ улам сайжруулна" гэж тус компани мэдэгджээ.
Мөн тус компани өнөөдөр тохиож буй Японы Эзэн хааны төрсөн өдрийн баяраар үйлчлүүлэхээр урьдчилан тасалбар худалдаж авсан иргэдийн мөнгийг буцаан олгох ажээ.
Эх сурвалж: Kyodo



