x

УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай” гэсэн сануулга өглөө

УИХ-ын дарга Н.Учралын гадаад дахь анхны айлчлал ОХУ-аас эхэлсэн билээ. Сар шинийн баярын өмнөхөн мордоод ирсэн түүний айлчлалын талаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.

УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн айлчлал нийгэмд ихээхэн маргаан дагууллаа. Судлаачийн хувьд та энэ айлчлалыг дипломат, геополитикийн өнцгөөс хэрхэн дүгнэж байна вэ?

-Мэдээж айлчлалын хүрээнд талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, гэрээ хэлцэл байгууллаа. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд ч нэлээд гэрээ хэлцлүүд явагдсан. Хөрш орнуудын хувьд энэ бол байж болох асуудлууд юм. Харин айлчлалаас өмнө Монгол, Оросын харилцаанд ямар байдал үүсэв гэдэгт эхлээд хэдэн зүйл дурдъя. 2024 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Монголд айлчилсан. Түүний айлчлал нийгэмд нэлээд зөрчил дагуулж байв. В.Путиныг Монголд ирүүлэхийг нь эсэргүүцэх хүн олон байсан төдийгүй Сүхбаатарын талбай дээр хүртэл жагссан шүү дээ. Ямартаа ч түүний айлчлал болоод өнгөрсөн.

В.Путиныг Монголд зочилсонтой холбоотой манай гуравдагч хөршийн байдал ч хүнд болсон. Харин энэ байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд оролцох үеэрээ Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсанаар эерүүлж чадсан. Тэдний уулзалт маш элэгсэг дотно болж байв. Үүнийг манай талаас тодорхой хэмжээнд “пи-ар” хийж дэлхий дахинд сурталчилснаар “Монгол Улс хэт оросыг налж, дагасан юм байна” гэх гуравдагч хөршүүдийн хандлага өөрчлөгдсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай төрийн тэргүүн Зеленскийтэй уулзсан нь жингийн таваг дээрх хэт хэлбийснийг тэнцүүлсэн мессэж болов. Энэ үйл явдлыг манай хойд хөрш нэлээд нухацтай хүлээж авсан нь ойлгомжтой.

Тэгвэл шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар албан үүрэгтээ томилогдсоныхоо дараа нэлээд хэдэн гадаад айлчлалд оролцлоо. Тэр дундаа Оросын тал руу хэд хэдэн арга хэмжээнд оролцож, төрийн өндөр дээд хэмжээнд уулзалтууд хийж явсан. Г.Занданшатар бол эрх барьж байгаа МАН-ын гол хүний нэг шүү дээ. Эргээд нөгөө жингийн туухай хойд хөрш рүү нэлээд хэлбийх маягтай болоод ирсэн. Харин Давосын эдийн засгийн чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан дэлхийн Энхтайваны зөвлөлд Монгол Улс үүсгэн байгуулагчаар яваад орчихлоо.

Энэ асуудалд манай хоёр хөрш нэлээд болгоомжтой хандаж байгаа. Мэдээж тэд уг зөвлөлийг дэмжихгүй байгаа нь ойлгомжтой. Харин Г.Занданшатар жинлүүрийн таваг Оросын тал руу хэт хэлбийснийг балансжуулав. Энэ бүхэн Н.Учрал даргын айлчлалын урьдчилсан нөхцөл байжээ. Тэрхүү үйл явдлаас улбаалаад Оросын тал Н.Учралыг хүлээж авахдаа “Монголчууд өнгөн дээрээ бидэнтэй саймширч байгаа юм шиг мөртлөө цаанаа гурав дахь хөршийн бодлогоо хатуу барьж байна. Өмнө барууныхантай хэт сүжирсэн, тэднийг налсан. Үүнд нь анхааруулга сануулга өгье” гэсэн агуулгаар айлчлалыг бэлтгэжээ гэж судлаачийн хувьд ажиглалаа.

-УИХ-ын даргыг үл тоосон гэж үү?

-Монгол Улс бол ОХУ-ын ойрын хөрш. Казахстаны дараа орох урт хилийн зурвасаар холбогдсон хөршүүд. Иймд газар зүйн байрлал, улс төрийн нөхцөл байдлаараа Монголыг чухал орон гэж үздэг бол УИХ-ын даргыг айлчилж байхад хүлээж авахад болохгүй гэх юмгүй. Гэвч В.Путин манай төрийн дээд удирдлагыг хүлээж авсангүй. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-ын дарга бол манай улсын хоёр дахь Ерөнхийлөгч гэсэн үг. Эрэмбээрээ Төрийн гурван өндөрлөгийн хоёрт ордог. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн байхгүй үед УИХ-ын дарга орлох ёстойг Үндсэн хуулиараа баталгажуулсан. Гэтэл В.Путин Монгол Улсын төрийн тэргүүний дайтай парламентын даргыг үл тоолоо. Уг нь тэрбээр гадна дотны бие төлөөлөгч, гадаад хэргийн сайд нарыг шаардлагатай үед бишгүй л хүлээж авч уулздаг. Хэрэв тэд уулзсан бол найрсаг хөршийн хувьд их л аятайхан харагдана л даа. Харамсалтай нь Төрийн Думын хэмжээндээ хүлээж авах шив.

-Энэ юуны дохио вэ?

-Оросууд “Та нарын байр суурь тэр хэмжээнд хүрэхгүй ээ” гэж сануулж байгаа хэрэг.

-Парламентын даргын анхны гадаад дахь айлчлал ОХУ-аас эхэлсэн нь Монголын гуравдагч хөршийн бодлогод сөргөөр нөлөөлөх үү. Барууны орнуудын Монголд хандах итгэлд эргэлзээ төрүүлэх эрсдэл бий юу?

-Ер нь Монгол Улсын төрийн дээд удирдлагууд шинээр томилогдох юм уу, сонгогдсоныхоо дараа гадаад айлчлалаа хаанаас эхлэх үү гэдгээс бодлогын чиглэл, өнгө нь харагддаг. Жишээлбэл, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны гадаад айлчлалаа Энэтхэг улсаас эхэлж байсан. Хэрэв хоёр хөршийнхөө аль нэг рүү нь айлчилбал тэрэнд нь ач холбогдол өгч байна гэх ойлголт нөгөөхөд нь төрүүлэхгүйн тулд Энэтхэг рүү айлчилсан нь зөв алхам байв. Зэргэлдээх хөрш эсвэл өндөр хөгжилтэй барууны орныг зорилгүйгээр эртний оюун санааны түнш Энэтхэг орноос айлчлалаа эхлэх нь зүйтэй гэж байсан л даа. Тэгвэл шинээр сонгогдсон УИХ-ын дарга, МАН-ын дарга анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлж байгаа нь гадныханд нэг чиг дохио өгнө. Ер нь Монгол Улс хоёр хөрштэй. Тэдэнтэй харилцах асуудалдаа тэргүүн зэргийн ач холбогдол өгдөг гэдэг утгаараа аль нэгнээс нь эхэлж байна гээд болгоомжлох асуудал байхгүй. Ялангуяа манайх гадаад бодлогодоо Оросыг илүүд тавьдаг хандлагатай. Тэр ч үүднээсээ нэлээд яригдаж байх шиг байна. Мэдээж мань хүн дараагийн айлчлалаа Хятад руу хийх байх. Тэгж байж жингийн тавгийнхаа балансыг барьж байх ёстой.

Ер нь Оросын тал Н.Учралыг хүлээж авахдаа зөвхөн УИХ-ын даргын хувьд нь биш, МАН буюу эрх баригч намын удирдлага, ирээдүйд нэлээд олон жил төрийн дээд хэмжээнд байх шинэ үеийн төлөөлөл гэдэг утгаар хандсан гэж би хувьдаа харж байна.

-Айлчлалын үеэр УИХ-ын даргыг угтахдаа Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон төрийн далбааг буруу харуулж байрлуулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүллээ. Төрийн өндөр түвшний айлчлалд ийм алдаа гарах нь протоколын алдаа байв уу. Манай дипломат албаны чадамжийн асуудал уу. Эсвэл оросууд зориуд ингэж биднийг дээрлэхэв үү?

-Төрийн далбааны асуудалд чухал улс төрийн ач холбогдол өгөхгүй байгаа. Яагаад гэвэл цэвэр протоколын алдаа. Оросын төрийн алба, төрийн ёслолын албаныхны өнөөгийн байгаа царай л тэр. Манай соёмбоны байрлалыг номоор нь хийчихэж болно доо. Гэтэл тэрийг үл тоож, хайнга хандсан нь төрийн албаныхны ажил нь зах замбараагүй, бүдүүлэг байгаа юм байна. Нарийн ярьвал манай далбааны цэнхэр өнгө БНМАУ-ын үед цайвардуу байсан. Харин одоо илүү гүн цэнхэр өнгөтэй. Энэ бол зүгээр техникийн ажил.

-ОХУ-ын зарим эх сурвалжид УИХ-ын даргыг “буриадын цагаач” хэмээн тодорхойлсон нь анхаарал татлаа. Энэ нь санаандгүй мэдээллийн алдаа юу. Эсвэл Монголын төрийн институцийг угсаатны түвшинд бууруулж харуулах оролдлого гэж үзэх үндэслэл бий юу?

-УИХ-ын дарга Н.Учралын гарал үүслийн талаар зарлаж буй Оросын “ТАСС” агентлагийн мэдээлэл бол санаандгүй зүйл биш. Урьдаас бэлдэж байгаад өндөр хэмжээнд хийж буй айлчлалын цаана явж буй сануулга. Манай Гадаад хэргийн сайд байсан нэг хүн ярьдаг даа. “Нөхөд минь сайхан мэдээрэй. Оросууд маань тэгж байгаа шүү” гэж байнга ярьдаг байсан. Тэгвэл энэ хүний хэлж байгаа шиг санааг оросууд сая Н.Учралаар далимдуулж бидэнд хэллээ. Өөрөөр хэлбэл, “Та нарын гарал үүслийг ухах юм бол биднээс холдоод хаачих юм. Тэрийгээ мэдэж ав” гэсэн сануулга. Н.Учрал бол Монгол Улсын төрийн дээд удирдлагад байгаа шинэ үеийн төлөөлөл. Ардын нам юм уу Ардчилсан нам байх нь хамаагүй. Н.Учрал залуу үеийг төлөөлж байгаа хүн. Энэ үеийнхэнд “Аятайхан байгаарай, сайхан мэдээрэй. Та нар Монголоос хаашаа ч холдохгүй шүү. Нарийн сайн ухах юм бол бараг танай өвөг эцэг чинь ч бидэнтэй холбоотой шүү” гэсэн агуулга.

-УИХ-ын даргад өгсөн оросуудын бэлэг нэлээд хэл дагуулах шиг болсон...

-Хойд хөрш Н.Учралыг намын даргын хэжээнд хүлээж авлаа шүү дээ. Нэгдмэл орос намын дарга хүлээж аваад “Та нар тэр Энхтайваны зөвлөлд орж байна. Гэхдээ хөрш орнуудынхаа буюу бидний байр суурийг сонсох ёстой шүү дээ” гэсэн сануулга хэлж байна лээ. Түүнд өгсөн бэлэг нь хүртэл маш том сануулга. “Бид наргүйгээр та нар хэн ч биш шүү. Бид нар та нарыг улс болгосон” гээд Н.Учралаас дамжуулаад АН, МАН-аас гарах Монголын шинэ үеийн төрийн зүтгэлтнүүд, улстөрчдөд хэлж байна. Мэдээж У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар шинэ үеийг төлөөлөхгүй. Тиймээс В.Путиний хэмжээнд Н.Учралыг хүлээж авахгүй.

Ер нь оросууд “Байрандаа бай, сайхан мэдээрэй. Биднээс салаад та нар хаашаа ч холдохгүй. Украйны юу ч биш байсныг В.И.Ленин улс болгосон. Хэн ч биш, юу ч биш, манайд л байх ёстой” гэсэн дээрэнгүй бодлого илэрхийлж ярьдаг даа. Тэрэн шиг Монголыг “Та нар тусгаар улс байж болно. Гэхдээ хэний хүчинд яаж гэдгээ сана, мэд” гэж дараагийн шинэ үеийнхэнд өгч байгаа дохио. Улмаар “Та нар бидэнтэй уулзчихаад дараа нь Америк, барууныхантай уулзаад гүйдэг шүү. Тиймээс В.Путин та нартай уулзахгүй” гэсэн санаа. Айлчлалыг ерөнхий дүр зургаар нь харвал ингэж л харагдаж байна. Нэг ёсондоо “Монголчууд аа, байрандаа байгаарай” гэх маягийн мессэж өгөөд байгаа нь манай улсын гадаад бодлогын хүрээнд өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын олон улс дахь айлчлалуудад барьж буй хариу гэж ойлгох хэрэгтэй.

-Н.Учрал даргын айлчлалаар дэлхий дахинд хүүхдийн хулгайч, фашист гэмт хэрэгтэн гэж зарлагдсан Мария Львова Беловатай манайх гар барилаа. Энэ үйл явдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Товчхондоо, манайхан даргынхаа айлчлалыг гоё харагдуулах гээд муухай болгочихож байгаа асуудал юм даа. Заавал энэ айлчлалаар хүүхдийн асуудал ярих ёстой ч юм шиг. Ямар хэрэг байна вэ. Өөр шугамаар харилцаж, ярилцдаг л юм байгаа биз. УИХ-ын даргын айчлалтай давхцуулаад гаргаж ирж л байдаг. Мария Львова Белова гэх эмэгтэй хүүхэд хулгайлсан ажлыг гардан хийсэн гэмт хэрэгтэн гээд олон улсад зарлагдчихсан хүн шүү дээ. Дэлхийн олон орон хүлээж авахгүй энэ нөхөртэй манайхан гүйж очоод гар бариад байх шаардлагагүй л дээ. Яг үнэндээ түүнтэй юугаараа ч хамтарч ажиллах гээд байгаа юм. Үнэхээр цаг үеэ олоогүй, айлчлалыг гутаасан асуудал болсон гэж харж байна. Энэ бол айлчлалыг санаандгүй гутаасан үйл явдал.

-Аливаа төрийн айлчлалыг хоёр талаас тохирдог биз дээ. Манайхан ийм санал тавьчихав уу?

-Тэгэлгүй яахав. Тэрний дагуу хүлээж авч байгаа юм. Оросууд заавал энэ хүнтэй уулз гэж шахаагүй байх.

-Манай улс Еразийн эдийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээрт нэгдэх нь зөв үү?

-Ер нь Гаалийн холбоо Европын холбоотой өрсөлдөх гээд байгаа юм шиг асуудал бий л дээ. Манайх чинь Европын холбооноос маш том хөнгөлөлт авдаг. Тэрийг нь эд нар бас тооцоолчихсон байгаа. Хойд хөрш Монголын бараанд маш өндөр тариф ногдуулдаг шүү дээ. Үүнээс гарах нөхцөлөө оросууд олон жил шахсан. Тэр нь Евразийн эдийн засгийн холбоонд нэгдүүлэх. “Та нар манай Евразийн эдийн засгийн холбоонд ор, орохгүй бол тарифыг буулгахгүй “гэж шахдаг. Үүнээс гарц хайж, түр хэлэлцээр гэж байгууллаа. Түр хэлэлцээрт ороод эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх гэсэн гарц хайж буй арга юм уу гэж харж байна. Тэрнээс манайх энэ холбоонд гишүүнээр орохгүй л дээ. Орох ч шаардлагагүй.

-Орос, Хятад гэсэн хоёр том хөршийн дунд байгаа манай улс эдийн засгаа яаж авч явах вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд Гадаад бодлогын үзэл баримтлал, Аюулгүй байдлын үзэл баримтлал, Батлан хамгаалахын үзэл баримтлал гээд бүх бичиг баримтууд маань гарчихсан. Манай бодлого маш тодорхой байгаа. Улс төр цэргийн хувьд төвийг сахисан байр суурьтай, янз бүрийн шахалтад орохгүй, тэр байтугай цөмийн зэвсэггүй бүс болно гээд таван улсаар баталгаа гаргуулчихсан. Саяхан нийтлэлч Баабар бичсэн байсан даа. “Жижиг орнууд өөр өөртөө таарсан, аюулгүй байдлаа хангах аргаа олдог юм” гээд. Манайх тэр аргаа олчихсон. Хоёр хөрштэйгээ аль нэгэнтэй нь цэргийн холбоонд орохгүй. Хилийн асуудлаа зохицуулчихлаа, тэнцвэртэй харилцаад явъя гээд.

Эдийн засгийн хамтын ажиллагаа бол харилцан ашигтай байх тал дээр үндэслэнэ. Заавал тэнцүү байна гээд оросоос 10 төгрөгөөр юм авбал хятадаас бас ийм мөнгөөр авна гэх биш. Аль ашигтай байгаагаасаа л авна шүү дээ. Өнөөдөртөө эдийн засгийн хүчин чадал, технологийн хөгжлөөрөө Хятад илүү байна. Ийм үед бид урд хөрштэйгээ худалдаа, эдийн засгийн чиглэлээр боломжтой салбаруудад хамтарч ажиллахад буруудахгүй. Дэлхийн бүх улс Хятадтай худалдаа наймаа хийж, интеграцчилах гээд үзэж байхад бид баланс барина гээд суугаад хоцорч болохгүй. Манай бүтээгдэхүүний хувьд зах зээл нь урд талд байж байна. Хойшоо Орос руу гаргах гэхээр өндөр тариф тавиад байгаа. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа ашиг дээр үндэслэх ёстой. Ашиггүй байж заавал баланс барина гэж байхгүй. Одоо ах дүүгийн харилцаа гэдэг хоцрогдсон арга барилаа болих хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.229.123.165)
    энэ нөхөр Элбэгдоржийн гулгидас бөгс хоёрыг мөн ч их долоож байсан хүндээ.одоо ард түмний тархийг хордуулах бяцхан хор хутгаж байгаа ухаантай юм байх даа.Хүзүүгүй новшийнхоо ачаар энэ өвгөн Бээжинд элчин сайдаар 6жил суусан.Дараа нь ГХ-ныТНБД байсан Шар Ганхуяг Бээжинд элчин сайд болсон.АСЕМ-н арга хэмжээг зохион байгуулж Элбэгдоржийн халаасийг дүүргэж өгсөний шагнал гэж.нэг тэрэгний 2 дугуй.новшийн өөдгүй хүмүүс дээ
    2026 оны 03 сарын 06 | Хариулах
  • Ц.Балжинням (202.179.24.59)
    Турк орчин үеийн танкны үйлдвэрлэхээр Германд хандсан боловчГерман танкныхаа технологыг өгсөнгүй, Гэтэл Солонгос танкны шилдэг технологоо өгч тусалж. ЯАГААД юуны учир Солонгос Туркэд туслах болсон бэ? УЧИР НЬ Солонгосын дайны үед Солонгосуудад туслахаар байлдаж байсан Турк цэргүүд сэтгэл гарган маш сайн байлдаж байсан байна. Үүгээр би миний хэлэх гэсэн санаа бол Нэр хүнд, итгэж нөхөрлөж болох эс болох нөхрийн сайн муу чанар гэдэг хувь хүн, пүүс компани, улс үндэстэн аль алинд адилхан байдаг бөгөөд хувь тавиланд нь адилхан нөлөөлж байдаг гэдгийг мартаж болохгүй. Амьдралд сонгож болдоггүй зохицож амьдрах ёстой цөөн зүйл байдагийн нэг нь хөрш орон. Иймээс бид хөрш орнуудынхаа ард түмний шашин шүтлэг, эрхэмлэж бахархаж явдаг нандин зүйлс мөн дургүй зүйл зэрэг үндэсний онцлог, төрийн гадаад бодлогыг сайтар судалж ойлгож , монгол төрийн уламжлалт бодлогыг дагаж “ Дотор нь шатаж байсанч хамраараа утаа гаргалгүй” байж харилцан хамтран ажиллаж дундаас нь өөрсөддөө ашигтай шийдэлийг гаргаж, гаргуулж чаддаг байх ёстой билээ. БУРУУГ ӨӨРӨӨСӨӨ ЭРЖ СУРСАН ЦАГТ Л ЗӨВ ЗАМ ДЭЭР ГАРЧ АМЖИЛТАД ХҮРДЭГ.
    2026 оны 03 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
“Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, ногоон байгууламж болгон тохижуулна 1 мин Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 4-6 хэм дулаан 7 мин Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ 2 цаг 35 мин Толь руу нулимахаа больцгооё...  2 цаг 49 мин   С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 3 цаг 5 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 3 цаг 29 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 30 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 3 цаг 35 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 5 цаг 21 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 5 цаг 24 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 5 цаг 28 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 5 цаг 30 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 5 цаг 39 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 7 цаг 55 мин Ормузын хоолойг хаах АНУ-ын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 7 цаг 57 мин Ерөнхий сайд Н.Учрал эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тооцох үүрэг өглөө 7 цаг 58 мин Ерөнхий сайд Н.Учрал СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны хуралд оролцлоо 7 цаг 59 мин Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нөхцөл байдлыг УИХ-ын дэд хороогоор хэлэлцлээ 8 цаг 0 мин Ногоон нуур орчимд 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна 8 цаг 0 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 8 цаг 7 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Чойбалсангийн сэжигтэй үхэл Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүү... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Орос улс Ойрхи Дорнод болон Төв Азид нөлөөгөө алдав Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Top