x

Улаанбаатарын хэдэн музей

2026.02.26.

Монгол Улсын хамаг юмны төв болсон Улаанбаатар хотод улс, хотынхоос гадна хувийн галерей, музей, үзэсгэлэнгийн танхимууд энд тэндгүй дэлгэгдэж соёл, урлаг, уран сайхны амьдралыг сонирхолтой, сонголттой, бас тасралтгүй үргэлжилдэг болгожээ. Саяхан Hue art gallery-г үзсэн, таалагдсан.

Харин их хотын төвд байрласан улсын хэдэн музейн тухайд зарим нэг эгзэгтэй асуудлыг анзаарлаа. Хамгийн ядмаг, бүр ядруу байр савтай нь Улаанбаатар хотын музей юм. Уг барилга нь түүхийн хосгүй дурсгал хэдий ч бараг 400 жилийн түүхтэй, хоёр сая шахам хүнтэй, өөрийгөө мегаполис боллоо хэмээн даналздаг хотын хувьд ичгэвтэр дамшиг бөлгөө. Хажууд нь төмөр замын ба нисэхийн жижиг музей хамаагүй сайн барилгатай.

Энд нийслэлийн дарга сэтэртнүүд үе үе зочлохдоо өрөвдөж хэнгэнэтэл санаа алдаад сураг алдардаг нь тусдаа музей байгуулмаар түүх юм. Би Улаанбаатар хотын музейг Сүхбаатарын талбай руу харсан нийслэлийн ЗДТГ буюу анх “Алтай” зочид буудал нэрээр 1948 онд баригдсан гурван давхар уран барилгад оруулбал маш тохиромжтой гэж үзээд энэ саналаа дахин дэвшүүлж байна. Хичнээн их төсөв хөрөнгө, цаг хугацаа хэмнэхийг таашгүй. Тэртээ тэргүй нийслэлийн өмч учраас Засаг дарга Х.Нямбаатар ганц лайв хийгээд зарлахад гүйцээ. Өнөөдөр энэ барилга “хотын музейг манайд оруулаач ээ” гэж урих мэт бараг зуун метр урт хонгилынхоо хоосныг гайхуулж, хоёр талын хонгио өрөө тасалгаануудын буланд ганц ганц ширээ зассан хэдэн түшмэл үүрэглэж суугаа.  Уйтгартай, хэцүү байдаг гэлцэнэ. Бас нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Яармагаас хотын төв рүү залрахдаа алжаалаа тайлдаг заал энд бий.

Нэгэнт мөр гаргасных хэлэхэд, Улаанбаатарын төв хэсэг, Бага тойруу бол тэр чигээрээ түүх, уран барилгын дурсгал, соёлын өв болсон барилгууд тул соёлт улс орнуудын жишгээр төрийн байгууллага, яам, агентлагуудыг оруулбал тэдгээр барилгад хамгаалалт, хойч үедээ авч үлдэх баталгаа болох учиртай юм. Даанч дахин төлөвлөлт нэрээр дуусгаж байх шиг. Германы парламент 1945 онд дайнд ялагдахад балгас болтлоо сүйдсэн Рейхстагийг сэргээгээд орсон байх аа?

Буцаад музей рүүгээ орьё. Монгол Улс социалист нийгмээс өвлөсөн хэдэн том музейтэй. Байсан. Хамгийн эхнийх буюу анх Улсын төв музей, хожим Байгалийн түүхийн музей болж 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд гэнэт “тоогдож” Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг угтан нураалгасан тэр барилгыг нэхэн дурсая. Хэдий хуучин хэдий ч “арай л эрт явчихсан” уран барилгын дурсгал. Ингээд орох оронгүй үлдсэн Байгалийн түүхийн музейг Тусгаар тогтнолын талбай дахь анх “Ленины музей”, хожим Чандмань төв болсон тэвхийсэн дөрвөлжин барилгад оруулсан билээ. Би ноднин анх удаа үзээд биширсэн шүү. Зохисон гэж ванлий! Нэг, хоёр, гуравдугаар давхрын цэлийсэн том танхимуудыг хэд тойроод Монгол Улсад музейн зориулалтаар барьсан анхны барилга гэдэгт бүрэн итгэв. Үзмэрээр дүүргээ ч үгүй, бараг томдсон санагдсан. Ерөөсөө эндээ суурьшвал дээргүй юу? Од гаригаас эхлээд галт уул, үлэг гурвэл, ан амьтан, үнэг чоно, хорхой шавьжийг танин мэдэх үзэгчид нь зөвхөн хүүхэд багачууд, тэд хотын дөрвөн зүг, найман зовхисоос ирж очиход зориулсан мэт төгс байршил. Хүүхдээ үзүүлэх гэж ордогийг эс тооцвол томчууд огт үздэггүй юм байна. Нэг нь “за яршиг, хүүхэд биш дээ”, араас нь санаа зовсон бололтой “хүүхэд байхдаа зөндөө үзсэн” гэж билээ. Даанч нэг хөдөлсөн чулуу гурван жил байраа олдоггүй гэж үг үнэн ажээ. Нэг, хоёр жилийн дараа энэ музей Их тэнгэрийн аманд босч буй Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей нэртэй шинэ цогцолбор луу нүүнэ. 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хувьдаа зориулж том (хурал чуулган, арга хэмжээний ?) цогцолборын төмөр каркас босгуулж амжсан ч сонгуулиар унасных нь дараа улсад хураагдсаныг ийм болгож байгаа ажээ.

Дахиад буурин дээрээ хоцрох Ленины музейн барилга нэг онцлогтой. Хэдийгээр гадна, доторгүй үндэсний хэлбэр, хээ угалзтай ч нүүрэн талын таван ширхэг хөөмөл Маркс, Ленин, Октябрын хувьсгал, Ардын хувьсгал, Монгол зөвлөлтийн найрамдлын сэдэвтэй, бас дотор танхимын төв хэсгийг шалнаас тааз хүртэл үргэлжилсэн бас л коммунизм, социалист бүтээн байгуулалт, найрамдлыг харуулсан нүсэр зэсэн панорамаар битүү ороон чимэглэжээ. Аль аль нь гарцаагүй урлагийн бүтээл. Хөөмлүүд Я.Үржнээгийнх. Удахгүй Байгалийн түүхийн музейг эндээс нүүхлээр юуны музей болгох, тэглээ гэхэд эдгээр бүтээлд зохицсон музей байгуулах магадлал бараг тэг. Гэхдээ энэ барилгыг өөрөөр ашигласан ч дээрх бүтээлүүдэд гар хүрэхгүй биз. Дахиад Германы жишээ: 1945 онд Рейхстагийн эзлээд хана туурган дээр нь үлдээсэн зөвлөлтийн дайчдын бичээсийн зарим хэсэгт гар хүрэлгүй жуулчдад зориулсан үзмэр болгожээ.  Ленины музейн энэ барилга 1990-ээд оны эхээр Улаанбаатар хотын МАХН-ын хорооны мэдэлд “Чандмань” төв нэрээр түрээсийн төв болж, хажуугаар нь 2000-аад оны үед Зүүний хүчний холбооныхон хэсэглээд хүртчихсэн байсан гэдэг. Цаашдаа төрийн нэрээр юу хийхээ бодсон байж таарна.

Чингэс хааны музей. Анх Чингэс хаан музей гэж байгуулагдсан бол хэдхэн жилийн дотор түүний захирал С.Чулууны арга ухаан, менежментийн ачаар XIII зүуны тэр цаг үеээс хэдийнэ хальж монголын түүх, соёлын танин мэдэхүй, сурталчилгаа, судалгаа, олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн, хурал чуулганы төв болж чаджээ. Харамсалтай нь түүний сүр сүүдэрт эндээс урагшаа нэг зуу хүрэхгүй метрийн зайтай орших Үндэсний түүхийн музей дарагдаж бусад цаг үеийн түүх бүдгэрч харагдах болсон нь дарга, удирдлагын сайн муугийнх биш, харин манай музейн хэрэгт явдалд тэнцвэр алдагдсаных болов уу. Энд түүхийн бүхэл бүтэн үеийг хэт хураангуйлж амсуулах төдий үзмэрүүдтэй болсон санагдав.

Чингэс хааны музейн барилга ба байршил нь надад таалагддаггүй. Уран барилгын хувьд Туркийн Анкара хотын Kizlay нэртэй их дэлгүүрийг санагдуулдгийг бид дотроо хүлээн зөвшөөрдөг ч ил ярих дургүй. Муу сайн ч Их хааны музейн нэр хүндийн асуудал. Хэрвээ Чингэс хааны агууг харуулсан музей юм бол энэ буланд багтаж ядан чихцэлдэх бус Богдхан уулын аль нэг аманд Монголын эзэнт гүрэн агуу байсныг сануулж эргэн тойрондоо орон зайтай, үзэгчид тэртээ холоос хараад сүр хүчийг мэдэрч амьсгаа давхцан сүрдэж очих тийм барилга байгууламж, цогцолбор байхсан гэж бодогдох. Хэзээ нэгэн цагт нүүж тийм болох буй заа.

Өөр нэгэн зүйл. Үндэсний урлагийн их театр барилгыг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 200 сая доллараар барих гэтэл хамаг газраа түгээчихсэн нийслэлийн удирдлага Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас эрх мэдлээр далайлган авч тэнд бариулах гэснийг олон нийт мэдэж эргүүцэхэд “яг энд барихгүй бол мөнгөө цүнхлээд буцна гэсэн” хэмээн урд хөршөө гүтгэж нэг үзээд түүнийгээ нотлох ямар нэгэн цаас үзүүлэхгүй (хятадаар байсан ч хамаагүй, бид Google-ээр орчуулаад уншчихна) байсаар гацаачих шиг боллоо. Миний бодлоор, Үндэсний урлагийн их театрыг Их тэнгэрт, тэгэхдээ Байгалийн түүхийн музейн оронд байгуулбал яг таарах байсан. Монгол ардын өв соёл, дуу хөгжим, бүжиг наадмыг үзэх гэж гадаадын төр засгийн тэргүүн, зочид төлөөлөгч, аялагч жуулчид зорьж ирэх нь тансаглал байх ёстой. Тэр нь энд байсан нь дээр. Их Тэнгэрт !

Д.Цэрэнжав /2026.02.26/ baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 2026-05-01 Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана 2026-05-01 Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана 2026-05-01 Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа 2026-05-01 Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна 2026-05-01 Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа 2026-05-01 Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ 2026-05-01 Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө 2026-05-01 Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ 2026-05-01 Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа 2026-05-01 МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026-05-01 Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан ёсоор баталгаажууллаа 2026-05-01 Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 95 хувьтай байна 2026-05-01 Тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, дулаарна 2026-05-01 Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ 2026-05-01 Улаанбаатар марафоны бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана 2026-05-01 Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2026-05-01 "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээ орон даяар болно 2026-05-01 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ 2026-05-01 Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурлаа 2026-05-01
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top