Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чиу Юун нарын удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюан нарыг хүлээн авч уулзлаа.
Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд залуу мэргэжилтэн, судлаач, төрийн албан хаагч, инженерүүдийг Цинхуа их сургуулийн сургалтын хөтөлбөрт хамруулах, тэтгэлэг болон зорилтот сургалтад оролцуулах талаар санал солилцлоо. Түүнчлэн чөлөөт бүс, боомт, хот байгуулалт, логистик, байгаль орчны салбарт тус их сургуультай хамтарсан судалгаа шинжилгээ хийх чиглэлээр уулзалт хийв.
Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чин Юун БНХАУ нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд тус их сургууль нь энэ бодлогыг бүрэн дэмжиж, боловсон хүчин бэлтгэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон судалгааны хүрээлэнгүүд ажиллуулдаг туршлагатайг тодотголоо. Тиймээс Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг онцлов.
Цаашид Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.



