Юрийн галавын дунд үед хамаарах (174.7-161.5 сая жилийн өмнөх) хоёр нутагтан амьтны чулуужсан мөр Хятадын нийслэл Бээжин хотын орчмоос олджээ. "Xinhua" агентлагийн мэдээлснээр, ийм олдвор Ази тивд анх удаа илэрсэн нь энэ юм.
Хоёр хөлийн мөр нэг хавтан дээр чулуужиж үлдсэнийг Бээжингийн Мэньтоугоу дүүрэг дэх уулын энгэрээс олжээ.
Энэхүү мөрүүдийг нэг амьтных байх магадлалтайг тогтоосон байна. Мөрүүдийн нэг нь нэлээд тод хадгалагдан үлдсэн бөгөөд урт нь 1.5 см, өргөн нь 1.3 см юм.
Энэхүү олдвор нь Юрийн галавын үеийн Ази тив дэх судлагдаагүй үлдсэн хоёр нутагтан амьтдыг судлахад тус дөхөм болохын зэрэгцээ 160 сая жилийн өмнөх Хятадын хойд нутгийн газар зүй ба байгаль орчны нөхцөл байдал, биологийн олон янз байдлыг судлахад шинэ мэдээллийг өгөх ажээ.
“Энэ бол Хятадад төдийгүй Азид Юрийн галавын үеийн хоёр нутагтан амьтны чулуужсан мөр илэрсэн анхны тохиолдол юм” гэж Бээжин хот дахь Хятадын Газар зүйн шинжлэх ухааны их сургуулийн мэргэжилтэн Шин Лида ярьсан байна.
Олдварын талаарх судалгааны өгүүлэл шинжлэх ухааны “Ichnos” сэтгүүлд нийтлэгджээ.



