Австралийн баруун өмнөд эрэгт болсон ослын үеэр 13 настай хүү хэдэн цагийн турш догшин давалгаатай тэнгист сэлж, ээж болон хоёр дүүгийнхээ амийг аварсан нь олны талархлыг хүлээгээд байна.
Тухайн гэр бүл Баасан гарагт Баруун Австралийн Географын буланд сэлүүрт самбар, каякаар зугаалж явах үед хүчтэй салхинд туугдан, эргээс ойролцоогоор дөрвөн километрийн зайд далайд гарч төөрсөн талаар цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Нөхцөл байдал хүндэрч байгааг ойлгосон өсвөр насны хүү тусламж дуудах зорилгоор эрэг рүү буцахаар оролдсон ч түүний каяк ус авснаар цааш явах боломжгүй болсон байна. Иймд тэрээр харанхуйлахын өмнөхөн догшин давалгаатай тэнгист үлдсэн дөрвөн километр замыг сэлж туулан эрэгт хүрч, аврах албанд дохио өгчээ.
Австралийн Naturaliste сайн дурын тэнгисийн аврах албанаас “Энэ гэр бүлийн үзүүлсэн тэсвэр хатуужил, зориг, ялангуяа дөрвөн километр замыг сэлж туулан тусламж дуудсан хүүгийн эр зориг үнэхээр гайхалтай байлаа” хэмээн мэдэгдсэн байна.
Аврах ажиллагааны үр дүнд ээж болон хоёр хүүхдийг аюулгүйгээр эрэгт гаргаж чаджээ.
Эх сурвалж: BBC



