Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр үзүүлсэн хүний биеийг угааж хатаадаг “хүн угаалгын машин”-ыг 2026 онд худалдаалж эхэлнэ гэж зохион бүтээгчид нь мэдэгджээ.
Угаалгын өрөө, шүршүүрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Science Co” компанид зохион бүтээсэн уг угаалгын машиныг ахмад настнуудын асрамжийн газруудад ирэх оны гуравдугаар сараас нийлүүлж эхлэх бол бусад хэрэглэгчдэд 2026 оны эцэс гэхэд борлуулж эхлэх ажээ.
Энэхүү машин нь “хэрэглэгч болон асран хамгаалагчдын аль алиных нь ачааллыг хөнгөвчилнө” гэж Осака хотод байрладаг тус компанийн захирал Аояма Ясүаки хэллээ. Тэгш өнцөгт хэлбэртэй ваннтай төстэй уг төхөөрөмжид хэрэглэгчид хажуугийн хаалгаар нь орж суугаад усанд орох юм.
Биеийн жижиг завсрууд руу орохуйц жижиг бөмбөлөг үүсгэдэг “нарийн ширхэгт бөмбөлөг”-ийн технологийг ашигласнаар уг машин нь шампунь хэрэглэхгүйгээр, үрэхгүйгээр бүтэн биеийг угааж цэвэрлэх боломжийг олгох бөгөөд нэг удаа усанд ороход 10 орчим минутын хугацаа шаардагдах ажээ. Энэхүү машиныг 1.45 сая иенээр /9200 ам.доллар/ худалдаална.
“Бид хүний угаалгын машины бодит хувилбарыг бүтээсэн бөгөөд энэ нь таны толгойноос эхлээд хөл хүртэл цэвэрлэх болно” гэж А.Ясүаки хэлжээ. Хүний угаалгын машин бүтээх санаа анх 1970 оны Осакагийн экспогийн үеэр гарч байжээ. Энэ жилийн үзэсгэлэнд оролцсон 1300 орчим зочин уг төхөөрөмжийг туршиж үзсэн байна. Тус компани уг технологийг арилжааны зорилгоор ашиглах хүсэлтийг дотоодоос болон хилийн чанадаас хүлээн авчээ.
Эх сурвалж: Kyodo



