x

Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого” гээд хариуцлага хүлээлгэвэл Монголд ардчилал хүнд байдалд орно

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Чуулган завсарласан энэ хугацаанд гишүүд хуулийн төсөл дээрээ ажиллах боломж гардаг. Таны хувьд одоо ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ. Ирэх хаврын чуулганд хэрхэн оролцох төлөвтэй байна вэ?

-Чуулган завсарласан үед хуулийн төсөл дээр төвлөрч ажиллах боломж харьцангуй сайн гардаг. Ялангуяа тойргийн бус, жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хувьд хууль боловсруулах ажилд илүү цаг зарцуулах боломж байдаг юм байна. Харин тойргийн гишүүдийн хувьд орон нутаг, тойрог дээрээ ажиллах ачаалал ихтэй байдаг нь ажиглагддаг. Миний хувьд УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахтай холбоотой хуулийн төслийг бэлтгээд, “D parliament”-д байршуулаад байна. Одоо УИХ-ын даргаас тов авч, хуулийн төслөө өргөн барихаар бэлтгэж байгаа гэсэн үг. Энэ хуулийн төслийн гол агуулга нь хэрэв УИХ-ын гишүүн хэлэлцэж буй хууль тогтоомжтой холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн хуулийн ажлын хэсэгт оролцохгүй байх, мөн санал хураалтад оролцохгүй байх. Хамгийн гол нь эдгээр мэдээлэл нээлттэй, ил тод байх ёстой гэсэн зарчим юм. Одоогийн нөхцөлд ийм мэдээлэл ил тод биш, хаана ч бүртгэгддэггүй сул тал бий. Тиймээс энэ асуудлыг хаврын чуулганаар оруулж, шийдэх бодолтой байна.

-Хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барих боломжтой гэж үзэж байна уу?

-Тийм. Одоо УИХ-ын даргаас тов авч, хэлэлцүүлэгт оруулах л үлдээд байна. Заалтын хувьд маш цомхон, томоохон олон өөрчлөлт ороогүй, ойлгомжтой хуулийн өөрчлөлт байгаа.

-Одоогоор та ямар ажлын хэсгүүд дээр ажиллаж байна вэ?

-Би хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Гэхдээ манай ажлын хэсэг хараахан хуралдаж амжаагүй байна.

 

Гишүүдийн ирц хүрэлцэхгүй, орон нутагт ажиллаж байгаа зэрэг шалтгаанууд байна. Мөн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл дээрх ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх зэрэг холбогдох байгууллагуудтай уулзаж, санал авч, судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байгаа.

-Тойргийн гишүүд тойргоороо яваад иргэдийн аж амьдрал ямар байгааг сонсоод ирж байна. Харин жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хувьд иргэдийн санал хүсэлтийг хэрхэн авч ажиллаж байна вэ?

-Голчлон цахимаар авч байна. Одоогийн нөхцөлд цахимаар хангалттай мэдээлэл ирж байна шүү дээ. Үүнээс гадна би долоо хоногт 1-2 өдөр заавал орон нутагт өөрөө очиж ажилладаг. Жишээ нь даваа, мягмар гарагуудад Эрдэнэт хотод ажиллах гэх мэтээр зохион байгуулдаг. Нөгөөтэйгүүр жагсаалтын гишүүд дур мэдэн аль нэг тойрог дээр очоод иргэдтэй уулзах гэхээр манай тойргийн гишүүд жаахан дургүй байдаг юм билээ. Тиймээс иргэдтэй уулзахад хязгаарлагдмал байдалтай байдаг юм байна.

-Өнгөрсөн намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна вэ. Ямартаа ч бужигнаантай байдлаар төсвөө баталсан. Энэхүү бужигнаан энэ хаврын чуулганаар үргэлжлэх үү?

-Улс төрийн бужигнаан хавар үргэлжлэх үү гэдгийг би одоо хэлж мэдэхгүй. Харин би намрын чуулганы хувьд төсөв дээр маш сэтгэл дундуур байгаа. Бидэнд илүү боломжит, илүү оновчтой төсөв батлах нөхцөл байсан. Гэтэл тэвчиж болох зардлуудаа тэвчээгүй, анхаарах ёстой салбаруудаа хангалттай анхаараагүй. Үүний горыг одоо бид бүгд амсаж байна. Хорин нэгдүгээр зуунд бүгд лаа, шүдэнзтэйгээр л амьдарч байна шүү дээ. Тэгэхээр төсөв яаж батлагдсан гэдгийг хүмүүс мартаагүй байх гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр багш, эмч нарын цалинг нэмсэн гэж ярьж байгаа ч бодит байдал дээр энэ асуудал маш их маргаан дагуулсан хэвээр байна, тийм үү. Үйлдвэрчний эвлэл, эрүүл мэнд, боловсролын салбарынхан гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Зарим орон нутагт, жишээ нь 22 эмчтэй байгууллагын цалингийн сан 18 орон тоонд тааруулж ирсэн гэх мэт бодит хүндрэлүүд гарч байгаа юм билээ. Ингэснээр хүмүүсийг халж байж цалин нэмсэн мэт ойлгомжгүй нөхцөл үүсч байна. Эдгээр асуудлаар сайд нараас тодруулахад дорвитой хариу авч чадахгүй байгаа. Чуулган завсарласан нэрийн дор асуудлууд тодорхойгүй хэвээр үлдэж, хүндрэлүүд улам мэдрэгдэж байна.

-Гороо амсаж байна гэлээ. Сүүлийн 10 гаруй жил танай нам дангаараа эрх барьсан. Энэ хугацаанд дорвитой бүтээн байгуулалт, өөрчлөлт хийсэнгүй гэж шүүмжлүүлж

байна. Сөрөг хүчний зүгээс ч Засгийн газар, зарим сайд нарт хариуцлага тооцох ёстой гэсэн шүүмжлэл нэлээд яригдаж байгаа. Та энэ байр суурьтай хэрхэн санал нийлж байна вэ?

-Үнэндээ яг шийдэх болохоороо сөрөг хүчин өөрсдөө ч шийдүүлдэггүй. Бодит байдал дээр бол бүгд л хамтдаа төсвийн мөнгийг хувааж авдаг тогтолцоо явж ирсэн. Сөрөг хүчинд ч бодитоор асуудлуудаа “шийдье” гэсэн хүсэл эрмэлзэл байгаагүй гэж би харж байна. Сая төсөв хуваарилах явцыг харлаа. Бүгд л тойрог руугаа зам барина, соёлын төв барина гээд мөнгөө хувааж авсан. Харин 2025 оны төсвийн хувьд бид анх удаа тойрогтой холбоотой нэг ч төсөв тавихгүй, харин стратегийн ач холбогдолтой салбарууддаа төвлөрье, түгжрэлийн асуудлыг шийдье, эрчим хүч, станцуудын асуудлыг шийдье гэж оролдож үзсэн. Ингэж анх удаагаа тойрогт хуваарилахгүйгээр төсвөө баталж үзсэн. Гэхдээ бусад үед бол төсөв батлах болгонд л бүгд тойргийнхоо асуудлыг барьж орж ирдэг хуучин тогтолцоо давамгайлж ирсэн. Тиймээс би “сөрөг хүчин” гэж тусад нь яриад байх үндэс бага гэж үздэг. Тэдэнд ч ийм бодит хүсэл зориг байгаагүй.

-Өөрөөр хэлбэл, нийгмийн хандлага, шахалтыг дагаад улс төр хийж байна гэж харж байна уу?

-Тийм. Ерөөсөө л нийгмийн хандалт, олон нийтийн уур амьсгалыг дагаад улс төр хийж байна гэж харж байна.

-Та хуульч мэргэжилтэй гишүүн хүний хувьд асууя. Намрын чуулганы төгсгөлд Үндсэн хуулийн Цэц, Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудлууд гарч, дараа нь зарим хүнийг яллагдагчаар татах, хилийн хориг тавих зэрэг процесс явагдлаа. Энэ бүхэн хуулийн хүрээнд явагдаж байна гэж та үзэж байна уу?

-Надад төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого хийсэн гэх бодит мэдээлэл байхгүй. Гэхдээ цахим орчинд төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл явж байна. Харин хуулийн агуулгын хувьд авч үзвэл, Эрүүгийн хуульд заасан “төрийн эрх мэдэл” гэдэг ойлголт нь Үндсэн хуулиар тодорхойлогдсоноор Улсын Их Хурлыг хэлдэг. Засгийн газрыг өөрийг нь дангаар нь төрийн эрх мэдэл гэж ойлгохгүй. Тэгэхээр энд Их хурлын үйл ажиллагаанд хэн саад хийсэн бэ, хэн хөндлөнгөөс оролцсон бэ гэдгийг л бид харах ёстой. Нөгөө талдаа хэрвээ Засгийн газрыг огцруулах санал гаргасан хүмүүсийг “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого” гэж үзээд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж эхэлбэл, цаашид Монгол Улсад ардчилал маш хүнд байдалд орно.

Монгол Улсын хувьд төрийн эрх мэдлийн дархлааны үндэс нь парламент өөрөө. Гэтэл тухайн үед парламентыг хуралдуулахгүй, бойкот хийж, үйл ажиллагааг нь гацаасан үйл явдлууд болсон. Гэхдээ энэ тухай хүмүүс өнөөдөр дурсахгүй байна. Хуралдсан бол “тийм”, эсвэл “үгүй” гээд санал хураалт явагдах бүрэн боломж байсан. Харин Их хурлын үйл ажиллагааг санаатайгаар гацаасан үйл явдал өөрөө хууль ёсны байсан уу, үгүй юу гэдгийг эргэж харах, хариуцлага тооцох цаг нэг өдөр ирнэ гэж найдаж байна.

-Тэгэхээр одоо үүсгэсэн хэрэг, зүйлчлэлийн хувьд буруу байна гэж үзэж байна уу?

-Тийм. Зүйлчлэл нь таарахгүй, зориудын шинжтэй байж магадгүй гэж би хувьдаа харж байна. Тагнуулын байгууллагын харьяаллын хэрэг болчихоор хэн ч шалгаж чадахгүй, баримт материал ил болохгүй, ямар ч өмгөөлөгч бодитой ажиллах боломжгүй болдог. Би өмнө нь өмгөөлөгч байсан хүний хувьд үүнийг сайн мэднэ. Тиймээс зориуд тагнуулын шугамаар оруулж, хэн ч энэ асуудал дээр байр суурь илэрхийлэх боломжгүй болгож байгаа юм болов уу гэсэн хардлага төрж байна.

-Тодруулж асуухад, Х.Булгантуяа гишүүн, УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандорж нарын хувьд хууль зөрчсөн үйлдэл үнэхээр байгаа гэж та үзэж байна уу?

-Энэ асуудал аль хэдийнэ Үндсэн хуулийн Цэцээр шийдэгдсэн. Процессын хувьд би хууль зөрчөөгүй гэж харж байгаа. Харин саналын томьёоллын хувьд хууль зөрчсөн гэдгийг ҮХЦ шийдсэн. Гэхдээ ҮХЦ анх удаа УИХ-ын саналын томьёолол, санал хураалтын асуудлаар ийм шийдвэр гаргасан. Урьд өмнө нь ийм жишиг байгаагүй. Мөн маш богино хугацаанд, өмгөөлөгч авах боломж олголгүйгээр, тухайн хэрэгт оролцсон хүмүүсийг нэг талаар гомдол гаргагч, нөгөө талаар оролцогч байдалтай байхад нь процессоос хасаж, зөвхөн гэрчийн байр суурьтай оролцуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. ҮХЦ бол ямар ч тохиолдолд шударга ёсыг хангаж шийдвэр гаргах ёстой. Харин энэ тохиолдолд тэр шалгуурыг хангаж чадаагүй.

-Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг нь шинээр шүүх байгуулна гэсэн үг үү?

-Дагнасан шүүх байгуулах шийдвэрийг өмнөх парламентын үед гаргасан. Шүүх нь аль хэдийнэ байгуулагдсан ч түүнийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн зохицуулалт нь одоо л орж ирж байна. Хуулийн төсөл 11-12 дугаар сард орж ирсэн, харин хаврын чуулганаар батлахаар зорьж байна. Гэхдээ ганц хууль батлаад болчих асуудал биш. Үүнтэй дагалдах олон хууль, зохицуулалтыг хамтад нь харах шаардлагатай.

Бэлтгэх, судлах ажил их бий. Энэ шүүхийг зүгээр “гэр бүлийн шүүх” гэхээс илүүтэй “хүүхэд, гэр бүлийн шүүх” гэж ойлгох ёстой. Учир нь хүүхэдтэй холбоотой асуудлыг тусад нь, онцгойлон авч үзнэ. Хэрэв хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдвол ердийн насанд хүрэгчдийн шүүхээр биш, зөвхөн энэ дагнасан шүүхээр шийдвэрлэнэ. Тиймээс стандарт, шаардлага нь насанд хүрэгчдийн шүүхээс огт өөр байх ёстой. Энэ бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ гэдгийг харах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл болон холбогдох байгууллагууд дээр ажиллаж байна.

-Ийм дагнасан шүүх олон улсад түгээмэл байдаг уу?

-Маш түгээмэл. АНУ, Япон, БНСУ зэрэг оронд гэр бүл, хүүхдийн асуудлыг дагнасан шүүхээр шийддэг тогтолцоо аль хэдийнэ төлөвшсөн. Учир нь нэгдүгээрт, хүүхдийн асуудал яригдаж байгаа учраас насанд хүрэгчдэд хамаарах стандартаас өөр хандлага, шалгуур хэрэгтэй гэж үздэг.

Саяхан бид Японы судлаач, шүүгч нартай уулзсан. Японд хүүхдэд хэзээ ч Эрүүгийн ял оногдуулдаггүй. Харин манайд хүүхдийг насанд хүрэгчтэй адил шүүхээр оруулж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Энэ бол хүний эрх, хүмүүнлэгийн хувьд эргэж харах ёстой асуудал. Ер нь хүүхдийн эрхийн хүрээнд олон зүйл өөрчлөгдөх шаардлагатай.

-Аж ахуйн нэгжүүдийн дансыг хаасантай холбоотойгоор татварын хууль тогтоомж дээр ажиллаж байгаа гэж сонссон. Уг асуудлаар яг ямар өөрчлөлт хийхийг зорьж байна вэ?

-Аж ахуйн нэгжийн дансыг татварын улсын байцаагч дур мэдэн хаадаг практикийг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. Одоогийн зохицуулалтаар татварын улсын байцаагч, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага өөрөө ААН-ийн дансыг хаах шийдвэр гаргадаг.

Миний байр суурь бол ийм шийдвэрийг заавал шүүхийн мэдэлд өгөх ёстой. Үүн дээр Сангийн яамтай нэлээд маргаан үүсэх байх гэж харж байна. Уг асуудлыг аж ахуйн нэгжүүд маань мөн дэмжээсэй гэж бодож байна. Тиймээс ойрын хугацаанд хуулийн төслийн танилцуулгуудыг бэлтгэж, олон нийтэд нээлттэй танилцуулахаар төлөвлөж байгаа.

Ер нь дансаа хаалгасан аж ахуйн нэгжүүдийн асуудал одоо ямар байдалтай байгаа бол. Энэ талаар та судалгаа, мэдээлэл авсан уу?

-Татварын ерөнхий хуульд татварын улсын байцаагч ААН-ийн дансыг дангаараа хаах эрхтэй байгаа. Үүнийг өөрчлөх ёстой. Манай УИХ-ын даргын уриа “чөлөөлөх” шүү дээ. Миний хувьд ААН-ийн дансыг татварын байгууллагын шууд эрх мэдлээс чөлөөлөх ёстой гэж үзэж байна. Хэрэв асуудлыг шүүхээр шийддэг бол ААН-д илүү боломж нээгдэнэ. Татварын байгууллага “Данс хаах үндэслэлтэй” гэдгээ шүүхэд нотолно, ААН өөрийн байр сууриа илэрхийлнэ. Харин гуравдагч этгээд болох шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Одоогийн байдал бол цэвэр захиргааны дарамт.

ААН татварын байцаагчтай маргах бодит боломжгүй. Маргалаа ч дараагийн шатанд мөн л татварын байгууллага өөрөө шийддэг. Үүний улмаас ААН-үүдийг дарамтлах нэг хэрэгсэл болтлоо данс хаах арга хэмжээ ашиглагдаж байна. Тиймээс үүнийг зайлшгүй өөрчлөх ёстой гэж харж байгаа. Судалгааны хувьд, 22 мянган ААН-ийн дансыг хаасан гэх тоо бодитой юу гэдгийг одоогоор шалгаж байна. Албан бичгээр мэдээлэл хүсэхээр татварын байгууллага хэр хэмжээний мэдээлэл өгөх вэ гэдгийг ч бас харж, хүлээж л байна.

Э.МӨНХТҮВШИН, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Орос цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцов 43 мин Өсвөрийн таван сумоч “Хакүхо кап” тэмцээнд оролцоно 46 мин Өсвөр үеийн жирэмслэлт, үр хөндөлтийн асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг зохион байгууллаа 47 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 1 цаг 0 мин Өвлийн XXV олимпын наадам Милан хотноо эхэлнэ 1 цаг 4 мин Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого” гээд хариуцлага хүлээлгэвэл Монголд ардчилал хүнд байдалд орно 1 цаг 35 мин Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүнд ойлгосон 1 цаг 43 мин Цөлжилттэй тэмцэх COP17 хурлын уриаг зарлалаа 3 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 3 цаг 15 мин Сонгинохайрхан дүүрэгт хөв цөөрөм байгуулна 3 цаг 48 мин Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг дэлхийд таниулах боломж нээгдлээ 18 цаг 36 мин 2026 оны Олимпын багийн хувцасны загварууд 18 цаг 41 мин АНУ чухал ашигт малтмалын олон улсын эвсэл байгуулна 18 цаг 46 мин Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана 18 цаг 47 мин Нийслэлийн камержуулалт хэрэг илрүүлэлтийг 10-20 дахин хурдасгажээ 18 цаг 48 мин Тэргүүн Шадар сайд Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав 18 цаг 49 мин Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ 19 цаг 0 мин Гавьяат тамирчин Б.Цэвээндаш 1600 км-ийн гүйлтээ эхлүүллээ 21 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 22 цаг 0 мин УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 22 цаг 0 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ... Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлыг зохион байгу...
Top