Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн Японы Токио хотын “Тоёота Арена”-д маргааш эхэлнэ.
Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас өсвөрийн таван тамирчин оролцохоор арлын Японыг өчигдөр зорив. Тодруулбал, 9 насны ангилалд 33 дугаар сургуулийн сурагч У.Эрдэнэдалай, 10 насанд Баянхонгор аймгийн Д.Дүүрэнсаран, 11 насанд Баянхонгорын Ц.Хишигбаяр, 12 насанд Хөвсгөлийн Н.Сүнгэрэл, 13-15 насанд нийслэлийн 115 дугаар сургуулийн сурагч Р.Дэлгэрмөрөн нар дасгалжуулагч Г.Наранбатын удирдлагад оролцоно. Энэ удаагийн тэмцээн анх удаа эмэгтэйчүүд болон насанд хүрэгчдийн ангилал нэмэгдсэнээрээ онцлогтой бөхөөд зөвхөн Японы бөхчүүд л уг ангилалд барилдах аж. Өсвөрийн сумо бөхийн тэмцээнд 20 орчим орны 1000 гаруй бөх оролцохоор мэдүүлэг өгчээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн тэмцээнд 15 орны 1000 өсвөрийн сумоч барилдаж байсан юм.




