x

“Нийтийн жуулчлалын эцэг” Томас Кукийн адал явдал

Өнгөрсөн долоо хоногт бид Дэлхийн аялал жуучлалын өдрийг тэмдэглэсэн билээ. “Нийтийн жуулчлалын эцэг” Томас Кук зөвхөн аль болох олон нутаг нэгтнээ архи уухаа хаяасай гэж хүссэн юм. Ингээд гайхамшигтай менежер болсон баптист шашины лам Аялал жуулчлал гэсэн дэлхийн шинэ аж үйлдвэрлэлийг эхлүүлсэн анхдагч болжээ. 

- «Томас Кук ба хүү» агентлагийн аяллын чиглэлүүдийн сурталчилгааны зурагт хуудсууд -

Хилийн чанадад Кукийн контор гэж бий

Хэрэв Таныг  уйтгар эзэмдээд

Та гэнэтхэн ертөнцийг үзэхээр хүсвэл,

Таити арал, Парис, Памирыг  хармаар байвал,

Кук таны төлөө ганцхан минутын дотор

Кают өрөөг хөлөг онгоцонд бэлтгээд өгнө

Таны хойноос онгоц эсвэл тэмээг  ирүүлээд,

Тансаг буудалд халуун ваннтай, оронд чинь

Өглөөний хоолтой өрөөг бэлтгээд өгнө.

Уул, тал,

Умарт, өмнөд,

Дал мод, шилмүүст модыг

Кук танд үзүүлнэ.

- С. Маршакын Мистер Твистер шүлгээс -

Томас Кук алхаагаа хурдасгав. Араас нь гудамжны хараал урсана. Хөөж явсан хулигаан  замын захын адууны ясны овоолго дундаас хүнд яс аван шидэв. Яс хүзүүг нь онож Томас газар унав. Хурдан босоод тэр хулигааны өөдөөс явлаа. Тэр зугтлаа. 

- Томас Кук -

Орон нутгийн Согтууралтай тэмцэх нийгэмлэгийн идэвхтэн иймэрхүү зүйлтэй бишгүй тааралдана. Томас гэр бүлийн хамт суурьшсан Лестершир гүнтний аймгийн Маркет-Харборо хотын согтуу хулигаанууд түүнд заналхийлж, заримдаа гэр орных нь цонх руу чулуу шидэлнэ. 1830-аад онуудаас Британи даяар архидалттай тэмцэх олон нийтийн кампани эхэлсэн байв. Идэвхтнүүд  хот тосгоноор яван архины хор хөнөөлийн талаар лекц уншин  архичдын уурыг хүргэдэг байв. Зоогийн газар,  мөнхийн ядуурал, фабрикийн хүнд хүчирт тээртсэн ажилчид  орой бүр зуу татдаг  болсон байв. Дунд ангийнхан ч нийгмийн ундаа болгон  спиртээр зугаагаа  тайлдаг болжээ. Өмнө нь баптист шашины  лам байсан Томас Кук, энэ гажиг үзэгдлээс аль болох олон хүнийг салгах хүсэлтэй байсан  юм.

Лестершир: Санаа төрөв

1841 оны зургадугаар сарын нэгэн өдөр Кук, Эрүүл амьдралын нийгэмлэгийн хурал болох Лестер хүртэл 15 милийн замыг явганаар туулжээ. Энэ замдаа тэрээр хэрхэн ямар  янзаар олон хүнийг эгнээндээ татах вэ гэж бодож явлаа. Хүмүүсийн мэдлэгийн хүрээг тэлэх хэрэгтэй, гэтэл суралцах хүсэл тэр болгонд байдаггүй. Томас өөрийн  жижиг хэвлэх үйлдвэрт эрүүл амьдралын тухай тохимол хэвлэн хотод тараадаг байв. Тэр ажилчдын оройн сургуультай хамтран ажиллаж лекц уншин зугаалга зохион байгуулж байв. Гэвч тэр нь хангалттай үр дүнд хүрсэнгүй. Хүмүүсийг уушийн газраас гаргахын тулд тэдэнд жинхэнэ баяр хэрэгтэй. Түүнд нэгэн санаа төрөв. Галт тэргээр олныг хамруулсан экскурс зохион байгуулбал ямар вэ? Лестерт ирээд тэр санаагаа цугларсан олонд хэлээд дэмжлэг авав. 

- Кукын компанийн «Маср» уурын хөлөг  онгоцноос жуулчид Нил мөрний эрэгт бууж газар нутагтай танилцах  морин аялал хийх гэж  байгаа нь -

Инженер Ричард Тревитик уурын тэрэг  зохион бүтээж туршсан XIX зууны эхний арван жилд Кук төржээ. 1825 онд Британийн анхны, мөн дэлхийн анхных болох галт тэрэг явж эхлэн зорчигчдыг Дарлингтон-Стоктон гэсэн 40 км-ын замаар зөөж эхэлжээ. Британийн төмөр замын сүлжээ 1841 онд 2857 километр хүрчээ. Гэтэл олон хүн түүнийг  ер бусын техникийн шинэ үзэгдэл гэж хүлээн авсан хэвээр байлаа. Зарим нэг нь төмөр замаар явахад галзуурдаг гэж ярьдаг байжээ. Их хурд тархинд аюултай гэх мэтээр шуугина. Төмөр замын компаниуд  шинэ сэтгэгдэлтэй болох гэсэн хүмүүст хоёр хотын хооронд ирж очих экскурсийг зохион байгуулж байлаа. Жишээлбэл 1840 онд мянга гаруй хүн Уэйдбрижаас Бодминд галт тэргээр очин цуутай алуурчинг цаазлахыг  харсан байдаг.  Ийм л санааг Томас Кук авч, Лестерээс Лафборо  хот руу Архитай тэмцэх улирал бүрийн хурлаар зугаатай аялал явуулах болжээ.

“Төвийн нутгийн төмөр замын компаниуд” галт тэрэгний аяллын реклам хийлгэх сонирхолтой байсан учир унааг нь гаргаж байлаа. Кук зарлал  хэвлэж, аялалд  хүссэн бүгд л оролцож болох байлаа. Тасалбар хөнгөлөлттэй том хүн нэг шиллингээр, хүүхэд хагас шиллингээр явах боломжтой байсан юм. Түүхч Сьюзан Мейжор бичсэнээр хөвөнгийн үйлдвэрийн ажилтны долоо хоногийн цалин 10 шиллинг 6 пенс байсан ажээ.

  - Томас Кукын жуулчид Египтэд -

1841 оны долдугаар сарын 5-нд олон тооны хийх юмгүй хүмүүсийн үдэлт дор 500 гаруй дэгжин хувцасласан хүмүүс галт тэргэнд суун замдаа гарав. Аялагчдыг долоон настай хүү Жон Мейсоны хамт Томас Кук толгойлон явлаа. Дүрэмт хувцастай гуулин хөгжмийн хамтлаг дагалдан явлаа. Тэднийг Лафбород  бас хөгжимчид, туг  далбаатай хүмүүс угтан авч хотын захаар оруулав. Тэд тэнд крикет зэргийн хөдөлгөөнт тоглоом тоглон бүжиг наадам хийжээ. Архидалттай тэмцэгчид галтай үгээ хэлцгээн спиртээс татгалзах нь  эрүүл мэнд, түрийвч хоёрт хэрхэн ашигтайг ухуулж байлаа. “Эрүүл нийгмийн талд  тангараг өргөгсөд гараа өргөөрөй!” гээд л хуралдааны дарга Томас Кук  дараагийн арга хэмжээний хөтөлбөрөө танилцуулж байлаа. Кукийн анхны жуулчид их л баяр хөөртэйгээр 22:30 цагт Лестердээ эргэн ирцгээжээ. 

- Иерасалим хот дахь “Томас Кук ба хүү” аяллын агентлагийн тасалбарын касс -

Британийн арал: Жуучлалын бизнесийн анхдагч

Томас Кук хожим дурсахдаа, энэ экскурс нь “зөвхөн Лестерширт ч биш  бүх орон даяар ихээхэн сонирхол татсан” гэж ярьсан байдаг. Тэр Лестерт шилжин суурьшиж, архигүй нийгэмлэгийнхээ төлөө иймэрхүү хэдэн арга хэмжээ зохион байгуулан өөрийн нэрийг өргөж авсан юм. Ингээд тэр 1845 оноос  арилжааны аяллуудыг зохион байгуулах болов. Анхны жуулчлалын аяллыг тэр боомт хот Ливерпульд хийлгэлээ. Жуулчлалд оролцогсдод уурын хөлөг онгоцоор аялах мөн Сноудон ууланд гарах нэмэлт үйлчилгээг үзүүлжээ. Тэр үеэр Томас үйлчлүүлэгч нартаа  анх удаагаа очих газруудын танилцуулгатай эмхэтгэл тараасан нь Кукын алдартай замын танилцуулгуудын эхнийх нь байлаа. Өмнө нь түүнд  ашгийн хэд хэдэн эх сурвалж байсан юм. Тавилга  хийж, номын худалдаа явуулдаг байжээ. Мөн архи дарс хэрэглэдэггүй хүмүүст зориулсан  хөөрхөн зочид буудалтай, түүндээ  гэр байшингийнхаа талыг  оруулсан байв. Харин нэг их удалгүй,  экскурс зохион байгуулах нь түүний  үндсэн бизнес болжээ.

1840-өөд оноос алдартай болоод байсан нэг өдрийн аяллаас илүү холын,  илүү цаг хугацааны аяллын талаар тэр бодож эхлэв. Ингээд Британийн арлын романтикуудын шүтээн болсон сэр Вальтер Скоттын романуудын баатрууд ба яруу найрагч Роберт Бернсийн эх орон Шотландад  аялагчдыг авч явахаар шийдсэн байв. Дунд ангийнхан ба ажилчдад ч боломжийн үнэ хөлстэй аяллыг тэр 1846 онд санал болгон зарлажээ. Тийм аялал баячуудад хүртэл тансаглал мэт санагдаж байв. Лестераас Шотландын хотууд хүртэл төмөр зам байгаагүй учраас Кук жуулчдыг галт тэргээр Флитвуд хүртэл яваад тэндээс усан онгоцоор Ардроссан хот хүрэх, дараа нь тусгай галт тэргээр Глазгод очихыг арай гэж ятгаж чадав.  

- XIX зууны жуулчид Гиз дэх Хеопсийн пирамид дээр -

- Зөвлөлтөд айлчлахыг рекдамдсан “Кукын  конторын” товхимол, 1936 он -

Замдаа тээвэр дамжих аялал нь тухайн цагтаа зөгнөлийн ажил шиг л байв. Орон нутгийн холбоо нь зөвхөн шуудангаар дамждаг. Шинэ зохион бүтээлийн цахилгаан телеграфаар Слау-Лондоны галт тэрэг л тоноглогдсон байлаа. 1844 онд  түүгээр  40 минутын турш хатан хаан хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тухай Виндзорын ордны мэдээ явсан нь шинэ бүтээмжийн үр дүнг харуулсан дуулиан болж байлаа. Ингээд телеграфын мэдээний хөгжил эхэлжээ.

Туршилтын аялал бүтэлгүйтэв. Эхлээд тасалбарууд  удаан зарагдлаа. Дараа нь гэнэтхэн 350 хүн аялахаар болов. Тэднийг арай гэж  хоёр усан онгоцонд багтаав. Хөлөг онгоцны байр хүрэлцээгүй учир олон хүн чийгтэй, хүйтэн шөнийг онгоцны задгай талбайд өнгөрүүлэв. Төмөр замын станцуудад цагдаагийнхан  зорчигчдыг галт тэрэгнээс гаргаагүй нь бас нэг олиггүй сэтгэгдэл төрүүлэв. Шотландын хотуудад тэднийг Кукын хүчин зүтгэлээр дуу хөгжимтэй угтан дайлсан ч Кукт маш их гомдол ирсэн байв. Кукын аяллын нэр хүнд унасан ба тэр дампуурал хүртэл зарласан түүхтэй. 1840-өөд оны сүүлчээр л тэр бизнесээ сэргээж, Лондоны Дэлхийн үзэсгэлэнг зохион байгуулагчдаас нэлээдгүй ашигтай захиалга авсан байна.

Хөгжлийн шат: Кукаас өмнөх замын танилцуулгууд

Манай эриний үеийн 180 оны орчим

Эртний хамгийн алдартай замын хөтөлбөр нь грек Павсанийн эвлүүлсэн “Элладын зураглал” гэсэн 10 боть юм.  Эртний Грекийн зохиолч өмнө гарсан  утга зохиолоос Грекийн урлаг, уран сайнхны  мэдээллийг нэгтгэсэн ба  өөрийн ”аялал жуучлалын” туршлагын мэдээллийг  уншигч нарт өгч чаджээ.

IV  зууны эхний хагас

“Бордосын итинерарий” хамгийн эртний энэ төрлийн  хадгалагдан үлдсэн христийн  шинжлэх ухааны зохиол юм. Итинерарий гэдэг нь ариун газруудаар даяанчдыг зуучлан явдаг хүнд  зориулсан заавар юм байна. Бүтээлийг зохиогч орчин үеийн Бордо буюу эртний Бурдигалаас Иерусалим хүрч Европт эргэн ирэх өөрийн замыг бичжээ.

XII зууны эхэн

Игумен (шашины хэргэм) Даниел, Константинополиор дамжин Палестинд хийсэн даянчлалаа эртний орос аян замын бичлэгийн хэлбэрээр өөрийн замын тэмдэглэл болгон, заримдаа зөвлөмж оруулан бичжээ.

1611 он

XVII зуунд Европын залуу язгууртнууд дунд хэд хэдэн орноор аялах  гран-тур гэсэн том аяллаар боловсролоо төгсгөх моод дэлгэрсэн байв. Европын орнуудаар аялсанаа бичсэн Томас Кориатын буянаар тэр заншил Британид тогтсон байлаа.

1740-өөд онууд

Оросын эзэнт улсын дурсгалт газруудаар аялах анхны хөтөлбөр хэвлэгдсэн нь “Санктпетербургийн эзэн хааны шинжлэх ухааны академийн танхимууд, Номын сангууд ба Кунсткамер дахь уран сайхны бүх эд зүйлийн богино тайлбарыг хийсэн, тэдгээрийг харах хүсэлтнүүд ба хорхойтнуудад зориулсан зохион бичлэг” гэсэн урт нэртэй байв.

XIX зууны эхэн

Английн зохиолч эмэгтэй Мариана Старк Италиар аялах  аялагчдын гарын авлага зохион түүхэн дурсгалт газруудын чансааг тогтоосон юм. Түүнийг нь Жон Мюррейн хэвлэлийн газар ба бусад дагалдагчид нь одоор оруулан зээлдсэн байв.

1827 он

Карл Бедекер Германы Кобленц хотод өнөөгийн хөтөлбөрүүдийн эхлэл болох замын нэгтгэсэн лавлахуудыг гаргах хэвлэлийн газар байгуулжээ.  Эдгээр лавлахууд-бедекерүүд нь чухал үнэн мэдээлэлтэй бөгөөд өнөөдөр ч Европт ихээхэн алдартай.

Лондон: Дэлхийн үзэсгэлэн

 - Томас Кук хижээл насандаа -

“Бүх ард түмний аж үйлдвэрийн ажлуудын аугаа үзэсгэлэн” нэртэй арга хэмжээ нь  хатан хаан Викториягийн нөхөр жонон Альбертын хайртай төсөл бөгөөд 1851 онд хийхээр төлөвлөгджээ. Олон улсын ийм төрлийн үзүүлбэрүүдийн анхных нь болсон юм. Зохион байгуулагчид нь зардлаа нөхөж чадахгүй гэж айгаад жуулчлалын шилдэг агентлагуудыг, тэдний тоонд төв Англиас жуулчдыг авчирч байсан Томас Кукыг үнэ хайрлахгүйгээр татжээ. Зочид буудлын талаар зөвлөмж өгч байсан Кук үйлчлүүлэгч нартаа хямд буурчийн газруудыг өөрөө зохион байгуулжээ. Үзэсгэлэнгийн үеэр үнэ өснө гэсэн буудлын эзэд түүнтэй тохиролцох дургүй байлаа. Тэгээд Кук механикуудын клубын том байрыг зун түрээслэн авч 1000 ортой тусгай унтлагийн өрөөнүүдтэй, тасалгаануудыг бий болгов. Нэг хоноход  1,4 шиллингийн хөлстэй байв. Үзэсгэлэнг сурталчлахаар Томас Кук дэлхийн анхны жуулчлалын тухай Excursionist сэтгүүлийг санаачлан гаргасан нь дэлхийн II  дайн хүртэл хэвлэгдэж байлаа. Үзэсгэлэн маш амжилттай явагдсан ба хагас жилийн дотор түүнийг зургаан сая хүн үзжээ. Томас Кукын буянаар  165 мянган зочид Лондонд ирцгээсэн байлаа.

Бүхэл бүтэн ертөнц: Дэлхийг тойрохуй 

- Лестер хотын төмөр замын буудал дахь Томас Кукын хөшөөг уран бүтээлч Жеймс Уолтер Батлерын зураг төслөөр 1994 онд босгожээ -

Эх орондоо баттайгаар хөл дээрээ тогтож авсан Томас Кук эх газарт нэвтэрч эхлэв. Түүний Швейцари, Италид жуулчлуулах аялал ихээн алдартай байв.Томасын хүү Жон Мейсон Кук жуулчлалын тасалбарын тааламжтай  системийг гарган ирэв. Жуулчид  авансаар  тээвэр, буудал, хоол хүнснийхээ мөнгийг төлөөд дараа нь  зөвхөн түүнийгээ баримтжуулж байв. Гадаадад мөнгө солин зарлага гаргахаа тэд больсон нь жуулчдад ашигтай байв. Жон энэ шинэ аргыг өрсөлдөгч Генри Гейзаас авч хэрэглэсэн ба тэр нь Кукынханд амжилттай болсон юм. Өрсөлдөгч нь ноу-хаугаа ашиглаж чадсангүй.

Дараа нь Кук Ази, Африк руу нэвтэрч чадлаа. Кук эхлээд жуулчдыг Египет ба Ариун газар нутаг Палестинд илгээж байлаа. Жон Мейсон Америкийн чиглэлийг эзэмшиж эхэлжээ. Том Кукын хамгийн оргил гэгдэх аяллыг 1972 онд зохиов. Тэр нь дэлхийн анхны арилжааны  тойрон аялал байсан юм. Тэрбээр дөрвөн англи, дөрвөн америк, тус бүр нэг орос, грек нийлсэн 10 хүнийг авч явжээ. Гэхдээ хүүгийнх нь ажил хэрэгч чанар л  Кукын компанийг дэлхийн зэрэгт хүргэв. Жон Мейсон салбаруудаа дэлхийгээр нээж, тээвэр, буудалд хөрөнгө оруулж байв. Кукын контор 1896 оны анхны олимпийн тоглолтод үйлчилсэн байв.

«Томас Кук ба хүү»  агентлаг маш их алдар хүндтэй болон  түүнийг үндэслэгч Томосыг галт тэрэг, хөлөг онгоц, багц аяллууд, замын хөтөлбөрийн эцэг гэж тооцдог. Ер нь бол тээврийн хөгжлийн үед олон нийтийн аялал жуучлалаар олон хүмүүс  туршилт явуулж байлаа. 1928 оноос хойш компани Томасын үр садынх биш болсон. Гэхдээ тэр нь Оросын хүүхдийн алдартай зохиолч Самуил Маршакт Мистер Твистерийн тухай шүлгээ 1933 онд бичихэд нь саад болоогүй. Өнөөдөр Thomas Cook Group компани нь жуулчлалын томоохон үйлчлэгч бөгөөд 2016 он гэхэд түүний санхүүгийн эргэлт 7,8 тэрбум фунт болсон байв.

- “Томас Кук” нисэхийн компани агаарын хөлөг -

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 2 мин Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 2 цаг 4 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 2 цаг 14 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 2 цаг 14 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 2 цаг 15 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цаг 17 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 2 цаг 19 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 2 цаг 20 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 4 цаг 3 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 4 цаг 5 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 4 цаг 6 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 4 цаг 7 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 4 цаг 12 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 4 цаг 13 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 5 цаг 2 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 5 цаг 3 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 5 цаг 10 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 5 цаг 11 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 5 цаг 14 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 6 цаг 6 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top