x

Л.Гантөмөр: Сөрөг хүчний дуу хоолойг парламентад хүргэхийн тулд сүүдрийн Засгийн газрын түвшинд ажиллана

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа.

-Арчилсан намыг эвлэрсэн гэж ойлгож болох уу. УБЕГ-т бүртгэлтэй гэрчилгээ, тамга тэмдэг нь бидэнд бий гээд байдаг М.Тулгат, С.Эрдэнэ дарга нар хуралд оролцсонгүй шүү дээ?

-Хамгийн эхний зарчим нь АН-ын удирдлагууд хамтарч ажиллах хэрэгтэй. Ямар ч үед хамтарч ажиллаж байж л Монголын төлөө байна шүү дээ. Салж сарних тухай ойлголт байхгүй, үүнийг хатуу ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, АН-ын аливаа маргааныг гишүүд нь хагалах хэрэгтэй. Манай нам 200 мянган гишүүнтэй. Эдгээр гишүүдийг төлөөлж байгаа хүмүүсээс маргаж байгаа нь гарын арван хуруунд багтах цөөн хүн бий. Дээд тал нь 20 гэж бодъё. 200 мянган хүний өмнөөс 20 хүн зодолдоод байж болохгүй. Тиймээс 200 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг нь учиртай. Асуудал шийдэгдсэн гэж би хувьдаа дүгнэж байгаа. 330 сум, 200 гаруй үүр, есөн дүүргийн төлөөлөл бүрэн сууж байгаад 95 хувийн ирцтэйгээр намын их хурлаа хийлээ. Таван хувь нь ирээгүй. Мэдээж тэд өөр бодолтой байж болно. Төлөөлөл нь ирээд яриад шийдсэн. Улс төрийн нам гэдэг бол дэмжигч гишүүдийн байгууллага. Тиймээс гишүүд нь асуудлаа шийднэ.

Бид хоёр зарчим барьж байгаа. Нэгдүгээрт, нийлж нэгд. Хоёрдугаарт, гишүүдээрээ шийдүүл. Энэ хоёр зарчмыг тунхаглах хэрэгтэй.

Гуравдугаарт, залуу үе болон гишүүдээ хохироож болохгүй. Эдгээр хүмүүсийн санал, хүч, буянаар олон жил УИХ-ын гишүүн, сайд, дарга хийсэн хүмүүс тэднээсээ асуухгүй маргалдаад суугаад байж болохгүй. Таны асуултдаа дурдсан хүмүүс болон бусад бүх оролцогч нарт хувийн асуудал, байр суурь байхгүй болов уу гэж би харж байгаа. Бидний байр суурь бол ерөөсөө л гишүүдийнхээ төлөө, тэдний санал, шийдлээр явна. Өөр арга байхгүй.

-Их хуралд оролцоогүй хүмүүс тамга тэмдгийн хэрүүл гаргахыг үгүйсгэхгүй. Хэрвээ маргаан гарвал яах вэ?

-Эцсийн шийдвэр гарчихлаа. АН-ын гишүүдийн саналаар Их хурал бүрэлддэг. Намын их хурлын гишүүдийн саналаар асуудал шийдэгддэг. Саяны хурлын процессыг дэлгэрэнгүй хэлэхэд хоёр жилийн хугацаанд явсан маргаантай шийдвэрүүдийг эцэслэсэн.

Жишээлж хэлбэл, УИХ дээр хуулийн зөрчлийг арилгаж, хуулийн уялдааг гаргах хууль баталдаг. Тэглээ гээд зөрчилтэй байсан хуулиуд тухайн цаг үедээ үйлчилсэн тухай маргаан байдаггүй. Тэр бол үйлчилдэг. Тэгэхээр урьд нь гарсан намын маргаантай асуудал хүчин төгөлдөр байжээ гэж харж байгаа юм. Энэ Их хурлаар тодорхой хэсгийг хүчингүй болгож, тодорхой хэсэг дээр нь Их хурал өөрөө дэмжиж шийдвэр гаргалаа.

Тухайлбал, цахим сонгууль хүчингүй гэсэн шийдвэрийг намын Их хурал гаргачихлаа. Үүнийг би юмуу, эсвэл намын хэн нэг хүн гаргасангүй. Намын Их хурлын гишүүд ийм саналтай байна. Санал хураалтын байранд очиж цаасаар өгсөн саналаа өөрсдөө хамгааллаа. Цаасаар санал хурааж ялсан О.Цогтгэрэл дарга саналаа баталгаажууллаа. Тэгэхээр миний санал бол О.Цогтгэрэл намын дарга нь юм бол М.Тулгатыг дэд даргаар уриад ажиллуулаач ээ гэж байгаа. Процессын засвар хийх гэж байгаа бол ингэж засах хэрэгтэй. Тэрний тал, энэний тал гэдэг талцалд нэг мөр цэг тавьсан хурал болсон гэдэгт би итгэлтэй байгаа.

-Та их эмзэг цаг үед намын генсекээр томилогдож байна. Ажлаа юунаас эхэлнэ гэж төлөвлөж байна?

-Хоёр зарчим байна. Нэгдүгээрт, ажил хэрэгч улс төрийн хүчин байхыг зорьж байна. Хоёрдугаарт, боловсрол төвтэй улс төр хийнэ. Ажил хэрэгч улс төрийн хүчин байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өнөөдрийн нийгэм, цаг үеийн байдалд байнга судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Судалгаагаар гарсан датаг ашиглаж тодорхой бодлогуудыг боловсруулах ёстой. Тиймээс судалгааны төвүүдтэй хамтарч ажиллана. Хамтарч ажиллах судалгааны төвүүдээ удахгүй зарлана. Төр засаг ямар шийдвэр гаргаасай гэж хүсч байгааг иргэдийн амьдрал, сэтгэл санаа, санаа бодолд тулгуурласан судалгааг сар бүр хийнэ.

Хоёрдугаарт, АН-ын дэргэд Стратеги судалгааны хүрээлэн байгуулагдана. Энэ хүрээлэн нь судалгаа хийдэг, бодлого боловсруулдаг бүх эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллаж тодорхой бодлого боловсруулна. Бидний хүч хүрэхгүй бол гадаадын судалгааны байгууллагуудыг ч дайчилна. Нэг үгээр хэлбэл, бодитой судалгаанд үндэслэж бодитой бодлогын хариуг гаргана. Гарсан хариугаа УИХ-ын бүлгээрээ дамжуулж хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэр болгож батлуулна. Ингэж бид ажил хэрэгч, улс төрийн хүчин байна. Бидэнд УИХ-ын 13 суудал байна. Чамлахаар чанга атга гэж үг бий. Байгаа нөөцөө бүрэн дайчлах хэрэгтэй. Агаарт бодол санаагаа цацаад байдаг хүмүүс бид биш. Бодитойгоор, цаасан дээр төсөл төлөвлөгөөгөө гаргаж, хуулийн төслөө хийж, УИХ-д өргөн барьдаг, Засгийн газарт шахалт үзүүлдэг, санал санаачилга гаргадаг, нээлттэй сонсгол явуулдаг, санал хураалтад өөрсдийнхөө бодлогын баримт бичгийг оруулдаг болъё.

Гуравдугаарт, улс төрийн бусад намуудтай хамтарч ажиллана. Өөрсдийнхөө бодол санаа, дуу хоолойг нийгэмд хүргэж байгаа тэр улс төрийн хүчнүүдтэй хамтарч 2024 оны сонгуульд амжилт гаргах ёстой. МАН-ын Засгийг өөрчлөх хэрэгтэй. Одоо л салхи оруулахгүй бол монголчуудын ирээдүй сайн сайхан харагдахгүй байна. Дабль стандартыг алга болгоё гэж байгаа Э.Одбаяр, Д.Монголхүү болон асуудалд ямар нэгэн байдлаар шийдэл гаргаж, нийгмийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай байнга хамтарч ажиллаж, 2024 оны сонгуульд хамтарч оролцоно.

-Боловсрол төвтэй улс төр хийнэ гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Бид хүний нөөцийн бодлогоо боловсролын суурин дээр хийнэ. Нэг үгээр хэлбэл, бид өөрсдөө хүмүүсээ сургаж, хөгжүүлж, зорилготой болгож амжилтад хүргэе гэж байгаа. Залуучуудаа бид амжилтад хүргэх хэрэгтэй. Ардчилсан намын нэг үүрэг бол Монголын төрд очих залуу үеийн лидерүүдийг бэлдэж өгөх ёстой. Залуучууд үзэл бодолдоо үнэнч, түүнийгээ хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Тэднийг өөрсдийнх нь тойрогт таниулж, өөрсдийнх нь иргэний нийгэм рүү оруулж өгөх хэрэгтэй. Бид тэр хүмүүсийн хийж байгаа ажилд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх ёстой. Баг дээр хэн яаж амьдрах юм бэ, хороо дээр ямар амьдрал өрнөх юм бэ, юугаараа онцлог байх юм бэ.

Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Г.Отгонбаатар шиг Засаг дарга, удирдлагууд Монголын төрд байх ёстой. Монголын төрд ар өврийн хаалгаа эсвэл мөнгө санхүүтэй, удам угсаагаараа очдог энэ байдлыг халах хэрэгтэй. Боловсрол төвтэй улс төрийн бодлогыг хийж, хүний нөөцийн зөв шийдлүүдийг гаргаж, үүнийхээ үр дүнд бид Монгол Улсын төр, засгийн хүний нөөц шударга, ил тод зарчимтай байх улс төр рүү бүрэн шилжилт хийнэ.

Дүгнэж хэлэхэд, бид хурдтай явахгүй бол асар их хоцорчихсон байгаа. Нөгөө айл бараг бариандаа орж байна. Бид дөнгөж хөдөлж байна.

-АН сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэж олон нийт шүүмжилж байна. Хүчтэй сөрөг хүчин болохын тулд бүлэгтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ?

-МАН-ын бүлэг 63 гишүүнтэй. Энэ бүлгийн гишүүдэд үйлчилж байгаа нь Монголын Засгийн газар. Засгийн газар. Үүний цаана хэдэн зуун мянган хүн энэ хүмүүст үйлчилж байгаа. АН-ын бүлэг яагаад сул харагдаж байна гэхээр ард нь үйлчилдэг хүмүүс, иргэний нийгэм, аппарат, үйл ажиллагаа алга. Тиймээс л ажил хэрэгч улс төрийн хүчинг АН-ын бүлгээр бий болгоно. Тэр бүлгийг бид бодлого болон бусад дэмжлэгээр хангах ёстой. Бүлэг дээр бид Монголын иргэний нийгмийн оролцогчдыг хөтөлж аваачиж өгөх ёстой. Тэдний дуу хоолойг сонсож мэдээллээр хангах хэрэгтэй.

Жишээлбэл, бүлгийн гишүүдийг боловсрол, эрүүл мэндийн салбар, хүний эрхийн зэрэг байгууллагуудтай уулзуулах ёстой. Өөрөөр хэлбэл, бид бүлэгтээ үйлчлэхгүй бол бүлэг бидэнд үйлчлэхгүй. Мэдээллээр дутагдана, үзэл санаа, үйл хэргээр дутагдана. МАН-ын 63 гишүүнд хэн үйлчилж байгааг бид тодорхой харах хэрэгтэй. Наанадаж л 14 сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар байна. Бодлого боловсруулж байгаа энэ хүмүүс бүгдээрээ тэдэнд үйлчилгээ үзүүлж байгаа. Бодлогын бичиг баримтыг боловсруулж өгч байна. Хууль бичиж өгч байна. Хэлэх үгийг нь бэлдэж өгч байна. Хэвлэл мэдээллээр гарах яриаг нь хүртэл бэлдэж өгч байна. Энэ бол тэнцвэргүй тулаан. Тэнцвэргүй тулаан удаан үргэлжлэхээр парламентын ардчилал харагдахаа больчихдог. Учир нэг тал нь мэдээллийн хомсдолтой, дэмжлэггүй. АН сөрөг хүчний дуу хоолойг парламентад хүргэхийн тулд бид сүүдрийн Засгийн газрын түвшинд бодлогын баримт бичиг боловсруулах, чадвар, чансааг өөр дээрээ авах ёстой.

Тэр ажлыг их богино хугацаанд хийнэ.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга шинэ нам байгуулах асуудал нийгэм, улс төрийн орчинд ил болох шиг боллоо. Хэрвээ нам байгуулбал өөрийг нь дэмждэг, дагадаг АН-ын дэмжигч, гишүүдээсээ намдаа элсүүлэхийг үгүйсгэхгүй. Үүний эсрэг юу хийх юм бэ. Ер нь яаж намын гишүүд дэмжигчдийн итгэлийг сэргээх юм бэ. АН-ын нэр хүнд унасантай холбоотойгоор олон нийтийн АН-д итгэх итгэл алдарч байна шүү дээ?

-Гишүүдтэйгээ бид ажиллана. Намын их хурал хуралдлаа. Хурлын мэдээллийг их хурлын төлөөлөгчид очиж мэдээлж, өөрийн намын гишүүдэд тайлагнана. Тайлагнасны дараа намын гишүүдийнхээ саналыг авна. Саналыг авч ирэхийг АН-ын ХЭГ-ийн бүрэлдэхүүнд өгсөн. Нөгөө талд бид судалгааны байгууллагуудтай ажиллана. Манай намын гишүүд юу хүсч, сонирхож байгааг намын шугамаар бус хөндлөнгийн судалгаагаар татаж авна. АН-ыг эв нэгдэлтэй байлгахын төлөө бүх хүчээ дайчилна. Х.Баттулга нам байгуулах гэж байгаа юм байна гэсэн хов живд итгээд явахыг би хүсэхгүй байна. Тэр хүн тэр байр сууриа илэрхийлсэн үед л итгэнэ үү гэхээс биш наана нь таамаг дэвшүүлж, түүнд тааруулж хийнэ гэж байхгүй. АН бол улс төрийн хүчний хувьд 30 жил бойжчихсон. Ийм хэмжээний намыг бойжуулж гаргах 30 жил гэдэг бол хэцүү. Учир нь эрх барьж байгаа намын өөрийнх нь хүч ямар байгааг бүгд харж байгаа. Энэ хүчний өөдөөс ямар ч хүчтэй нэг хоёр хүн хөдлөөд нэмэргүй. Үүнийг ч бүгдээрээ ойлгож байгаа. Үүний өөдөөс улс төрийн том нэгдэл хөдөлнө.

Тиймээс бүх улс төрийн намуудтай нэгдье гээд байгаа юм. 2024 оны сонгуульд МАН-ын эсрэг ганц улс төрийн нам тэмцэнэ гэдэгт эргэлзэж байна. Бид хөдөлж чадаагүй байгаа учраас ийм эргэлзээ надад байна. Тиймээс таамаглал, хов жив, хүмүүсийн маргаан дээр суурилсан улс төрийн шийдвэрийг манай нам гаргахгүй байгаасай гэж би хүсч байна. Бид АН-ыг цул болгох шийдвэрүүд, уриалгыг гаргах хэрэгтэй. Үүний тулд АН-аас төрсөн улстөрчид хамтдаа байх орчныг бүрдүүлэх ёстой. Хэн нэгний талд ороод чавчаад байж болохгүй. Хэн нэгнийг дэмжээд суугаад байж болохгүй.

-Та бүтцээ ямар шалгуураар хэрхэн бүрдүүлэх гэж байна?

-Ажил хэрэгч улс төрийн хүчин байна гэхээр маш сайн туршлагатай, бодлогын бичиг баримт дээр суух чадвартай хүн хэрэгтэй. Тиймээс би З.Нарантуяа гишүүнийг урьсан. З.Нарантуяа насаараа банкинд ажиллачихсан. Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байсан. УИХ-ын гишүүнээр дөрвөн жил зүтгэсэн, АН-ын дэд даргын албыг хашиж байсан, судлаачдын дунд өөрийн гэсэн байр суурьтай. Би ийм л хүмүүсийг сонгож авч байгаа. Өөрөөр хэлбэл, миний бодлого боловсруулах түвшинд тулж түшиж ажиллах хүн З.Нарантуяаг гэж харж байгаа. Мөн Х.Тэмүүжинг урьсан. Ажиллуулна. Х.Тэмүүжин боловсрол төвтэй улс төр, хүний нөөцийн зөв схем, сургалтууд, хөгжлийн асуудал зэрэгт төвлөрч ажиллах болов уу гэж найдаж байгаа. МХАҮТ-ын дарга О.Амартүвшинтэй хамтарч ажиллана. Ямар ч хэлбэрээр байж болно. Бид Монголын эдийн засгийг авч явах, хувийн хэвшлийнхэнтэй нүүр тулах хэрэгтэй. Тэр хүмүүст ямар орчинг бид өгөх вэ, дундаж давхаргаа яаж баталгаажуулах вэ, яаж хүмүүсийнхээ орлогыг нэмэгдүүлэх вэ гэдэг асуудалд хувийн хэвшлийг зангидаж байгаа, тэдэнтэй хамтарч чаддаг улс төрийн зүтгэлтнүүдтэй хамтарч ажиллая гэж бодож О.Амартүвшинд санал тавьсан.

Үүнээс гадна Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх байсан Ч.Өнөрбаярт санал тавьсан. Ямар хариу ирэх нь тодорхойгүй байна. Гэхдээ Ч.Өнөрбаяр залуучуудын төлөөлөл болж хуулийн шинэчлэлд амжилттай сайн ажиллана гэдэгт итгэж байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан Ө.Шижирт санал тавьсан. Залуу үеийнхэн дунд өөрийн гэсэн байр суурь, үнэлэмжтэй залуу. Олон нийтийн ажил хийгээд сурчихсан. Иргэний нийгмийн байгууллагуудтай өргөн хүрээнд ажиллаж чадна. Ажил хэрэгч улс төрийн хүчин байхын тулд иргэний нийгэмтэй бид хамтарч ажиллах ёстой гэж түрүүн хэлсэн шүү дээ. Энэ талд Ө.Шижир илүү туршлага хуримтлуулсан гэдэгт итгэж байгаа. Манай намын нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Гантулгыг урьсан. Төрийн бүтцийн өөдөөс ямар бүтэц ажиллах вэ гэдгийг маш тодорхой бодлогыг хийж өгч чадна гэж бодож байгаа.

Монголчуудын ажил хөдөлмөр эрхлэх боломж, бололцоо давуу талыг бий болгоход ажиллана гэдэгт итгэж байгаа. Дахиад ч дөрөв, таван хүнд санал тавина. Ер нь бол бүгдээрээ хамтдаа байя гэдэг зарчим барьж байгаа. Хүмүүс намайг фракцуудын төлөөлөл татаж байна гэж байгаа. Бидэнд хамтдаа байх нь хамгийн чухал байна. Салаад сарниад явбал бүгдээрээ алдана. Хамтдаа нийлж, нягтарвал хүсч мөрөөдөж байгаа ажил хэрэг, хүслээ биелүүлж чадна. Юу мөрөөдөж байгаа юм бэ, ямар нийгэм хүсээд байгаа юм бэ, юуны төлөө гэж бодоод хувийн амьдралаа хойш тавиад улс төрд оролцоод байгаа юм бэ. Энэ итгэл үнэмшлээ ажил хэрэг болгоход нь АН тусалдаг байх хэрэгтэй. Бидэнд үнэт зүйл байгаа. Үнэт зүйлээ хамгаалах ёстой. Тэр бол хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, үг хэлэх эвлэлдэн нэгдэх эрх чөлөө. Энд бүх оролцогчид хатуу байр суурьтай байх ёстой.

Дараагийн чухал асуудал бол хөгжил дэвшил. Дахиад гурван зарчим байна. Нэгдүгээрх нь, парламентын засаглалыг хайрлаж, хамгаалж явах ёстой. Хөгжил дэвшлийн төлөө байх хэрэгтэй. Ардчиллаа бид аврах ёстой. Ардчилал гэдэг бол бүх хүний тэгш оролцооны ойлголт шүү дээ. Тэгш оролцоо гэдэг зүйл алга болчихоор нийгэмд нэг хэсэг хүмүүс гарч ирдэг. Энэ бол бусад улс оронд жишээ нь, Энэтхэгт кастын систем гараад ирсэн байх жишээний. Ардчилал алга болохоор анги давхарга үүсч эхэлдэг. Ямар ч давхаргын хүн эрх чөлөөтэйгөөр улс төр, эдийн засгийн үйл хэрэгт оролцдог ийм тогтолцоо цаашаа явах ёстой.

-Таван нам нэгдэж АН үүссэн. АН-ын лидерүүд муудалцахад гишүүд ч тэднийг дагаж байна. Тэдгээр лидерүүдийг үзэл санаан дээрээ нэг цул болгохын тулд юу хийх вэ?

-Би олон жил энэ хүмүүсийн дунд явсан. Тэд бол үзэл санаан дээрээ нэг цул байгаа. Монголчуудын эрх чөлөөний төлөө тэд бүгд зогсоно. Харин үйл хэрэг, арга барил дээрээ зөрөөд байгаа юм. Тэгэхээр арга барилын зөрүүг хэрүүл маргаан болгомооргүй байна. Бид боловсрол төвтэй улс төр хүний нөөцөөрөө намынхаа янз бүрийн арга барилын зөрүүг багасгана. Шийдвэр, шийдлийн зөрүү байгаа. Нийгмийн салбар бол бодлого бодоход олон хариу гардаг салбар шүү дээ. Шинжлэх ухааны салбар бол нэг л хариу гардаг. Олон хариутай ажил учраас олон хариу гаргачихаад байгаа хүмүүсийн хариу бүрт ач холбогдол өгч болохгүй. Сайн хариултыг цаг үе өөрөө авч ирдэг. Нийгэм өөрөө авч ирдэг. Тиймээс бид олон хүний оролцоотой хэлэлцүүлэг хийж, олон хүний гол үзэл санаагаа алдахгүй, үнэт зүйлээ гээхгүй шийдлээ гаргаад явна. Энэ бол маш прагматик ойлголт.

-Өмнө танаас ярилцлага авч байхад хамтын удирдлагатай болох хэрэгтэй гэж хэлж байсан. Үүнийгээ ажил хэрэг болгох уу?

-Дүрмэндээ өөрчлөлт оруулаад, нам нь шийдвэрээ гаргадаг байх шийдэл рүү орно. Бодлого боловсруулахдаа намын удирдах зөвлөлөөр дамждаг байх зарчим руу орохоос өөр аргагүй. Гэхдээ бид АН-ын чөлөөт сэтгэлгээг үлдээх тал дээр анхаарах хэрэгтэй. Хамтын удирдлага руу орно гэхээр хуйвалдаан хийх нь гэж ойлгодог. Хуйвалдаан руу оруулахгүйн тулд чөлөөт сэтгэлгээтэй хүмүүсээ яаж хайрлаж, хамгаалахаа тодорхой болгох ёстой. Чөлөөтэй сэтгэж дуугарч байгаагаа хэрхэн хамгаалах юм гэдэг нь чухал.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 8 цаг 8 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 9 цаг 5 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 11 цаг 57 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 12 цаг 15 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 14 цаг 26 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 14 цаг 38 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 14 цаг 47 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 15 цаг 1 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 15 цаг 6 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 15 цаг 25 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 15 цаг 44 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top