x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордонд болж байгаа “Төрийн албан хаагчдын үндэсний чуулган”-д оролцогсдод мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордууллаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: 

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,

Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,

Хүндэт зочид оо.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгын төлөө эрдэм чадлаа зориулан буй төрийн албан хаагчид та бүхэнд Монгол Улсын Төрийн албаны өдөр болон төрийн албаны төв байгууллага Төрийн албаны зөвлөл байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Их эзэн Чингис хааны үр хойч монголчууд бидний төрийн албаны түүхэн уламжлал Төв Азийн цээжинд нүүдэлчдийн байгуулсан анхны төрт Хүннү гүрнээс эхтэй.

Мянга мянган жилийн түүхтэй монгол төр үеийн үед эрдэм чадалтай, энэрэх сэтгэлтэй, үнэнч шударга шилдэг иргэнээ шилэн сонгож, тохоон томилж, төрдөө зүтгүүлж, түмэндээ үйлчлүүлж, өндөр үүрэг, өргөн хариуцлагыг оноож ирсэн түүхтэй.

“Эрдэмт хүн улсын чимэг, зүтгэлт хүн төрийн чимэг” хэмээх ардын сайхан үг бий. Монгол төрийн албаны түүх бол эрдэм мэдлэгтэй, чинхүү зүтгэлтэй монгол төрийн албан хаагч нэг бүрийн түүх мөн.

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,

Манай улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаар иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх эрх зүйн үндэс тавигдаж, 1994 онд Төрийн албаны тухай хуулийг баталж, биелэлт, хэрэгжилтийг нь зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, маргааныг хянан шийдвэрлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн албаны төв байгууллагыг байгуулж, өдгөө 30 жилийн ойтой золгож байна.

Анх Төрийн захиргааны албаны зөвлөл нэртэй байгуулагдсан Төрийн албаны зөвлөл өнгөрсөн 30 жилийн хугацаанд салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийгмийн өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх, холбогдох журам, стандартыг батлан мөрдүүлэх, төрийн албаны шинэтгэл, стратеги, хүний нөөцийн бодлогыг үр дүнтэй зохион байгуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

Энэхүү өндөр хариуцлагатай үүргийг чин сэтгэлээр, нэр төртэй гүйцэтгэж ирсэн үе үеийн Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье!

Цахим сонгон шалгаруулалт, албан тушаалын стандартчилал, хүний нөөцийн аудит, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, чадавхад суурилсан мэргэшлийн тогтолцоо, ёс зүйн шинэ механизмыг бүрдүүлэх их үйл хэргээр 30 жилийн ойгоо угтаж буй Та бүхэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Монгол төрийн албан хаагчид аа,

Төрийн алба бол аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалан бэхжүүлэх үндэс мөн.

Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, тогтвортой хөгжил нь төрийн албан хаагч нэг бүрийн үүрэг хариуцлага, хичээл зүтгэлээс шууд хамааралтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн албаны хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлж, мэдлэг, чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах бодлого санаачилгыг тууштай дэмжиж, төрийн албыг улс төрөөс ангид, мэргэшсэн, тогтвортой, ард иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байхад онцгой анхаарч ирсэн.

Цаашид эх орноо хөгжил дэвшилд хөтлөх чадамжтай, зөв бүтэц, зохион байгуулалттай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоох, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэе.

Тэрчлэн Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний дүнг байгууллагын дотооддоо нээлттэй мэдээлж байхаар журамласнаа цаашид улам өргөтгөн олон нийтэд ил тод болгохоор ажиллаж байгаа нь сайшаалтай.

Ингэснээр төрийн албан хаагч үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэх, чадахуйн зарчимд үндэслэн албан тушаал, зэрэг дэв ахих, төрийн албан хаагчдын шагнал урамшуулал шударга хуваарилагдах болон төрийн улс төрийн албанд шилжин ажиллах албан хаагч төрийн албаны мэдлэг, ёс суртахууны бэлтгэл хангагдах зэрэг өндөр ач холбогдолтойг цохон тэмдэглэж байна. Энэ бол хэрэгжих ёстой зарчим мөн болно.

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,

Төрийн албан хаагчдын нэр хүндийг өсгөх, төрд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэхэд төрийн албан хаагчийн дотоод эв нэгдэл, харилцан итгэл, харилцан хүндэтгэл чухал үүрэгтэй.

Төрийн албан хаагч бүр монгол төр, ард түмэн, үндэсний язгуур эрх ашгийн төлөө хүчин зүтгэж буйгаа гүнээ ухамсарлаж, хов жив, гүжир гүтгэлгээс ангид, эв эетэй, төрийн албан хаагчийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж, сахин хамгаалж, монгол төрийн түүхэнд зөв мөртэй, шударга үйлстэй байх учиртайг сануулъя.

Төрийн албан хаагчийн манлайллыг дээшлүүлэх, менежментийг сайжруулах, нээлттэй засаглал, цахим шилжилт, авлигаас ангид байх зарчим, стратеги, хүний нөөцийн бодлогыг төгөлдөржүүлэхэд энэ удаагийн чуулган үр дүнгээ өгнө гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.

Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 9 цаг 57 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 9 цаг 58 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 9 цаг 59 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 10 цаг 3 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 10 цаг 4 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 10 цаг 7 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 10 цаг 8 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 10 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 10 цаг 12 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 12 цаг 5 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 12 цаг 13 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 12 цаг 18 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 12 цаг 21 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 12 цаг 22 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 12 цаг 24 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 12 цаг 25 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 14 цаг 1 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 14 цаг 5 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 14 цаг 8 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 14 цаг 9 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top