x

Г.Нарантуяа: Монгол улсын иргэн ямар ч үед гэртээ ирэх эрх, боломжтой байх ёстой

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяатай гадаадад “гацсан” монголчуудын асуудлаар ярилцлаа. 

-Эх орондоо ирэх гээд чадахгүй гадаадад гацсан олон мянган иргэн байна. Манай улс нэн шаардлагатай гэж үзсэн иргэдээ л хүлээн авч байгаа нь зөв үү. Энэ асуудалд хүний эрхийн үүднээс ямар зохицуулалт хийх ёстой юм бэ? 

-2020 оны гуравдугаар сараас хойш Монгол Улсын хилээр орох, гарах хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар эх орондоо эргэж ирэх хүсэлтээ илэрхийлсэн Монгол Улсын 6561 иргэн гадаадад байгаагийн 1600 орчим нь “Яаралтай эргэж ирэх шаардлагатай” гэж бүртгүүлжээ. 

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын иргэн ямар ч тохиолдолд, тэр тусмаа цар тахлын үед эх орондоо эргэж ирэх эрхтэй, энэ боломжийг төрөөс бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Аль ч улс орны төр засаг өөрийн иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахад бүх анхаарлаа хандуулж, тухайн улсад түр оршин сууж байгаа хүмүүсийн эрх ашгийг доод эрэмбэд шилжүүлж байгаа энэ үед хүн өөрийн эх орноосоо хамгаалалт хүсэхгүй бол өөр хаана хандах вэ. 

Иргэнийх нь амь нас, эрүүл мэндэд аюул тулгарсан ийм үед л төр нь хүнээ хамгаалахгүй бол өөр ямар үед хамгаалах вэ. Нэг ёсондоо гадаадад гацсан хүмүүсийн асуудлаар бид Монгол хүн ямар үнэ цэнтэй, монгол Улсын төр засаг ямар мөн чанартай болохыг шалгуулж байна. Үндсэн хуулиар шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж нэрлээд хүмүүнлэг нийгэм бий болгох зорилгыг тунхагласан. 

Энэ улсад иргэн нь төрөөсөө эрхэм байх эрэмбийг илтгэж, Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөний зарчмуудыг төрийн эрх барих дээд байгууллагуудын өмнө тунхагласан. 1976 онд Монгол Улс нэгдэж орсон олон улсын гэрээ болох Иргэний, улс төрийн эрхийн пактын дагуу хүний эх орондоо эргэж ирэх эрхийг цар тахлын улмаас хязгаарлаж болохгүй. Олон улсын гэрээ бол Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд Үндсэн хуулийн дараа, бусад хууль тогтоомжийн түрүүнд ордог.

-Хүний эрхийн үндэсний комисст гадаадад байгаа монголчуудаас гомдол, мэдээлэл хэр их ирж байна вэ. Комисс ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Цар тахал, хөл хорионы нөхцөл байдалтай холбоотой 100 орчим гомдлыг иргэдээс ирүүлсний 61 нь гадаадад байгаа монголчуудаас иржээ. Олон улс орныг дамжиж, үр хүүхдээ дагуулаад тусгай үүргийн нислэг үйлдэгдэх улс, хотод ирсэн, орон байргүй, визийн хугацаа дууссан, визгүй учраас ажил хийх боломжгүй болсон, өвчтэй, жирэмсэн, эх орондоо байгаа үр хүүхэд, хүнд өвчтэй аав, ээжийг асрах, нас нөгчихөөс нь өмнө ирж уулзах хүсэлтэй, цагаачлалын хорих байранд удаан хугацаагаар хоригдож байгаа зэрэг хүнд нөхцөлд байгаа хүмүүс цөөнгүй байна. 

Жишээлбэл, Чех улсад 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс гэрээний дагуу ажиллаж байгаад хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалан ажлаа солих шийдвэр гаргасан, энэ хооронд ажил солих зөвшөөрөлтэй холбоотой баримт бичиг будилснаас виз нь цуцлагдаж, наймдугаар сарын 12-ноос хойш ямар ч орлогогүй, түрээсийн байрнаасаа гарсан, дөрвөн сарын хугацаанд хаана олдсон газраа хоног төөрүүлж яваа хүн байна. 

-Тусгай үүргийн нислэгүүд хойшлогдсонтой холбоотой гадаадаас эх орондоо ирэх гэж буй иргэдэд хүндрэл нэлээд гарч байх шиг байна?

-Арваннэгдүгээр сард товлогдсон тусгай үүргийн нислэгүүд цуцлагдсанаас эдгээрт багтахаар төлөвлөсөн, нислэг үйлдэгдэх хот уруу өөр улс, хотоос хүрэлцэн ирэх хатуу нөхцөлтэй билет авсан, амьдрах орон байр, ажил төрлөө хүлээлгэж өгсөн хүмүүс санхүүгийн нэмэлт эрсдэл хүлээж, хүнд нөхцөлд байна. 

Жишээлбэл, Өмнөд Америкийн Колумб Улсын иргэнтэй гэр бүл болж, 2016 оноос хойш тус улсад амьдарч байсан боловч гэр бүлийн тааламжгүй харилцааны улмаас бага насны хоёр хүүхдийн хамт нутаг буцах шаардлагатай болсон хүн байна. Энэ эмэгтэй тусгай үүргийн нислэг хүлээж, Богота хотод салсан нөхрийнхөө ээжийнд гурван сар амьдарч байгаа, өнгөрсөн сарын 19-нд Франкфурт нисэхээр Богота- Панама- Истанбул- Франкфуртын чиглэлийн хатуу нөхцөлтэй билет авсан байсан. Нислэг хойшлогдсон учраас билетийн торгууль 105 ам.долларыг зээлээр төлсөн, мөнгөгүй болсон. 

Хадмуудын зан харилцаа хэцүү байгаагийн дээр нислэг тодорхойгүй хугацаагаар цуцлагдсан нь хоёр хүүхдийг нь авч үлдэх далим болж болзошгүй гэж эмээж буй асуудал байна. Хуульд заасны дагуу ХЭҮК Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллаа явуулах бүрэн эрх олгогдсон, гадаад улсад байгаа монгол иргэдийн асуудлаар зөвхөн Гадаад харилцааны яамаар дамжуулж, тухайн улсын төрийн байгууллагуудтай харилцах боломжтой. 

Харин Монгол Улсын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, гаргасан шийдвэр бол Комиссын хянах асуудал мөн. Гадаадад байгаа монголчуудын талаар Комисст хандсан нөхцөл байдлыг шалгаж тогтоогоод, асуудлаас нь хамаарч, ГХЯ, УОК, УОК-ын шуурхай штабт тавьж, шийдүүлж байна. 

Ер нь гадаадад байгаа монголчуудын дунд төр нь “Өөрөө учраа ол” гээд орхисон, оршин суугаа улс нь манай улсын иргэн биш гээд хаясны улмаас дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу нөхцөлд байгаа хүмүүс цөөнгүй байна. Ялангуяа төлөвлөгөөт тусгай үүргийн нислэг цуцлагдсаны улмаас хүнд нөхцөлд орсон иргэдээ хамгаалах, санхүүгийн нэмэлт эрсдэлийг төрөөс нөхөн төлөх нь шударга ёсонд нийцнэ.

-Хууль, эрх зүйн асуудлаас гадна боломж, нөхцөл гэж байна. Тусгаарлах байрны хүрэлцээ муу, дараа нь Монгол Улсад бүх нийтийн хөл хорио тогтоосон шалтгаанаар гадаадад байгаа иргэдээ татан авах ажил сатаарсан. Боломжгүй тохиолдолд яах вэ?

-Гадаад харилцааны яамны мэдээгээр өнгөрсөн хугацаанд дэлхийн 93 улсаас 27729 Монгол Улсын иргэнийг татан авчээ. Хүчин чармайлт гаргаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ илүү шуурхай, үр дүнтэй ажиллах боломж байна гэж харж байгаа. Тухайлбал, Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй нь тодорхой байх үед гадаадаас ирсэн монголчуудын албан тусгаарлалтын хугацааг 21 хоног, үргэлжлүүлээд гэрийн тусгаарлалтыг 14 хоногоор тогтоосон. 

Бусад улс орны дэглэмтэй харьцуулахад энэ бол урт хугацаа, харьцангуй хатуу нөхцөл байсан. Энэ тусгаарлалтын хугацааг тогтоосон шинжлэх ухааны үндэслэлийг олон нийтэд тайлбарлах ёстой. Тусгаарлалтын хугацааг шинжлэх ухаанчаар тооцоололгүй тогтоосон бол хүний эрхийн зөрчил болох боломжтой.

Тусгаарлах байрны хүрэлцээ муу, эмнэлгийн болон хөл хорио сахиулах алба хаагчийн нөөцийн хязгаарлагдмал байдал иргэдээ гадаадаас татан авах тоог бууруулах үндсэн шалтгаан болж байна. Соёл уламжлал, нийгэм, эдийн засгийн нөхцөлөөсөө болоод монгол айлын хүн бүр өөрийн гэсэн унтлагын өрөөгүй, харьцангуй жижиг орон байранд олон хүн амьдардаг. Иймээс албан тусгаарлалт тогтоох гарцаагүй шаардлага бий. Харин тусгаарлах байрны төлбөр, нөхцөлийг уян хатан зохицуулах замаар байрны тоог нэмэгдүүлэх боломж байсангүй юу гэдэг асуулт байна. 

-Тэгэхээр одоо яана гэсэн үг?

-Цар тахлын эрсдлийн талаар бид ямар үзэл хандлагатай байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Дотооддоо халдвар тархахыг харьцангуй удаан хугацаанд барьж чадсан нь гамшгийн удирдлагуудыг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын гавьяа мөн. Энэ хугацаанд бид цар тахалд бэлтгэх, вакцин олж авах хугацаа хожихын зэрэгцээ сонгуулиудаа явуулж төрөө төвхнүүлэх зэрэг олон чухал ажил амжуулсан. 

Гэхдээ нэгэнт бий болсон энэ вирус устаж үгүй болохгүй учраас эрсдлийг бүрмөсөн үгүй хийх боломжгүй. Хэзээ нэгэн өдөр нүүр тулах л байсан. Улсынхаа дотоодод байгаа хүмүүсээ хамгаалахын тулд гадаадад байгааг нь золигт гарах шийдэл бол хүнлэг бусаас гадна үр дүнгүй. 

Монгол Улс гэдэг улс төрийн олонлогийнхоо хувьд бид энэ эрсдлийг хамтдаа үүрэх зориг, ёс суртахуунтай байх ёстой. Бас дадал хэвшлээ өөрчилж, хөл хориогоо чанд сахиж энэ эрсдэлийг хохирол багатай даван туулахад нийгмээрээ хичээх хэрэгтэй байна. Гэртээ байгаа монгол хүн хичээх хэмжээгээр гадаад гацсан иргэд гэртээ ирэх өдөр ойртоно шүү гэдгийг бүгд ойлгох ёстой.

-Франкфуртын онгоцноос үлдсэн эмэгтэйн эрх зөрчигдсөн уу. Комисс энэ асуудлаар яаж ажилласан бэ?

-Франкфуртын онгоцноос үлдсэн иргэн Ц-гийн асуудлаар Комисст энэ сарын 18-ны өдөр мэдээлэл ирсэн. Мэдээлэл ирсэн даруйд албаны хүмүүс, гэр бүлийн гишүүдтэй нь холбогдож, иргэн аюулгүй нөхцөлд байгаа эсэхэд хяналт тавьсан. Энэ талаарх албан ёсны гомдол Комисст энэ сарын 21-ний өдөр бүртгэгдсэн. Болсон нөхцөл байдлыг тогтоох, Герман улс дахь Монгол Улсын консул иргэнээ хамгаалах үүргээ биелүүлсэн эсэх талаар шалгалт эхэлсэн.

Эх сурвалжуудын мэдээлэл зөрүүтэй байгаа. Комиссоос хүний эрхийн зөрчлийн талаар шалгалт явуулахдаа гомдол гаргагч, гомдолд холбогдогчоос хараат бусаар ажиллаж, бүх талаас нь шинжилсэн баримтад үндэслэн дүгнэлт гаргах үүрэгтэй. Гомдолд холбогдогчдын тайлбар, нийтийн сүлжээнд тавигдсан баримтуудыг үнэлсний дараа Франкфуртын нислэгээр ирсэн хүмүүсээс гэрчийн тайлбар авах шаардлага бий гэж харж байгаа. 

Гэхдээ нэг асуудал тодорхой байна. Короновирусийн халдвартай байж болзошгүйн улмаас иргэнийг нислэгт багтаагаагүй нь хүнлэг бус, шударга бус, үр дүнгүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, өмнөх тусгай үүргийн нислэгүүдээр халдвартай байж болзошгүй хүмүүсийг авчирч байсан баримт байна. Нисэх онгоц нь хэт жижиг, хүмүүсийн хоорондын зай хэт ойрхоноос өөр тохиолдолд төрийн шийдвэр нэг мөр, ялгаварлан гадуурхалтгүй байх ёстой. Мөн тухайн нислэгээр ирсэн долоон хүнээс короновирусийн халдвар илэрсэн. 

Энэ тохиолдолд иргэн Ц-г шаардлагагүй эрсдэлд оруулсан гэж үзэх үндэслэлтэй. Ер нь Короновирусийн халдварын цар тахлын хуульд заасны дагуу тусгай үүргийн нислэг үйлдэх, нислэгийн үеэр иргэдийг халдвараас хамгаалах асуудлаар УОК журам батлаж мөрдүүлэх ёстой. Энэ журам батлагдсан эсэх нь тодорхойгүй, өнгөрсөн хоёр өдөрт Комисс олж үзэж чадсангүй. Энэ сарын 22-ны өдөр гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг нэн даруй татан авах асуудлаар УОК-т Комиссын гишүүний шаардлага хүргүүлсэн. Шаардлагад эдгээр асуудлыг тусгасан.

-Монгол Улсаас гарч чадахгүй байгаа хүмүүс танайд хандсан уу?

-Гадаадад байгаа монголчуудаас гадна Монгол Улсаас явах хүсэлтэй хүмүүсийн асуудал бас бий. БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон Монгол Улсын 34 иргэн, 22 хүүхдийн хамт Комисст гомдол гаргасан. Энэ хүмүүс бол хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу холимог гэр бүлийн нөхцөлөөр БНХАУ-д нэвтрэх эрх авсан Монгол Улсын 109 иргэний нэг хэсэг. Тэдний эхний хэсэг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын хилээр нэвтэрсэн. 

Хоёрдугаар ээлжийн аяллыг өнгөрсөн сарын 13-нд товлосон байсан. Энэ хүмүүсийн зарим нь шинжилгээ өгөх, бусад бэлтгэл хангахаар Дархан-Уул аймаг, Замын-Үүд зэрэг газраас Улаанбаатар хотод ирсэн байхад нь бүх нийтийн бэлэн байдал зарлагдаж, товлосон аялал цуцлагдсан. Үүнтэй холбоотой санхүүгийн, орон байрны бэрхшээл хүндрэл үүсч, хүүхдүүд нь өвдөж, зутарч, БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсныхоо улмаас ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа тухай асуудал байна. 

Аргагүй байдалд орсон эмэгтэйчүүд орон байрны тусламж хайж, өнөө өглөө хүртэл ирж уулзаад явлаа. Энэ хүмүүсийг УОК-ын Шуурхай штабын мэдээлснээр БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрээр аяллыг нь түдгэлзүүлсэн гэж байгаа. Гэтэл БНХАУ-д байгаа энэ хүмүүсийн гэр бүлийн хүмүүс өөрийн улсын төр захиргааны байгууллагаас авсан мэдээллээр Монголын тал хөл хорио тогтоосон учир ажиллагаа зогссон гэсэн мэдээлэл өгсөн тухай Комисст гомдол гаргагчид хэлж байгаа. 

Энэ асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд яаралтай шийдвэрлэж өгөхийг энэ сарын 7-ны өдөр Комиссоос ГХЯ-нд тавьж, удаа дараа утсаар лавлаж, сануулсан. Гадаад улсад зорчих тухай энэ асуудал бол Монгол Улсад ямар нэг эрсдэл учруулахгүй, үнэхээр Хятадын тал зөвшөөрсөн бол шуурхай шийдвэрлэх бүрэн боломжтой гэж харж байна. Энэ мэт асуудлаар Монгол Улсын иргэдийн чирэгдүүлж, эрсдэлд оруулж байгаа нь хүнлэг бус явдал.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.118.155)
    Аль ч эрхийг завхөн бодит боломжит хүрээнд л эдэлнэ гэх алтан дүрэм бий, бусдын эрхийг хохироохгүйн тулд шүү
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Сарлаг хэрхэн нядлах аргачлал 12 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 19 цаг 50 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 19 цаг 54 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22 Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ 2024-04-22 Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 2024-04-22 Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ 2024-04-22 М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй 2024-04-22 Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна 2024-04-22 Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан БАЯЛАГ ба ЯДУУРАЛ
Top