Мэргэжлийн болон тэргэнцэртэй бүжигчдийн хамтарсан "Encounters" буюу “Учрал” нэртэй контемпорари бүжгийн тоглолт аравдугаар сарын 05-ны 19:00 цагт “АСЕМ вилла театр”-т болно.

Тэгш бус нөхцөл байдал, нийгмийн гарал үүслээс үл хамааран хүмүүс өөр хоорондын ялгааг хүлээн зөвшөөрч, нэгдэн холбогдоход ямар өөрчлөлт, шинэ боломжууд гарч болдгийг “Учрал” тоглолтоор үзүүлэхийг зорьжээ. Бүжигчдийн өөр өөр ур чадвар дээр суурилан тэдний харилцан ойлголцол, зохицлыг бий болгох нь бүжиг дэглэлтийн гол аргачлал болжээ. Энэ утгаараа тэргэнцэртэй болон мэргэжлийн бүжигчид хоорондын нэгдэн уусах процессыг зохиолын гол хэсэг гэж үзжээ.

Монголд анх удаа зохион байгуулагдах контемпорари бүжгийн энэхүү тоглолтын бэлтгэлийг “YET Company”-ыг үүсгэн байгуулагч, Швейцарь улсын бүжиг дэглээч Фабиан Коны удирдлага дор хийж байгаа юм.

Бүжиг дэглээч Фабиан Кон нь 2008 онд Берлиний Die Etage сургуулийг биеийн илэрхийллийн театр, үггүй жүжгийн чиглэлээр төгссөн бөгөөд контемпорари бүжиг, үггүй жүжиг, киноны салбарт чөлөөт уран бүтээлч, найруулагчаар ажилладаг уран бүтээлч юм.