Монгол төрийн эрхэм дээд бэлгэдэл болсон есөн хөлт цагаан тугийн ордон, төрийн түүхэн их чуулганы унаган гал голомт болох “Их Хуралдай” орд өргөө Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт 2025 оны 6 дугаар сарын 22-нд албан ёсоор нээлтээ хийлээ.
Түүхэн утга агуулгатай энэхүү цогцолбор нь Их эзэн Чингис хаан хан цол хүртэж, Их Монгол Улс байгуулагдах эх үндэс тавигдсан анхны Их Хуралдай болсон Онон Хурхын бэлчир газарт, байгалийн унаган төрхөд нийцүүлэн баригджээ.
“Их Хуралдай” орд өргөө нь:
-
Монгол төрийн шүтээн есөн хөлт Цагаан туг
-
Чингис хааны ургийн наран тамга, Гүег хааны дардас
-
Хаад, язгууртнуудын суудлын дэгийг харуулсан исэр сандал
-
Хүндэтгэлийн орон зай, туг хиурын зохиомж
зэргийг агуулсан бөгөөд монгол бичгээр бичсэн “Монголын нууц товчоо”, “Шар тууж”, “Асрагч нэртийн түүх” зэрэг түүхэн сурвалжийн эшлэлүүдийг хаалганы дотор талыг чимэглэн бичсэн байна.
Цогцолборыг бүтээхдээ ямар ч хадаас ашиглалгүй углуургаар барьсан нь үндэсний ур ухаан, орчин үеийн шийдлийг хослуулсан өвөрмөц бүтээл болжээ.
Төсөл нь Засгийн газрын шийдвэрийн дагуу, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн бөгөөд:
-
Барилга угсралт: “Мөнх-Өргөө” компани
-
Интерьер, уран сийлбэр: “Хангайн цагаан чулуу” компани
-
Гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ: “Мөнх-Өргөө” болон “Нутгийн баруун мод” компани гэсэн багтайгаар гүйцэтгэгдсэн байна.
“Их Хуралдай” цогцолборын нээлтийн үйл ажиллагаанд “Чингис хаан” үндэсний музейн удирдлагууд, Хэнтий аймаг болон Биндэр сумын албаныхан, нутгийн иргэд өргөнөөр оролцож, түүхэн ач холбогдолтой энэ бүтээлийг хүлээн авлаа.
Энэхүү ордон нь зүүн бүсийн түүхэн аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, монголчуудын төрийн уламжлалыг хойч үедээ таниулах, бахархал болгон дээдлэх зорилготой чухал бүтээн байгуулалт боллоо.
Эх сурвалж: ССАЖЗЯ, Хэнтий аймгийн ЗДТГ.