Өвлийн зам дээр дрифт хийж, олон нийтийн сүлжээнд бичлэг нь нийтлэгдсэн жолоочид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Тодруулбал, энэ сарын 22-ны өглөө 05:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр сургуулийн уулзварт "Toyota Chaser" маркийн автомашинтай, 21 настай, эрэгтэй Т нь замын хөдөлгөөний дүрмийн 10.8.а дахь заалтыг зөрчиж дрифт хийсэн нь тогтоогдсон байна.
Цахим орчинд тархсан бичлэг болон бусад нотлох баримтад үндэслэн Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50,000 төгрөгийн бэлэн бус торгууль оногдуулж, жолоо барих эрхийг 3 сарын хугацаагаар хассан тухай мэдээлэв.
Тээврийн цагдаагийн албанаас иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг, түүнчлэн соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба.