Өчигдөр буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр улсын хэмжээнд 12940 хүнд шинжилгээ хийснээс 16 хүнээс халдвар илэрлээ. Энэ бүх тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны дарга А.Амбасэлмаа "Одоогоор Улаанбаатар хотод "Монос" компани болон Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой хоёр голомт өндөр идэвхжилтэй байгаа бөгөөд тухайн голомтоос халдвар цааш үргэлжилж байгаа.
Бид тайвшрах болоогүй тул хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж, хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, хичээхийг хүсэж байна.
Сүүлд гарсан олон голомттой холбоотойгоор ойрын хавьтал болсон хүний тоо 1203 болсон. Өчигдөр л гэхэд 117 ойрын хавьтал нэмэгдсэн байна. Мөн хоёр дахь хавьтлын тоо 4497 болсон.
Халдвартай хүний хавьтлууд болон өвчилж буй хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр халдварын тохиолдол ч нэмэгдэнэ. Тиймээс цаашид иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Халдвар хэнээс ч, хэзээ ч илрэхэд бэлэн болсон нийслэлийн хүрээ хязгаарт, олон голомтот өвчлөл бүртгэгдсэн бүсэд амьдарч байгаагаа иргэд ойлгох хэрэгтэй" гэлээ.