Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентын бүрэн эрхэд халдсан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйгаагүй гэдэг шалтгаанаар АН-ын бүлэг өчигдөр чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Өнөөдөр ч гэсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Гэвч УИХ-ын нэгдсэн чуулган АН-ын бүлгийн гишүүдгүйгээр үргэлжилж байна.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн П.Сайнзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
П.Сайнзориг:
-"Парламентын үйл ажиллагаа Дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. Дэгийн тухай хуулиар хэлэлцэж байгаа асуудал дээр завсарлага авдаг, тодорхой улс төрийн байр сууриа хэлдэг. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй ийм зүйл дээр нааж ирээд байна. Миний бодлоор нам доторх фракцуудын асуудал байх шиг байна. Энэ асуудлаа 126 гишүүнтэй парламентад наагаад, Ерөнхий сайдад наагаад байх нь зохимжгүй. Үл ойлголцлоо нам дотроо шийдчихээд, парламентын үйл ажиллагаандаа хэвийн оролцох ёстой.
Өнөөдөр төрийн байгууллагын олон албан хаагчийг цуглуулчихаад, ирц хүрэх үү үгүй гэдэг байдалтай суугаад байж болохгүй. ХЭҮК-ийн 24 дэх илтгэл орж ирлээ, өөрийнх нь сайдын өргөн барьсан хуулиудыг хэлэлцэх эсэхийг шийдээд явж байна. Сая ЭМДҮЗ-ийн гишүүнийг дэмжих асуудал яригдлаа. Хууль санаачлагч нь алга.
Ингээд өөрсдийнхөө асуудлыг парламент руу, хувь албан тушаалтан руу чиглүүлээд явцуу улс төр хийгээд байгааг би ерөөсөө таашаахгүй байгаа. УИХ-ын дарга хэлсэн шүү дээ ярилцдаг, хэлэлцдэг зүйлээ удирдлагынхаа түвшинд ярь, болохгүй байгаа юм юу байна гээд. Нам доторх фракцынхаа асуудлыг парламентад нялзаагаад байх шаардлага байхгүй" гэв".