Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан өчигдөр орой ХӨСҮТ-д коронавирусийн халдварын эсрэг авч буй хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон цаг үеийн асуудлаар шуурхай хуралдлаа.
Шуурхай хурлаар Эрүүл мэндийн сайд дараах асуудлыг шийдвэрлэжээ.
Үүнд:
-
Энхсаран сувилалд ажиглалтад байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлах. ХӨСҮТ-д орны бэлэн байдлыг бүрэн хангаж, шөнөдөө ХӨСҮТ-ийн тусгаарлалтанд байршиж дууссан байна.
-
Халдварын голомтонд ажиллаж буй бүх эмнэлгийн ажилчид 5 сая төгрөгийн урамшууллыг авсан. Харин лаборантууд, жолооч нар, вируслогийн ажилчид нэмэлт урамшуулалд хамрагддаггүй байсныг нөхөн олгохоор болов.
-
Мөн нэг удаагийн эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах нөөц байгаа учраас ХӨСҮТ-ийн хэрэгцээт бүх хэрэгслээр хангах;
-
Илүү цагаар болон чартер нислэг тосч шөнө, өдөргүй ачаалалтай ажилласан удирдах ажилтнуудын илүү цагийг олгох;
-
Коронавирусийн халдварын үед ажиллаж буй ХӨСҮТ-ийн бүх авто машинуудын засвар үйлчилгээ, даатгал зэрэг холбогдох бүх зардлыг ЭМЯ-аас шийдэх;
-
ХӨСҮТ-ийн мэс заслын тасгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, нэн шаардлагатай аппаратуудыг шийдвэрлэж өгөх;
-
Эмзүйн албаны агуулах байрны асуудлыг шийдвэрлэх;
-
Голомтонд ажиллаж буй эмч, ажилчдын амрах байр, хэсгийг илүү тав тухтай, тохилог орчноор бүрдүүлэх төсвийг шийдэж өгөх;
-
Коронавирусийн халдвар авсан эмч, сувилагчийн ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх;
Мөн шуурхай хурлаар ХӨСҮТ-ийн хоёр лифтийг шинэчлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр болжээ.