Улсын эмнэлгийн үйлчилгээ цахимжиж иргэд үзүүлэхдээ урьдчилж цаг авдаг систем рүү шилжлээ.
Иргэд 1800-0119 тусгай дугаарт хандан энгийн ярианы төлбөртэйгөөр эмнэлэгт үзүүлэх цагаа урьдчилж авах юм. Эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төвд одоогоор 29 оператор ажиллаж байгаа ба төрөлжсөн 9 дүүргийн эмнэлгүүд холбогджээ. Харин ирэх сараас 21 аймгийн эмнэлгүүдийг холбохоор төлөвлөж байгаа аж.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа “Цаг авах дуудлагын утас ажлын өдрүүдэд 07:00-21:00 цагт, амралтын өдрүүдэд 08:00-17:00 цагт ажиллаж байна. Ингэснээр хариу өгөөгүй дуудлага буюу амжилтгүй дуудлага 1,5-2 хувиар буурсан. Цаг товлох үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд байгаа газраасаа холбогдон эмнэлэгт үзүүлэх өөрийн боломжит өдөр, цагийг урьдчилж захиалах боломжийг бүрдүүлж байгаа юм” гэлээ.
Дуудлага хүлээн авах төвд өнөөдрийн байдлаар 8000 гаруй иргэд холбогдсоны 90 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чаджээ.