x

Залуу сонгогч яагаад сонгуульд идэвхтэй оролцох ёстой вэ?

Монгол улсын хүн амын талаас илүү хувийг 30-аас доош насны залуус бүрдүүлдэг. Гэвч залуусын сонгуулийн ирц бусад насны бүлгүүдээс хамгийн бага байдаг нь ардчиллын төлөөллийн зарчим алдагдахад хүргэж буй. Удахгүй ИТХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Иргэдийн төлөөлөгч гэж хэн болох, ямар эрх үүрэгтэй, яагаад эдгээр хүмүүсийг сонгодог талаар залуус төдийлөн мэддэггүй. Мэддэггүй учраас энэ сонгуульд УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиас ч идэвх муутай оролцдог. Гэтэл хайхрахгүй орхидог энэ сонгуулиар бидний өдөр тутмын амьдралд ШУУД нөлөөлдөг чухал асуудлыг шийдэх эрх, үүрэг бүхий хүмүүс сонгогддог. Иймд энэ сонгуульд ач холбогдол өгөхөөс өөр аргагүй.

Тэгвэл иргэдийн төлөөлөгчид гэж яг хэн юм бэ? Яагаад бид энэ сонгуульд идэвхтэй оролцох ёстой, оролцохгүй бол ямар үр дагавар бий болдог талаар тайлбарлая.

Улаанбаатар хотын ИТХ-аар жишээ авъя. Нийслэл хотын 1.3 сая иргэдийг төлөөлж, бидний сайн сайхны төлөө ирэх дөрвөн жил ажиллах үүрэгтэй 45 хүнийг бид 10 сарын 15-д Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчөөр сонгох юм. Мөн өөрийн амьдарч буй дүүргийнхээ иргэдийн төлөөлөгчдийг давхар сонгоно. Дүүрэг, Нийслэлийн ИТХ нь шат шатандаа бидэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий төрийн анхан шатны байгууллага юм. Бидний сонгох НИТХ нь дараах болон бусад чухал ажлыг хийх болно:

Нэгдүгээрт, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргаар ажиллах хүнийг нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад санал болгож, томилуулна. Хэдхэн жилийн өмнө УБ хотын агаарын бохирдол гамшгийн төвшинд хүрсэн гэдэг шалтгаанаар хөдөө орон нутгаас хот руу ирэх шилжилт хөдөлгөөнийг хориглож байсныг та санаж байна уу? Тухайн үеийн хотын захирагчийн гаргасан энэхүү шийдвэр нь иргэдийн үндсэн хуульд заасан улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асар хүчтэй шийдвэр байлаа. Хотын дарга ямар их эрх мэдэлтэй гэдгийг энэ жишээ харуулж байгаа биз?

Хотын дарга нь бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх өөр олон ажлыг хийх үүрэгтэй. Жишээлбэл, нийтийн тээврийн үйлчилгээний хүрэлцээ болон чанарыг сайжруулах, мөн чанартай зам, гүүр, үер усны хамгаалалт, далан суваг барих, засварлах, тэмдэгжүүлэх ажлыг хийх ёстой. Бидний амьдралд шууд нөлөөлж буй замын түгжрээ, нийтийн тээврийн хүртээмж, чанарын асуудал болон бусад дэд бүтцийн чухал ажлыг Хотын дарга хариуцдаг.

Түүнчлэн, төрийн өмчит ЕБС болон мэргэжлийн сургууль, соёл, эрүүл мэнд, биеийн тамир, спортын байгууллага байгуулах, татан буулгах эрхтэй. Нэг ёсондоо залуучууд бидний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, сурч боловсрох боломжийг бүрдүүлэх ажлыг Хотын дарга хариуцдаг. Цаашлаад, УБ хотын нийтийн эзэмшлийн газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах шийдвэр гаргах эрхтэй. Цэцэрлэгт хүрээлэн, нийтийн талбай байгуулах, мод, бут тарьж ургуулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Энгийнээр хэлбэл иргэд бидний нийтийн эзэмшлийн газар дээр ногоон байгууламж барих уу, эсвэл өөр зүйл барих уу гэдгийг Хотын дарга ганц гарын үсэг зурж шийддэг.

Ийм чухал эрх мэдэл, үүрэг хариуцлагатай хотын даргаар хэн, хэрхэн яаж ажиллахыг бидний сонгох дараагийн НИТХ-ын төлөөлөгчид шийдэх юм.

Хоёрт, НИТХ нь жил бүрийн нийслэлийн төсвийг хэлэлцэн баталдаг. Тэгэхээр бидний төлдөг төрөл бүрийн татвараас бүрддэг төсвийн хөрөнгөөр хэзээ, хаана, ямар ажил хийх, юунд хөрөнгө оруулахыг тэд шийддэг гэсэн үг. Төлсөн татварыг буцаагаад бидний сайн сайхны төлөө зөв зүйлд зарцуулах уу эсвэл хэрэггүй зүйлд үрэн таран хийх үү гэдгийг бидний сонгох ИТХ шийднэ.

Гуравт, бидэнд тулгамдаад буй эдийн засаг, нийгмийн бусад бүх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй. НИТХ нь төрийн анхан шатны байгууллага учраас иргэдтэй байнгын харилцаатай байж бидний санал, гомдлыг хүлээн авч хууль журмын дагуу судалж, өөрийн эрх мэдлийн хүрээнд зайлшгүй шийдвэрлэх үүрэгтэй юм. Хэрэв шийдэх боломжгүй бол дараагийн шатны байгууллагад уламжлах үүрэгтэй. Нэг жишээ бодож үзье. Манай найз Сувд СХД-ийн гэр хорооллын хашаа байшинд амьдардаг. Тэр ихэвчлэн оройтож ажлаа тараад автобусаар харьдаг. Автобусны буудлаас гэр хүрэх гудамж нь ямар ч гэрэлтүүлэггүй, харанхуй байдаг учраас хэд хэдэн удаа тэнд гэмт хэрэг гарч байсан нь түүнийг байнга айдаст автуулдаг. Сувд хорооныхоо засаг даргад учир байдлыг тайлбарлаад гэрэлтүүлэг тавьж өгөөч хэмээн өргөдөл гаргажээ. Түүний өргөдөл нь шат шатны төрийн байгууллагаар дамжиж улмаар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн жилийн төсөв батлах үед хэлэлцэгджээ. Сувдын амьдарч буй гудамжийг гэрэлтүүлэх ажил тухайн жилийн төсөвт тусгагдаж, удалгүй ажил хэрэг болж амжилттай хэрэгжсэн юм.

УБ хотын иргэдийн адил энэ сонгуулиар орон нутгийн иргэд нь өөрийн амьдарч буй аймгийн болон сумынхаа ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох юм. Аймгийн ИТХ нь нийслэлийн ИТХ-ын адил тухайн аймгийнхаа засаг даргаар ажиллах хүнийг нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад санал болгож томилуулна. Мөн жил бүрийн аймгийн төсвийг хэлэлцэн баталж, иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүрэгтэй. Аймгийн засаг дарга нь Нийслэлийн засаг даргатай дүйцэхүйц чухал хариуцлагатай олон ажил хийх үүрэгтэй. Жишээлбэл, орон нутагт тулгамдсан хамгийн чухал асуудлуудын нэг нь ашигт малтмал, уул уурхайн үйл ажиллагаанаас бий болсон байгаль орчны бохирдол юм. Тэгвэл ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хуульд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, гарсан зөрчлийг таслан зогсоох үүрэгтэй албан тушаалтан нь аймгийн Засаг дарга юм. Ийм чухал үүрэгтэй Засаг даргаар хэн ажиллахыг аймгийн ИТХ шийддэг.    

Яагаад заавал залуус улс төрд идэвхтэй оролцож, сонгуульд саналаа өгөх ёстой вэ?

Уг асуултад хариулахын тулд эхлээд улстөрчид юу хүсдэг талаар бодож үзье. Мэдээж улстөрч бүр харилцан адилгүй. Эх орноо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй нэг нь байхад хувийн явцуу ашиг сонирхлоо хөөцөлдөх хүсэлтэй улстөрч бас бий. Гэхдээ тэдний туйлын зорилго ямар байхаас үл хамаарч улс төрч бүхэн хамгийн тэргүүнд эрх мэдэлтэй болохыг эрмэлздэг. Тиймээс сонгуульд идэвхтэй оролцдог иргэд юу хүсэж буйг, тэдэнд ямар тулгамдсан асуудлууд байгааг олж мэдэх, улмаар тэдэнд таалагдах амлалт, мөрийн хөтөлбөр боловсруулж хоорондоо өрсөлддөг. Иймээс ямар төрлийн сонгогчид идэвхтэй саналаа өгч байна яг тийм л төр бий болдог. Ахмадууд идэвхтэй саналаа өгдөг учраас улс төрийн намууд халамжийн бодлогоороо хоорондоо голчлон өрсөлддөг. Саяхан тэтгэврийн зээл тэглэснийг мөн санаж байна уу? Харин залуус санал өгдөггүй учраас тэдэнд тулгамдсан асуудлууд буюу ажлын байр бий болгох, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах ажилд тун хойрго ханддаг. Тэгэхлээр залуус бид улс төрд идэвхтэй оролцож, адаглаад саналаа өгч байж бидэнд тулгамдаад буй нийтлэг асуудлууд шийдвэрлэгдэж эхэлнэ.

Санал өгөхөд юуг анхаарах вэ? Яаж сонголт хийх үү?

45 мандаттай НИТХ-ын сонгуульд 7 нам, эвслээс нийт 131 нэр дэвшигч өрсөлдөж байна. Энэ олон нэр дэвшигчдээс хэнийг нь сонгож саналаа өгөхөө мэдэхгүй, хэрхэн яаж сонголт хийхээ ойлгохгүй байгаа бол дараах зөвлөгөөг санал болгож байна:

Сонгуульд ялалт байгуулсан төлөөлөгчид нь өөрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт суурилж, ирэх 4 жилийн НИТХ-ын ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлдэг. Иймд намын мөрийн хөтөлбөртэй нь танилцаарай. Мөрийн хөтөлбөрт орсон амлалтууд нь бодитой,  хэрэгжих боломжтой эсэх, хэрэв хэрэгжвэл таны амьдарч буй газарт ямар үр дүн өгөх талаар тунгаан бодож хооронд нь харьцуулж үзээрэй. Хэрэв ийм боломжгүй бол нэр дэвшигчдийг сайн судлаарай. Тэдний ажил, боловсрол, мэргэжил намтрыг харгалзан үзэж болно. Мөн ёс зүйн асуудалд холбогдож байсан эсэх, эсвэл ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нь анхаараарай.    

Бид ардчилсан улсад амьдарч буй учраас бидний амьдрал ямар байх нь дан ганц улс төрчдөөс биш харин бидний өөрсдийн хийсэн сонголтоос шууд хамаардаг. Сонгуульд идэвхтэй оролцож биднийг төлөөлж сайн ажилласан улс төрчдийг ахин сонгож урамшуулж, муу ажилласныг нь сольж, хариуцлага тооцож байж ардчилал жинхэнэ утгаараа бидний амьдралд ашиг тусаа өгдөг. Нэг ёсондоо улстөрчдөд дүн тавих, хариуцлага тооцох нь ардчилсан улсын иргэн бидний эрх бөгөөд үүрэг хариуцлага юм. Хэрэв бид эрхээ эдлэхгүй, үүргээ ухамсарлахгүй бол улс төрчид бидний сайн сайхны төлөө хичээж ажиллах хүсэл эрмэлзэлгүй болдог. Тиймээс энэ удаагийн ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцоорой! 

С.Болдсайхан /Зориг сангийн зөвлөх, Япон улсын Васеда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант/

Энэхүү нийтлэлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бичив. Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 2 цаг 13 мин Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа 2 цаг 13 мин Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ 2 цаг 15 мин Дрифт хийсэн жолоочид торгууль ногдуулж, эрх хасав 2 цаг 17 мин Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ 3 цаг 20 мин Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 3 цаг 25 мин Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ 3 цаг 34 мин Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо 3 цаг 38 мин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 4 цаг 44 мин Хөлгүй цэнгэлийн цаг 4 цаг 59 мин Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 5 цаг 17 мин Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламентын дархлаа мөн 5 цаг 44 мин Дэлгэрэх суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ 6 цаг 7 мин Пара пауэрлифтингийн дэлхийн цомоос Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ 6 цаг 8 мин Япон Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэл илэрхийллээ 6 цаг 9 мин Улаанбаатар хот “Теле камерын нэгдсэн төв”-тэй боллоо 6 цаг 9 мин Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ 6 цаг 10 мин Монгол, Хятад, Оросын Дагуурын дархан цаазат газрын хамтарсан хурал Чойбалсанд болов 6 цаг 11 мин Хан-Уул дүүрэгт гэрэлтүүлгийн байгууламжийн хяналт шалгалт хийв 6 цаг 12 мин М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулаанаа хийнэ 6 цаг 14 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top