Монгол, Хятад, Орос гурван улсын хамтран байгуулсан олон улсын Дагуурын дархан цаазат газрын (ОУДДЦГ) наймдугаар холимог комиссын хурал энэ оны зургаадугаар сарын 17-20-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү хуралдаан нь гурван улсын байгаль хамгааллын салбар дахь хамтын ажиллагааны ээлжит томоохон үйл явдал байв.
Хурлын үеэр 2020-2024 оны хугацаанд хэрэгжүүлсэн байгаль хамгааллын хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, түүний үндсэн дээр 2025-2029 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан байна. Талууд цаашид хил дамнасан бүс нутгийн экосистемийг хамгаалах, ховор зүйлийн шувуудын судалгаа болон хамгааллыг үргэлжлүүлэх, дамжуулагч төхөөрөмж ашиглан биологийн болон нүүдлийн судалгааг өргөжүүлэх, хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх хамтарсан дадлага хийх зэрэг олон чухал асуудлаар тохиролцжээ.
Тус хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын талаас тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт, Оросын талаас Экологи, байгалийн нөөцийн яамны холбогдох газрын орлогч дарга Артур Владиславович Чертов, Хятадын талаас Экологи, байгаль орчны яамны судалгааны академийн тэргүүлэх эрдэмтэн Ү Хюпан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.
Талууд ирэх удаагийн буюу есдүгээр холимог комиссын хурлын товыг тогтож, гурван талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээр харилцан тохиролцжээ.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам.