Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдал болон улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг тодруулбал:
-
Есдүгээр сарын 24-нд Франкфуртаас ирсэн 206 хүний шинжилгээ,
-
Есдүгээр сарын 21-нд Сөүлээс ирсэн 54 хүний шинжилгээ,
-
Есдүгээр сарын 4-ний 82 хүний давтан шинжилгээ,
-
ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 33,
-
Тандалтын зорилгоор 24 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Тандалтын сорьцыг Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, СБД, ХУД, СХД-ийн эмнэлгээс авсан. Энэ бол Монгол улсад хийж буй тандалт юм.
-
Төв аймагт тусгаарлагдаж байгаа 48 хүний шинжилгээ,
-
Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 13 хүний шинжилгээ,
-
Тусгаарлан ажиглах байранд байгаа 107 хүний шинжилгээ,
-
Үүрэг гүйцэтгэж буй эмч ажилтан нийт 6 хүний шинжилгээ,
-
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 56 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж батлагдсан COVID-19-ийн нийт 313 тохиолдол байгаагаас 303 хүн эдгэрч, эдгэрэлтийн хувь 97 боллоо. Энэ нь эдгэрэлт өндөр байна.
ХӨСҮТ-д эмчлүүлж, эдгэрсэн хүмүүсээс 289-ийнх нь ажиглалт тандалтын хугацаа дууссан бол найман хүн сувилалд, зургаан хүн гэрийн ажиглалтад байна.
Одоогоор ХӨСҮТ-д 48 хүн эмчилгээ, ажиглалт тандалтад байна.
Сайн мэдээ байна. Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор наймдугаар сарын 30-ны өдөр ирж, есдүгээр сарын 1-ний өдөр коронавирусийн халдвартай нь батлагдсан 58 настай эмэгтэй 24 хоног эмчлүүлэн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч дараагийн сувилал руу шилжлээ.
Мөн Covid-19-ийн эмийг бүтээхэд 10 гаруй жил шаардагдана гэж эрдэмтэд хэлж байгаа. Тиймээс тусгайлан бүтээх эмэнд найдах хэрэггүй тул одоо хэрэглэж буй вирусийн эсрэг эмтэй хослуулан биеийн ерөнхий дархлааг сайжруулах эмийг хэрэглэх, хувь хүний онцлогт тааруулж, бусад архаг хууч өвчтэй холбон эмчилж байна. Дэлхий нийтээрээ баталгаатай вакциныг хүлээж байна" гэв.