ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг өдөр бүр мэдээлж байна. Хэдийгээр халдварын тохиолдол манай улсад илрээгүй ч эрсдэл өндөртэй орны тоонд багтсан хэвээр байна.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Ухань хотод эмнэлгээс эдгэж гарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч манай иргэдийн их зорчдог Солонгос, Япон, Сингапур зэрэг улсад халдварын тоо нэмэгдсээр байгаа учир анхаарал, сэрэмжээ сулруулж болохгүй. Коронавирусийн халдвараас хамгаалахын тулд дархлаагаа дэмжих нь хамгийн үр дүнтэй судлаачид зөвлөсөөр байгаа. Дархлаа сайн байвал халдвар авсан хэдий ч хөнгөн өвчлөх боломжтойг мэдээлж байна.
Ухань хотод халдварын тоо өчигдөрөөс буурч байгаа хэдий ч бусад улс оронд халдварын тоо нэмэгдсээр байна. Хэрвээ манай улсад шинэ коронавирусийн халдвар илэрвэл тархах өндөр эрсдэлтэй байна гэж дүгнэсэн" гэв.
Өнөөдөр өглөөний 10 цагийн байдлаар COVID-19 халдварын 75292 тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-аас гадна дэлхийн бусад улс оронд 1900 тохиолдол, 5 хүн нас баржээ.
Сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч энэ нь цаашид буурна гэж тооцоолоход эрт, тогтворгүй байна.
Харин голомтод бүртгэгдэж байгаа тохиолдлуудыг ажиглахад хүн олноор цугласан газарт халдвар өндөр тархаж байгааг мэдээлэв.
Мөн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэх бодис, тоног төхөөрөмжийг бэлэн байлгахаар ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байгааг дуулгав.
Нөөцийг ЭМЯ болон ДЭМБ, бусад олон улсын байгууллага, иргэд, ААН-үүд хандив, тусламжаар бүрдлүүлж байна.
Халдварын улмаас 2122 хүн нас бараад байна. Иймд иргэд уг вирусээс өөрийгөө болон ойр дотны хүнээ хамгаалж, болзошгүй аюулаас сэрэмжлэн өдөр тутамдаа амны хаалт зүүж хэвших, гараа тогтмол угаах, өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байхыг тус яамнаас анхааруулж байна.