x

Ц.Нямдорж: Намайг юу ч зогсоож чадахгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрөгч баасан гаригийн орой Eagle телевизийн зочноор оролцож ярилцлага өгчээ. Ярилцлагыг бүрэн эхээр нь нийтэллээ.

-Сүүлийн үед нийгэмд өрнөж буй үйл явц тантай холбогдох боллоо. АН-ын зүгээр таныг сайдын албан тушаалаас нь огцруулахаар жагсаал зохион байгуулж сор хүртэл заллаа. Огцруулах гээд байгаа үндэслэл, шаардлагад та ямар тайлбар хийх вэ?

-Уржигдар (лхагва гаригт) хийморийн сан тавиулчихсан, өчигдөр шатаалгачихсан. Уржигдрынхыг нь хийморийн сан тавьж өглөө гэж билэгшээгээд, өчигдрийнхийг нь галын дөл өөдөө гэж хүлээж аваад байгаа шүү дээ. Галын дөл өөдөө гэснээс өнөөдөр бас миний хувьд тэмдэглэлт өдөр. Би УИХ-ын дарга байхдаа  Чойжамц хамбатай ярьж байгаад Гандангийн сүмийг бариулж эхлүүлсэн юм. Ажил нь дуусч, өнөөдөр Азийн  Буддистуудын хурлыг хийж байна. Санаа нь бол хоёрын хооронд юмнаас төрсөн юмаа. Бөхийн өргөөний хажууд Христийн лут том сүм байсан. Тэрийг хараад "Яахаараа гаднынхан мөнгөө зодоод том том сүм бариад байдаг. Атал 300-гаад жилийн түүхтэй Буддын шашинд ганц сүм байдаггүй юм" гэсэн бодол төрөөд, Чойжамц хамбыг дуудаж уулзаад “зураг байна уу” гэсэн, модон байшингийн зураг үзүүлж байна. Тэгэхээр нь “Модоор дэмий байх аа, жаахан настай юм хийчихье” гээд зургийг нь гаргуулаад, 2007 онд сүмийн ажил эхэлсэн. Өнөөдөр дуусаад, нээлт маягийн юм хийгээд хурлаа эхэлж байна. Ганжирыг нь оруулаад долоон давхар байшин. Монголын нутагт улсаас мөнгө гаргаж барьж байгаа хамгийн том сүм болж байна. Ерөнхий санаа нь энэ зонхилох шашнаа монголчууд дэмжиж яваасай, оюун санааны хувьд нэгдмэл байгаасай, Азийн орнууд дунд толгой цохих сүмтэй болчих юмсан гэж бодож хийсэн ажил. Тэр ажил дуусахаас хоёр хоногийн өмнө сан тавиулдаг юм аа. Хийморийнх л гэж бодоод байгаа шүү дээ.

Ерөнхийдөө энэ улс чинь маш эгзэгтэй үедээ байна, ерэн оноос хойш гучаад жил явчихлаа. Цаашид хаашаа явах вэ, явж байгаа зам маань зөв байж чадах уу? Энэ хавар гучаад мянган хүний жагсаал боллоо гээд л шуугиад байна. Энэ чинь нарийндаа шударга ёсны төлөөх хувьсгал маягийн л юм болсон шүү дээ.

2016 оны сонгуулд орохдоо би Б.Ганчимэгт нэг ярилцлага өгсөн юм. “Үнэн ганцаардаж, шударга ёс өнчирч байна даа” гэсэн гарчигтай. Тэр үед болж байсан ялзрал, хүнийг тамладаг энэ юмыг бодож л хэлсэн үг л дээ. Тэгээд 2016 оны сонгуульд нам 65  суудал авчихсан, есөн сард дарга нар нь дарга болсныхоо, гишүүд нь гишүүн болсныхоо баярыг тэмдэглээд явж байхад би энэ “Эрдэнэт”-ийн асуудал, С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн асуудал хоёроор хэвлэлийн бага хурал хийгээд сууж байлаа. Цаашид ингэж явж болохгүй гэсэн санаа байсан юм. Аль аль нь ойлгомжтой байсан. “Эрдэнэт”-ийг луйварлаж авсан нь ойлгомжтой байсан, энэ хэрэг явдлын зураг нь надад харагдаад байсан. Бүр 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж байх үед “үүний цаана маш муу юм явж байна” гэсэн бодол төрж, намын бага хурал дээр Ч.Сайханбилэгтэй хамтарсан Засгийн газар байгуулахыг би ганцаараа эсэргүүцээд зогсч байсан.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг ажигласан зүйл бол хууль хяналтын байгууллага улс төрийн байгууллага болжээ гэдэг нь дэндүү ойлгомжтой болсон. 2008 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болчихоод 2010 он дуустал ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, АТГ-ын даргыг хөөж явуулах ажлыг хоёр жилийн хугацаанд хийсэн. Үгнээс нь гардаггүй хүмүүсийг томилчихоод дуртай болгоноо хийх гэсэн санаа явж байна даа гэж бодоод би эсэргүүцэж ярилцлага өгч байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 2012 онд Н.Энхбаярыг барьж шоронд хийсэн. Тэр бол нийгмийг айлгах эхний алхам байсан.

Ц.Элбэгдорж намайг “Энхбаярыг шоронд хийгээд өг” гэж хоёр удаа орж ирсэн гэж ярьсан. Хэрэг дээрээ бол МАХН-ыг Дээд шүүхэд дахин бүртгүүлэхээр нь "тэрийгээ татан буулга" гэж хоёр удаа орсон байхгүй юу. Ер нь бол Н.Энхбаяраар тоглочихсон шүү дээ. Эхлээд намыг нь бүртгэж өгчихөөд дараа нь өөрийг нь бариад шоронд хийчихсэн. Тэгээд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг цэвэр хуулийн байгууллагын хүчээр хийсэн шүү дээ. Яг нэр дэвшүүлж байх үед Н.Энхбаярыг шантаажилж, хоёрдугаар эмнэлэгт хүчээр хэвтүүлж байгаад “Удвал гэдэг хүнийг нэр дэвшүүл, тэгвэл би чамайг тавина” гэж байгаад Удвал гэдэг хүнийг нэр дэвшүүлсэн.

Хоёрдугаарт сонгуулийн дундуур УМБГ-ын дарга Батсүх гэдэг хүн гарч ирээд “Ё.Отгонбаярын авгай 328 сая ам.долларын данстай” гэж хэлээд авгайг нь аваачаад шоронд хийчихсэн. МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг унагах гэж л хийсэн акц шүү дээ. Тэр үед би “Ийм мөнгө байхгүй” гээд хэлээд өгөөч гээд намын дарга М.Энхболдыг гуйсан, дуугарч өгдөггүй. Ё.Отгонбаяр нь дуугарч өгдөггүй. Маргааш нь би өөрөө гараад “Монголд 328 сая доллартай авгай байтугай арилжааны банк байхгүй” гээд мэдэгдэл хийсэн чинь нөгөөдөр нь 36 данстай болж хувирсан. Ц.Элбэгдорж Б.Бат-Эрдэнийг 30 мянган саналаар ялдаг юм чинь ингэж явагдсан. Удвал 70 мянган санал авсан. ИЗН тэр үед нэр дэвшүүлэх эрхтэй байсан чинь С.Дэмбэрэл дээр эрүүгийн хэрэг үүсгээд, нэр дэвшүүлэхээ болингуут нөгөөдөр нь хэргийг нь хаасан. Сая тэр Т.Ганболд яриад байгаа биз дээ.

Ингэж хууль хяналтын байгууллагыг улс төрийн тэмцлийн зэвсэг болгож хувиргаад хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгч болж аваад хоёр удаагийн сонгуульд штабыг нь удирдсан Н.Алтанхуягийг унагаах ажиллагааг “давхар дээл” гэдэг юмаар эхлүүлсэн. Тэрийг ярьж байх үед би эсэргүүцээд Н.Алтанхуягийг нэг баярлуулж байсан юм аа. "Ц.Элбэгдорж бид хоёр хоёулаа давхар дээлтэй байсан, дааж ядаад явж байсан шүү дээ, чи хэзээ ингэж ярьдаг болчихоо вэ" гэж ярилцлага өгч байлаа. Тэр нь явсаар байгаад Н.Алтанхуягийг унагасан. Н.Алтанхуягийг унагачихаад энэ “Эрдэнэт”-ийнхээ юмыг хийх гэж манайхантай хавсайдсан хуйвалдаан байсан л даа. Ингэж МАНАН гэдэг юм чинь гаарсан шүү дээ, бүр хамтарсан засаг байгуулж байгаад. Тэгээд сүүлд нь зорилгоо хэрэгжүүлж авчихаад манайхныг хөөж гаргаад 2016 оны сонгуульд орсон. Ийм л түүхтэй.

Араас нь С.Зоригийн амь насанд халдсан хэрэг дээр бөөн бужигнаан болсон. Би 2016 оны гурван сард Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Тагнуулын дарга Б.Хурц хоёрт захидал бичиж байсан. Энэ хэрэг дээр алдаа гарах магадлал маш өндөр байна, юмаа сайн үзээрэй гэж. Булган хоригдож байсан үе. Мэргэжлийн үүднээс л сонирхоод байсан юм л даа. Хаа хамаагүй, хөхүүл хүүхэдтэй авгай аваачаад хорьчихдог, хэрэг гарах үед 16 настай байсан хүүхэд аваачаад хорьчихдог, тэгсэн мөртлөө захиалгаар алсан гээд шалгаад байдаг. Тэнэг л биш бол, баригдах л гэж хийгээгүй бол тийм дайны хүмүүст захиалга өгөхгүй шүү дээ. Ингээд л яваад байсан.

2016 оны сонгуулийн дараа би энэ хоёр сэдвээр ярьж эхэлсэн. Надад хоёр зам байсан. Нэг бол энэ 65 олонхи дотор чимээгүйхэн сайхан амьдрах. Юу л болбол болог гээд амиа бодоод хаях нэг зам байсан. Тэгвэл надад өлзийтэй, улсад муу. Хоёр дахь сөрөх зам. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан үе шүү дээ. Энэ заваан юмнуудыг гаргаж ирээд болдог ч бай, болдоггүй ч бай тэмцээд үзэх хоёр дахь зам байсан. Би хоёр дахийг нь сонгосон хүн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, М.Энхболд намын дарга, УИХ-ын дарга, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болчихсон үе. Энэ хоёр сэдвээр ярьж эхэлнэ гэдэг чинь энэ гурван хүнээс гадна Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, тагнуулын дарга, цагдаагийн дарга гээд бүгдээрэнгийнх нь эсрэг босно оо л гэсэн үг байсан шүү дээ. Энэ улс орныг үзсээр харсаар байгаад ийм байдалд үлдээхгүй дээ гээд л энэ "эсэргүү" ажлыг эхлүүлсэн.

“Эрдэнэт”-ийн асуудал дээр тэртэй тэргүй намын дарга, УИХ-ын дарга нь сонгуулийн сүүлийн өдөр “Энийг засна аа” гээд амлачихсан. Засчихдаг юм байх гэж бодоод, зас гээд баахан шахсан. Ерөнхий сайдыг томилоход чуулган дээр би Ж.Эрдэнэбатад “Эрдэнэтийнхээ асуудлыг засаарай. Хэлсэн үгэндээ эзэн болоорой” гэж хэлж байсан. Дээр чинь ард түмэн, дэргэд чинь сөрөг хүчин байна гэдгийг битгий мартаарай. “Эрдэнэт”-ийг та нар засна гэсэн шүү, энийгээ битгий мартаарай гэж. Тэгээд хийлгэх гэсэн чинь хийж өгдөггүй. Жаахан судлаад үзсэн чинь манайхан орооцолдчихсон, цаашаа явах ямар ч шинжгүй болохоор нь “Эрдэнэт”-ийн талаарх мэдэгдлийг хийсэн.

“Эрдэнэт” дээр юу болсон гэхээр АН-ын Ц.Элбэгдорж тэргүүтэй Монголын үндэсний дэвшлийн фракц гэж бий. Халзан Ганболдоос эхлээд одоо энэ Д.Эрдэнэбат хүртэл, голдуу эдийн засагчид бий. Манай хот тойрсон хүмүүстэй хоёр талаасаа нэгдээд хуйвалдчихсан учраас хөдлөхгүй байгаад байсан. Тэгээд үүнийг засахын тулд л замыг нь чөлөөлөх ажлыг хийлээ шүү дээ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын даргыг сольдог чинь замыг нь чөлөөлөх л ажил байсан. Сүүлд нь Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, АТГ-ын даргыг солилоо. Одоо үүний үр дүн гарах гээд байна л даа. “Эрдэнэт”-ийн 49 хувь тун удахгүй прокуророос шүүхэд шилжихээр бэлтгэгдэж байгаа юм билээ. Олон хүн тэр хэрэгт хамрагдана. Дээрээс нь С.Зоригийн хэргээр хүн яргалсан, эрүүдэн шүүсэн хэргээр найман хүн шүүхэд шилжиж байгаа. Ингээд ирэхээр чинь бүлэглэл амь тавьдаг юм байгаа биз дээ. Амь тавих гэж байгаа учраас надад сан тавиулаад, зураг шатаалгаад явж байна.

Гэхдээ их муухай шорон аргаар хийж байна. С.Эрдэнэ АН-ын дарга, найман жил шоронд суучихсан, шоронгийн арга барил сурчихсан, уг натур нь тийм. Цаад талд нь АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан гэдэг хүний тушаалаар зохион байгуулагдаж байгаа жагсаалууд шүү дээ. Дандаа хууль бус, бүртгүүлээгүй. Хууль номоороо бол мэдэгдэж, бүртгүүлж байж хийдэг жагсаал л даа. Манай яамны үүдэн дээр гурав, дөрвөн удаа хийсэн, бүртгүүлээгүй. АН-ын даргын тушаалаар зохион байгуулж байгаа. С.Эрдэнэ өөрөө хэлсэн, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж байж сална аа гэж. Чадвал Засгийн газрыг бүхэлд нь, чадахгүй бол намайг дараад унах зорилготой л улс. Яагаад над руу хандаад байна гэхээр эдний хийсэн луйвар, эрүүдэн шүүлт хоёр дээр голлож дуугарсан, араасаа хүн дагуулсан хэргийн эзэн яалт ч үгүй би мөн. Би дуугараагүй бол энэ парламентаас дуугарах өөр хүн хүн байгаагүй. Ж.Батзандан эд нар бол намайг дуугарснаас нэлээд хожуу дуугарч эхэлсэн шүү. Чин үнэнийг хэлбэл энэ хоёр асуудал дээр надтай хань болж явсан хүн бол Батзандан. Би үүн дээр нь Батзандад “баярлалаа” гэж хэлэх ёстой юм.

-Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлсэн юм чинь энэ хэргийн талаар танд байгаа баримтыг ч бас олон нийтэд дэлгэж болдоггүй юм уу?

-Мөрдөн байцаалтад яваа учраас хамаа намаагүй задалж болохгүй байна л даа. Зөвшөөрөгдсөн, Засгйн газар нууцаас гаргасан хэмжээнд нь л үзүүлж байгаа. Наад эрүү шүүлт чинь 2013 оны наймдугаар сараас эхэлсэн ажил шүү дээ. АТГ Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр дээр гүйцэтгэх ажил явуулсан.

Миний ярьдаг хоёр юм бий. “Эрдэнэт” бол Монголын газар шороон дээр 2200 жилийн түүхэнд гараагүй луйвар гэж би хэлсэн, энэ үнэн. Хоёрдугаарт С.Зоригийн хэрэг дээр шүүх, хуулийн байгууллага ялзарсан нь сүүлийн 70 жилд гараагүй ялзрал. Энэ бол мэргэжлийн алдаа биш, санамсаргүй алдаа ч биш. Зориуд зохион байгууулж гэм зэмгүй хүмүүсийг шоронд хийгээд энэ хэргийг хаах захиалгат ажиллагаа байсан. Бүр зохиол бичиж байгаад хийсэн ажиллагаа шүү. Асар их хүч хаясан, Монголын хуулийн бүх байгууллагын татан оролцуулсан. АТГ, прокурор, шүүх, ТЕГ, ЦЕГ, ШШГГ гэсэн зургаан хуулийн байгууллага ил, далд, шууд, шууд бусаар бүгдээрээ оролцсон. Аюултай ажиллагаа.

Хэрэг шийдвэрлэх явцад их сонин үгнүүд том дарга нарын амнаас гарсан шүү дээ. "Энэ хэргийг ингэж шийдвэрлэсэнд Бат-Үүл баярлах хэрэгтэй" гэж Ц.Элбэгдорж хэлсэн. Бат-Үүлд ямар хамаа байна.

-Хэзээ хэлсэн юм?

-Хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа. Э.Бат-Үүл энэ хэрэгт яллагдагчаар татагдсан. Тэгээд хэрэг шийдвэрлэгдсэний дараа “Энэ хэрэг шийдвэрлэгдсэнд Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ, жишээ нь? Ийм ийм юмнууд болсон.

-Энэ хэрэг 1998 онд гарсан. Түүнээс хойш та хоёр удаа Хууль зүйн сайдаар ажилласан. Тэр үедээ энэ хэргийг ямар нэг байдлаар судалж үзээгүй юу?

-Би яг үнэндээ энэ хэрэг дээр ойртдоггүй байсан. Хууль зүйн хувьд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Хууль зүйн сайд оролцдоггүй. Хоёрдугаарт энэ хэрэг нууцын зэрэглэлтэй шалгагдаж байсан. Гуравдугаарт, ний нуугүй хэлэхэд энэ хэрэг дээр манай намынхныг харддаг байсан. Н.Багабандиас эхлээд Ш.Отгонбилэг, С.Баяр нарыг оролцуулаад. Ямар нэг хэлбэрээр оролцоод эхэлбэл "хаах гэж байна" гэдэг хардлага бий болох вий гээд болгоомжлоод байсан юм. Сая энэ гэмгүй хүмүүсийг яргалаад эхлэхээр нь арга ядаад судалж эхэлсэн. Энэ хүмүүсийг яагаад шийтгэв ээ гэдэг талаас нь. Алдаа гарчих вий, гэм зэмгүй хүмүүс хоморгонд нь явчих вий гэдгээс болгоомжилж сонирхсон шүү.

Нэгдүгээрт хэн шалгасан бэ? гэж. Тэгсэн нэг нь Дүрслэх урлагийн дунд сургууль (ДУДС) төгссөн, нөгөө нь мэргэн бууч хүн байсан. Сая хоёр хүн хоригдоод гарав аа даа. Тэрийг би сонсчихоод "ийм дайны хэргийг мэргэн бууч, ДҮДС төгссөн хүн биш, “аас”-ууд шалгах ёстой юмаа, хүн чинь болж байгаа юм уу?" гэж би Б.Хурцад хэлж байсан. Хоёрдугаарт, ял эдэлж байсан хүний хашаанд хүний цогцос аваачиж хаясан байсан. Үүнийг би мэдсэн.

-Т.Чимгээгийн үү?

-Тийм. Тэгээд би энэ эрүүдэн шүүлт боллоо гэдгийг шууд мэдэрсэн. Гуравдугаарт Т.Чимгээ, Б.Содномдаржаа руу явуулаад байсан 300-аад мессэж бий. Тэрийг би олно шүү дээ, надад хүмүүс хэлнэ шүү дээ. Хуулийнхан надад шууд хэлдэг байсан. Энд завхрал явагдаж байна аа, сайд аа гээд. Тэгээд сонирхоод үзсэн чинь үнэхээр мессежүүд ирсэн байсан.

-Хэнээс хэнд?

-Ц.Амгаланбаатар гэдэг хоригдлоос Чимгээ, Содномдаржаа хоёр луу ирсэн. Шоронд байхдаа одоо ял эдэлж байгаа хүмүүсийн нэрийг оруулсан “хэргээ хүлээ” гэдэг мессеж. Чимгээд 30-аад удаа ирсэн, 2014 оноос хойш. “С.Зоригийг алсан” гэдэг л мессэж л дээ. Тэр мессежүүд ирээд байхаар нь Т.Чимгээ Эрдэнэтийн ШГГ-ын төлөөлөгч, дэд дарга Мөнхзул гэдэг хүнд аваачиж өгсөн. Ялтнаас ийм мессеж ирээд байна, шалгаад өгөөч гэж. Гэтэл шалгаагүй, хурааж авсан. Б.Содномдаржаад бичсэн 260-аад мессэж байна, бас саяынх маягийн. Тэр мессежүүдийг Эрдэнэтийн цагдаагийн Ганпүрэв гэдэг хүнд аваачиж өгсөн. Дараа нь тэр мессежийг УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн хурааж аваад хотын прокурор дээр нуучихсан байсан. Тэр мессеж доторх бичиг бол аюултай шүү дээ. Ерөөсөө энэ хэргийг шүүх биш, тэр мессежээр шийдчихэж байгаа байхгүй юу. Тэр мессежэнд дурьдагдсан бүх хүмүүс ял авсан. Гэртээ шатаад нас барчихсан Отгонбаатар гэж залууг хэрэгтэн болгож хувиргасан. Дээрээс нь Ц.Амгаланбаатар нэмэгдээд дөрвөн хүн хэрэгт холбогдсон.

Хамгийн сонирхолтой нь, анхнаасаа эрэгтэй, эмэгтэй маск зүүсэн хоёр хүн гэрт нь орж аминд нь халдсан гэж шалгагдсан. Амиа алдсан тэр орой нь сүүлд тагнуулын дарга байсан Б.Ганболд, С.Эрдэнэ хоёр эхний арван хүний тоонд ороод гэрээр нь ороод гарсан. Эхэлж хэргийн газар будилаантуулдгийг Ганболд, Эрдэнэ хоёр хийсэн. Тэднийг ороход “эрэгтэй, эмэгтэй хоёр хүн алчихаад гараад явчихлаа” гэдэг юм яригдсан, тэрийг нь сонссон. Тэгэхэд дөрвөн хүнийг шийтгэсэн. Анхнаасаа хоёр хүн үйлдсэн гэж байсан хэрэг дээр яахаараа дөрвөн хүн шийтгэдэг юм.

-Амьд гэрч байгаа шүү дээ. Булган?

-Булган "хоёр хүн байсан" гэдэг. Тэгээд Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. Амгаланбаатар, Чимгээ, Содномдаржаа гуравтай нүүрэлдүүлэхэд Булган “Энэ гурван хүн чинь биш ээ” гэсэн. Тэгэхээр нь шүүх хуралд оруулаагүй. Ингээд хараад байхаар энэ хэргийг ингэж дуусгах асар их сонирхол Ц.Элбэгдоржид байна гэдэг нь харагдсан.

-Та Хууль зүйн сайд хүн. Нэгэнт энэ хүмүүсийн ар гэрээс та уучлал гуйсан юм чинь дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх танд байгаа биз дээ?

-Надад эрх нь байхгүй. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд Хууль зүйн сайд оролцдоггүй юм. Зүгээр шалгах юмсан гэдэг хорхой хүрээд байна. Даанч хяслантай нь орж болдоггүй юм л даа. Одоо тагнуул дээр захиалагчийг хайх ажиллагаа гэдэг нь шалгагдаж байгаа санаатай. 2016 онд Ерөнхий прокурор захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Захиалгаар хүн алсан гэж хийчихээд захиалагчийг хайх ажлын хэсэг гэдэг юм байгуулсан. Одоо бол эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн тухай л шалгаж байгаа шүү дээ. Энэ бол ойлгомжтой, шүүхээр орох байх. Ийм хоёр гол нүглийнх хойноос би орсон учраас л миний зургийг шатаадаг, намайг буулгах юм яваад байгаа юм л даа.   

-Хууль зүйн сайд нь уучлал гуйсан юм чинь хуулийн байгууллага энэ хүмүүсийг суллачих байх гэдэг хүлээлт ар гэрт нь байгаа л байх даа?

-Хэрэв би Ерөнхий прокурор байсан бол шууд эсэргүүцэл бичээд энэ хүмүүсийг суллана. Хуулинд тэр эрх нь байгаа. Ийм балай юм болчихсон байна, энэ хүмүүс хууль бусаар ял эдэлж байна гэдэг саналаа бичээд Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралд оруулаад энэ асуудлыг нэг өдрийн дотор шийдэх хуулийн бололцоо байгаа. Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч хоёр үүнийг хийхгүй байна. Хамгийн сүүлд прокурор "Эрүүдэн шүүсэн хэргийн харьяаллыг тогтоогоод өгөөч ээ " гэж Дээд шүүх рүү саналаа явуулаад ёс хонож байна. Өнөөдрийг (2019.06.20) оролцуулаад ес хонолоо. Тэнд дахиад хуйвалдаан явагдаж байх магадлалтай. Яагаад вэ гэхээр Дээд шүүхээр энэ гурван хүний шийдвэрийг баталсан бүх шүүгч нар тэнд байж байна. Нөгөө чононд хонь хадгалуулав гэдэг болж байгаа биз. 

Сая УИХ гурван том даргад эрх өгөөд "шүүгчийнхээ асуудлыг нэг тийш болго" гэсэн хэл амтай хууль батлав аа. Гурван том дарга ч хөдлөхгүй байна, үнэнийг хэлэхэд. Би шулуухан хэлж байгаа, эд нарыгаа явуул аа гэж. Шунахайн сэдлээр хүн алсан гэж шийтгэчихээд захиалагч нь байдаггүй ямар учиртай юм бэ? Яахаараа хоёр байсан алуурчин дөрөв болчихдог юм. Ийм юм хийсэн шүүгч нар ажлаа хийж байх ёстой юм уу? гэдэг асуултыг би тавиад байгаа. Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Цогт гэж хүн одоо байгаа. Тэр хүн энэ хэргийг Дээд шүүхийн хуралд илтгэснийхээ дараа шагнал болгож Эрүүгийн танхимын дарга болсон. Эхнэр нь тагнуулын газарт ажиллаж байна. Ингээд бод доо. Нөгөө "Хонгилын шүүгч" гэж яриад байгаа биз дээ. Ийм л юмтай тэмцээд байгаа учраас зарим хүмүүсийн дургүй хүрээд намайг их ороож байгаа шүү. 

-Хаанаас?

-Тагнуул, прокурор хоёроос... 

Хоёр дахь нэг асуудал байна, хуульчдын дарангуйлал гэж. Сталины үеийн дэглэм л байхгүй юу даа. Толгойд нь сууж байгаа хүн эд нараараа дамжуулж нийгмийг бүхэлд нь айдас хүйдэст барьдаг. Үүнийг сэргээх гэж оролдсонд л асуудал байгаа юм. 37 оны хэлмэгдүүлэлт дахиж сэргэх үү,үгүй юу? Би бол сэргэх ёсгүй гэж бодож байгаа. Тэд нэр сэргээх ёстой гэж үзээд байна. Энэ хооронд л тэмцэл яваад байна. “Эрдэнэт” дээр бол “Монголыг хулгайлж болно” гэж байна. Би бол болохгүй гэж бодож байна. Яахаараа МАН, АН хоёрт шигдсэн хэдэн мөнгөнд дуртай этгээдүүдийн ивээлд багтсан хүн Монголын хамгийн өнгөтэй өөдтэй болгоныг үнэгүй хамж байдаг юм. ХХБ-ны эзэн гэж хүссэн болгоноо авч байдаг хүн гарлаа. М.Энхболдыг хотын дарга байхад Улаанбаатар банкийг энэ хүн авсан. Ерөнхий сайд байхад нь ХХБ-ийг авсан. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад энэ хүн Монголын гурван аймгийг нутгийг хамарсан бүх баялгийг цөлмөсөн. Эрдэнэт, Хөтөл, Дархан. Дарханы орд чинь Дарханаас Сэлэнгийн Хөтөл сумын цаад талд байгаа Цэхийн гол хүртэл төмрийн хүдрийн баялаг шүү дээ. Яахаараа нэг хүн авч байдаг юм.

-Та болохоор энэ бүхэнтэй тэмцээд, нөгөө талаас болохоор тэмцэгчдийн “но”-г гаргаж ирэх юм яваад байна уу? Ц.Анхбаяр гэдэг хүн жишээ нь хэдий хугацаанд дипломат албанд зүтгэсэн хүн юм, яагаад тэр хүнийг Элчин сайдаар томилно, томилуулахгүй гэдэг асуудал яригдаж эхлэв?

-Хамгийн сүүлд хөөрхий, “Анхааг Элчин сайд болгохгүй бол Нямдорж засгаас гарна гэж дарамталсан байна” гэж ярина лээ.

-Та тэгж хэлээгүй юу?

-Би бол хаана ч тийм юм яриагүй. Бүр нарийн яривал Д.Цогтбаатартай ч яриагүй. Арваад элчин сайд томилох шаардлага  гарчихаад, яамандаа байгаа боломжтой хүмүүсээ судлаад арван хүний нэр оруулж ирсний нэг нь миний хүүхэд. Энэ чинь өнөөдөр эхэлж байгаа дайралт биш шүү дээ. Бүр 2017 онд Зоригийн хэргийн яргалал, Эрдэнэтийн асуудлыг ярьж эхэлсэн цагаас хойш явж байна. 2017 оны нэгдүгээр сараас хойш. Миний бага хүүхэд ганц нэг компанитай юм, тэдний мэдээллийг авсан. Тэр байтугай миний Багабаярын бурхны оронд очоод удаж байгаа хүмүүсийн байрыг хүртэл шалгасан. Надаас нэг юм гаргах гээд байна шүү дээ. Ц.Нямдорж 17 байртай гээд нэг хэсэг шуугив. 2018 онд Бат-Ялалт гэдэг хүнээр дамжуулж бүтэн жил хөдөлсөн дөө. Тагнуул, АТГ-ныхан мэдээллийг нь гаргаж өгөөд бүтэн жилжингээ “Нямдоржийг огцруулья” гэдэг юм явуулсан. УИХ дотор төлөөлөлтэй, гадна талдаа ийм хүмүүстэй. Сая бол хүйсийг нь л жаахан сольж байгаа юм. Эрэгтэй байсныг эмэгтэй болгоод, өнгийг нь жаахан өөрчлөөд дайрч байна. Хүссэн юм нь надаас олдохгүй болохоор хүүхэд рүү дайрч байна л даа.

Тэр байтугай 2018 оны цагаан сарын битүүний орой одоо энэ яргалал үйлдсэн прокурор мөрдөнгийнхөн манай гэр лүү зарлан дуудах хуудас явуулаад, эхнэр ганцаараа байхад оруулж өгсөн. Танай нөхрийг прокурор дуудаж байна гэж. Юм үзээгүй хүн чинь бараг харвачих шахсан байсан шүү. Үүний цаана эд нарт нэг л тооцоо байгаа. Ингээд дайраад байвал энэ хүн нэг л тэсэхгүй ээ. Харвана аа гэж. Аминд хүрэх гээд л тэр аюултай юмнуудыг хийгээд байгаа юм. Би үүнийг чинь тоохгүй шүү дээ. Намайг юу ч зогсоож чадахгүй. О.Дашбалбарын шүлэг байдаг байх аа. Доромжлох тусам чинь би долоон бүрхан шиг гэрэлтэнэ... гэж. Би чинь иймэрхүү юмнаас айх үе нь өнгөрөөд удаж байна шүү дээ.

Их л сонин тавилантай л хүн дээ, би. 2000 онд сайд болоход эрүүгийн ертөнц Монголыг барьж байсан. Энэ бол үнэн. Энийг нэг цэгцлэх хувь тавилан оногдсон. Одоо тэр нь хөгжөөд мафи болчихсон байна л даа.

-Тэр мафи чинь улс дамнасан хар тамхины бүлэглэл болтлоо хөгжсөн юм биш үү? Түүнийг шийдэх эрх мэдэл, цэгцлэх шийдэл жишээ нь танд байна уу?

-Одоо аажуухан ч гэсэн юм явж л байна шүү дээ. Яргалсан хүмүүсийн хэрэг шүүх лүүгээ явж байна. "Эрдэнэт"-ийг хулгайлж луйвардсан хүмүүсийн хэрэг шүүх лүүгээ явж байна. Нурна шүү дээ.

Би жишээ нь ХХБ-ныхан УИХ дээр орж ирээд галзуурч байх үед “Ард түмэн та нарыг нэг дийлнэ ээ” гэж хэлсэн юм. Тэр бол системийг чинь дийлнэ шүү гэсэн үг. Ахиад нэг үг хэлчихсэн, “Би үүнийг чинь нурааж л санаа амарна” гэж. Тэр бол Ц.Элбэгдоржийн буюу Сталины дэглэмийг нурааж санаа амарна гэсэн үг байсан. Одоогийн энэ Ерөнхийлөгч яах юм бол. Томилогдсон хүмүүс нь яаж  ажиллах юм бол гэдгийг хараад л сууж байна. Жишээ нь ярганы хэрэг Дээд шүүх дээр очоод  ёс хонож байна гэдэг бол аюул. Үүний цаана нөгөө сүлжээнийхээ шүүгчид яаж өгөх вэ, хэнд өгөх вэ, хэнээр дэмжуулж будилаантуулах вэ? гэдэг хуйвалдаанаа л хийж байгаа. Хийдэг ч хүмүүс.

АН яагаад ингэж байгааг би ойлгож байна. АН-ын захиалгаар хийгдэж байгаа ажил. С.Эрдэнэ, Д.Эрдэнбат эд нарыг Ч.Сайханбилэгийн танхимд байхад энэ луйвар явагдсан. С.Эрдэнэ гэдэг хүний толгойлсон намын Тамгын газрын дарга нь Мэндсайхан гэж хүүхэн байна. Тэр хүүхэн бол “Эрдэнэт”-ийн захирал байсан хоёрдугаар, хуурамч Эрдэнэбилэгийн авгай. Би манай намууд ХХБ-ныхны богцонд орчихлоо гэж яриад байгаа хүн шүү. Богцноосоо таанууд хэзээ гарах вэ? гэж. "Эрдэнэт"-ийг луйвардаж авчихаад, нөхрийг нь дэд захирлаар, авгайг нь АН-ын Тамгын газрын даргаар тавьж байгааг юу гэж ойлгох вэ? Тэр авгай өнөөдөр манай яамны гадаа хийгдэж байгаа хууль бус жагсаал цуглааныг зохион байгуулаад явж байна. Энхсайхан гэж бас байна. 2020 оны сонгуульд болж өгвөл тодроод гишүүн болчих санаа байгаа байх. Гэхдээ зайлуул, гэр бүлийнх нь амьдралыг би ойлгохгүй байна. Нөхөр нь цагдаагийн байгууллагад ажилладаг, хулгайтай тэмцэх хэсгийн дарга л даа. Дэг журам сахиулах гээд явж байдаг, хүнд хүчир ажил хийдэг хүн.

-Та нээрээ нөхрийг нь ажлаас хална гэсэн юм уу?

-Би бол тийм юм хэлээгүй ээ, огт хэлээгүй. Нөхөр нь дэг журам сахиулах гээд, эхнэр нь дэг журам алдагдуулаад явж байгаа нь надад жаахан сонин санагдаад байгаа юм.

-МАНАН-тай тэмцлээ, дарлаа гэж яриад байх юм. УИХ дотор чинь МАНАН-гийн хүмүүс байгаа л биз дээ?

-Байлгүй яахав, Эрдэнээгээс авахуулаад байна. Манай намд ч байна. “Эрдэнэт”-ийн талаар дөрвөн заалттай тогтоолыг би УИХ-д оруулсан даа. Тэрийг манай нөхөд зассан даа. Гурван гол заалтыг нь хасаад, зөвхөн “хэлэлцээр хий” гэдгийг нь үлдээсэн байсан. Тэгээд бүлэг дээр ороход нь бослого гаргах шахаж байж нөгөө гурван заалтыг эргүүлж оруулж ирсэн. Улаан цайм хамгаалж байна шүү дээ, нуугаад байх юмгүй. Улаан цайм хамгаалаад байгаа учраас Ерөнхий сайд, УИХ-ын даргыг солиход би орчихсон хүн. Эд нар эх орноо бодохгүй байхад би эд нарыг бодоод яах юм. Би эх орноо л бодно. Ерөнхий сайдыг огцруулахад би нүүрэн дээр нь хэлчихээд гарын үсэг зурсан.

Сая захиргааны хууль дээр улаан цайм улстөржүүлээд байсан чинь ерөөсөө л тэр луйврыг хаах. Эхлээд шүүхээр шийдвэр гаргуулах, дараа нь шүүхийн шийдвэрийг ямар нэг аргаар хамгаалах хуулийн механизм бүрдүүлэх гэж л эд нар ийм балиар юм хийгээд байгаа.

Одоо жишээ нь Дээд шүүхийн захиргааны танхимын тэргүүн Батсуурь гэж хүн бий. ХХБ-ны хуулийн хэлтсийн дарга байсан хүн штээ. Эцэг нь одоо энэ Хөтөлийн эзэн. Сонирхлын зөрчил байгаа биз. Хөтөл чинь Т.Эрдэнбилэг гэдэг хүний өмч, нутаг нэгтэй эд нар. Хуулиараа бол ийм асуудал хэлэлцэхэд Батсуур гэдэг хүн орох ёсгүй. Гэтэл ороод л шийдчихэж байгаа юм. Тэгэхээр нь би хууль санаачилсан юм. Энэ мафи чинь бол ил цагаандаа гарсаан. Эд нар сүлжээтэй, асар их мөнгөтэй. Сүлжээ нь АН дотор ч байдаг, манай нам дотор ч байдаг. Би ерөнхий хандлагыг нь түрүүн хэлсэн. Ерөнхий том дүнгээр нь харахаар Ерөнхийлөгч (Элбэгдоржийн үеийн), Засгийн газар, Их хурал, шүүх, прокурор, АТГ бүгд эд нарын гарт байсан. Үүнийг л нураах гээд үзээд байна.

-Ингэхэд та ер нь ямар хүчтэй юм?

-Миний хүчтэй хүчгүйн тухай асуудал биш ээ. Ард түмэн ялна гэж би хэлэв ээ. Ялж л байгаа биз дээ. Намайг дуугарч эхлэхэд УИХ-ын гишүүд гайхаад суугаад байдаг байсан. Би чинь “муушиг” тоглож байгаа юм шиг л орсон хүн шүү дээ. Дэмжлэг авах нэг хувилбар байсан, авахгүй байх нэг хувилбар байсан. Ерөнхий өнгийг нь харсан. Толбо багатай шинэ залуучууд орж ирлээ, эд нар нэг магадгүй гэж горьдож л эхэлсэн, тооцсон л асуудал шүү дээ. Тэгээд "Эрдэнэт"-ийн шийдвэр гарахад залуучууд дэмжсэн. Сүүлд нь энэ Зоригийн хэрэг дээр дэмжсэн. Х.Баттулга Ерөнхийлөгч хүртэл намайг энэ яргаллын талаар ярихад итгэдэггүй байсан шүү дээ. Итгэхэд гурван жил орсон. Сүүлд ярганых нь бичлэгийг үзчихээд “нээрээ тийм байсан байна” гэж нэг юм итгэж эхэлж байгаа байхгүй юу.

-Одоо ч тэр хүмүүс хоригдож байгаа. Яргалуулахгүй байх боломж байгаа болов уу?

-Угаасаа яргалах боломжийг нь хаагаад хаячихсан юм шүү дээ. Би 2000 оноос хойш сайд хийхдээ хоёр, гуравхан л зүйл хийсэн. Бүх цагдааг байртай болгосон. 327 сумын хэсгийн төлөөлөгч айлд амьдардаг байсныг цагдаагийн байртай болгосон. Дээрээс нь ЦЕГ-ын байшин, УМБГ, Цагдаагийн их сургуулийн байшинг бариулсан. Хоёрдугаарт би бүх хорих ангиуйн байрыг шинээр бариулсан. 461-ээс эхлээд бүгдийг нь камертай болгосон. 25 хорих ангийн 23-г нь шинэ байртай болгосон, нэг стандарттай. Хүн яргалах аргагүй, камераар хянаж байдаг.  Тийм учраас цаадуул чинь Төв аймгийн цагдан хорихын хаагаад хаячихсан подвальд энэ хүмүүсийг яргалсан байхгүй юу. Өрөөг нь бэлтгээд, бичлэгийнхээ аппаратыг зоогоод, хоёр давхарт нь өөрсдөө тэр бичлэгээ харж сууж байгаад богино долгионы станцаар “одоо тэг, ингэ” гээд хорихын ажилтнуудад даалгавар өгөөд сууж байсан, тэр тагнуулынхан чинь.

-Ингэхэд та өөрөө хэр толботой хүн бэ?

-Ноцолдоод юм олдохгүй л байгаа биз дээ. Хорин жил, гучин жил надтай ноцолдлоо. 1996 оны сүүлчээр хууль бусаар тагнах чагнах ажиллагаа явагдсан. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших МАХН-ын хүмүүсийг тагнаж чагнасан. Тэрийг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд би орсон. О.Дашбалбар, С.Зориг, Л.Одонбаатар бид дөрөв. Тэгээд тагнаж чагнасныг нь тогтоогоод тагнуулын дарга ажлаа өгсөн. Тэрнээс хойш л намайг унагах хонзон эд нараас салдаггүй юм ш тээ.

Хөөрхөн нь би гурван Ерөнхийлөгчийн үед гурван өөр нэр авчихаад байгаа хүн. Н.Багабандийн үед “Хятадын тагнуул” болсон. 2000 онд сайд болохдоо тагнуул нэртэй орсон шүү. Хууль бус тагнах чагнах ажиллагааг нь илрүүлээд, үгэнд нь орохгүй болохоор Хятадын тагнуул болгосон. Н.Багабандийн зөвлөх нь оролцоод, “Энэ тагнуулыг сайд болгож болохгүй” гэдэг операци зохион байгуулаад бүтэлгүйтсэн. Дараа нь Н.Энхбаярын элдэв юмыг би эсэргүүцдэг юм байгаа биз дээ. Ялангуяа Монголбанктай холбоотой асуудал дээр. Тэрнээсээ болоод “Орондоо хууль засдаг” нэр авсан. Дараа нь Ц.Элбэгдоржийн үед “Мэнгэтэй дөнгө” нэр авсан. Үнэн шүү дээ. Хууль бус юм болгон дээр нь би дөнгө болж байсан. "Эрдэнэт"-ийн хэрэг, хуулийн байгууллагыг мафиоз болгосон, Зоригийн хэргийг ингэж балмадаар шийдсэн гээд бүх зүйл дээр нь дөнгө шиг дөнгө байсан. 

Энэ улс оронд шударга ёс ус, агаар мэт хэрэгтэй. Гэхдээ энэ бол миний хийж байгаа ажил биш. Намайг сонгосон сонгогчдын хийж байгаа ажил. Би сая уулзаад хэлсэн. Та нар намайг сонгосон учраас би үүнийг хийж байгаа юм аа. Энэ улсад Сталины дэглэм сэргэж тогтох ёсгүй юмаа. Хоёрдугаарт, энэ улсын өнгөтэй өөдтэй болгоныг хэдэн дарга нар төлөөнийхөө хүмүүсийг оруулж байгаад хулгайлах ёсгүй юм аа. Монголд мафи байх ёсгүй юм аа гэж. Жишээ нь улсаас мөнгө гаргаад “Эрдэнэт”-ийг аваад явчихлаа шүү дээ. Энэ мафийн дэглэмийг нураах ёстой. Эд нар намайг огцор барь, өргөдлөө өг гээд л гүйцгээгээд байна. Би хэзээ ч өргөдлөө өгөхгүй. Мафитай тэмцлээ гэж би огцрох юм уу?

Хоёрдугаарт огцрох асуудал өөрөө дэгтэй, Ерөнхий сайд, эсвэл УИХ-ын гишүүд нь албан ёсоор саналаа тавиад тэрийг нь хэлэлцвэл шийддэг юм байгаа биз. Ном журмаараа явах ёстой. Лам эсэх нь ч мэдэгдэхгүй хэдэн хүн гудамжинд гараад сан тавьчихаар би өргөдлөө бариад гүйх юм уу? Үгүй.

-Төрийн ордонд саяхан нэг эмгэнэлтэй хэрэг гарсан, хүн амиа алдсан. Энэ хэрэг яаж шийдэгдэж байна вэ? Шүүхийн шинжилгээгээр “цус харвалт болон ямар нэгэн зүйл байгаагүй” гэсэн хариу гарсан гэж байна?

-Шалгалт явагдсан. Би тэр орой ордонд байсан. ЦЕГ-ын дарга, УМБГ-ын дарга тэнд байсан. Байдаг бүх хүчээ тавиад энэ хэргийг шалга гэсэн. Тэгээд шалгалт явагдсан. Шинжээчийн дүгнэлт гарсан гэж надад танилцуулсан. Одоо дутуу хөтүү юмаа шалгаад, эцсийн дүндээ юу болсон бэ гэдгийг цагдаагийн байгууллага прокурортойгоо хамтраад олон нийтэд танилцуулах байх. Тэр цус хаваагүй, энэ тэр гэдгийн тухайд хүний зовлон дээр улс төрийн оноо цуглуулах гэсэн нэг муухай зан байх юм аа. Үүнд л би жаахан эмзэглээд байгаа. Тэртэй тэргүй хань ижил, үр хүүхдүүд, настай эцэг эх нь бөөн шаналан байгаа шүү дээ. Алдсан хүн арван тамтай. Тийм байхад дээр нь элдэв юм ярьж, нэмж үймүүлээд байж хэрэггүй шүү дээ. Мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаагүй байхад “ийм тийм” гэж мэдээлэл хийх эрх надад байхгүй.

-Ингэхэд Төрийн ордонд яагаад хяналтын камер байрлуулдаггүй юм бэ?

-Ардчилал гэдэг утгаараа парламентын ордонд хяналтын камер байдаггүй юм гэнэ. Би энэ талаар сонирхдоггүй байсан. Хэрэг явдал болсон тэр орой “камерийн бичлэг алга” гээд яригдаад явчихаар нь асуусан. Парламентын ордон нээлттэй байдаг учраас, гурван газар хамт байдаг учраас болдоггүй юм аа гэсэн. Харамсалтай. АН-ын талаас ам зөрж үзээгүй цөөхөн гишүүдийн нэг байсан. Ёстой харамсалтай юм боллоо.

-Таны хийж байгаа энэ тэмцлийн үр дүн хэзээ гарах бол? Сонгууль болтол жил хүрэхгүй хугацаа үлдлээ шүү дээ?

-Тэмцлийн үр дүн гарна аа. Би явсан ч гарна. Энэ ард түмэн ойлгочихлоо шүү дээ, ингээд л болоо. Одоо жишээ нь ойрын 20-30 жилд дахиж ийм яргалал гарахгүй. Дахиж хийе гэсэн ч зүрх нь хүрэхгүй биз дээ. Хоёрдугаарт хүссэн ч, эс хүссэн ч миний араас УИХ-ын залуу гишүүд явав аа, дийлэх нь. Энэ ч гэсэн цаашаа явна. Би явсан ч эд нар үргэлжлүүлнэ. Намайг зогсоох ганц зовлон байсан бол одоо олон хүнийг зогсоох зовлон гарна. Чадахгүй, эд нар. Энэ ард түмэн чинь нэг тайван амьдармаар байна шүү дээ. Хууль хяналтын байгууллага нь номоор нь асуудлыг шийдчихдэг, хүн хүнээ яргалдаггүй, бизнес хийж байгаа хүмүүс нь төрөөс хулгай хийдэггүй баймаар байна.

-Ц.Нямдорж гэдэг хүн хэн нэгэнд сайн зөв, үл хийж байгаа харагддаг байж магадгүй. Огцроод өгөөсэй гэх хүмүүс ч байж бас магадгүй. Үнэхээр мафи гэдэг бохир, хар хүчний эсрэг тэмцэж байгаа бол тэр тэмцэл үр дүнд хүрээсэй гэдэг хүлээлт жирийн иргэдэд байгаа учраас танд амжилт хүсье.

-Удахгүй наадам болох гэж байна. Би чинь сайд болсноосоо хойш анх удаа ийм дэлгэрэнгүй ярилцлагад орж байна. Энэ 2-3 жил их амаргүй жилүүд байлаа. Дахиад аз юмаа даа. Эхэлчихсэн, дуусгаагүй байсан ажлуудаа дуусгаж санаа амарлаа. Их олон жил намайг дэмжиж ирсэн ард түмэндээ, бодсон санаснаа ажил болгох бололцоо олгосон намынхандаа баярлалаа гэж хэлье. Баярын өмнө “Баярлалаа” гэдэг үгээр дуусгах нь зүйтэй байх.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Top