x

Г.Мөнх-Эрдэнэ: Нефтийн үнэ энэ жилдээ өснө гэсэн таамаг голлож байна

Эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өнгөрсөн оны сүүлийнхээс 40 хувиар өсчихөв үү?

-Тэглээ. Өнгөрсөн оны сүүлчээр 55 ам.доллар байсан бол одоо 74 ам.доллар болоод өсчихлөө. Энэ бол маш өндөр өсөлт. Өнгөрсөн саруудад өрнөсөн энэ өсөлт дараа дараагийн сард бензиний үнэ дээр нэмэгдээд ороод ирнэ.

Өнөөдөр хэрэглэгчдэд хүрч буй шатахууны үнэ бол өнгөрсөн хоёрдугаар сарын дэлхийн зах зээлийн ханш. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг анзаарахад сүүлийн таван жилд их савлагаатай байгаа. Ханш 30, 40 хувиар өссөн үе байна. Өнгөрсөн жил бүр 80 хувь давсан. Шатахууны үнэ маш том улс төр, геополитикийн сэдэв болж хувирсан нь эндээс харагдаж байна. Сүүлийн жилүүдэд Америк энэ зах зээл дээр маш том амбицтай тоглогч болохоор зүтгэж яваа. Шатахууны үнийг Путин, Трамп, Бен Салман гурав тодорхойлж байна.

-Ханшид хүчтэй нөлөөлж байгаа нь АНУ гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. АНУ нэг талаас гарцаа нэмэгдүүлж эхэлсэн. Нөгөө талаас томоохон нийлүүлэгч улсуудыг шахаж байна. Иранд цөмийн хөтөлбөрийг нь дэмжихгүй гэсэн шалтгаанаар хориг тавьж байгаа. Энэ хориг өнгөрсөн жилийн ханшийн өндөр өсөлтийг бий болгосон. Үүнээс болж манай улсын шатахууны жижиглэнгийн үнэ түрүү жил 300 төгрөгөөр өссөн. Оны эцэст хориг бага зэрэг зөөлрөөд ирэнгүүт брент нефть газрын тосны үнэ маш хурдацтайгаар унасан. Хоёрдугаар шалтгаан бол Америк, Хятадын худалдааны дайн. Өнгөрсөн оны сүүл хүртэл хурцадсан худалдааны дайнаас болж дэлхийн эдийн засгийн өсөлт буурна гэсэн таамаг их явсан. Эдийн засгийн өсөлт буурахаар нефтийн эрэлт буурна гэсэн хүлээлт бий болсон юм. Тэр үед нефтийн үнэ хэсэг хугацаанд огцом унасан. Гэтэл уржигдар (дөрөвдүгээр сарын 23) Трамп нэг мэдэгдэл хийчихлээ. Иранд тавьсан хоригоо өмнө нь зөөллөсөн бол одоо буцаагаад хатууруулчихлаа. Хоёрдугаарт Си Жиньпин, Трамп хоёр гадаад худалдаан дээрээ шийдэлд хүрлээ гэж зарлаад байна. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн өсөлт эргэж тогтворжих, тэрийгээ дагаад нефтийн эрэлт нэмэгдэх нөхцөл байдал үүсчихлээ л дээ.

-Тэгэхээр дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөх өндөр магадлалтай болчихлоо гэсэн үг үү?

-Ерөнхийдөө тийм. Нефтийн үнэ энэ жилдээ лав буурах боломж харагдахгүй байна. Өсөх таамаг давамгайлаад эхэллээ. Үүнийг дагаад сая шатахууны үнэ 50 төгрөгөөр өсчихлөө. Тэгэхээр цаашдаа нэмэгдэх эрсдэл өндөр байна.

-Шатахууны зах зээлийг тодорхойлж байгаа АНУ нийт нийлүүлэлтийн хэчнээн хувийг эзэлдэг вэ?

-Хэдхэн жилийн өмнө дэлхийн шатахууны нийт нийлүүлэлтийн 5 ч хүрэхгүй хувийг эзэлж байсан бол өнөөдөр 11 хувь болчихсон. Нийлүүлэлтийн хэмжээгээрээ ОХУ, Саудын Арабтай ойролцоо ирчихсэн гэсэн үг. ОПЕК-ийн зарим нэг улсын нэг брент нефть газрын тос олборлож буй өртөг маш өндөр болсон. Олон жилийн турш олборлосон учраас өртөг нь цаашдаа хүссэн хүсээгүй өсөөд явна. Занарын хувьсгал хийж занараас шатахуун гаргасан Америкийн хувьд зардлаар өрсөлдөх давуу талтай болчихсон. Энэ утгаараа Трамп гэдэг хүн Монголд шууд болон шууд бус маш олон арга замаар нөлөөлж байна. Трамп нэг мэдэгдэл хийхэд л алтны ханш өсдөг. Нефтээр дамжаад манай шатахууны үнийг өсгөчихлөө. Өнгөрсөн жил худалдааны дайныг Хятадтай эхлүүлээд зэсийн үнийг унагасан. Нүүрсний төмөр зам барина барихгүй, баруун тийшээ, зүүн зүг рүү барина гэж маргаж суухад дэлхий ингэж хавтгайрч байна. Том гүрнүүд дахин тэнцвэр олох гэж хоорондоо өрсөлдөж, чи эхэнд үү, би түрүүнд үү гэдэг дайн өрнөж байна.

-Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөөр өсгөдөг хэрнээ унахаар нь үнээ буулгахгүй юм гэсэн бухимдал иргэдэд байдаг. Дотоодын шатахууны үнийн хувьд дэлхийн зах зээлийн ханштай яаж уягддаг юм бол. Энэ сард нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өслөө гэхэд нөлөө нь хэдий хугацааны дараа бидэнд мэдрэгдэх вэ?

-Иргэд A-92 шатахууныг төгрөгөөр худалдаж авдаг. Тэр утгаараа эцсийн хэрэглэгч хоёр төрлийн ханшийн эрсдэлд ордог. Нэг нь дэлхийн зээл дээрх газрын тосны үнийн савлагаа. Нөгөө нь төгрөгийн сулрал. Шатахуун импортлогчид бүтээгдэхүүнээ ам.доллараар аваад иргэдэд төгрөгөөр зардаг учраас долларын ханш чангарч, төгрөг сулраад байвал дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ унасан ч Монголд бензиний үнэ унахгүй. Дэлхийн зах зээл дээр брентийн үнэ тогтвортой байсан ч Монголд төгрөг сулраад байвал бензиний үнэ өснө. Брент нефтийн үнэ унахад яагаад дагаад унахгүй байна гэхээр Монголд сүүлийн таван жилд төгрөг тасралтгүй суларч ирсэн.

-Өнгөрсөн жил шатахууны үнэ буурсан шалтгаан нь тэгвэл юу байв?

-Нефтийн үнэ огцом унасан юм. Огцом савлагааны үед тодорхой хэмжээнд үнэ бууна. Тав, арван хувийн уналтад дотоодын шатахууны үнэ буух боломж бүрдэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, ам.долларын чангаралт нефтийн ханшийн бага хувийн уналтыг “идчихээд” байна л даа. Нэг сайн мэдээ бий. Хэдэн жилийн өмнөөс манай худалдаж авдаг нефтийн үнэ дэлхийн зах зээлийн үнэтэй шууд уялдаатай болж эхэлсэн. Өмнө нь бид оросуудын хэлсэн үнээр авдаг байсан бол одоо Сингапурын биржийн үнээр шатахуунаа авдаг болсон. Тодруулж хэлбэл Сингапурын биржийн өмнөх сарын нефтийн ханш манай улсын энэ сард худалдаж авах шатахууны ханшид үйлчилж байгаа. Товчхондоо дэлхийн зах зээлийн үнэ манай улсад нэг сарын дараа нөлөөлдөг.

-Өнгөрсөн сард дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ багагүй өссөн. Тэр өсөлт энэ сард хэрэглэгчдэд очих шатахууны үнэд нөлөөлнө гэсэн үг үү?

-Хэрэглэгчдэд энэ сард биш ирэх сард нөлөөлнө. Учир нь дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ импортын компаниудын худалдаж авч байгаа үнэд сарын дараа нөлөөлдөг юм. Импортын компаниуд энэ сард худалдаж авах шатахуунаа хоёр, гурван сарын нөөцтэйгөөр өмнө нь авчихсан байх тохиолдол бий. Ийм тохиолдолд ханш уналаа ч өмнө нь өндөр үнээр авсан шатахуунаа зарж дуусаагүй бол үнээ буулгах аргагүй. Өмнө нь авсан шатахуунаа зарж байж л үнээ буулгах боломж гарч ирнэ. Тийм онцлогтой бизнес л дээ.

-Шатахууны үнэ цаашид хэд болж өсөх бол, шинжээчид ямар таамаг хэлж байна вэ?

-Шинжээчид оны эцэст дундаж ханшийг 70 байх болов уу гэж таамаглаж байгаа. Хамгийн ихдээ 100 ам.долларт хүрч өснө гэсэн таамаг байна.

-Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөх нь, дагаад манайд шатахууны үнийн өсөлт баараггүй болчихож гэж ойлголоо. Манай улсын худалдаж авч буй брентийн үнийг тогтворжуулах боломж байгаа юу?

-Тогтворжуулах боломж байгаа. Олон улсын хэллэгээр бол хэжинг (hed­jing) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл ханшийн өсөлт болон уналтаас сэргийлэх боломжийг бий болгодог арга хэрэгсэл. Импортоор шатахууны хэрэгцээгээ хангадаг манайх шиг улсууд ханшийн өсөлтөөс айдаг. Хэжинг ашиглавал гурван сарын дараа авах нефтийнхээ үнийг өнөөдөр тохирч болно. Гурав, зургаан сарын дараа, жилийн эцэст ханш өснө гэдэг хүлээлт байгаа бол 74 дээр нь хэжлээд оны үлдсэн сард авах нефтийн үнийг 74 дээр тогтоож болно. Үүнийг хэжинг гээд байгаа юм. Оны эцэст нефтийн үнэ 100 ам.доллар болж өслөө гэхэд өнөөдрийн 74 ам.доллараар шатахуунаа худалдаж авна гэсэн үг. Бид энэ талаар өнгөрсөн жил Засгийн газрын холбогдох газруудад танилцуулсан. Хэрвээ бид өнгөрсөн жилийн өдийд брентийн үнэ 60 орчим ам.доллар дээр байхад хэжинг хийчихсэн бол түрүү оны 300 төгрөгийн ханшийн өсөлтийн тал нь байхгүй болох боломж байсан. Саявтар бас 55 хүртэл унасан даа. Тэр үед нь хэжинг хийх боломж байсан. Тэгсэн бол шатахууны үнэ саяных шиг 50 төгрөгөөр өсөхгүй байсан.

-Одоо хэжинг хийвэл оройтчихсон уу?

-Одоо хэжинг хийхэд оройтсон.

-Тэгэхээр өнгөрсөн хоёр гурван сард ажиглагдсан дэлхийн зах зээл дээрх нефтийн ханшийн өсөлт ирэх нэг, хоёр сарын хугацаанд манайд нөлөөлж, шатахууны үнэ шатлаад өснө гэсэн үг үү?

-Тэгнэ. Импортлогч компаниуд зардал нь өсөөд ирэхээр Засгийн газарт “Ашиггүй боллоо, өсгөхөөс аргагүй нь” гэж хандаж таарах байх л даа.

-Импортлогч компаниуд тэгж хандлаа гэхэд Засгийн газарт хэрэглэх арга бий юу?

-Өнөөгийн нөхцөлд бол арга гарц харагдахгүй байна. Шатахууны үнэд дөрвөн шалтгаан нөлөөлдөг. Брент газрын тосны дэлхийн зах зээлийн ханш, төгрөг долларын ханшийн харьцаа, Засгийн газрын онцгой албан татварын өсөлт бууралт, ОХУ-ын татвар нөлөөлдөг юм. Брент газрын тосны үнэ өсөөд долларын ханш чангараад байхаар Засгийн газарт ганц үлддэг хэрэгсэл нь онцгой албан татвараа бууруулах. Тэгж байж шатахууны ханшийг тогтвортой байлгадаг. Өнгөрсөн жилүүдэд нефтийн үнэ өсөөд, төгрөг суларч байх явцад Засгийн газар онцгой албан татвараа бууруулсаар ирсэн. Тэгсний эцэст жил гаруйн өмнө татварын хувь тэг рүү орсон. Онцгой албан татваргүй болсон гэсэн үг. Ийм нөхцөлд хүрсэн учраас шатахууны үнэ хүссэн хүсээгүй өсөөд эхэлсэн юм. Онцгой албан татвар бол хязгаартай арга, бидний санал болгож буй хэжинг бол хязгааргүй арга.

-Засгийн газраас хэжинг хийх тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Мөнгөн дээр гацчихаад байна л даа. Эдийн засагт “Үнэгүй үдийн хоол ч байхгүй” гэсэн үг бий. Тэр утгаараа нефтийн үнэ тогтворжуулах ажил үнэгүй байхгүй. Уг нь бид хэжингийг маш сайн эзэмшчих юм бол “Эрдэнэт”-ийнхээ зэсийг ч үнийн уналтаас хамгаалж болж байна.

-Шатахууны хувьд иргэдийн амьдралд нөлөөлдөг нь Аи-92. Аи-92-ын үнийг тогтвортой байлгах зорилгоор хэжинг хийхэд хэр хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах бол?

-Монгол Улс өнгөрсөн жил 1.1 тэрбум ам.долларын шатахуун авсан. Бүтэн жилийнхээ хэрэгцээг ханшийн өсөлтөөс хамгаалъя гэвэл шатахуун худалдаж авч буй мөнгөн дүнгийнхээ дор хаяж 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гаргах хэрэгтэй болно. Дэлхийн аль ч улсад хэзээ ч 100 хувиар хэжинг хийдэггүй. Учир нь ирээдүйг хэн ч 100 хувь таамаглаж чадахгүй. Тэр утгаараа хамгийн ихдээ 50 хувиар л хэжинг хийдэг. Иргэдийн амьдралд чухал нь Аи-92 гэдэг үнэн. 92-ыг тусад нь тооцохоор худалдаж авах мөнгө маань 300 сая ам.доллар л болно. Энэ мөнгөн дүнгийн 50 хувь нь гэхээр 150 сая ам.доллар. 150 сая ам.долларын 10 хувь гэхээр 15 сая ам.доллар. Ингэхээр бүр боломжийн болчихож байгаа юм. Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр бага байхад хэжинг хийчихвэл иргэдийнхээ эдийн засагт тусалж байгаа маш том ажил болно.

-Шатахуун иммпортлогчид хэжинг хийх боломжтой юу?

-Хэжингийг хоёр түвшинд хийж болно. Эхнийх нь Засгийн газар мөнгөө гаргаж хэжинг хийх. Засгийн газар нефтийн үнэ 60 ам.доллар байх оны эхэнд хэжинг хийсэн бол ханш 74 болсон өнөөдрийн хувьд баррель тутамд 14 ам.долларын ашиг олж байгаа. Засгийн газар мөнгөө гаргаж хэжинг хийснээрээ энэ ашгийг авна гэсэн үг. Тэр мөнгөө шатахуун импортлогч компаниуддаа татаас болгож өгч болно. Зах зээлд эзлэх хувиар нь мөнгөний хэмжээгээ тогтоочихно. Эсвэл шатахууны компаниуд өөрсдөө бие дааж хийж болно. Энэ тохиолдолд түвэгтэй. Зардал гээд дор хаяж 10 хувь гарна. Ингэж зардал гаргаж хийх нь шатахууны компаниудын хувьд натураль хэрэгцээ нь биш. Үүнийг нефть олборлогч компани зарах бүтээгдэхүүнийхээ уналтаас хамгаалж хийх ёстой юм.

-Шатахууны компаниуд “Долларын зээлд хамрагдаж шатахуунаа авдаг учраас хямд дээр нь их хэмжээгээр шатахуун худалдаж авч чаддаггүй” гэсэн тайлбар хэлдэг. Энэ ер нь хэр бодитой тайлбар вэ?

-Бодитой тайлбар. Тэд долларын ханш, нефтийн үнийн эрсдэл дунд явдаг. Энгийн жишээ хэлье. Ам.доллар 2500 төгрөг байхад шатахуун худалдаад авчихлаа гэж төсөөлье. Сарын дараа олсон орлогоороо шатахуун захиалах гэхээр ам.доллар 2600 төгрөг болчихсон байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд зардал нь 100 төгрөгөөр өсчихөж байгаа биз. Зөрүү мөнгийг олсон ашгаасаа гаргаж таарна. Олсон ашгаа “идэж” байна гэсэн үг.

-Та нар хэжингийн яг ямар аргыг санал болгож байгаа вэ, илүү тодруулж тайлбарлаач?

-Бидний санал болгож буй арга хаана хаанаа ашигтай. Хугацааных нь төлбөрийг тодорхой хэмжээнд төлөөд ханш өсчихвөл өнөөдрийн хямд үнээр ав, хэрвээ унавал унасан үнээр нь тухайн үедээ ав гэдэг сонголт юм. Ийм сонголт хийвэл тодорхой хэмжээний зардлыг урьдчилж төлнө. Нөгөө арга нь барьцаа байршуулах. Энэ тохиолдолд зардал гарахгүй давуу талтай. Сул тал мэдээж бий. Ханш унавал барьцаа нь идэгдэх буюу алдагдал болж хувирах аюултай. Ханш өсвөл хэлцэл хийсэн үеийн хямд үнээр авна. Ханш унавал унасан үнээр авах ч барьцаа байхгүй болно. Ингээд харахаар яалт ч үгүй эхний хувилбар нь илүү ашигтай.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 6 цаг 47 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 6 цаг 57 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 8 цаг 0 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 8 цаг 17 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 8 цаг 17 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 8 цаг 25 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 8 цаг 37 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 8 цаг 51 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 8 цаг 54 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 9 цаг 7 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 9 цаг 11 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 9 цаг 24 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 10 цаг 0 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 12 цаг 14 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 12 цаг 18 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 13 цаг 25 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 14 цаг 22 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 14 цаг 56 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 15 цаг 49 мин ОРОС дахь АЛЛАГА 16 цаг 46 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top