Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Гол мод хэмээх газраас Монголын эзэнт гүрний үеийн олдворууд илрүүллээ.
ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг энэ сарын 12-27-ны өдрүүдэд тус газарт археологийн малтлага, судалгааны ажил хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг малтан судалсан байна.
Судалгааны багийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран удирдсан байна.
Малтлага, судалгааны явцад өрөмтэй шаазан ваар, шавар ваар, эмээл, дөрөө, амгай бүхий морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадгийн тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын эзэнт гүрний үеийн нийгэм, соёл, ахуйн түүхийг судлахад онцгой ач холбогдолтой олдворууд илэрчээ.
Ж.Баярсайхан “Эдгээр олдворын зарим нь Монголын нутаг дэвсгэрээс өмнө нь бүрэн бүтнээрээ олдож байгаагүй. Иймээс Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд онцгой ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Одоогоор олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд судалгааны үр дүнг олон нийтэд үе шаттайгаар танилцуулах юм.





