x

АЖ Д.Баттөмөр: Б.Явуухулан гуайн хоёр хайртай шүлэгт аялгуу хийсэндээ баярладаг

Ардын жүжигчин, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөртэй ярилцлаа.

-Та анх урлагт хэрхэн хөл тавьж байв. Тэр үеийн түүхээс яриагаа эхэлье?

-Би 1960 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумынхаа сургуулийг төгсөөд Багшийн сургуулийн хуваарь авч хотод ирсэн хүн л дээ. Хотод ирсэн хойноо ээжийн хамаатныд амьдарч байлаа. Гэтэл нэг өдөр Улсын ардын дуу бүжгийн чуулга (УАДБЧ) буюу одоогийн Үндэсний урлагийн их театрт “Хөгжимчин авна” гэсэн зар радиогоор явж байхыг сонссон юм. Саваагүйтээд очоод шалгуулчихсан чинь тэнцчихсэн байсан. Бөөн баяр болно биз дээ. Намайг шалгалт өгөх гээд очиход комисс хүлээж аваад шалгасан. Тэгэхдээ чуулга аравдугаар сарын 1 хүртэл амарна. Ажил эхлэх өдөр ирээрэй гээд шалгалтад тэнцсэн гэдэг албан бичиг хийж өгсөн. Түүнийг аваад нутаг руугаа гэртээ харилаа. Манайхан багшийн сургуульд орсонгүй гээд ихэд дурамжхан хүлээж авч байсан юм. Бас миний яриа жаахан үнэмшмээргүй байсан байх. Есдүгээр сарын сүүлч болоход би чинь дээл хувцас болно биз дээ. Тухайн үед манай ах жолооч хүн байсан. Тэгээд дээл хувцас ээжээрээ хийлгээд Улаанбаатарт ирсэн юм. Ингээд УАДБЧ-д шалгалтад тэнцсэн гээд намайг дагалдан хөгжимчнөөр авлаа. Чулуунбаатар гэж багшаараа их хуур хөгжим анх заалгаж, тэндээ найман жил хөгжимчнөөр ажилласан юм.

Тэр үед чуулга Говийн, Алтайн гэх мэт сэдэвчилсэн концерт бэлтгэж нийтэд хүргэдэг байлаа. Тэр дагуу 1965 онд “Хангайн дуу” гэдэг концерт хийхээр боллоо. Нэг удаа Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогцолмаа багш уран бүтээлчдийн дунд хурал хийгээд “Хангайн дуу концерт хийнэ. Хүн бүр оролцох ёстой“ гэж хэлээд, үүрэг даалгавар өгсөн юм. Нас залуу, чих зөөлөнтэй байжээ. Хүн бүхэн оролцох ёстой юм байна гэж бодоод дууны ая хийж оролцохоор дууны шүлгийн эрэлд гарлаа. Тэр үед ном, сонин хэвлэгдвэл байнга л уншдаг байсан сан.

Тухайн үед "Залуучуудын үнэн" сонинд Ш.Сүрэнжав гэдэг хүний "Хэн гуайн гэрийн гадуур исгэрээд нэг өнгөрөхсөн" гэсэн төгсгөлтэй “Хээр морь минь” гэдэг шүлэг хэвлэгдсэн байхыг олж харсан юм. Тэр шүлгийн эзнийг сурагласан чинь “Монголын радио”-д ажилладаг хүн байж таарлаа. Тухайн үед одоогийн Төв шууданд “Монголын радио” байрлаж байсан. Тэнд очоод үүдний харуулаас нь асуутал "Хүлээж бай, гараад ирнэ" гээд хүлээж байгаад тэнд анх Ш.Сүрэнжавтайгаа тааралдсан юм. Тэгээд учраа хэлтэл "Танайх хаана байдаг вэ" гэсэн юм. Манайх хуучин долдугаар гуанзны ойролцоо айлын хажууд байсан юм. Ингээд манайд очлоо. Манайд ирээд цай хоол унд болж байх хооронд ийм нэг шүлэг бичиж өгсөн юм.

"Цэцгийн сайхан үнэртэй

Цэнхэр униарт хангай минь

Цэнгэлийн салхи үлээсэн

Цээж тэнэгэр хангай минь" гээд шууд бичээд эхэлдэг юм байна. Ингээд би энэ шүлэгт ая хийж, "Баян хангай" дуу мэндэлсэн юм. Ш.Сүрэнжав дараа нь надад “Намуун үдэш” шүлэг өгч, би түүнд ая зохион УГЖ, алдарт дуучин С.Цэрэндолгор дуулсан. Одоо ч дуулагдаж байгаа. Анхны дууны минь шүлгийг бичсэн Ш.Сүрэнжавдаа би баярлаж явдаг юм. Дараа нь "Миний нутгийн бараа"-г Улаан-Үдэд аяыг нь хийчхээд ирэхэд сайхан шүлэг бичиж өгсөн. Одоо энэ талаар дурсахад сайхан байна.

-Урлагийн зам руу ороход тань юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ?

-Хөгжим бүжгийн сургуульд багшийн хөгжмийн анги төгсөөгүй хүн чинь мэргэжлийн олон зүйл мэдэх хэрэгтэй болно. Ингээд Улаан-Үдийн Соёлын дээд сургуулийн удирдаачийн ангид шалгалт өгтөл тэнцсэн юм. Тэгээд явах болсон чинь "Би их сургуульд сурч чадахгүй" гэж хэлсэн. Үнэнээ л хэлсэн. Тэгээд гэнэтхэн хамт олон, хөгжимчид, аав ээж, найзууд маань санагдаад дээд сургуульдаа явсан юм. Ингээд 1978 онд Улаан-Үд рүү хөгжмийн удирдаачаар сурахаар явсан. Сургуулиа төгсөж ирээд Сүхбаатар, Ховд, Эрдэнэт гээд орон нутагт ажиллаж, хөдөө гадаа их явсан даа. Энэ бүхэн надад юм сурахад их нэмэр өгсөн гэж одоо боддог юм. Ингэж л урлагийн тогоонд чанагдаж явлаа даа.

-Агуу их найрагч Б.Явуухулангийн "Туулын урсгал шөнөдөө сайхан", "Дуу минь, дуу минь", "Би хаана төрөө вэ" гээд олон сайхан шүлгийг та дуу болгож, олон түмэнд хүргэсэн. Та Б.Явуухулан найрагчтай хэзээ анх уулзаж байв?

-"Дуу минь, дуу минь" дууг оюутан байхдаа хийж байлаа. Харин найрагчийн “Туулын урсгал шөнөдөө сайхан” дууг хэвлэлд ноттой хэвлүүлэх болтол шүлэг главлитаар батлагдаагүй учраас хэвлэхгүй гэсэн. Ингээд Зохиолчдын хороон дээр очтол яруу найргийн секцээр орж, зөвшөөрлийг нь аваад тамга даруулаад ир гэдэг юм байна. Тэгээд хаалгыг нь татсан чинь Б.Явуухулан гуай өөрөө сууж байлаа. Тэгж би анх удаа найрагчтай уулзаж, танилцаж байлаа. Өмнө нь яагаад уулздаггүй байсан бэ гэвэл их сүрдэнэ, хүндэлнэ шүү дээ. Тэгээд Б.Явуухулан найрагчтай анх уулзахад "Би хоёр дуундаа их хайртай шүү" гэж надад урмын үг хэлж байлаа. Ингээд 1966 онд "Туулын урсгал шөнөдөө сайхан" дуунд ая хийсэн юм. Б.Явуухулан гуайн “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дуу минь, дуу минь” хэмээх хоёр хайртай шүлгэнд нь аялгуу хийсэндээ баярладаг.

Нэг удаа би Б.Явуухулан гуайн гэрт нь очсон юм. Тэгэхэд "Гургалдайн цэцэрлэгт буутай орж болохгүй" гэдэг шүлгээ өгсөн юм. Би аялгуу хийгээд Цэргийн дуу бүжгийн чуулгын н.Нарантунгалаг дуучинд өгч дуулуулж байлаа. Дараа нь "Би хаана төрөө вэ" шүлэгт ая хийгээд, "Морин хуур" наадамд энэ бүтээлээрээ оролцож байлаа. Мөн "Алаг дэлхийд төрсөн минь учиртай" дууг Ардын жүжигчин А.Дашпэлжээ анх дуулсан байдаг. Б.Явуухулан гуайн шүлгийн ритм нь нягт, гоо зүйтэй, гүн ухааны байдаг. Ийм л тансаг шүлэгтэй хүн гэж би бодож явдаг. "Туулын урсгал шөнөдөө сайхан" бол ярих юмгүй сайхан цэгцтэй, хамгийн гол нь тансаг. Ер нь дууг зохиогдсоны дараа хүн бүхэн шүүрч аваад дуулах нь байдаг л зүйл. Харин явцын дунд хүмүүс дуулаад эхэлбэл би их баярладаг хүн байгаа юм.

-Төрийн шагналт, яруу найрагч Д.Нямаагийн "Цэцэгт цэнхэр алчуур" дуунд та ая хийсэн. Энэ дууны ая нь орон зайг холоос ойртуулж байгаа юм шиг мэдрэгддэг гэж хөгжмийн зохиолчид ярьдаг юм билээ. Ингэхэд та ая зохиохдоо шүлгийн утга санааг яаж мэдэрч, уран бүтээл болгодог вэ?

-Д.Нямаа зохиолч бол их богинохон бичдэг. Манай нутгийн Өлзийт сумын хүн. Бичгийн хэв нь их гоё. Зохиолчийн үгний чадал нь өөрөө их хүчтэй. "Цэцэгт цэнхэр алчуур" дууг хийсэн хойно дууны том уралдаан зарлагдсан юм. Тэрэнд нь бид хоёр оролцоод, дууны алтан фондод орсон. Одоо дуурийн театрын сафрон хоолойтнууд их дуулж байгаад хараад баярладаг юм. Ер нь мэргэжлийнхэн бүгд шахуу дуулдаг. Сая өөрөө "Наашаа хандаад, ойртдог" гэж хэллээ. Миний хувьд болж өгвөл шүлгийг ойлгуулж хийх ёстойг эрхэмлэдэг. Шүлгийг ойлгосон байхад дуу гардаг. Би шүлгээ сонгож авсан л бол илэрхийлэх хэрэгтэй. Надад бас уран бүтээлийн хариуцлага оногдож байгаа шүү дээ.

-Ардын уран зохиолч П.Бадарч гуайн "Есөн эрдэнийн орон" шүлэгт та ая зохиосон. Энэ дууны аялгуу хэрхэн бүтэж байв?

-"Есөн Эрдэнийн орон" шүлгэнд Эрдэнэтэд байхдаа аялгуу хийж байсан. Тэнд ажиллаж, амьдарч байхад уул улам намсаад л байгаа юм шиг санагддаг байлаа. Өрөвдмөөр ч юм шиг. Эрдэнэтэд ганцаархнаа нэг хөгжимтэй өрөөнд байрлаж байсан юм. Ингээд нэг өдөр яруу найргийн зузаан саарал ном эргүүлж байтал "Есөн эрдэнийн орон" шүлгэнд ая зохиож болмоор ч юм шиг санагдсан юм. Ингээд "Эх орон та минь есөн эрдэнийн орон" гэдгийг хоёр дахихаас өөр аргагүй болж байгаа юм. Энэ чинь 1981 он шүү дээ. Хотод ирсэн хойноо энэ бүтээлээ нэг уралдаанд өгөөд гуравдугаар байр эзэлж байсан юм. Үүндээ нэлээд урамшиж байлаа. Манай Ж.Нансалмаа морины тухай дуу дуулдаг учраас концертондоо "Есөн эрдэнийн орон"-г дуулна гээд авч дуулсан юм. Одоо дуурийн эмэгтэй дуучид сайхан дуулж байна. Манай П.Бадарч олон сайхан хүнтэй дуу хийсэн, алдартай яруу найрагч хүн шүү дээ. Энэ хүмүүсээ бодохоор сайхан байдаг юм. Гэхдээ би дуучнаа олох гэж л өөрийгөө их зовоодог. Дуу чинь хамтын бүтээл учраас уран бүтээлч нөхдөдөө үргэлж баярлаж явдаг юм.

-Таны дууны уран бүтээл бүр өөрийн гэсэн түүхтэй байх. Харин та санаанаас гардаггүй дууныхаа нэг түүхээс ярихгүй юу?

-Хөгжим бүжигт багшилж байхдаа шавь нараа ирэхээс өмнө өглөө эрт сургууль дээрээ ирсэн байсан юм. Гэтэл хаалга тогшоод нэг хүн ороод ирлээ. Тэгсэн чинь Д.Амгалан гээд олон сайхан шүлэг бичдэг, надтай нэг их уулзаж байгаагүй хүн "сүр" хийгээд ороод ирлээ. Ингээд надад "Би ийм үлгэрийн сэдэвтэй шүлэг биччихлээ. Өөрөөр чинь ая хийлгэмээр байна" гэлээ. Манай нутагт Бага газрын чулууны ойролцоо Сүүн хөхөлт гэж газар байдаг юм. Утга нь манай нутагтай ойр санагдаад тэр шүлэгт ая хийгээд "Бодлын цагаан хун" дуу маань төрж байлаа. Энэ дуундаа дуучин хайж байтал А.Долгор маань дуулж өгье гээд дуулсан юм. Ингээд нэг удаа дуурьт уран бүтээлийн тоглолтоо хийлээ. Энэ тоглолтдоо өмнө нь хийсэн дуунуудаа дуулуулаад, ганцхан шинэ дуу дуулуулсан юм. Тэнд би анх надад нот заасан Л.Мөрдорж, н.Чулуунбаатар хоёр багшаасаа үгийг нь сонсъё гэж бодоод урьсан юм. Тоглолт дуусахын алдад хоёулаа дуугарах шинж алга. Би чинь тоглолт гайгүй болоосой гэж бодоод айгаад л сууж байлаа. Гэтэл Мөөеө багш намайг сэмээрхэн чимхэж байна. "Гаръя" гэж байгаа юм байх даа гэж бодтол "Юм юм нь тохирчихжээ" гэв. Багшийгаа ингэж хэлсэнд их баярлаж байлаа. А.Долгор маань ч сайхан дуулсан.

-Уран бүтээлээс гадна нутаг ус, аав ээжийн тань тухай ярья. Та бол Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул хүн. Хүүхэд ахуй насаа хаана өнгөрөөж байв?

-Би бол малчин айлын хүүхэд. Намар болохоор морьтой сургуульдаа явдаг байлаа. Наадмаар хүртэл морь унана. Аав маань морь уядаг хүн байлаа. Морь уургалахдаа их сайн. Бас эвлэгхэн дуулчихдаг байлаа. Аав маань Доржхорол гэж хүн байсан. Нэгдүгээр ангид орох гээд ээжтэйгээ очихдоо овог асуухаар нь ээжийн нэрийг хэлчихсэн чинь тэр чигтээ явчихсан. Аав маань ч анзаарахгүй, тоохгүй явсан даа.

-Тэгэхээр Дашдаваа гэж таны ээжийн нэр байх нь ээ?

-Тийм ээ. Дашдаваа гээд ээжийн нэрээр овоглосоор байгаад хүмүүс сурчихсан юм л даа.

Манай аавын нагац ах нь Цэвээнжав гэж хүн бас морь уядаг байлаа. Манай нутгийг "Дуу хуурын өлгий Дундговь" гэж гадны улс л нэр өгсөн байх гэж боддог. Айраг, адуутай газрын хүн чинь аавыг дагаж найранд их явна. Найранд хамт суухгүй болохоор гадаа их тоглоно. Тэгэхэд уртын дуу, ардын дуу өдөржин л сонсогддог байлаа. Аавыг шагайн харваанд явахад нь бас хамт яваад ард нь тоглоод л байж байдаг сан. Шагайн харвааны хүмүүс чинь уухайлна. Хүүхэд ахуй насаа ингэж өнгөрөөсний минь нөөлөг байсан гэж боддог. Би өөрөө мэдэхгүй ч цаанаасаа нэг өгөгдөл байгаа гэж боддог. Сургуульд байхад манай багш нар Ш.Сүрэнжавын "Багш" найраглал шиг дуулдаг, бүжиглэчихдэг байлаа. Уран сайхны ажилд намайг оруулахаас эхлээд урлагийн замд ороход багш нарын минь нөлөө их байсан. Тэр чанараараа хөгжмийн зохиолчийн зар явахаар нь очиж шалгалтад орсон хүн шүү дээ.

-Танайх хаана өвөлждөг байв?

-Би “Хонхорын бууц” гэдэг газар төрсөн. Хөдөөнийхний нүүдэл суудал хаа сайгүй л байлаа. Одоо бол хашаа бариад, нэгийгээ хөөх нь холгүй байна. Дээр үед биенийгээ угтаж аваад, дураараа нүүдэллэдэг байлаа шүү дээ.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаа учраас хоёулаа яриагаа энэ талаар үргэлжлүүлье. Таныг хүүхэд байхад хөдөөгүүр цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан биз?

-Хөдөөний хүүхэд л цагаан сарыг сайн мэднэ. Урьд орой нь аав, ах нар морио дэллэнэ. Ээж цэвэрлэгээ хийнэ. Хүүхдүүд бөөн баяр болно. Битүүний орой буузаа хийнэ. Битүүнд айлд юм аваачиж өгөх нь их гоё. Тэрний хариуд бас их юм ирнэ ээ. Урьд орой нь үүр цайтал гадаа тоглоно. За тэгээд, шинийн нэгний өглөө эрт босоод золгуутаа хийж эхэлнэ. Аавыг дагаад нэг богцтой айл хэснэ. Айлууд бэлгэндээ жижигхэн боов, дээр нь ёотон тавиад өгнө. Эсвэл ааруул өгнө. Тухайн үед ч юм ховор байж дээ. Бас мөсөн чихэр өгнө. Гайгүй айл нь нэг төгрөг өгнө. Сургуульд орсны дараа нимгэн дэвтэр, харандаа өгч байвал нэлээд яггүй айл гэж бодно. Ингэж л хөдөөгийн цагаан сарыг тэмдэглэж ирлээ. Хамгийн сайхан нь цагаан сар шүү дээ. Дараа нь наадам юм даа. Наадмаар морь унаж байхад одоогийнх шиг машинд ачдаггүй байлаа. Морио хөтлөөд үүрэглээд алхана. Айлын урдуур гарахаараа "гийнгоол" гэж загнуулна. Тэр үед ч их гийнгоолдог байлаа. Ингэж л хөдөө өссөн хүн дээ, би.

-Та нутаг усныхаа тухай уран бүтээл хийж байв уу?

-Хийлгүй яах вэ. Харин их сайхан юм асуулаа. Манайд Их газрын чулуу, Цагаан суварга, Дэлгэр хангайн уул, миний төрсөн нутагт их, бага Цахирын уул гэж байдаг. Би уран бүтээл хийхдээ нутгийнхаа онцлох газруудаар дуу хийчихсэн юм билээ. Ингээд "Миний нутгийн бараа" гэж нэрлээд, CD гаргасан юм. Ер нь нутгийн уул ус минь намайг түшиж яваа гэж боддог доо.

-Та хөгжмийн зохиолч болсныхоо дараа аав, ээжээсээ сонссон сэтгэлээс гардаггүй ямар үг байна?

-Аав, ээж маань сэтгэл санаа нь амар амгалан байсан болов уу л гэж боддог. Их дөлгөөн, олонтойгоо хүмүүс байсан юм. Ээж маань "Миний хүү овоо доо. Хүмүүс дууг чинь дуулаад байх юм" гээд баярын нулимс унагаж байсан. Харин аав минь "Дуу минь, дуу минь" дууны сонины хайчилбарыг нь мөнгөнийхөө жижиг хавтсанд хийгээд хадгалсан байсан. Одоо бодоход аав минь "Миний хүү дуу минь, дуу минь л гэж бодож явж байгаа юм байна даа" гэдэг байж дээ гэж дурсдаг юм.

-Оны өмнөхөн та Ардын жүжигчин цол хүртсэн. Энэ бол олон түмний танд өгсөн шагнал шүү дээ?

-Баярлалаа. Энэ жил төрийн дээд том шагнал авлаа. Энэ бол тийм ч амар юм биш. Олон газар хөдөлмөрлөлөө. Ард түмнээс авсан шагнал л гэж боддог. Ард түмнийхээ энэ их хүндлэлийг дааж явах том үүрэг хүлээсэн дээ.

-Та 80 гарч яваа ч ануухан харагдаж байна. Учир нь дуу хөгжим, урлаг хүнийг дотроос нь үргэлж залуужуулдаг байх даа гэж бодож суулаа?

-Ер нь тийм. Ард түмний дунд л хөгжим очно. Цэцэг ногоо ургуулбал хажууд нь хөгжим дуугарсан ногоо сайн ургадаг гэсэн зүйрлэл байдаг. Хөгжим бол ариусгал юм л даа. Манай монголчууд өөрсдөө уул усаа магтаад, уртын дуугаа зохиож, хөөмийлж, бие биелгээгээ биелж ирсэн. Байгалийн сайхандаа ингэж хөглөгдөж ирсэн ард түмэн шүү дээ. Ард түмнийхээ хүндлэлээр би өдийг хүртэл уран бүтээлээ хийж ирлээ. Энэ сайхан амьдралаа цааш нь үргэлжлүүлж, эрч хүчтэйгээр гал морин жилтэйгээ золгох гэж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий боловсролын 122-р сургуулийг хийн халаагуурт шилжүүлэв 1 цаг 30 мин Зах, худалдааны төвүүд зогсоолоо нэмэгдүүлж эхэллээ 1 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 1 цаг 42 мин АЖ Д.Баттөмөр: Б.Явуухулан гуайн хоёр хайртай шүлэгт аялгуу хийсэндээ баярладаг 1 цаг 49 мин Г.Занданшатарын задалсан бэлгийг задгайлж үзэхэд... 1 цаг 59 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 18 цаг 22 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна Өчигдөр 18 цаг 13 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа Өчигдөр 18 цаг 11 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна Өчигдөр 18 цаг 09 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн Өчигдөр 18 цаг 09 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа Өчигдөр 18 цаг 07 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов Өчигдөр 18 цаг 04 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна Өчигдөр 18 цаг 02 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа Өчигдөр 18 цаг 01 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна Өчигдөр 17 цаг 59 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ Өчигдөр 15 цаг 49 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана Өчигдөр 15 цаг 40 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! Өчигдөр 15 цаг 40 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа Өчигдөр 15 цаг 38 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 34 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top