АҮЭБЯ, АМГТГ, Үндэсний геологийн алба хамтран Ашигт малтмалын тухай хууль, холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг энэ сарын 11-нээс эхлэн 21 аймагт зохион байгуулна.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, эрэл, хайгуулыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын зохицуулалтыг шинэчлэх, ашигт малтмалыг баяжуулах зохицуулалт хийх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн салбараас орон нутагт хүртэх өгөөжийг нэмэх зэргийг тусгаад байгаа юм.
Судалгаагаар эрхзүйн орчин хэвээр байвал уул уурхайн салбарт 2050 он хүртэл шинэ хөрөнгө оруулалт орохгүй эрсдэлтэй. Иймд татварын орчныг шинэчилж, хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах боломж байгаа. Иймд иргэд, аж ахуйн нэгж, төр, нутгийн захиргааны болон иргэний нийгмийн байгууллагууд хуулийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг АМГТГ уриалжээ.
АҮЭБЯ 2026 оныг эдийн засгийг өргөтгөхөд чиглэсэн эрхзүйн шинэчлэлийн жил болгон зарласан билээ. Ашигт малтмалын салбар нь манай улсын эдийн засгийн стратегийн чухал хэсэг бөгөөд улсын нийт орлогын 28, экспортын орлогын 94, аж үйлдвэрийн салбарын 74 хувийг бүрдүүлдэг. Тиймээс хууль эрхзүйн орчныг шинэчлэх нь салбарыг тогтвортой хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой юм.




