x

2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2024.12.09/ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-“УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хэлэлцэн баталсан. Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улмаар УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьсан. Төсвийн төсөлд зардлыг бууруулахад дараах зарчмыг баримталсан" гэв.

НДС-гаас олгох тэтгэвэр, тэтгэмж, ЭМДС-гаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, төрийн албан хаагчийн цалин хөлс, тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүхийн байгууллагууд, ХЭҮК зэрэг байгууллагын урсгал зардлыг багасгахгүй байхаар тусгасан байна.

Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг дараах байдлаар 10-100 хувь бууруулахаар тусгажээ:

1/салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь бууруулах;

2/соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих, эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь бууруулах;

3/эрүүл мэнд, тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал, гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг 50 хувиар бууруулах;

4/Улсын төсвийн хөрөнгөөр шинээр гүйцэтгэх геологийн хайгуул, судалгааг 50 хувь бууруулах;

5/дээр дурдсан 50-100 хувь бууруулах зардлаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын  тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг 10 хувиар бууруулахаар тусгажээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгахаар төлөвлөжээ.

Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулахаас гадна зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулахаар төлөвлөсөн байна.

Мөн гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын төсөл болон бусад төслийн зээлийн ашиглалтыг хойшлуулж, “Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусган нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцжээ. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувийн ашигтай болохоор байгааг Сангийн сайд мэдээлсэн.

Аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав танилцуулахдаа, “Тус аудит нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан эсэх, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод нийцсэн эсэхийг хянаж, дүгнэхэд чиглэсэн. Монгол улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэлийг тооцох шаардлагатай хэмээн дүгнэсэн. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг төсөвт өөрчлөлт оруулах бүрд нэмж өөрчилж байгаа нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байгаа”-г анхаарууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Япон Улс дахь ЭСЯ-ны барилга хуучирч, газар хөдлөлт болбол нурах аюултай болсныг дурдаад, тус байрыг засах, шинэчлэн барих хөрөнгө ирэх оны төсөвт туссан эсэхийг тодруулсан. ГХ-ны сайд Б.Батцэцэг, ГХЯ 2016 оноос хэмнэлтийн горимоор явж ирснийг тодотгоод, ганц Япон Улс дахь биш олон орон дахь ЭСЯ-ны барилгыг засах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах шаардлага байгаа гэв.

Япон Улс дахь ЭСЯ-ны байр газар хөдлөлтөд тэсэхгүй гэсэн дүгнэлтийг японы эрх бүхий байгууллагаас гаргаад барилгыг засах шаардлага тавьж байгаа ч өртөг зардал нь их учир боломжгүй гэсэн тайлбар өгоөө. Тэр барилгад засвар хийгээд нэмэргүй болсон учир нэг бол барилгыг буулгаж шинээр барих, эсвэл газрыг нь зараад шинэ газар байр худалдаж авах сонголт үлджээ. ЭСЯ-ны байрыг шинээр барина гэвэл 15-20 сая ам.долларын зардал гарах тооцоо бий. Тэрхүү төсвийг ирэх оны төсвийн төсөлд тусгуулж чадаагүй гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан, Бразил, Индонези Улсад ЭСЯ нээн ажиллуулах асуудал хэрхэн шийдэгдсэнийг лавлахад, ГХ-ны сайд Б.Батцэцэг, Бид Бразилд ЭСЯ нээхнэ. Багагүй ажил болж ЭСЯ байгуулсан ч төсөв хэмнэж байна гээд түр царцаасан. Ирэх жил Бразил дахь ЭСЯ-ыг нээнэ. Индонезид ЭСЯ-ыг энэ жил буцаагаад нээсэн. Дублин, Франкфуртад Консулын газар байгуулна. ГХЯ-ны орон тоо өөрчлөгдөөгүй байгаа. Сүүлийн үед гадаад харилцаа тэлж байна. Хүний нөөцийн бодлого, бусад төлөвлөлтүүдээ хийгээд орон тоог 40-өөр нэмэхээр саналаа оруулан ирэх оны төсөвт тусгуулсан хэмээн хариуллаа.

Байнгын хороо төслүүдийг ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Хосбаяр хөдөө, орон нутагт Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилттэй холбоотой унаа, машины хүртээмжгүй байдал бий болсноор шаардлагатай ажил хийхэд хүндрэл үүсэж байгаа талаар, мөн тус хуулийн төслийн хугацаа, хэрэгжилттэй холбоотой асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй бөгөөд анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Химийн хорт бодис хууль бусаар хадгалсан гадаадын иргэн, хуулийн этгээдийг торгожээ 27 мин Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ 28 мин Зэвсэгт хүчний ангид цэргүүд маргалдаж нэг нь бэртсэн асуудлаар ЗХЖШ мэдээлэл хийлээ 30 мин Сувилахуйн "Асаргааны баг"-ийн туслах сувилагчдыг чадавхжуулах сургалт боллоо 30 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ 32 мин Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулна 34 мин О.Цогтгэрэл: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар сайн дураараа чөлөөлөгдөж, шалгуул 58 мин "Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026" эхэллээ 2 цаг 12 мин Нийслэлд хэрэгжиж буй төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нээлттэй мэдээлэхийг үүрэг болголоо 2 цаг 17 мин Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөжээ 2 цаг 17 мин Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко БНАСАУ-д айлчилж байна 2 цаг 24 мин Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг "Ягаан өдөр"-ийн тухай 2 цаг 25 мин Орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарч, дадлага сургуулилалт хийнэ 2 цаг 26 мин Шар усны үер, халиа тошинд өртөх эрсдэлтэй 1024 өрх байна 2 цаг 27 мин Иран дайсагнаагүй орнуудын хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрүүлнэ 3 цаг 20 мин Усны нөөцийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа 5 цаг 1 мин УИХ: Хууль боловсруулах ажлын хэсгүүдийн хуралдааны тов 5 цаг 1 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 цаг 5 мин Гуравдугаар сарын 26-наас 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 9 мин Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсний дараа Ираны арми АНУ-ыг "өөртэйгөө хэлэлцээр хийж байна" гэж мэдэгдэв 19 цаг 28 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top